Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0267

 

2018 оны 5 сарын 09 өдөр           

Дугаар 221/МА2018/0267

Улаанбаатар хот

Д.З-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагч Ж.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0099 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.З-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс болон тус хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Ж.Э нарт холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0099 дүгээр шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан “... Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ------ тоот актыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу эрх зүйн харилцаа байгаа буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хариуцлага, нөхөн татвараас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, Д.З-ыг хувьцаа худалдан борлуулсны орлогод ногдох 1,026,567.4 төгрөгийн татвараас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг баримтлан Д.З-оор төлүүлэхээр тогтоосон 1026567.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 307970.2 мянган төгрөгийн торгууль, 255820.6 мянган төгрөгийн алданги нийт 1,590,358.2 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Л.Н нарт холбогдох иргэн Д.З-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0099 тоот шийдвэрийн 2 дахь хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Иргэн Д.З-ын 2009-2011 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж татвар ногдуулах орлогоо дутуу тайлагнасан зөрчил илрүүлэн зөрчилд 1 026 567,400 /нэг тэрбум хорин зургаан сая татан зуун жаран долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн нөхөн татвар, 307 970,200 /гурван зуун долоон сая есөн зуун далан мянга хоёр зуу/ төгрөгийн торгууль, 255 820,600 /хоёр зуун тавин таван сая найман зуун хорин мянга зургаан зуу/ төгрөгийн алданги нийт 1 590 358, 200 /нэг тэрбум таван зуун сая гурван зуун тавин найман мянга хоёр зуу/ төгрөгийн төлбөр төлөхийг улсын байцаагчийн ------ тоот актаар даалгасан байдаг. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч татвар төлөгч Татварын маргаан таслах зөвлөлд хандан 2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн үйлчлэлд хамруулж өгөхийг хүссэнийг Татварын маргаан таслах зөвлөл хүү, торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулан нөхөн татварыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Анх Д.З-ын нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ------ тоот актыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа Д.Зоригт нь “Монгол шуудан банк” ХХК-ийн хувьцааг бусдад худалдсанаас олсон орлогод ногдох татварын ногдлоо үнэн зөв тодорхойлж, холбогдох татварыг бүрэн төлсөн байх бөгөөд үндэслэлгүй, алдаатай захиргааны акт болох Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ------ тоот актыг хүчингүй болгуулж өгөхийг шаардсан байдаг.

Нэмэгдүүлсэн шаардлагад “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн дагуу нуун дарагдуулсан орлогоо нөхөн мэдүүлсэн боловч бүрэн чөлөөлсөнгүй гэсэн нь иргэн Д.З “Мшб” ХХК-ний хувьцааг худалдан борлуулсан орлогоо татварын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тодорхойлоогүй гэх татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч бус хэлбэр юм.

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй болохоос татварын хяналт шалгалтаар дутуу тайлагнасан болох нь тогтоогдсон орлогыг дахин мэдүүлсэн харилцаанд үйлчлэхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч шүүгч “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу татварын асуудал бүхэлдээ өршөөгдөх үндэслэлтэй хэмээн үзэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Татварын улсын байцаагчийн актаар даалгасан үүргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна, 10.2 “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”-д заасныг үндэслэн татварын төлбөрийг бүрэн өршөөгдөх ёстой гэж үзэн нөхөн төлөх ёстой байсан төлбөрийг өршөөн хэлтрүүлсэн нь шүүх хуулийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэн шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.

Төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр гэдэгт татварын улсын байцаагчийн актаар даалгасан үүргийг оруулж шийдвэрлэх нь хууль болон зорилгодоо нийцэхгүй байна.

Учир нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 8.1 “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэв татвар төлөгчдийн хуулиар хүлээсэн үүрэг болох төлбөл зохих ёстой татварыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамруулан шийдвэрлэх нь нийгэмд сөрөг үр дагавартай байх бөгөөд татвар төлөгчдийг үүргээ үл биелүүлүйц хэмжээнд хүргэж төрийн захиргааны байгууллагын эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШШ2018/0099 тоот шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар актаар тогтоосон нөхөн татварыг өршөөлд хамруулсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.З-оос “... Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ------ тоот актыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу эрх зүйн харилцаа байгаа буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хариуцлага, нөхөн татвараас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, Д.З-ыг хувьцаа худалдан борлуулсны орлогод ногдох 1,026,567.4 мянган төгрөгийн татвараас чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ------ тоот актыг хүчингүй болгуулах, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хариуцлага, нөхөн татвараас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, Д.З-ыг хувьцаа худалдан борлуулсны орлогод ногдох 1,026,567.4 мянган төгрөгийн татвараас чөлөөлүүлэх шаардлагад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Д.З нь 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 26,250,130,836.27 мянган төгрөгийн төлбөр хүлээн авахаас 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан 4,982,419,029 мянган төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар төлжээ. Татварын актаар нэхэмжлэгчийг 21,417,046,356.2 мянган төгрөгийн татвар ногдох орлогыг дутуу тайлагнасан зөрчилд тооцохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хувьцаа борлуулсан нийт дүнгээс анхны оруулсан хөрөнгө оруулалт, зээл, зээлийн хүү, баримтаар нотлогдсон өглөгийн төлбөрийг хасч татвар ногдуулах орлогыг тооцсон нь үндэслэлтэй байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар хувь хүн татварын хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөгдөхөөр байгаа боловч энэ нь мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 д зааснаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго, зохицуулалтуудаас дүгнэвэл нөхөн татвар, хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл нь татвар төлөгч өөрөө зөрчлөө сайн дураараа ил тод болгож мэдүүлсэн байх явдал байна.

Гэтэл нэхэмжлэгч 2015 оны 6 дугаар сард Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдан дээрх орлогыг мэдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь татварын зөрчлөө татварын тайланд тусгаж, шинээр тайлагнах ажил нь нэхэмжлэгчийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн биш харин 2012 онд татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “өршөөл үзүүлж байгаагийн гол утга учир нь үйлдэгдсэн зөрчилд түүнийг хэзээ илрүүлснээс үл хамааран хариуцлага хүлээлгэхгүй байхад оршдог” гэсэн дүгнэлт хийж маргаан бүхий актаар нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоосон нөхөн татварыг уг хуулийн үйлчлэлд хамруулсан нь буруу байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг” зохицуулахаар хуульчилсан байгаагаас үзвэл зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлөх агуулгатай байна.

Татварын улсын байцаагчийн 2012 оны ------ тоот актаар нэхэмжлэгчийг 2010 онд 21,417,046.3 мянган төгрөгийн хувьцаа зарсны орлогыг дутуу тайлагнасан зөрчил гаргасныг тогтоож, 102,567.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 307,970.2 мянган төгрөгийн торгууль, 255,820.6 мянган төгрөгийн алданги нийт 1,590,358.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулахаар тогтоожээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого нь хөрөнгө борлуулсны орлогод хамаарах бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар албан татвар ногдуулан төлөх нь татвар төлөгчийн үүрэг байна. Татварын  актаар нэхэмжлэгчийн энэ үүргийг нөхөн төлүүлэхээр 102,567.4 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна.

Харин нэхэмжлэгч татвар төлөх дээрх үүргээ биелүүлээгүй тул Татварын ерөнхий хуулийн /2008/ 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасан “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх” татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан.  Татварын ерөнхий хуулийн /2008/ 74 дүгээр зүйлийн 74.3-т “... нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцно”, Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж зааснаар алданги, торгуульд 563,798.8 мянган төгрөг нэмж төлүүлэхээр болсон нь татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага буюу захиргааны шийтгэл байна.

Нөхөн татвар нь татвар төлөгчийн гаргасан зөрчилд ногдуулж буй шийтгэл, нэмэлт хариуцлага биш татвар төлөгчийн хуулийн дагуу төлөх ёстой байсан үүргийг (татвар) нөхөн хариуцуулж буй хэрэг учир татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дүнд ногдох нөхөн татварыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлөх үндэсгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0099 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг баримтлан иргэн Д.З-оор төлүүлэхээр тогтоосон 307,970.2 мянган төгрөгийн торгууль, 255,820.6 мянган төгрөгийн алдангийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс нийт 563,790.8 мянган төгрөгийг хасч багасгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ