Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00311

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00311

 

 

 

 

Натур Өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Натур Өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 161 166 171 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хишигсүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БХЯ-ны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-тай барилга засварын ажил гүйцэтгэх БЗ-2016 тоот гэрээ байгуулан Батлан хамгаалах яамны Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт, ёслолын өргөө-г тохижуулах, интерьер дизайны зураг, гүйцэтгэл, модон урлал, заслын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 48 тоот актаар хүлээлгэж өгсөн. Гэвч хариуцагч талаас гэрээний 7 дугаар зүйлд заасан төлбөрийг одоог хүртэл гүйцээж төлөхгүй, бидний бизнесийн үйл ажиллагааг ноцтой хүндрүүлж, үйл ажиллагаагаа зогсоох байдалд хүрээд байна. Энэ хугацаанд хүүтэй зээл удаа дараа аван ажилчдынхаа цалинг тавьж өр төлбөр, хүүгийн дарамтад орж, татвар, нийгмийн даатгалын өглөг хуримтлагдан шүүхээр шийдвэрлүүлэх шатанд хүрээд байна. Хариуцагч талд удаа дараа албан бичиг өгсөн боловч одоог хүртэл нэг ч хариу аваагүй. Гэрээний дагуу 268 000 000 төгрөгийн санхүүжилтийг хийхээс хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 100 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10 916 229 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэгдэл 157 083 771 төгрөгийг төлөөгүй. Алдангийг тооцохдоо 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 168 000 000 төгрөгөөс 0.01 хувиар тооцсон. Иймд хариуцагч талаас гэрээний 7.1-д заасан нийт ажлын төлбөрөөс төлөөгүй 157 083 771 төгрөг, гэрээний 9.1-д зааснаар алданги болох 4 082 400 төгрөг, нийт 161 166 171 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн алба /захиалагч/, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ /гүйцэтгэгч/ нар харилцан тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Энхийг сахиулах ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх ИЗ-02/2016 дугаартай гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу Натур Өргөө ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулж, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БЗ-2016 дугаартай гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч ИЗ-02/2016 дугаар гэрээний 7-д заасны дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн туслан гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлж байсан. Ажил гүйцэтгэж байх хугацаанд Авилгатай тэмцэх газраас Батлан хамгаалах яамны угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг сахиулах хүчний хүлээн авалтын заалны засварын ажлыг Натур Өргөө ХХК-д давуу байдал олгож шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн Б.Батсайхан ... /захиалагч/ нарт 201601000140 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Авилгалтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Б.Ганхуяг Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт гарсан бөгөөд засварын ажлыг төсөвт өртгийг 333 057 358 төгрөгөөр хянасан. Дүгнэлтээс үндэслэн захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Манайх нэхэмжлэгчид 100 000 000 төгрөг, 10 916 229 төгрөгийн санхүүжилтийг тус тус хийсэн бөгөөд эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Сангийн яамнаас шилжүүлэх санхүүжилтийг зогсоосон болно. Гэрээний дагуу Натур Өргөө ХХК-иас ажлыг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч БХЯ-ны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-аас үлдэгдэл төлбөр 157 083 771 төгрөг, алданги 4 082 400 төгрөг, нийт 161 166 171 /нэг зуун жаран нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Натур Өргөө ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963 781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХЯ-ны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 963 781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Натур Өргөө ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат давж заалдах гомдолдоо: Захиалагч Батлан хамгаалах яам Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө-ний засварын ажлыг 500 000 000 төгрөгөөр төсөвлөсөн. Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим-ын засварын ажлыг Батлан хамгаалах яам 200 000 000 төгрөгөөр Натур Өргөө ХХК-р хийлгэсэн. Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө-ний засварын ажилд гүйцэтгэгчээр БХАҮН ТӨААТҮГ-тай 1/13-02/2016 дугаар гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч 268 000 ,000 төгрөгөөр тохирч Натур Өргөө ХХК-тай БЗ-2016 дугаар гэрээ байгуулсан. "Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө"-ний засварын ажлын төсөвт өртгийг АТГ-аас томилсон шинжээчийн дүгнэлтээр 333 057 358 төгрөгөөр хянасан. Сангийн яамнаас Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө-ний засварын нийт ажилд 333 057 358 төгрөгийн санхүүжилтийн эрхийг нээж өгсөн бөгөөд захиалагч Батлан хамгаалах яамнаас 310 916 229 төгрөгийг ажлын төлбөрт БХАҮН ТӨААТҮГ-ын дансанд шилжүүлж туслан гүйцэтгэгч Натур Өргөө ХХК-д төлсөн. БХАҮН ТӨААТҮГ /ерөнхий гүйцэтгэгч/ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн.

Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажилд 110 916 229 төгрөгийг угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхимын засварын ажилд Натур Өргөө ХХК-ний дансанд шилжүүлж өгсөн. Энэ бүхэн Сангийн яамнаас БЗД-ийн ИХАШ-ны шүүхэд гаргаж өгсөн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. МУ-ын Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.2 дах хэсэгт Энэ хуулийн 207.1.3-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно. гэж заасан. Дээрх Сангийн яамны санхүүжилтийн эрх нээгдсэн 333 057 358 төгрөгийг захиалагч Батлан хамгаалах яам ажлын төлбөрт төлсөн гэж үзэж санхүүжилтийг зогсоосон тул анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрээний үлдэгдэл төлбөр 157 083 771 төгрөг захиалагч Батлан хамгаалах яамны данснаас ажил гүйцэтгэгч БХАҮН ТӨААТҮГ-ын дансанд орж ирээгүй. Батлан хамгаалах яам /захиалагч/., ажил гүйцэтгэгчтэй байгуулсан дугаар ИЗ-02/2016 гэрээний 8-д заасны дагуу ажлын төлбөр төлөх үүргийг биелүүлсэн. Иргэний хуулийн 219.6 дах хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ. гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Натур Өргөө ХХК нь хариуцагч Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 161 166 171 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Батлан хамгаалах яам, /захиалагч/ Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ /гүйцэтгэгч/ нар нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны №ИЗ-02/2016 дугаар гэрээ, БХЯ-ны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ/ерөнхий ажил гүйцэтгэгч/ нь Натур Өргөө ХХК /туслан гүйцэтгэгч/-тай 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр барилга засварын ажил гүйцэтгэх БЗ-2016 дугаар гэрээг тус тус байгуулан Батлан хамгаалах яамны Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт, ёслолын өргөө-г засварлах, тохижуулах, интерьер дизайны зураг, гүйцэтгэл, модон урлал, заслын ажлыг хийхээр тохиролцсон, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлыг хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг 268 000 000 төгрөгөөр тохирсноос 110 916 229 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /хх-15-19, 20-21/

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч уг гэрээнд туслан гүйцэтгэгчээр оролцсон тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан барилгад засварын ажил гүйцэтгэх БЗ-2016 дугаар гэрээний хувьд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ нь захиалагч, Натур Өргөө ХХК нь туслан гүйцэтгэгч болж эрх, үүрэг хүлээсэн болно.

Талуудын хоорондын гэрээний 7.2, 7.3-т захиалагч ажлын хөлсийг тодорхой хуваарийн дагуу болон ажлын үр дүнг комисс хүлээн авсны дараа төлж барагдуулсан байхаар тохирсон байна. Гэтэл захиалагч энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон.

Хэргийн 24 дүгээр талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар гэрээний талууд 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 168 000 000 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан ба 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 916 229 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 157 083 771 төгрөгийг захиалагч төлөөгүй байна. Энэ талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан тул тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд шударгаар гүйцэтгэх учиртай.

Зохигчид үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох алдангийн талаар гэрээний 9.1-т тухайлан зааж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч өөрийн татгалзлаа Засварын ажлын гүйцэтгэлийг шинжээчийн дүгнэлтээр 333 057 358 төгрөг гэж үнэлсэн, Сангийн яам санхүүжилтийг зогсоосон гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн болон шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Тэрээр өөрийн татгалзлаа нотолж засварын ажлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт гэх баримтыг ирүүлсэн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс гадна тухайн иргэний хэргийн шинжээчийн дүгнэлт гэж үнэлэхгүй болно./хх-67-68/

Сангийн яамнаас өгөх санхүүжилт зогссон гэх тайлбар нь хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний төлбөр буюу үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, төлбөрийг төлөхгүй байх хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж үзэхгүй учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963 781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ