Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 83

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

 Иргэдийн төлөөлөгч Д.Мөнхбаатар,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

 Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1819001390063 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Адъяагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг Сайн-Ус гэх газар оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.303.000 төгрөгөөр торгох ял шийтгэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Уурхайчин 07-02 тоот хашаанд хохирогч Ю.Өтай маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглан хэвлийн тус газарт 1 удаа, баруун гуяан тус газарт 1 удаа тус тус хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй ” гэв,

Шүүгдэгч Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ю.Ө нь усны саван дээр сууж байсан эхнэр Т.М-аа хэвлийн хэсэг рүү өшиглөөд унагасан. Тэгээд би Ю.Өыг болиулах гэтэл надруу дайраад эхлэхээр нь Б, Т.М хоёр Өын гарыг урд хүлтэл хүлээсээ тайлаад “ямар овоо болчихсон юм бэ'’ гээд надруу дайраад эхэлсэн ба тухайн үед гэрийн гадаа түрүүлж гараад намаг “гараад ир” гээд орилоод байсан. Ю.Өыг гэрээс гарсаны дараа Т.М хаалганаас зуураад оруулахгүй гээд хорьсон боловч, орилоод “п.... минь хаалга онгойлго, гараад ир" гээд байсан. Энэ үед би гэрийн гал тогооны шүүгээнээс ахуйн хэрэглээний шар өнгийн иштэй хутгаа аваад гарсан. Ингээд би Ю.Өыг гэрийнхээ үүдэнд гарахдаа хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Хохирогч Ю.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нэг сэртэл Бн гэрт архи уугаад сууж байснаа санаж байгаа бөгөөд би Бтэй юунаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байна. Гэхдээ Б нь намайг хутгалсан асуудлыг би санаж байгаа ба хэвлийн тус газарт нэг удаа хутгалсан... Би өөрийн гуяыг хэн хутгалсныг сайн санахгүй байна. Гэхдээ миний хэвлийн тус газарт Б хутгалсан учраас гуяанд мөн адил хутгалсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой ... хоол идчихээд яв гээд хоолноосоо аягалаад М-д өгтөл Ө М-н гэдэс рүү өшиглөөд унагаачихсан ба газарт унахад нь дахиад өшиглөх гэж байхад нь манай нөхөр Б болиулаад “чи жирэмсэн авгайгаа өшиглөх гэлээ" гээд өмөөрсөн чинь агсан тавиад Бг зодох гээд байсан. Ингээд М бид хоёр Өыг болиулаад уяагаар хүлсэн чинь хүлээсээ тайлаад агсан тавиад Бг гараад ир гээд чирээд байсан. Ө гэрийн гадаа түрүүлж гарсан ба тухайн үед Б араас нь гарсан. Энэ үед хүүхдүүд уйлаад байсан учир би Бг хутга аваад гарахыг анзаараагүй. Тэгээд гэрийн гадаа маргалдаад орилолдоод байсан ба гараад очтол манай нөхөр Б нь Өын хэвлийн тус газарт хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө гэрээс түрүүлээд гараад Бг дуудаад орилоод байсан. Б гэрээс хутга авч гараад Өыг хутгалчихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтэнд: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн №173 дугаартай өвчний түүхээс үзэхэд Ю.Өын биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн шарх, баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.." гэжээ. /хх-ийн 29 дүгээр хуудас/,

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-3-7/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-47 дугаар хуудас/ зэрэг болно.                                     

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Уурхайчин 07-02 тоот хашаанд хохирогч Ю.Өтай маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглан хэвлийн тус газарт 1 удаа, баруун гуяан тус газарт 1 удаа тус тус хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэрийн гал тогооны шүүгээнээс ахуйн хэрэглээний шар өнгийн иштэй хутгаа аваад гарсан. Ингээд би Ю.Өыг гэрийнхээ үүдэнд гарахдаа хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ю.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь намайг хутгалсан асуудлыг би санаж байгаа ба хэвлийн тус газарт нэг удаа хутгалсан... Би өөрийн гуяыг хэн хутгалсныг сайн санахгүй байна. Гэхдээ миний хэвлийн тус газарт Б хутгалсан учраас гуяанд мөн адил хутгалсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг, Гэрч М.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой ... манай нөхөр Б нь Өын хэвлийн тус газарт хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө гэрээс түрүүлээд гараад Бг дуудаад орилоод байсан. Б гэрээс хутга авч гараад Өыг хутгалчихсан..." гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жил 8 сар хорих ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч ялын хэмжээнд зөрүүтэй санал гаргаагүй ба  шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан оногдуулах хорих ялаас хөнгөрүүлж түүнд 3 жил 5 сар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ю.Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгаж, бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 3 / гурав / жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

 4. Шүүгдэгч Б.Б нь бусад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгаж, бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Х.ГАНБОЛД

 

 ШҮҮГЧИД                                  Н.АДЪЯА

 

                                                                                            Д.АДЪЯАСҮРЭН