Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/49

 

  2018            07              24                                                 2018/ДШМ/49

Б.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                      

       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүгдэгч: Б.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Бд холбогдох, эрүүгийн 1819001390063 дугаартай, 1 хавтас, 129 хуудас бүхий хэргийг хохирогч Ю.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын давж заалдсан гомдлыг  үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ............. газар оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13303000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Баасанжавын Б/РД: ЕА90052619/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Уурхайчин 07-02 тоот хашаанд хохирогч Ю.Өтай маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглан хэвлийн тус газарт 1 удаа, баруун гуя тус газарт 1 удаа тус тус хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Баасанжавын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч Б.Бд 3 / гурав / жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Б бусад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжпэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгаж, бичлэг бүхий СD-г хэрэгт хадгалахаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ю.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ю.Ө миний бие 2018.05.02-нд Бат-Эрдэнийд очиж хамт архи ууж тэр үедээ би эхнэр Мөнхзаяад уурлаж гэдэс рүү нь өшиглөсний улмаас Б өмөөрч бид хоёр муудаж, намайг хутгалсан. Би хагалгаанд орж эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд одоо биеийн байдал хэвийн байдалдаа орсон бөгөөд эмчилгээнд гарсан зардлыг бүрэн барагдуулж төлсөн. Надад ямар ч гомдол санал байхгүй. Иймд миний буруутай үйлдлээс болж Б ийм хэрэг үйлдсэн болохоор ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Гэмт хэрэг учруулсан тухайд 2018.05.23-ны өдрөөс 24-ний шилжих шөнө Ю.Өын хэвлийн тус газар хутгалж, гэмтэл учруулсан.  Хохирогч 10 хоног эмчлүүлээд биеийн байдал сайжирсан. Хэрэг болсоноос хойш 2 сар гаран өнгөрсөн байна. Энэ байдлаас харахад учирсан гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох заавраар хүнд гэж дүгнэгдсэн. Хэвлийн хөндий нэвтэрсэн гэдэг утгаар байж болно. Хохирогчид учирсан гэмтлээс харахад хохирогч энэ хэрэгт ямар буруутай юм бэ гэдэг дээр анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийсэнгүй. Хохирогч эхнэртэйгээ муудсан. Б эхнэрийнх нь ах байдаг. Хүргэн Ө, түүний эхнэр нарын дунд болсон асуудал. Тэгэхээр энэ хэрэг дээр нарийвчлан шалгах, хохирогчийн ямар буруутай байсан гэдэг дээр дүгнэлт хийсэнгүй. Тийм учраас давж заалдах шатны шүүхээр энэ хэргийг хянуулах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн учраас давж заалдсан гомдлыг гаргасан. Хүндрүүлэн үзэх нөхцөл байдал нь хуульд байгаа. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэсэн гэдэг дээр анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байдаг. Бат-Эрдэнийн хувьд Өыг хутгалах гэж бэлтгэсэн асуудал хавтаст хэргээс харагддаггүй юм. Энэ бүгдийг харгалзан үзээд хохирогчийн буруутай үйлдэл энэ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харж үзээд хэрэглэсэн зүйл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл мөн үү, үгүй юу гэдгийг шалгаж үзээгүй бөгөөд хутга байна гээд энэ нь тусгайлан бэлтгэсэн гэдэгт хамаарах юм байна гээд авч үзэж байгаа нь хуулийн зорилготой шаардлага нийцэхгүй байна. Батжаргалтай ярилцахад давж заалдах шатны шүүх хуралдаан дээр би өөрөө оролцож болсон хэргийн талаар яримаар байна, ямар ч байсан давж заалдах шатны шүүхээр хэргийг хянуулах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Өөрөө ямар бодол саналтай байна гэдгийг ярина. Өмгөөлөгчийн хувьд давж заалдсан гомдол гаргах болсон учир гэм буруугийн үйлдэл бусад байдлыг нь харгалзан үзээд тусгайлан бэлтгэсэн зүйл гэдэг нь хавтаст хэргийн материалаас тогтоогдоогүй тул энэ бүгдийг анхаарч үзээд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өтай муудалцаж байгаагүй. Ам мурийж ч байгаагүй. Эхнэрээ зодоод байхаар нь боль гэж хэлээд ийм асуудал болсон. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтэндээ: Бд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хуулийн хөнгөлөлтийн асуудлыг 6.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага ялыг Бд оногдуулсан учраас хохирогчийн давж заалдсан гомдол буюу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн дээр тайлбарлахад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зэвсэг хэрэглэсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа хуульд зааж өгсөн байгаа. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл тоног, төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж тайлбарласан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс тусгайлан бэлтгэсэн гэж шийтгэх тогтоолд тусгасан байна гэж байна. Миний хувьд шийтгэх тогтоолтой танилцсан. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гээд шүүхийн дүгнэсэн хэсэг байдаг. Дүгнэсэн хэсэг дээр Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ гээд шийтгэх тогтоолд тусгаад өгчихсөн. Шүүгдэгч Бат-Эрдэнийн хувьд үйлдсэн хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Тиймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус харилцаа, тухайн үед үүссэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн байдлыг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хамгийн бага ял шийтгэлийг оногдуулсан. Энэ оногдуулсан ял шийтгэл нь хөнгөрөх нөхцөл байдал хуульд хуульчлагдаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгчид оногдуулсан ялыг шийтгэлийг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэсэн саналтай байна гэв.                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд  дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Уурхайчин 07-02 тоот хашаанд хохирогч Ю.Өтай “...жирэмсэн эхнэрээ өшиглөлөө” гэсэн шалтгаанаар маргалдан, хутга буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогч Ю.Өын хэвлийн тус газарт 1 удаа, баруун гуянд 1 удаа тус тус хутгалж, амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шийтгэх тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх ба энэхүү эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Харин хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх-3/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-8/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хх-9, 10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-15/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Өаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18/, гэрч М.Болор-Эрдэнэ /хх-20/, Т.Мөнхзаяа/хх-22/, С.Өсөхбаяр/хх-25/, 2018.05.10-ны өдрийн 164 дугаартай, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт/хх-29/, Б.Бат-Эрдэний согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-47/, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн/хх-64/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Б.Б нь хутгаар хохирогч Ю.Өын хэвлийн тус газарт 1 удаа, баруун гуянд 1 удаа тус тус хутгалж, амь насанд аюултай хүнд гэмтэл, санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ хэрэгт гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн шаардлагад нийцжээ.

Мөн шийтгэх тогтоолд “...гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчээс төлөх төлбөргүй” талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд  “гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчээс хохирол төлбөрийг төлсөн, төлөх төлбөргүй” талаар дүгнэж, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлаж, 3 жил 5 сар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцохдоо хутгыг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь ”зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах,гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болно.  Харин “тусгайлсан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгох учиртай.

 

Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж гэм буруутайд тооцоогүй харин хутга буюу зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв шалгаж, үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ үндэслэлээр хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ю.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б 33 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА