Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02172

 

 

 

 

 

 

 

 

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02183 дугаар шийдвэртэй,

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй, Урт цахиур ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 154 963 477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: В XXК нь Урт цахиур ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу В ХХК нь олон улсын чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг 40 хоногийн хугацаатай Урт цахиур ХХК-д нийлүүлэх, Урт цахиур ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний төлбөрт 195 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

Гэрээгээр тохиролцсоны дагуу В ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн болох 99,310 литр буюу нийт 193 654 500 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 2019 оны 10 дугаар сарын 14, 16, 21-ний өдрүүдэд 4 удаагийн нийлүүлэлтээр Урт цахиур ХХК-д нийлүүлсэн. Урт цахиур ХХК нь дизель түлш нийлүүлснээс хойш 40 хоногийн дотор үнийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Талууд 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцоо нийлж хариуцагч нь 193 654 500 төгрөгийн өртэй гарсан. Үүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 70 000 000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэх 103 654 500 төгрөгийг төлөөгүй.

Иймд төлбөрийн үлдэгдэл 103 654 500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 103 654 500 төгрөгийн хоног тутмын 0,3 хувьтай тэнцэх 165 хоногийн алданги 51 308 977.5 төгрөг нийт 154 963 477.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19/14 дугаар тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу тус Урт цахиур ХХК нь 103 654 500 төгрөгийн дизель түлшийг худалдан авсан ба хамтрагч компанийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Хужиртын алтны шороон ордны ашиглалтын үйл ажиллагаанд уг шатахууныг зарцуулж, олборлолтын ажил амжилтгүй болсноос дизель түлшний үнийг төлөх боломжгүй нөхцөл үүссэн.

Иймд түлш нийлүүлэгч В ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан үндсэн төлбөр болох 103 654 500 төгрөгийг тодорхой хэмжээний алдангийн хамт төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Урт цахиур ХХК-аас 154 963 477.5 төгрөгийг гаргуулж В ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932 767.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 932 767.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдаанд бага зэрэг хоцрон ирсэн боловч шүүгч хуралдаанд оролцуулалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүх хуралдааныг хийсэн нь шүүх хэт нэг талыг баримтлан асуудлыг бүх талаас нь бодитой үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Урт цахиур ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 103 654 500 төгрөг, алдангид 51 308 977.5 төгрөг буюу нийт 154 963 477.5 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч үндсэн төлбөрийг тодорхой хэмжээний алдангийн хамт төлөхийг зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасан байна.

 

В ХХК болон Урт цахиур ХХК-иудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр В ХХК нь Олон Улсын чанар, стандартын шаардлага бүрэн хангасан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч Урт цахиур ХХК нь газрын тосны үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх9-14/ Анхан шатны шүүх талуудын хооронд бичгээр байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Худалдагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж нийт 99,310 литр дизель түлш нийлүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнэд нийт 193 654 500 төгрөг төлөхөөс 90 000 000 төгрөгийг төлсөн, 103 654 500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар талууд маргаагүй байна.

 

Талууд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж Урт цахиур ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн төлбөр 193 654 500 төгрөгийн өр төлбөртэй талаар баталгаажуулсан байна. /хх16-17/

 

Талууд гэрээний 3,5-д гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо хийж дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног дутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг тодорхойлсон тодорхойлолтод нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үндсэн төлбөрт 103 654 500 төгрөг болон алдангид 51 308 977.5 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Урт цахиур ХХК-аас 154 963 477.5 төгрөгийг гаргуулж В ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэцэгт 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414 995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА