Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/02183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,   

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 154,963,477.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“А” XXК нь “Б” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу “А” ХХК нь олон улсын чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг 40 хоногийн хугацаатай “Б” ХХК-д зээлээр нийлүүлэх, “Б” ХХК нь зээлээр нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний төлбөрт 195,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн билээ.

Ийнхүү гэрээгээр тохиролцсоны дагуу манай “А” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн болох 99,310 литр буюу нийт 193,654,500 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 2019 оны 10 дугаар сарын 14, 16, 21-ний өдрүүдэд 4 удаагийн нийлүүлэлтээр “Б” ХХК-д нийлүүлсэн. “Б” ХХК нь дизель түлш нийлүүлснээс хойш 40 хоногийн дотор үнийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зөрчсөөр өдийг хүрээд байна.

Талууд 2019 оны 1 дүгээр сарын 01-ээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нийлж үзэхэд 2019/10-03 тоот тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь 193,654,500 төгрөгийн өртэй гарсан. Үүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 70,000,000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэх 103,654,500 төгрөгийг өдий болтол төлөөгүй, үүнийгээ ч хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.

Хамгийн сүүлийн нийлүүлэлт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байсан тул үүнээс хойш 40 хоногийн дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч тал бүх тооцоог дуусгах ёстой. Гэвч 103,654,500 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “Б” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн төлбөрийн эргэн төлөлтийн тооцоог 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар бодож үзэхэд үндсэн төлбөрийн үлдэгдэл 103,654,500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 103,654,500 төгрөгийн хоног тутмын 0,3%-тай тэнцэх 165 хоногийн алданги 51,308,977.5 төгрөг буюу нийт 154,963,477.5 төгрөгийн өртэй гарч байна.

Иймд хариуцагч “Б” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид нийт 154,963,477.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19/14 дугаар тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу тус “Б” ХХК нь 103,654,500 төгрөгийн дизель түлшийг худалдан авсан ба хамтрагч компанийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Хужиртын алтны шороон ордны ашиглалтын үйл ажиллагаанд уг шатахууныг зарцуулж, олборлолтын ажил амжилтгүй болсноос дизель түлшний үнийг төлөх боломжгүй нөхцөл үүссэн.

Иймд түлш нийлүүлэгч “А” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан үндсэн төлбөр болох 103,654,500 төгрөгийг тодорхой хэмжээний алдангийн хамт төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх зохигчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 103,654,500 төгрөг, төлбөр төлөх хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 51,308,977.5 төгрөг буюу нийт 154,963,477.5 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь үндсэн төлбөр 103,654,500 төгрөгийг тодорхой хэмжээний алдангийн хамт төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

 

Шүүх энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг урьд 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батцэцэг нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хангаж, өнөөдрийг хүртэл хойшлуулж, товыг мөн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн.

 

Гэтэл хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, энэ хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, ажиллагаатай холбоотой ямар нэг хүсэлт, нотлох баримт гаргаагүй, товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Хариуцагч тал ийнхүү хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19/14 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “А” ХХК нь Олон Улсын чанар, стандартын шаардлага бүрэн хангасан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч “Б” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг бүтээгдэхүүний нийлүүлэлт хийгдсэн өдрөөс хойш тогтоосон хугацааны дотор төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3%-тай тэнцэх алданги төлөх үүргийг харилцан хүлээжээ. /9-14 хуу/

 

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд зохигч хуулийн этгээдүүдийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1 литр нь 1,950 төгрөгийн үнэтэй 22,220 литр түлш /43,329,000 төгрөг/, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 литр нь 1,950 төгрөгийн үнэтэй 53,160 литр түлш /103,662,000 төгрөг/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 литр нь 1,950 төгрөгийн үнэтэй 23,930 литр түлш /46,663,500 төгрөг/ буюу нийт 193,654,500 төгрөгийн үнэтэй 99,310 литр дизель түлш нийлүүлсэн болох нь “Б” ХХК-ийн тооцооны дэлгэрэнгүй, зохигчдын хамтран үйлдсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “тооцооны баримтын жагсаалт”, мөн өдрийн байдлаар “Б” ХХК нь 193,654,500 төгрөгийн өглөгтэй гарсныг баталсан 2019/10-03 тоот “тооцооны үлдэгдлийн баталгаа” зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /16-17, 25 хуу/

 

Хариуцагч нь 193,654,500 төгрөгийн төлбөрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 70,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг буюу нийт 90,000,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд талууд төлбөрийн үлдэгдэл 103,654,500 төгрөг /193,654,500-90,000,000/-ийн хэмжээнд маргаагүй тул шүүх дээрх төлбөрийг мөн хугацаануудад төлөгдсөн гэж үзнэ.

 

Худалдан авсан бүтээгдэхүүний үнийг нийлүүлэлт хийгдсэн өдрөөс хойш 40 хоног /3.4-т 30 хоногийн дотор, 2.2-т 40 хоногийн дотор гэж хоёр өөр хугацаа байх боловч нэхэмжлэгч 40 хоногоор хугацааг тооцсон, энэ нь хариуцагчийн эрх ашигт нийцсэн тул шүүх 40 хоногоор тооцсон болно/-ийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг гэрээний 2.2, 3.4-т зааснаар хариуцагч хүлээсэн тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар “Б” ХХК-ийг 2019 оны 10 дугаар сарын 14-нд худалдан авсан 22,220 литр түлшний үнэ 43,329,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны дотор, 2019 оны 10 дугаар сарын 16-нд худалдан авсан 53,160 литр түлшний үнэ 103,662,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2019 оны 10 дугаар сарын 21-нд худалдан авсан 23,930 литр түлшний үнэ 46,663,500 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор тус тус төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Гэвч гэрээнд заасан хугацаанд хариуцагч төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлэн 90,000,000 төгрөгийг төлсөн боловч үүргээ өнөөдрийг болтол зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь нийлүүлсэн дизель түлшний үнийн үлдэгдэл 103,654,500 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний 3,5 дахь заалтаар “худалдан авагч тал тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3%-ийн алданги тооцно” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.

 

Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч тохирсон хэмжээгээр хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн нийт хэмжээг тооцвол: 

1. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 70,000,000 төгрөгийн төлбөр төлөх хүртэл

-2019 оны 11 дүгээр сарын 23-ны дотор төлөх үүрэг бүхий 43,329,000 төгрөг, 9 хоногийн алданги 1,169,883 төгрөг /43,329,000х0,3%х9хон/-ийн хамт 44,498,883 төгрөг,

-2019 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөх үүрэг бүхий 103,662,000 төгрөг, 7 хоногийн алданги 2,176,902 төгрөг /103,662,000х0,3%х7хон/-ийн хамт 105,838,902 төгрөг,

-2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлөх үүрэг бүхий 46,663,500 төгрөг, 2 хоногийн алданги 279,981 төгрөг /46,663,500х0,3%х2хон/-ийн хамт 46,943,481 төгрөг буюу бүгд 197,281,266 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба үүнээс төлсөн 70,000,000 төгрөгийг хасахад 127,281,266 төгрөгийн үлдэгдэлтэй.

2. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийн төлбөр төлөх хүртэл

-үлдэгдэл 127,281,266 төгрөг, 10 хоногийн алданги 3,818,438 төгрөг /127,281,266х0,3%х10хон/-ийн хамт нийт 131,099,704 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба үүнээс төлсөн 20,000,000 төгрөгийг хасахад 111,099,704 төгрөгийн үлдэгдэлтэй.

3. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэл

-үлдэгдэл 111,099,704 төгрөг, 153 хоног /2019.12.12-2020.05.13/-ийн алданги 50,994,764 төгрөг /111,099,704х0,3%х153хон/-ийн хамт нийт 162,094,468 төгрөг гарч байна.

 

Энэхүү тооцооллын дүнд гарсан төлбөрийн хэмжээ нь нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс 7,130,990.5 төгрөгөөр /162,094,468-154,963,477.5/ илүү гарсан тул шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлан тогтоох нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүх хариуцагч “Б” ХХК-аас нийт 154,963,477.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-аас 154,963,477.5 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932,767.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 932,767.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй ба эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

                           

ДАРГАЛАГЧ                                            Ө.УЯНГА