Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00266

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00266

 

 

 

Ориент- Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02299 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ориент- Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Болдбаатарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 344 324 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрахын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Болдбаатар нь Ориент- Инвест ББСБ ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түүний өмчлөлийн ХУД-ийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт байрлах, Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гараж, Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, 505 тоот хаягт байрлах, Ү-2206032528 улсын бүртгэлийн дугаартай, 000327110 тоот эрхийн гэрчилгээтэй 82,77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, Зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, Ү-2206032750 улсын бүртгэлийн дугаартай, 000327836 тоот эрхийн гэрчилгээтэй 15,5 м.кв талбай бүхий авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Ориент- Инвест ББСБ ХХК, Ч.Болдбаатар нар 15//2084 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 15/4088 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан гэрээг нотариат болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт баталгаажуулж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөнгийг олгосон. 15/2084 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон ч Ч.Болдбаатар нь Ориент- Инвест ББСБ ХХК-д зээлийн төлбөрөө төлөхгүй, хүндрэл учруулсан. Иймд хариуцагч Ч.Болдбаатараас үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 165 700 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 600 000 төгрөг мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 24 500 төгрөг нийт 344 324 500 төгрөг гаргуулах, Ориент- Инвест ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа түүний болон Б.Түмэнжаргалын өмчлөлийн доорх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Болдбаатар түүний өмгөөлөгч Н.Буянжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Болдбаатар нь Ориент- Инвест ББСБ ХХК-иас 150 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэн авч, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт эрхлэх үйл ажиллагаа санхүүжүүлсэн. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 27-нд үйлдвэрлэлийн осол гарч нэг хүний амь үрэгдсэн. Уг хэрэгтэй холбогдуулан манай үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон ба улмаар 2017 оны 07 дугаар сарын 17-нд Ч.Болдбаатарыг эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээгээр шийтгэсэн. 2016 оны 02 дугаар сараас эхлэн бэлтгэл ажлаа дахин эхлүүлсэн. Үйл ажиллагаа жигдрэх шатандаа орох үед буюу 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нутгийн хэмжээгээр хүчтэй аадар бороо орж, голын усны түвшин нэмэгдсэн бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж байсан аманд гэнэтийн үер болж, бид өөрсдийн бүх техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгө, байрлаж байсан гэрээ урсгаж алдсан. Үерт автсан эд хөрөнгөөс дахин ашиглах боломжтой хөрөнгө үлдээгүй. Үйл ажиллагаа эхлэхээс өмнө Бигэр сумын төвөөс аймгийн төв чиглэлийн 30 км замын засварын ажлыг 172 000 000 төгрөгөөр, Сумын цагдаагийн кобаны халаалтыг 4 500 000 төгрөгөөр тус тус өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн. Дээрх нөхцөл байдлуудын улмаас 600 000 000 орчим төгрөгөөр хохирохын зэрэгцээ Ориент- Инвест ББСБ ХХК-иас авсан зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь буцаан төлөх чадваргүй болсон. Дээрх байдлуудыг Ориент- Инвест ББСБ ХХК-д удаа дараа төлбөрийн чадваргүй болсон тухайгаа мэдэгдэж байсан. Гэтэл Ориент- Инвест ББСБ ХХК нь энэ байдлыг мэдсээр байж зээлийн гэрээг цуцлахгүй үргэлжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон. Ориент- Инвест ББСБ ХХК-д зээлийн хүүнд тооцож 41 500 000 төгрөг төлсөн. Иймд Ориент- Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 200 000 000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Болдбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 194 024 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 137 975 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ч.Болдбаатар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 949 773 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 128 073 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах давж заалдах гомдолдоо: Ориент-Инвест ББСБ ХХК болон Ч.Болдбаатар нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээг шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-р догол мөрөнд ..,2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, бизнесийн зориулалтаар 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохирчээ, мөн үндэслэх хэсгийн 7-р догол мөрөнд Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан... тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна. гэсэн. Үүнээс үзвэл Ориент-Инвест ББСБ ХХК болон Ч.Болдбаатар нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэдэг нь нотлогдож байна. Дээрх хүчин төгөлдөр Зээлийн гэрээний 2.3-т Ч.Болдбаатар нь 2.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.2 заасан зээлийн хүүг төлөхөөс гадна 2.1.2-д заасан зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолсон болно. Ч.Болдбаатарын Зээлийн гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусаж тус Ориент-Инвест ББСБ ХХК-д зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүртэл зээлийг ашигласаар байхад шүүх өөрийн хүчин төгөлдөр гэж тогтоосон зээлийн гэрээнээс өөрөөр шийдвэр гаргаж тус Ориент-Инвест ББСБ ХХК-ийн үнийн дүнгээс байгалийн давагдашгүй хүчний шинж буюу үер болсон өдрөөс хойших хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй. Ч.Болдбаатар нь тус Ориент-Инвест ББСБ ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөгийг Дорнод аймгийн Баян-Уул сумын Хужирт гэдэг нэртэй газарт уурхайн ажил явуулах MV-016658 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу алтны уурхайн эргэлтийн хөрөнгөнд хэрэглэнэ, эргэн төлөлтийг гарсан алт болон Улаанбаатар хотын 100 айлд дахин төлөвлөлтөөр буулгах ажлын хөлснөөс төлнө. гэж зээл авах өргөдөл гаргасан. Гэтэл Ч.Болдбаатар нь Ориент-Инвест ББСБ ХХК-иас авсан зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй харин Говь-Алтай аймгийн Бигэр сумын Агуйтад нөхөн сэргээх ажил хийсэн байсан. Тус ажил гүйцэтгэж байсан газар нь байгалийн давагдашгүй хүчний шинж буюу үер болж үйл ажиллагаа нь зогссон байна гэж шүүх дүгнэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Ч.Болдбаатар нь Ориент-Инвест ББСБ ХХК-иас авсан зээлийн эргэн төлөлтийг зээл хүссэн өргөдөлд дурдсанаар ...эргэн төлөлтийг гарсан алт болон Улаанбаатар хотын 100 айлд дахин төлөвлөлтөөр буулгах ажлын хөлснөөс төлнө гэж байхад шүүх ганц Говь-Алтай аймгийн Бигэр сумын Агуйтад хийгдэж байгаа нөхөн сэргээх ажил зогссонтой холбоотой Ч.Болдбаатарыг төлбөр төлөх чадваргүй гэж үзэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Мөн Ч.Болдбаатарын хэрэгт авагдсан баримтад Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолтоор Ч.Болдбаатарын нөхөн сэргээх уурхайд байгалийн давагдашгүй хүчний шинж буюу үер болсон гэж нотлогдохгүй байна. Шүүх уг тодорхойлолтыг буруу ойлгож хэт нэг талыг барьсан шударга бус шийдвэр гаргасан. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээн дээр .. 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд их хэмжээний бороо орж үер буусан нь тус компанид дээрх зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлэх ... даван туулах боломжгүй байгалийн Давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотолж иргэн Ч.Болдбаатарт энэхүү гэрчилгээг олгож байна. гэснээс үзвэл Ч.Болдбаатарт хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар тогтоогоогүй байж байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзсэнд үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хасаж шийдсэн 137 975 500 төгрөг буюу нийт 332 000 000 төгрөгийг Ч.Болдбаатараас гаргуулан Ориент-Инвест ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ориент- Инвест ББСБ ХХК нь хариуцагч Ч.Болдбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 344 324 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ч.Болдбаатар болон Ориент- Инвест ББСБ ХХК нар нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр тохирч, 15//2084 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт 15/4088 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан хариуцагчийн өөрийн өмчлөлийн ХУД-ийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт байрлах, Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй 250,85 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууц, гараж, Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, 505 тоот хаягт байрлах, Ү-2206032528 улсын бүртгэлийн дугаартай, 000327110 тоот эрхийн гэрчилгээтэй 82,77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, Зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, Ү-2206032750 улсын бүртгэлийн дугаартай, 000327836 тоот эрхийн гэрчилгээтэй 15,5 м.кв талбай бүхий авто зогсоол гэх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан, зээлдүүлэгч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөнгийг хүлээлгэн өгсөн, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /хх-8-19/

Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, дах хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй болно.

Талуудын хоорондын зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй учир Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Харин шүүх хэрэгт авагдсан Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн дагуу Ч.Болдбаатарт олгосон Давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотлох гэрчилгээ болон зээлдэгчийн үйл ажиллагаа явуулж байсан нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас тоног төхөөрөмж, эд хөрөнгө эвдэрч гэмтэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдал зэргийг харгалзан 2017 оны 07 сарын 13-ны өдрөөс хойших гэрээний үүргийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дах хэсэгт заасны дагуу гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, хүндэтгэн үзэх үндэслэл гэж тайлбарлан дүгнэж, хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг тодорхойлсон, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч Ч.Болдбаатарт эрх бүхий байгууллагаас олгосон Давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотлох гэрчилгээ-г үндэслэлгүй, хуурамч болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс уг гэрчилгээг хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой шийдвэрлээгүй алдааг залруулах нь зөв болно.

Нэхэмжлэгч байгууллага талуудын хооронд байгуулагдсан 15/4088 тоот хөрөнгө барьцаалах гэрээнд заасан Ч.Болдбаатар болон Б.Түмэнжаргал нарын өмчлөлийн 3 төрлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч Ч.Болдбаатарын өмчлөлийн Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй. Харин Б.Түмэнжаргалын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Энэхүү шаардлагын нөгөө тал нь барьцаалуулагч байхад Ориент- Инвест ББСБ ХХК нь Б.Түмэнжаргалыг хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй учраас Б.Түмэнжаргалын өмчлөлийн зүйлээр үүргийг хангуулахаар шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, барьцаалуулагчийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой шаардлага гаргасан тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар 157.5, 157.6 дах хэсэгт заасан эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх боломжийг нь хангах ёстой тул хариуцагчаар оролцоогүй этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахгүй юм. Ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан борлуулах талаарх шаардлагаа барьцаалуулагч буюу Б.Түмэнжаргалд холбогдуулан гаргахад саад болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Болдбаатар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол түүний өмчлөлийн ХУД-ийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт байрлах, Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангаж, Б.Түмэнжаргалын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 847 828 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ

 

 

 

 

.