Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2299

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

            Дугаар 183/ШШ2017/02299

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 20 дугаар байр, 62 тоот байранд байрлах, “ОИ ББСБ”   ХХК /РД:2737515/-ийн нэхэмжлэлтэй,

          

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, нүхтийн зам, 36-1 тоотод оршин суух, Боржигон овогт Ч.Б-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 344 324 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг  хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Болорчимэг, хариуцагч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                            

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ОИ” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь тус ББСБ-д 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр доорх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Үүнд:

-Түүний өмчлөлийн ХУД-ийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт байрлах, Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гражийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх,

-Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, 505 тоот хаягт байрлах, Ү-2206032528 улсын бүртгэлийн дугаартай, 000327110 тоот эрхийн гэрчилгээтэй 82,77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

-Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, Зоорийн давхарын 23 тоот хаягт байрлах, Ү-2206032750 улсын бүртгэлийн дугаартай, 000327836 тоот эрхийн гэрчилгээтэй 15,5 м.кв талбай бүхий авто зогсоол,

Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд Ч.Бт 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр 150 000 000 төгрөгийг 15//2084 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 15/4088 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан гэрээг нотариат болон УБЕГ-ын ЭХЭБГ-т баталгаажуулж, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримтан дээр гарын үсэг зуруулан олгосон. Ч.Бын тус ББСБ-тай байгуулсан 15/2084 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон ч Ч.Б нь тус ББСБ-д зээлийн төлбөрөө төлөхгүй, хүндрэл учруулсан. Тус ББСБ нь Ч.Быг хариуцагчаар татан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа оршин сууддаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд тус ББСБ нь хариуцагч Ч.Быг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүхийн шүүгч С.Буд нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01127 тоот шийдвэрээр Ч.Быг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Ч.Быг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон тул нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Иймд хариуцагч Ч.Баас үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 165 700 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 600 000 төгрөг мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 24 500 төгрөг нийт 344 324 500 төгрөг гаргуулах, тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа түүний болон Б.Түмэнжаргалын өмчлөлийн доорх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Б миний бие “ОИ” ББСБ-аас 150 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэн авч, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт эрхлэх үйл ажиллагаа санхүүжүүлсэн. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 27-нд үйлдвэрлэлийн осол гарч нэг хүний амь үрэгдсэн. Уг хэрэгтэй холбогдуулан манай үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон ба Ч.Б намайг ковшийн жолоочийн хамт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 17-нд Ч.Б намайг эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээгээр шийтгэсэн. Энэ нь манай төлөвлөгөөт ажилд нилээд саад учруулсан ба бид ажлаа 2016 оны 02 дугаар сараас бэлтгэл ажлаа дахин эхлүүлсэн. Үйл ажиллагаа жигдэрэх шатандаа орж байтал 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр нутгийн хэмжээгээр хүчтэй аадар бороо орж, голын усны түвшин нэмэгдсэн бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж байсан аманд гэнэтийн үер болсон. Уг үерт бид өөрсдийн бүх техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгө, байрлаж байсан гэрээ урсгаж алдсан. Үерт автсан эд хөрөнгөөс дахин ашиглах боломжтой хөрөнгө үлдээгүй. Бид үйл ажиллагаа эхлэхээс өмнө Бигэр сумын төвөөс аймгийн төв чиглэлийн 30 км замын засварын ажлыг 172 000 000 төгрөгөөр, Сумын цагдаагийн кобаны халаалтыг 4 500 000 төгрөгөөр тус тус өөрийн хөрөнгөөр хийж хүлээлгэн өгсөн. Дээрх нөхцөл байдлуудын улмаас би 600 000 000 орчим төгрөгөөр хохирохын зэрэгцээ танай байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу ашиглаж, зээлийг хугацаанд нь буцаан төлөх чадваргүй болсон. Дээрх нөхцөл байдлын улмаас миний санхүүгийн чадвар хүнд байгаа, мөн би 60 хувиар хөдөлмөрийн чадвар /групп/ алдалттай. Дээрх байдлуудыг “ОИ” ББСБ-д удаар дараа бичгээр мэдэгдэж төлбөрийн чадваргүй болсон тухайгаа мэдэгдэж байсан. Гэтэл “ОИ” ББСБ нь энэ байдлыг мэдсээр байж зээлийн гэрээг цуцлахгүй үргэжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоор одоог хүрчээ. “ОИ” ББСБ-д зээлийн хүүнд тооцож 41 500 000 төгрөг төлсөн. Иймд “ОИ” ББСБ-ын нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 200 000 000 төгрөгийг зөвшөөрнө гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-иас хариуцагч Ч.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 344 324 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК нь зээлдэгч Б.Болдбаатарт бизнесийн буюу нөхөн сэргээлт хийх зориулалтаар зээл олгосон ба зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 165 700 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 600 000 төгрөг, нийт 344 324 500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээний дагуу  үндсэн зээл 150 000 000 төгрөг,  25 сар 10 хоногийн хүү нийт 190 000 000 төгрөг, 22 сар 10 хоногийн  нэмэгдүүлсэн хүү нийт 33 500 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт  нийт 373 500 000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс 41 500 000 төгрөгийг хариуцагч төлсөн, үлдэх 332 000 000  төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа 12 324 500 төгрөгөөр багасгажээ.

 

          Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр олгосон итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Болорчимэг нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 зүйлд заасан эрхийг олгосон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй байна./х.х-ийн 16 дугаар тал/

 

            Хариуцагч Ч.Б зээлийн гэрээний дагуу 150 000 000 төгрөг авсанд маргахгүй, зээлийн төлбөрт нийт 46 000 000 төгрөг төлсөн, зээлийг зориулалтын дагуу Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь Агуйт, Гангат хэмээх газарт нөхөн сэргээлт хийхээр авсан боловч 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр тус нутагт үер бууж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас бүх тоног төхөөрөмж, эд хөрөнгөөрөө хохирч зээлийг төлөх боломжгүй болсон тул авсан үндсэн зээлээ төлнө, давагдашгүй нөхцөл байдал болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан  хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү  гэж тайлбарладаг.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК болон хариуцагч Ч.Б нар 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, бизнесийн зориулалтаар 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохирчээ. /х.х-ийн 8-9 дүгээр тал/

           Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар гэрээний зүйл болсон 150 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна.

 

           Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т зээлийн гэрээний хугацаа 3 сар байх ба зээлийн гэрээний  үүрэг гүйцэтгэх хугацаа 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр дууссан учраас хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д  “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч Ч.Б зээлийн гэрээний дагуу 2016.07.13-ны өдрийг хүртэлх зээлийн хүү, нэмэгдсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

           Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлийг зориулалтаар нь зарцуулж нөхөн сэргээлтийн ажиллагааг гүйцэтгэх явцдаа гэнэтийн буюу байгалийн давагдашгүй хүчний шинж болох үерт өртөсний улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон  байх тул  2016.07.13-ний өдрөөс хойшхи зээлийн гэрээний хүү, нэмэгдсэн хүү  төлөх үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй байна. /х.х-ийн 60 дугаар тал/

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй” гэж зааснаар 2016.07.13-наас хойшхи зээлийн хүү, нэмэгдсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймээс хариуцагч нь үндсэн зээлд 150 000 000 төгрөг, 2015.09.14-ний өдрөөс 2016.07.13-ний өдрийг хүртэлх 10 сарын хүү 75 000 000 төгрөг, 2015.12.15-ны өдрөөс 2016.07.13-ны өдрийг хүртэлх 7 сарын нэмэгдсэн хүү 10 500 000 төгрөг нийт 235 500 000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс 41 500 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон үүргийг хасаад үлдэх 194 000 000 төгрөгийн мөнгөн үүргийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлээр нэхэмжлжэгчээс нотариатын зардалд гарсан 24 500 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Ч.Б зээлийн гэрээний үүрэгт 46 000 000 төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, холбогдох баримтыг гаргуулах тухай хүсэлт шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож буй 41 500 000 төгрөгийг  үндсэн үүргээс хассан болно. Учир нь хариуцагч өөрийн татгалзлаа нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хүсэлтээ гаргах эрхтэй боловч татгалзлаа нотлоогүй, хүсэлтээ гаргаагүй тул хариуцагчийн татгалзал нотлогдоогүй гэж шүүх үзсэн болно.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн өмчлөлийн Ү-2206023618 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт орших 250,85 м.кв талбайтай хувийн сууц, гараж зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн Б.Түмэнжаргалын өмчлөлийн  Ү-2206032528 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 байр 505 тоот хаягт орших 82,77 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, Ү-2206032750 тоот улсын бүртгэлийн дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалахаар хөрөнгө барьцаалах барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 11-15 дугаар тал/

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ...” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийг  өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагджээ. /х.х-ийн 20-22 дугаар тал/ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх ёстой.

 

            Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ёстой. Өмчлөгч Б.Түмэнжаргалаас Ү-2206032528 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 байр 505 тоот хаягт орших 82,77 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, Ү-2206032750 тоот улсын бүртгэлийн дугаартай 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалуулах зөвшөөрөл олгосон итгэмжлэл авагдсан байх тул барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. /х.х-ийн 13-14 дүгээр тал/

 

          Иймд  Ч.Бт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 194 024 500 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 137 975 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 194 024 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 137 975 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч Ч.Б үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааы зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

            3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 949 773 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 128 073 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ