Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2017/00026

 

Б.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Отгончимэгт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1444 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Б.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч :Б.Отгончимэгт холбогдох,

 

2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болдбаяр, хариуцагч Б.Отгонцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Шинэжаргал, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015-11-20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж Б.Отгонцэцэгт 1,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч Б.Отгонцэцэг нь одоог болтол нэг ч төгрөг төлөөгүй тул үндсэн зээл 1,000,000 төгрөг, алданги нэхэмжлэхгүйгээр 10 сарын хүү 1,000,000 төгрөг.Нийт 2,000,000 төгрөгийг Б.Отгонцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Болдбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээс 200 000 төгрөг хасаж 1 800 000 төгрөг нэхэмжилнэ.Хариуцагч 2014-12-03-наас бага багаар мөнгө авч байсан.3-нд 42 000 төгрөг, 2015-3-9-нд 100 000 төгрөг,3 сарын 21-нд 60 000 төгрөг,40 000 төгрөг, 5 сарын 10 -нд 50 000 төгрөг,5 сарын 16-нд 200 000 төгрөг авсан байдаг.2015 оны 11 сард тооцоо нийлж 1 505 000 төгрөг боллоо гэсэн.Зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.Үндсэн зээл 1 000 000 төгрөг хүү 1 000 000 төгрөг болсон. Нэхэмжлэлийг хангана уу гэжээ.

Хариуцагч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би Цэцэгмаагаас 2015 оны 03 сард 150.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр группийн дэвтрээ барьцаалж, 2015 оны 05 сард манай нөхөр болох Б.Соёмбо 150.000 төгрөгийг виза картаа барьцаалж, 2015 оны 05 сард 150.000 төгрөгийг том гарын мөнгөн аяга барьцаалж /тойрог нь 7 см/ 2015 оны 05 сард 40.000 төгрөгийг мөнгөн гинжээ барьцаалж тус тус зээлсэн.Би эдгээр мөнгөнүүдийг өгч чадаагүй 11 сар хүрсэн нь үнэн.Би Б.Цэцэгмаагаас нийт 340.000 төгрөг зээлсэн. Үүнийг төлж чадаагүй. 2015 оны 11 сард Цэцэгмаа надруу залгаж намайг нотариат дээр дагуулж очиж гэрээн дээр гарын үсэг зуруулсан.Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй болохоор хэдэн төгрөгний үнэтэй гэрээн дээр зурсанаа ч мэдээгүй.2015 оны 05 сараас 11 сарын хооронд Б.Цэцэгмаагийн хуучин нөхөр болох Бадмаараг гэдэг цагдаа намайг байнга дарамталж мөнгөө төлөхгүй бол шоронд хийнэ гэж сүрдүүлдэг байсан. Миний нөхөр болох Б.Соёмбын зээлж авсан мөнгийг хамтад нь оруулаад гэрээ хийлээ гэж байсан.Би Б.Соёмбын өмнөөс үүнийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Б.Цэцэгмаатай байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний Хуулийн 281.1 дэх заалтыг зөрчсөн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:1800 000 төгрөг төлөхийг би зөвшөөрөхгүй. 2015 оны 3 сард 150 000 төгрөг, 5 сард 150 000 төгрөг,нэмж 40 000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй. Цагдаагаар дарамталсан тул айгаад нотариатаар орсон. Би чичиг үсэг тоо мэддэггүй. Надад гэрээг тайлбарлаж өгөөгүй. Би хүү өгөөд явж байсан.150 000 төгрөг төлнө гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1444 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Отгонцэцэгээс 150 000 төгрөг гаргуулан Б.Цэцэгмаад олгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 850 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 46950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 5150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа давж заалдсан гомдолдоо: Б.Отгонцэцэг нь нэхэмжлэгчээс 2014 оны 12 сарын 03-наас эхлэн 2015 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл итгэлцлээр мөнгө зээлж ирсэн боловч нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй тул 2015 оны 11 сарын 13-ны өдөр Отгонцэцэгтэй уулзаж тооцоо нийлж зээл зээлийн хүүг гаргасан. Гэтэл Отгонцэцэг нь өөрөө нотариатаар орж гэрээ байгуулъя гээд 2015 оны 11 сарын 20-ны өдөр үйлчилгээний төвд байрлах нотариат орж зээлийн гэрээ байгуулсан.

Монгол Улсын Иргэний хуулинд иргэд хоорондоо амаар болон бичгээр гэрээ хэлцэл байгуулж болох тухай заасан ба Б.Отгонцэцэг бид хоёрын хооронд итгэлцлээр буюу аман хэлцэл хийж мөнгө зээлдэг байсан. Үүнийгээ дараа нь албан ёсоор бичгийн хэлбэрт оруулж нотлох баримтын шаардлага хангуулан нотариатаар батлуулсан явдал юм. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийг дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдолыг тайлбарлан зөвлөгөө өгөх үүрэгтэйг заасан бөгөөд мөн хуулийн 21.3.5-д "... эрх зүйн зөвлөгөө өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах-ыг хориглосон. Хэрэв нотариатч дээрх хуулийн заалтыг зөрчвөл үйлчлүүлэгчид учирсан хориролыг нөхөн төлөх үүрэгтэй. Анх нотариатаар орж зээлийн гэрээ байгуулахад нотариатч нь Отгонцэцэгт анхааруулж ямар гэрээ хийж байгаагаа мэдэж байна уу гэхэд өөрөө мэдэж байгаа гээд гэрээ хийхийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч нь нотариатчтай нийлж загнаж байгаад гэрээ хийлгэсэн мэтээр тайлбарлан мөн өмнө нь бичиг үсэг мэддэггүй гэж хэлж байгаагүй өөрөө ирээд мөнгө зээлээд зээлсэн мөнгөө тоолж аваад явдаг байсан атлаа гэнэт бичиг үсэг мэдэхгүй, мөнгө тоолж чадахгүй, тоо тоолж мэдэхгүй, насаа хүртэл мэдэхгүй гэж байгаа нь Отгонцэцэгийг шүүхийг илтэд үл хүндэтгэн худал ярьж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Отгонцэцэг нь удаа дараа мөнгө зээлж байсан хамгийн сүүлд нөхөр Соёмботой ирж 200 000 төгрөг авсан. Дээрх зээлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөг буцааж төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад шүүх гэрээ байгуулсан өдөр мөнгө өгч авалцаагүй учир уг зээлийн гэрээгээр шаардах эрх үүсэхгүй гэж тайлбарласан нь шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2016/01444 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь хариуцагч Б.Отгончимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Отгонцэцэгээс 150 000 төгрөг гаргуулан Б.Цэцэгмаад олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 850 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа хариуцагч Б.Отгонцэцэг нар 2015 оны 11 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулжээ.

Хэдийгээр зохигчид зээлийн гэрээ байгуулсан ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар ... мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно ... гэж заасан заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь хариуцагч Б.Отгончимэгт 1.000.000 төгрөг зээлсэн гэдэг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ 38 дугаар зүйлийн 38.7.-д зааснаар анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө биелүүлээгүй байна.

Нотариатын тухай хуульд зааснаар нотариатчаар зээлийн гэрээгээ батлуулсан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хариуцагчаас 150.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн байх тул нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР