Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 01444

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 19-15 тоотод оршин суух Цэцээ гүн овгийн Батбилэгийн Цэцэгмаагийн /АЭ-76083008 /  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Уурхайчин баг 3-13-00 тоотод оршин суух Гал овгийн Батмөнхийн Отгонцэцэгт /АР-78121201 / хариуцагдах 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Болдбаяр, хариуцагч Б.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч  Б.Цэцэгмаа хариуцагч Б.Отгонцэцэгээс зээлийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Цэцэгмаа нь 2015-11-20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж Б.Отгонцэцэгт 1,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч Б.Отгонцэцэг нь одоог болтол нэг ч төгрөг төлөөгүй тул үндсэн зээл 1,000,000 төгрөг,  алданги нэхэмжлэхгүйгээр 10 сарын хүү 1,000,000 төгрөг.Нийт 2,000,000 төгрөгийг Б.Отгонцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Болдбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээс 200 000 төгрөг хасаж 1 800 000 төгрөг нэхэмжилнэ.Хариуцагч 2014-12-03-наас бага багаар мөнгө авч байсан.3-нд 42 000 төгрөг,2015-3-9-нд 100 000 төгрөг,3 сарын 21-нд 60 000 төгрөг,40 000 төгрөг, 5 сарын 10 -нд 50 000 төгрөг,5 сарын 16-нд 200 000 төгрөг авсан байдаг.2015 оны 11 сард тооцоо нийлж 1 505 000 төгрөг боллоо гэсэн.Зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.Үндсэн зээл 1 000 000 төгрөг хүү 1 000 000 төгрөг болсон. Нэхэмжлэлийг хангана уу гэжээ.

 

              Хариуцагч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа : Б Цэцэгмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.Б Отгонцэцэг миний бие Б.Цэцэгмаагаас урт цагаанд ломбард ажиллуулж байх үеэс танилцаж мөнгө төгрөг зээлж эхэлсэн.Зээлсэн мөнгөө ч цаг тухайд нь төлдөг байсан.Б.Цэцэгмаагийн 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Цэцэгмаагаас 2015 оны 03 сард 150.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр группийн дэвтрээ барьцаалж, 2015 оны 05 сард манай нөхөр болох Б.Соёмбо 150.000 төгрөгийг виза картаа барьцаалж, 2015 оны 05 сард 150.000 төгрөгийг том гарын мөнгөн аяга барьцаалж /тойрог нь 7 см/ 2015 оны 05 сард 40.000 төгрөгийг мөнгөн гинжээ барьцаалж тус тус зээлсэн.Би эдгээр мөнгөнүүдийг өгч чадаагүй 11 сар хүрсэн нь үнэн.Би Б.Цэцэгмаагаас  нийт 340.000 төгрөг зээлсэн. Үүнийг төлж чадаагүй. Миний барьцаанд тавьсан том гарын мөнгөн аягийг хэдэн төгрөгний өрөнд бодож зарсан тодорхойгүй байна.Намайг асуухаар би зарсан мөнгөнд чинь хүрээгүй гэж хэлдэг.Энэ мөнгөн аягийг миний анхны нөхөр болох Эрдэнэдалай хүүдээ өгсөн үе дамжиж ирсэн аяга байсан.Сүүлийн үеийн мөнгөн аяга шиг нимгэн мөнгөтэй муу аяга байгаагүй. Би жижиг аяганых нь зургийг нь хавсаргаж өглөө /Энэ зарагдсан гээд байгаа  аягийг би өөр ломбарданд 250.000 төгрөгөнд тавиад авч байсан.Энэ аягийг зарахад миний тавьсан 340.000 төгрөгөнд хүрэхээр боломжийн үнэтэй аяга байсан.2015 оны 11 сард Цэцэгмаа надруу залгаж намайг нотариат дээр дагуулж очиж гэрээн дээр гарын үсэг зуруулсан.Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй болохоор хэдэн төгрөгний үнэтэй гэрээн дээр зурсанаа ч мэдээгүй.2015 оны 05 сараас 11 сарын хооронд Б.Цэцэгмаагийн хуучин нөхөр болох Бадмаараг гэдэг цагдаа намайг байнга дарамталж мөнгөө төлөхгүй бол шоронд хийнэ  гэж сүрдүүлдэг байсан. Миний нөхөр болох Б.Соёмбын зээлж авсан мөнгийг хамтад нь оруулаад гэрээ хийлээ гэж байсан.Би Б.Соёмбын өмнөөс үүнийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Б.Цэцэгмаатай байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний Хуулийн 281.1 дэх заалтыг зөрчсөн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө ү  гэжээ.

 

Хариуцагч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:1800 000 төгрөг төлөхийг би зөвшөөрөхгүй.2015 оны 3 сард 150 000 төгрөг,5 сард 150 000 төгрөг,нэмж 40 000 төгрөг авсан.Өөр мөнгө аваагүй.Цагдаагаар дарамталсан тул айгаад нотариатаар орсон.Би чичиг үсэг тоо мэддэггүй.Надад гэрээг тайлбарлаж өгөөгүй.Би хүү өгөөд явж байсан.150 000 төгрөг төлнө гэжээ.

                Шүүх хэргээс 2015-11-20-ны өдрийн зээлийн гэрээг шинжлэн судлаад                                                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа  хариуцагч Б.Отгонцэцэгээс зээлийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан,шүүх хуралдаанд 1 800 000 төгрөг болгож бууруулсан.

  Хариуцагч 150 000 төгрөгний хэсгийг зөвшөөрсөн.

 Зохигчдын хооронд мөнгөн зээлийн гэрээ амаар байгуулагдаж, хариуцагч 2014 оны 12 сарын 3-наас 2015 оны 5 сарын 16-ны хооронд нэхэмжлэгчээс цувуулан мөнгө зээлж авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.Харин зээлж авсан мөнгөний хэмжээний хувьд маргаантай,нэхэмжлэгч нийт 450 000 төгрөг авсан гэсэн,хариуцагч 350 000 төгрөг авсан гэж тайлбарлаж маргаж байна.

Нэхэмжлэгч 2015-11-20-ны өдөр 1 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан гэж үндэслэсэн нь үндэсгүй,нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн тайлбарууд зөрүүтэй байна.

Хэргийн 3 дугаар хуудаст авагдсан “зээлийн гэрээ” гэсэн бичмэл баримтын дагуу хариуцагч мөн өдөр 1 000 000 төгрөг зээлж аваагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч,хариуцагчийн тайлбаруудаар нотлогдсон.Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар  зохигчдын хооронд 1 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй.Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Отгонцэцэгээс 150 000 төгрөг гаргуулан Б.Цэцэгмаад олгосугай.

     

           2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 850 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

        

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 46950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 5150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ