Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02009

 

ХХын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01421 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ,

Хариуцагч ХХХ ХХК-д холбогдох,

 

Орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, ашиглалтад өгөөгүй хугацаа хэтрүүлсний алданги 15 980 292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд ХХХХы орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ХХХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ, түүний өмгөөлөгч ХХХХХХ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХ дугаар орцны ХХ давхарын ХХХ тоот 46.36 м.кв хоёр өрөө орон сууц захиалгаар барих, бариулах тухай 56/141 дугаартай гэрээ байгуулан захиалсан. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 20 хувь буюу 9 272 000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 16, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 хувийн 6 954 000 төгрөгийг, дараагийн төлбөр болох барилгын угсралтын ажлыг 60/70 хувийн гүйцэтгэлтэй болоход төлөх 55 хувь буюу 15 498 000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус төлж нийт үнийн 90 хувь буюу 41 724 000 төгрөгийг төлж орон сууц захиалагчийн батламжийг гардан авсан. Түлхүүрээ гардуулахад 10 хувийн төлбөрөө хийхээр үүрэг хүлээж, гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанаасаа 1 жил орчим хугацаа хэтэрч байраа ашиглалтанд өгөөгүй ба энэ хугацаанд алданги авах байсан боловч аваагүй.

Байрны 90 хувийн төлбөрөө хийгээд бараг жил болох гэж байхад 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үед барилгыг улсын комисс хүлээн авлаа гэхээр нь байраа хүлээж авахаар очтол манай захиалсан байрыг ХХХХХ гэгч айлд өгч би байргүй үлдсэн. ХХХ ХХК-ийн захирал ХХХХХХХаас захиалсан байраа өгөөгүй учрыг лавлахад нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгө төлөөгүй гэсэн. Бид дээрх мөнгийг төлөхөөр гэрээнд тусгаагүй тул байр өгөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Дээрх 41 000 000 төгрөгийг төлөхийн тулд хүүтэй мөнгө зээлж тэр хэмжээгээр хохирол учирсан. Орон сууц захиалгаар барих бариулах тухай 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 56/141 тоот гэрээний 4.1-д зааснаар А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол нийт төлөгдсөн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө гэсний дагуу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл байраа өгөөгүй байгаа 383 хоногийн алданги 15 980 292 төгрөгийг ХХХ ХХК-иас гаргуулж, 141 тоот 46.36 м.кв хоёр өрөө байрыг ХХ миний өмчлөлд шилжүүлж өгнө үү.

Уг гэрээг талийгаач Х захиралтай байгуулсан. Гэрээнд заасны дагуу уг байр нь 2015 оны 01-02 дугаар улиралд ашиглалтанд орох ёстой байсан. Гэрээнд ашиглалтанд орох хугацаа нэг сараар хойшилж, урагшилж болох тул 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар заасан байдаг. Энэ байр нь 2016 оны 04 дүгээр сард ашиглалтанд орсон гэж сураг сонсоод үлдэгдэл 10 хувийн төлбөрөө төлөх гээд очиход надтай гэрээ байгуулсан Х захирал нас барсан байсан. Намайг НӨАТ төлөөгүй гэдэг шалтгаанаар орон сууц захиалгын гэрээг цуцалсан гэсэн тайлбар өгсөн. Надад гэрээ цуцлах талаар ХХХ ХХК-ийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй. Миний бие одоо байрны өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 15 980 292 төгрөгийн 7 000 000 төгрөгөөс татгалзаж, алдангид үлдэх 8 980 292 төгрөгийг ХХХ ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХ нь 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ХХХХХХХХ ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХ тоот орон сууцыг захиалж гэрээ байгуулсан байх бөгөөд нийт 41 724 000 төгрөгийг төлсөн байна. Мөн ХХ блок ХХХХ тоот орон сууцанд ХХХХы захиалгын гэрээ давхардаж хийгдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ХХХХХХХХ-ийн цагдаагийн ХХ-р хэлтэс ХХХ ХХК-ийн удирдлагад 201626011273 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ХХХ орон сууц захиалагчид бүртгэгдсэн байгаа мэдээлэл байна. Одоогийн байдлаар хэн нь хохирогчоор тогтоогдсон болохыг мэдэх боломжгүй байгаа тул эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэргийг түдгэлзүүлж өгнө үү.

Давхардсан айлуудын нэг нь байраа авч нөгөө нь эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож байгаа.Тэр баримтыг эцсийн байдлаар өнгөрсөн 7 хоногт манай компани цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Төлбөр мөнгөө гэрээний дагуу өгсөн хүмүүсийг байранд оруулж тооцсон. Харин гэрээгээ зөрчиж буюу хугацаандаа мөнгөө өгөөгүй хүмүүсийг ялгасан. ХХ эхэлж гэрээ хийсэн. Гэхдээ хугацаа хэтрүүлсэн гэсэн баримт нь байгаа. Мэдэгдлийн дагуу мөнгөө өгөөгүй гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ миний бие 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз ХХХХХХХХХаас ХХХХХХХХ ХХ-р хороонд ХХХ ХХК барьж буй 240 айлын орон сууц баригдаж байгаа тухай сонсож тус ХХХ ХХК-ийн хүний нөөцийн ажилтан ХХХХХХХтэй холбогдож ерөнхий захирал Хтай 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тооцож, 46.36 м.кв өрөө орон сууцыг Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа 9 272 000 төгрөг төлсөн. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор үндсэн байрны төлбөрийн үлдэгдэл 37 088 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн.

Ингээд ХХХ ХХК-ийн удирдлагаас НӨАТ-ын 10 хувийг нэмж төлж байрны түлхүүрээ ав гэсэн тул 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4 636 000 төгрөг төлж, ХХХ ХХК-д нийт 50 996 000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ХХХ ХХК-ийн санхүүгийн ажилтан ХХ орон сууцанд орохыг зөвшөөрсөн бичилт хийж инженер ХХХээс түлхүүр авч байрандаа орсон.Тухайн орон сууцанд давхар ХХХХХХХтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан тухай тус шүүхэд гуравдагч этгээдээр татагдаж мэдсэн.

Миний бие ХХын нэхэмжлэлийн шаардлага болж буй орон сууцыг холбогдох гэрээг байгуулж төлбөрийг бүрэн төлж худалдан авсан тул ХХХХХХХХ ХХ-р хороо ХХХХХХХХХХХ байрны ХХХ тоот хаягт байрлах байрны үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХХХХХХ дүүргийн ХХ-р хороолол,ХХ-р хороо, ХХ давхар ХХХ айлын орон сууцны ХХ байрны ХХ давхарт байрлах ХХХ тоот, 46.36 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр ХХыг тогтоож, хариуцагч ХХХ ХХК-иас 8 980 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгийг, гуравдагч этгээд ХХХХХХХХХ дүүргийн ХХ-р хороолол,ХХ-р хороо, ХХ давхар ХХХ айлын орон сууцны ХХ байрны ХХ давхарт байрлах ХХХ тоот, 46.36 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 480 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 116 121 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч ХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 548 385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд ХХХХы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, гуравдагч этгээд ХХХХ нь өөрт учирсан хохиролоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ХХыг хариуцагчтай гэрээ байгуулсан, энэ талаар маргаагүй, харин гуравдагч этгээдийн гэрээ болон хариуцагчийн гэрээний үүргийн талаар маргасан гэжээ.

Нэхэмжлэгч ХХ 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэх 56/141 тоот гэрээ нь ХХХ ХХК-тай байгуулсан эсэх тодохрой бус байна. Учир нь, 56/141 тоот гэрээ нь хариуцагч ХХХ ХХК-ийн тамга байхгүй мөн тус аж ахуй нэгжийг бүрэн төлөөлөх захирал Хын гарын үсэг зөрүүтэй байгаагаас үзэхэд энэхүү гэрээг байгуулах эрх бүхий этгээд байгуулсан гэхэд эргэлзээтэй тодруулах шаардлагатай байсан. Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт ХХ хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзлээ гэжээ.

Хэрэв талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бол Иргэний хуулийн 42 зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт тус тус заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байж тухайн гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээний үүргээ шаардах эрх үүснэ. Гэтэл энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төлөгдөр бус болох учиртай. Мөн үндсэлзх хэсэгт хариуцагч байгуулага нь нэхэмжлэгч ХХыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн талаар нотлоогүй мөн гэрээгээ цуцлаагүй байж ХХХХтай захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасны дагуу уг орон сууцны өмчлөгчөөр ХХыг тогтоох нь зүйтэй гэжээ.

Нэхэмжлэгч ХХ нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.Учир нь, ХХ болон хариуцагч ХХХ ХХК-ийн орон сууц захиалан бариулах гэрээнд үлдэгдэл 10 хувийг төлснөөр эд хөрөнгийг шилжүүлэх тухай заалт бий. Гэтэл энэхүү үүргээ биелүүлээгүй мөн нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргаж өгсөн ...2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч байгууллага гэрээг цуцалсан ХХХХд захиалсан байрыг хүлээлгэж өгсөн тухай мэдэгдсэн гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээ цуцалсан тухай мэдсэн байна.

Мөн шүүх хариуцагчийн хариу тайлбарыг болон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн. Улмаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй, мөн хуулийн 62 дугаар зүйлд заагдсан бүрдүүлбэр хангаагүй байхад иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, мөн зохигчид болон хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 30 минутын өмнө мэдэгдсэн.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй бөгөөд БНСУ явсан гэх үйл баримт байхгүй байхад шүүх хуралдаан явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд Иргэний хэргийн хөдөлгөөний стандартын 4.2.1, 3.4.4-т заасны дагуу хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжит хугацаанд хурлыг мэдэгдээгүй, хэргийн оролцогчид эрх үүргийг танилцуулагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ ХХК-д холбогдуулан ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ давхар, ХХХ айлын орон сууцны ХХ блок ХХ давхрын 46,36 м.кв талбайтай орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, орон сууцыг ашиглалтад өгөөгүйгээс хугацаа хэтэрсний алданги 15 980 292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж дээрх 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 8 980 000 төгрөг гаргуулах болгожээ.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулж, худалдагч 46,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс 1.6-2 жилийн дотор батлагдсан зураг төсөв, барилгын норм дүрмийн дагуу барьж худалдан авагчид хүлээлгэн өгөх үүргийг, худалдан авагч орон сууцны 1 м.кв-ын үнийг 1 000 000 төгрөгөөр тооцон 46 360 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээж, талууд гарын үсгээр баталгаажуулсан, гэрээний 7.1-д заасан гэрээ хүчин төгөлдөр болох гэрээний нөхцөл хангагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Нэхэмжлэгч ХХ нь дээрх гэрээний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлбөрийн 20 хувь буюу 9 272 000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 хувь буюу 6 954 000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 55 хувь буюу 15 498 000 төгрөг, нийт 41 724 000 төгрөг төлснийг хариуцагч үгүйсгээгүй, орон сууцны үнийн 90 хувийг төлсөн тухай батламжийг худалдагч талаас түүнд олгосон талаар талууд маргаагүй гэж шүүх зөв дүгнэсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр байхад хариуцагч нь 5 сарын дараа уг орон сууцыг 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалан барих, бариулах гэрээ-г ХХХХтай байгуулж, эзэмшилд шилжүүлж өгчээ.

Гэрээний 2.1-ийн 2, 3.11 дэх хэсэгт зааснаар ХХ нь төлбөрийн үлдэгдэл 10 хувийн төлбөрийг түлхүүр гардах үед төлж орон сууцыг хүлээн авах эрхтэй ба худалдагч тал орон сууцыг хүлээлгэн өгөөгүй буруутай байх бөгөөд ХХыг төлбөрийн үлдэгдэл 10 хувийн төлбөрөө төлөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй болжээ.

Мөн гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажлын зураг төсөв, үнэ, хугацаа бусад шалтгаанаар гэрээнд зайлшгүй өөрчлөлт оруулах бол талууд зөвхөн бичгээр өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон ба ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулах талаар тохиролцоогүй тохиолдолд гэрээний үүргээс өөр үүргийг хариуцагчаас шаардахгүй юм. Түүнчлэн гэрээг цуцлах талаар болон цуцалсан тухай баримт хэрэгт авагдаагүй, худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үнийг харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй бөгөөд шүүх түүнийг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Талууд гэрээний 4.1 дэх хэсэгт А тал үүргээ хугацаанд биелүүлээгүй бол нийт төлөгдсөн үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг хоног тутам тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцэх тул 8 980 000 төгрөгийг алданги гаргуулах шаардлагыг хангах нь хууль болон гэрээнд заасанд нийцсэн тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд ХХХ ХХК-ийн гуравдагч этгээд ХХХХтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хуульд нийцэхгүй тул гуравдагч этгээдийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ХХХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

А.ОТГОНЦЭЦЭГ