Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00053

 

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01421 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2009 дугаар магадлалтай,

Д.Сын нэхэмжлэлтэй

“Н Х” ХХК-д холбогдох

Орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, ашиглалтанд өгөөгүй хугацаа хэтрүүлсний алданги 15.980.292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Ч.Цы орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Золзаяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг, гуравдагч этгээд Ч.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С би Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 240 айлын орон сууц А б дугаар орцны 10 давхарын 141 тоот 46.36 м2 хоёр өрөө орон сууц захиалгаар барих, бариулах тухай 56/141 дугаартай гэрээ байгуулан захиалсан. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 20 хувь буюу 9272.000 төгрөгийг 2013 оны 04-р сарын 16-нд, 2013 оны 12-р сарын 18-нд 15 хувийн 6954.000 төгрөгийг, дараагийн төлбөр болох барилгын угсралтын ажлыг 60/70 хувийн гүйцэтгэлтэй болоход төлөх 55 хувь буюу 15.498.000 төгрөгийг 2014 оны 08-р сарын 28-нд тус тус төлж нийт үнийн 90 хувь буюу 41.724.000 төгрөгийг төлж орон сууц захиалагчийн батламжийг гардан авсан. Тэгээд түлхүүрээ гардуулахад 10 хувийн төлбөрөө хийхээр хүлээж гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанаасаа 1 жил орчим хугацаа хэтэрч байраа ашиглалтанд өгөөгүй ба энэ хугацаанд алданги авах байсан боловч аваагүй. Байрны 90 хувийн төлбөрөө хийгээд бараг жил болох гэж байхад 2016 оны 04-р сарын 15-ны үед барилгыг улсын комисс хүлээн авлаа гэхээр нь байраа хүлээж авахаар очтол манай захиалсан байрыг Ч.Ц гэгч айлд өгч би байргүй үлдсэн. ”“Н Х”” ХХКомпанийн захирал Б.Тамираас захиалсан байраа өгөөгүй учрыг лавлахад нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгө төлөөгүй гэсэн. Бид дээрх мөнгийг төлөхөөр гэрээнд тусгаагүй тул байр өгөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. ...Дээрх 41 сая төгрөгийг төлөхийн тулд хүүтэй мөнгө зээлж тэр хэмжээгээр хохирол учирсан...”Орон сууц захиалгаар барих бариулах тухай “ 2013 оны 03-р сарын 30-ны өдрийн 56/141 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар” А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол нийт төлөгдсөн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө” гэсний дагуу 2015 оны 05-р сарын 01-нээс эхлэн өнөөдрийг хүртэл байраа өгөөгүй байгаа 383 хоногийн алданги 15.980.292 төгрөгийг ““Н Х”” ХХКомпаниас гаргуулж, 141 тоот 46.36 м2 хоёр өрөө байрыг Д.С миний өмчлөлд шилжүүлж өгнө үү. Уг гэрээг талийгаач Баяржаргал захиралтай байгуулсан. Энэ байр нь хуучин 48 айлын орон сууц байсныг гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулж, 240 айлын орон сууц баригдсан. Энэ байрны суурийг тавигдаагүй байхад би орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Анх орон сууцны нийт төлбөрийн 20 хувийг төлж, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу уг байр нь 2015 оны 01-02 дугаар улиралд ашиглалтанд орох ёстой байсан. Гэрээнд ашиглалтанд орох хугацаа нэг сараар хойшилж,урагшилж болох тул 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар заасан байдаг. Энэ байр нь 2016 оны 04 дүгээр сард ашиглалтанд орсон гэж сураг сонсоод үлдэгдэл 10 хувийн төлбөрөө төлөх гээд очиход надтай гэрээ байгуулсан Баяржаргал захирал нас барсан байсан.Намайг НӨАТ төлөөгүй гэдэг шалтгаанаар надтай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалсан гэсэн тайлбар өгсөн. Надад гэрээ цуцлах талаар “Н Х” ХХК-ийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй. Миний бие одоо байрны өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 15.980.292 төгрөгөөс 7000,000 төгрөгийг татгалзаж, алдангид үлдэх 8980,292 төгрөгийг “Н Х” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.С нь 2013.03.30-ны өдөр СХД-ийн 19 дүгээр хороо 240 айлын орон сууцны А блокын 10-141 тоот орон сууцыг захиалж гэрээ байгуулсан байх бөгөөд нийт 41.724.00 төгрөгийг төлсөн байна. Мөн А блок 10-141 тоот орон сууцанд иргэн Ч.Цы захиалгын гэрээ давхардаж хийгдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэс “Н Х” ХХКомпанийн удирдлагад 201626011273 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 337 орон сууц захиалагчид бүртгэгдсэн байгаа мэдээлэл байна.Одоогийн байдлаар хэн нь хохирогчоор тогтоогдсон болохыг мэдэх боломжгүй байгаа тул эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …давхардсан айлуудын нэг нь байраа авч нөгөө нь эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож байгаа.Тэр баримтыг эцсийн байдлаар өнгөрсөн 7 хоногт манай компани цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Төлбөр мөнгөө гэрээний дагуу өгсөн хүмүүсийг байранд оруулж тооцсон. Харин гэрээгээ зөрчиж буюу хугацаандаа мөнгөө өгөөгүй хүмүүсийг ялгасан.Д.С түрүүлж гэрээ хийсэн. Гэхдээ хугацаа хэтрүүлсэн гэсэн баримт нь байгаа. Мэдэгдлийн дагуу мөнгөө өгөөгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Ц шүүхэд гаргасан шаардлагадаа: Д.Сын нэхэмжлэлтэй ““Н Х”” ХХКомпанид холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд Ч.Ц миний бие тус хэрэгт СХД 19-р хороо 240 айлын орон сууц 90/1/а байрны 141 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаж байна. Үүнд: Ч.Ц миний бие 2013 оны 08-р сарын 08-ний өдөр өөрийн найз Ц.Тунгалагтамираас СХД 19-р хороонд” “Н Х” “ХХК барьж буй 240 айлын орон сууц баригдаж байгаа тухай сонсож тус “Н Х” ХХК-ний хүний нөөцийн ажилтан Алтанцэцэгтэй холбогдож ерөнхий захирал Г.Баяржаргалтай 1 мкв-г 1000.000 төгрөгөөр 46.36 мкв 2 өрөө орон сууцыг “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж урьдчилгаа 9272.000 төгрөг төлсөн. Улмаар 2015 оны 08-р сарын 31-ний дотор үндсэн байрны төлбөрийн үлдэгдэл 37.088.000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн.Ингээд ““Н Х” “ХХК-ний удирдлагаас НӨАТ-ын 10 хувийг нэмж төлж байрны түлхүүрээ ав гэсэн тул 2016 оны 03-р сарын 20-ны өдөр 4636.000 төгрөг төлж нийт ““Н Х”” ХХКомпанид 50.996.000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 04-р сарын 17-нд ““Н Х”” ХХКомпаний санхүүгийн ажилтан Сарнай орон сууцанд орохыг зөвшөөрсөн бичилт хийж инженер Билгүүнээс түлхүүр авч байрандаа орсон.Тухайн орон сууцанд давхар Д.Стай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан тухай тус шүүхэд гуравдагч этгээдээр татагдаж мэдсэн. Ч.Ц миний бие Д.Сын нэхэмжлэлийн шаардлага болж буй орон сууцыг холбогдох гэрээг байгуулж төлбөрийг бүрэн төлж худалдан авсан тул СХД 19-р хороо 240 айлын орон сууц 90/1/а байрны 141 тоот хаягт байрлах байрны үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01421 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол,19-р хороо, 16 давхар 240 айлын орон сууцны А байрны 10 давхарт байрлах 141 тоот, 46.36 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Сыг тогтоож, хариуцагч “Н Х” ХХК-иас 8 980 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ст олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгийг, гуравдагч этгээд Ч.Цы Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол,19-р хороо, 16 давхар 240 айлын орон сууцны А байрны 10 давхарт байрлах 141 тоот, 46.36 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 480 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 116 121 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч “Н Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 548 385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Ч.Цы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ч.Ц нь өөрт учирсан хохиролоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2009 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Золзаяа хяналтын гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 06-ны өдрийн 2009 магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус магадлалаар нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус 2009 магадлалыг гаргахдаа гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэсэн тухай болон маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх тул дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Үүнд: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц 2013 оны 08 сарын 08-ны өдөр өөрийн найз Ц.Тунгалагтамираас СХД, 19-р хороонд ““Н Х”” ХХК барьж буй 240 айлын орон сууц баригдаж байгаа тухай сонсож тус ““Н Х”” ХХК-ний хүний нөөцийн ажилтан Алтанцэцэгтэй холбогдож ерөнхий захирал Г.Баяржаргалтай 1 кмв-1.000.000 төгрөгөөр 46,36 мкв 2 өрөө сууцыг “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж урьдчилгаа 9 272 000 төгрөг төлсөн. Улмаар 2015 оны 08 сарын 31-ний дотор үндсэн байрны төлбөрийн үлдэгдэл 37 088 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Ингээд ““Н Х”” ХХК-ний удирдлагаас НӨАТатварын 10 хувийг нэмж төлж байж байрны түлхүүрээ ав гэсэн тул 2016 оны 03 сарын 20-ны өдөр 4 636 000 төгрөг төлж 2016.04.17-нд ““Н Х”” ХХК-ний Санхүүгийн ажилтан Сарнай орон сууцанд орохыг зөвшөөрсөн бичилт хийж инженер Билгүүнээс түлхүүр авч байрандаа орсон. Тухайн орон сууцанд давхар Д.Стай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан тухай тус шүүхэд гуравдагч этгээдээр татагдаж мэдсэн. Гэтэл тус шүүхийн 184/ШШ2017/031421 шийдвэрийн үндэслэх хэсэгт: 1. Иргэн Д.Сыг хариуцагчтай гэрээ байгуулсан энэ талаар маргаагүй харин гуравдагч этгээдийн гэрээ болон хариуцагчийн гэрээний үүргийн талаар маргасан гэжээ. Хэдий нэхэмжлэгч Д.С 2013.03.30-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэх 56/141 тоот гэрээ нь ““Н Х”” ХХК-тай байгуулсан эсэх тодорхой бус байна. Учир нь 56/141 тоот гэрээ нь хариуцагч “Н Х” ХХК-ний тамга байхгүй мөн тус аж ахуй нэгжийг бүрэн төлөөлөх захирал Г.Баяржаргалын гарын үсэг зөрүүтэй байгаагаас үзэхэд энэхүү гэрээг байгуулах эрх бүхий этгээд байгуулсан гэхэд эргэлзээтэй тодруулах шаардлагатай байсан. 2. Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт: Д.С хариуцагч нарын хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасан шинжийг агуулсан тул худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзлээ гэжээ. Хэрэв талуудын хооронд Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1 заагдсан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бол Иргэний хуулийн 42 зүйлийн 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ”мөн хуулийн 109.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” мөн 182.1.-т “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасан хуулийн хэлбэрийн шаардлагыг хангаж байж тухайн гэрээ өөрөө хүчин төгөлдөр болж гэрээний үүргээ шаардах эрх үүснэ. Гэтэл энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 56.1.8 “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус болох учиртай. 3. Мөн үндэслэх хэсэгт: Хариуцагч байгуулага нь нэхэмжлэгч Д.Сыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн талаар нотлоогүй мөн гэрээгээ цуцлаагүй байж иргэн Ч.Цтай захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 112.2 “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй” гэсний дагуу СХД, 21-р хороолол 19-р хороо, 240 айлын орон сууц 141 тоот 46.36 мкв орон сууцны өмчлөгчөөр иргэн Д.Сыг тогтоох нь зүйтэй гэжээ. Нэхэмжлэгч Д.С нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Д.С болон хариуцагч ““Н Х”” ХХК-ний орон сууц захиалан бариулах гэрээнд үлдэгдэл 10 хувийг төлснөөр эд хөрөнгийг шилжүүлэх тухай заалт бий. Гэтэл энэхүү үүргээ биелүүлээгүй мөн нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа “ 2016.04.15-нд хариуцагч байгууллага гэрээг цуцалсан Ч.Цд захиалсан байрыг хүлээлгэж өгсөн тухай мэдэгдсэн” тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээ цуцалсан тухай мэдсэн байна. Мөн тус дүүргийн шүүх нь хариуцагчийн хариу тайлбарыг болон нотлох баримтын ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.1.-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тухайн орон сууцанд хэн орох? мөн хэн гарах? тухай хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн. Улмаар нэхэмжпэгч нь ИХШХШТХ-н 57.1 заасны дагуу тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй ИХШХШТХ-н 62 заагдсан бүрдүүлбэр хангаагүй байхад иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж мөн зохигчид болон хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 30 минутын өмнө мэдэгдсэн. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй бөгөөд БНСУ явсан гэх үйл баримт байхгүй байхад шүүх хуралдааны явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд Иргэний хэргийн хөдөлгөөний стандартын 4.2.1. Шүүх хуралдааныг товлон зарласны дараа шүүгчийн туслах шүүх хуралдаан болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчдод энэ тухай уг журмын 3.4.4,-т заасны дагуу мэдэгдэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчид шүүх хуралдааныг мэдэгдэх боломжит хугацаанд хурлыг мэдэгдээгүй хэргийн оролцогчид эрх үүргийг танилцуулаагүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01421 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч ““Н Х”” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 16 давхар, 240 айлын орон сууцны А блок 10 давхрын 141 тоот орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэх, орон сууцыг хугацаандаа өгөөгүй тул алданги 15 980 292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дээрх 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 8 980 000 төгрөг гаргуулна гэжээ. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц маргаж буй орон сууцыг гэрээний үндсэн дээр, шударгаар олж авсан гэж үзэж, “уг сууцны өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч “Н Х” ХХКомпани нь нэг орон сууцыг хоёр өөр этгээд буюу Д.С, Ч.Ц нарт тус тус худалдахаар гэрээ байгуулснаа зөвшөөрч, гэрээг давхардаж байгуулсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, Д.С төлбөрөө бүрэн төлөөгүй, Ч.Ц төлбөрөө төлсөн тул түүнд орон сууцыг шилжүүлсэн гэсэн тайлбар гарган, мэтгэлцжээ.

Д.С, ““Н Х”” ХХКомпанийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болсон байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч 41 724 000 төгрөгийг буюу орон сууцны үнийн 90 хувийг төлсөн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 16 давхар, 240 айлын орон сууцны А блок 10 давхрын 141 тоот орон сууцыг Д.С эзэмших эрхтэй тухай батламжийг хариуцагч олгосон үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

“Н Х” ХХКомпани нь дээрх байрыг Ч.Цд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, худалдсан, Ч.Ц нь 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 9 272 000 төгрөгийг, 2015 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 37 088 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 4 636 000 төгрөг нийт 50 996 000 төгрөгийг төлж, орон сууцыг эзэмшилдээ авсан байна.

Д.С болон “Н Х” ХХКомпани, Ч.Ц болон “Н Х” ХХКомпанийн хооронд тус тус худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Д.С, “Н Х” ХХКомпанийн хооронд байгуулагдсан гэрээ “орон сууц захиалгаар бариулах, барих” гэрээ гэж нэрлэгдсэн боловч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн яаж барих талаар талууд тохиролцоогүй, энэ нь гэрээний гол нөхцөл биш тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ. Талууд аль аль нь бичгээр гэрээ байгуулсан, орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улсын комисс ашиглалтад хүлээж авсан тул хэн аль нь гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байжээ.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.” гэж заасан хэдийч гуравдагч этгээд Ч.Цд орон сууцыг өмчлөлдөө авах эрх үүсэхгүй байна. Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдаж болох бөгөөд гэрээ нэгэн зэрэг байгуулсан тохиолдол хамаарна. “Н Х” ХХКомпани нь Д.С, Ч.Ц нарт нэг эд хөрөнгийг худалдахдаа гэрээг өөр өөр цаг хугацаанд байгуулжээ.   

Гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажлын зураг төсөв, үнэ, хугацаа бусад шалтгаанаар гэрээнд зайлшгүй өөрчлөлт оруулах бол талууд зөвхөн бичгээр өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон ба “Н Х” ХХКомпани нь гэрээний дээрх тохиролцоог баримтлаагүйгээс гадна гэрээг цуцлах талаар Д.Ст мэдэгдээгүй байна. Гэрээний зүйл болох орон сууц нь хожим бэлэн болсон тул нэхэмжлэгч эзэмшилдээ авах боломжгүй байжээ. Гуравдагч этгээд Ч.Цг буруутгах үндэслэлгүй боловч “Н Х” ХХК нь түүнд эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг худалдсан нь буруу юм.

Гэрээний 2.1-ийн 2, 3.11 дэх хэсэгт зааснаар Д.С төлбөрийн үлдэгдэл 10 хувийн төлбөрийг түлхүүр гардах үед төлж, орон сууцыг хүлээн авах эрхтэй ба худалдагч тал орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгчийг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Сыг ...орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрээний 4.1 дэх хэсэгт “А” тал буюу “Н Х” ХХКомпани эд хөрөнгө шилжүүлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол нийт төлөгдсөн үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг хоног тутам тооцохоор заасан тул алданги 8 980 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасан зохицуулалтад нийцсэн, гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэлгүй болно. 

Анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гуравдагч этгээдэд хэргийн материалыг танилцуулсан, түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааныг хойшлуулсан, хурал давхацсан шалтгаанаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж 2017 оны 4 дүгээр сарын 10, 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны товыг утсаар мэдэгдсэн зэрэг шүүхийн ажиллагаанаас үзэхэд гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангасан, эрхийг нь зөрчөөгүй, энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01421 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 2009 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн 413 000  төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                 ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА