Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, тус шүүхийн шүүгч С.Болортуяа, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Иргэдийн төлөөлөгч: Ж.Баянбилэг,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,

            Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О ургийн овогтой Ц-ийн Ц-д холбогдох эрүүгийн 1835001190082 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 12-044 тоотод оршин суудаг, РД:ОЮ80071711, урьд Увс аймаг дахь Сум дундын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 125 тоот шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас өршөөл хэлтрүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, О ургийн овгийн Ц-ийн Ц.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 044 тоотод байрлах өөрийн гэртээ бага насны хүүхэд Г.О-г хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Ц-ийг бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 12-044 тоот байх гэртээ бага насны хохирогч Г.О-г хүчиндэхийг завдсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, бага насны хохирогч Г.О-гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би эгч Г.С, Г.М, дүү Б нарын хамт байсан бөгөөд би хашааныхаа гадна талд хажуу айлын Азбилэг гэдэг охинтой тоглож байсан. А бид хоёр хашааны гадна нэг нэгэндээ бэлэг барьж тоглож байсан би хашааны гадна талд Азбилэг хашааны дотно талд орчихоод чи надруу ирж болохгүй миний бэлгийг харж болохгүй шүү гээд хашаа руугаа орчихсон байтал манай хороололд байдаг манай цэцэрлэгийн ангийн найз байсан О гэдэг хүүхдийн аав нь болох Ц гэдэг хүн согтуу ирээд намайг ахын дүү чи нааш хүрээд ир гүй гүй гэхээр нь би гүйгээд очсон. Тэгтэл хоёулаа манай гэрлүү оръё гээд байхаар нь би орсон. Тэгтэл тэр ах зурагтаа асаагаад зурагт үз гэж байгаад гэнэт зурагтаа, гэрлээ унтраагаад Ц ах намайг хувцасаа тайл гэж хэлсэн. Би хувцасаа тайлахгүй гэхэд хувцасаа тайлахгүй бол ална шүү гэж хэлчихээд өөрийнхөө дээд хэсгийн хувцасыг бүгдийг нь тайлаад цээж нүцэглээд дараа нь өмдөө өвдөг хүртэл тайлаад дотоожтойгоо үлдсэн, тэгээд надруу дөхөж ирээд намайг газар унагаагаад над дээр дараад миний амыг гараараа дарж намайг хөдөлгөөнгүй болгосон. Тэгээд миний гутлыг тайлж миний өмдийг тайлах гэсэн тэр үед амьсгаа авч чадахгүй байхад миний амнаас гараа бага зэрэг авахад нь би орилоод хашгирсан. Тэгтэл хажуу айл нь сонссон бололтой цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаагийн машин дуугаа дугаргаад гадна ирэхэд тэр хүн над дээрээс босож өмдөө татаад сууж байтал цагдаа нар орж ирсэн. Тэгтэл орж ирсэн цагдаа нар Ц бос гээд тэр хүнийг авч явсан. Би цагдаа нар анх ирээд надаас чи хэний хүүхэд юм бэ гэхэд би Гансүх гэдэг айлын хүүхэд гэж хэлсэн тэгээд чи энд юу хийж байгаа юм бэ гэхэд яаагаачгүй гэж хэлсэн. Би тэр ахыг цагдаа нар аваад явна гэхэд нь өрөвдөөд анх яагаачгүй гэж хэлсэн. Гэрт орж ирсэн цагдаа чи үнэнээ хэл юу болсон юм бэ гэхэд би болсон бүх явдлыг танд ярьсан шигээ ярьсан. Ц ахыг манай хорооллын хүн гэдгээр нь танина. Мөн тэднийх 7-р ангийн охинтой тэр охин болон тэдний дүү надтай цуг нэг цэцэрлэгт байсан түүнийг О гэдэг бид тэд нартай хааяа нэг тэдний гэрт орж тоглодог. Ц ах анх намайг гэрлүүгээ дагуулж орохдоо гэрийнхээ хаалгыг цоожилсон тэгээд гэртээ орсон даруйдаа куртикаа тайлаад гарч шээчихээд ирнэ чи гарч болохгүй шүү гэж хэлээд чи зурагт үзэж бай гэж хэлчихээд гараад шээчихээд орж ирэхдээ хаалга цоожлоогүй. Би тухайн үед зугатаагаад явах гэхэд явах юм бол ална шүү гарах юм бол ална шүү гээд байхаар нь би айгаад гарч явж чадаагүй. ...Миний амыг гараараа дарсан, хувцасаа тайл тайлахгүй бол ална гэж намайг айлгасан, миний цоохор өмдний салтаанаас татаад урчихсан байсныг мэдэж байна. Цагдаа нар ирээгүй бол тэр хүн надтай бэлгийн харьцаанд орох байсан би тэр үед айгаад уйлж байтал гадна цагдаагийн машин дуут дохиогоо дугаргаад ирсэн. Голын орныхон урд хэсгийн газарт цоохор даавуу дэлгэсэн байсан түүн дээр намайг дарсан. Тэр хүн миний өмдийг тайлах гээд өмдний салтаанаас татаж миний өмдийг тайлсан би хоёр гараараа өмднийхөө дээд талаас татаад байсан. Ц өмдөө өвдөг хүртэл шувталсан дотоожоо тайлаагүй байсан надад бэлэг эрхтэнээ үзүүлээгүй, намайг үнсэж хазаагүй. Гэхдээ тэр хүн намайг дарахаасаа өмнө чи миний мөөм хөх, миний боожгой хөх гээд байсан. Тэгтэл би хөхгүй чадахгүй гэхэд тэгвэл чамайг ална гээд миний амыг дараад миний өмдийг шувтлах гэтэл цагдаагийн машин дуугарч ирсэн. Манай гэр лүү оръё нааш ир манай гэрт Оюун-Эрдэнэ байна гэж хэлсэн тэгтэл гэрт нь хэнч байгаагүй. Би хар цоохор өмдтэй, усны гуталтай дээгүүрээ нэхийтэй байсан. Би маш их айж байна, би одоо тааралдвал тэр хүнийг харж чадахгүй, таарвал яанаа гэж айж байна. ...Миний өмдийг тайлж нэг талын өмд хөлнөөс тайларсан тэгтэл би босоод өмдөө өмсөх гэтэл айж сандараад хувцасаа өмсөхдөө дотоожний 1 гуя руу 2 хөлөө хийсэн байсан. Түүнийг би гэртээ очоод хувцасаа тайлах үед мэдсэн. Би орон дээр суухдаа 1 гутлаа өмсөөд нөгөө гутлаа өмсөж чадаагүй. 1 гутал галын дээр, 1 гутал орны хажууд байхаар нь би өөрийнхөө хажууд байсан гутлыг өмсөж нөгөө гутлаа авбал тэр ах намайг дахин татаад авчих байх гээд би айгаад авч чадаагүй” /хх-ийн 32-36 тал/ гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би ажилдаа яваад 20 цагт гэртээ ирэхэд миний бага охин Г.О гэртээ байхгүй манай хүүхдүүд дүүгээ хайж байсан. Би гэртээ ирээд хороолол дундуур хайхад олдоогүй бид нар охиноо хайж байхад харанхуй болсон байсан. Тэгтэл цагдаагийн машин манай гадна ирээд дотор нь байсан цагдаа болсон асуудлыг бидэнд ярьж би охиноо дагуулж цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаа дээр ирээд цагдаагийн гадна би охиноосоо юу болсон талаар асуухад миний охин надад “хороолол дунд тоглож байтал манай найз О аав Ц намайг манай гэрт оръё Оюун-Эрдэнэ чамайг дуудаж байна гэхээр нь би дагаад гэрт нь орсон. Тэгтэл О гэртээ байгаагүй. Тэр ах намайг дараад миний амыг гараараа дарж газарт хэвтүүлээд миний өмдийг тайлах гэж байтал гадна цагдаагийн машин дуугарахад над дээрээс босож хувцасаа өмсөөд хаалга руу алхахад өөдөөс нь цагдаа нар орж ирсэн. Би маш их айсан уйлсан” гэж надад хэлсэн. Мөн 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой би гэртээ очоод хүүхдийнхээ дотуур өмдийг тайлуулахад миний охин дотоожоо өмсөхдөө нэг гуя руу нь 2 хөлөө зэрэг хийгээд өмсчихсөн байсан. Миний охин хувцас хунараа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй өмсчихдөг, ер нь их эмх цэгцтэй хүүхэд би бодохдоо Ц.Ц миний охиноор оролдохдоо түүний хувцасыг тайлж миний охин хувцасаа өмсөхдөө айж сандарсандаа дотоожнийхоо 1 гуя руу 2 хөлөө хийж өмссөн байх гэж бодож байгаа. Охин маань сэтгэл санааны хувьд тааруухан, нөгөө хүн надтай тааралдах бий тааралдвал яана гэх мэт яриатай, эрэгтэй хүнийг харахаар айж цочсон байдалтай байгаа. Хэрэв тухайн үед цагдаа нар очоогүй бол миний охиныг хүчиндээд хаях байсан, тэгээд ч бага насны хүүхдийг ийм айдас түгшүүрт байдалд оруулсанд гомдолтой байна. Цаашид гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” /хх-ийн 39-40 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Ц-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан бөгөөд орой 19 цагийн үед тус аймгийн Улаангом сумын 4-р баг 46 тоотод оршин суух иргэн Л.О-аас миний ээж Д.Я-гийн гэрт согтуу хүн ирсэн байна гэсэн дуудлага өгсний дагуу цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч Л.Б-ийн хамт хаягаар очиход Д.Я-гийн гэрт согтуу хүн байгаагүй бөгөөд Д.Я-гоос ямар хүн ирсэн бэ юу болсон бэ гэхэд манайхаас 2 хашааны доод талд байрлах Ц.Ц гэдэг залуу манайхаар орж ирээд гарсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлэхээр нь Бат-эрдэнэ бид хоёр Д.Я-гийн гэрээс гарч тэднийхээс доош 2 дахь хашаа руу ороход хашааны хаалга цоожтой байсан тул хашааны хаалгыг давж гэр лүү нь ороход гэрэл унтраалттай харанхуй байсан. Миний өөдөөс Ц.Ц гараад ирсэн тэгээд би гэрлээ асаа гэхэд гэрэл асаахад Ц.Ц дээд хэсгээрээ цээж нүцгэн доогуураа өмдтэй байсан. Тэр айлийн зүүн талын орон дээр өрөөсөн гуталтай эмэгтэй хүүхэд уйлчихсан чичирсэн сууж байсан. Ц-ээс энэ танай хүүхэд юм уу гэхэд манай хүүхэд биш манай ах Гансүхийн хүүхэд байгаа юм гэсэн. Ц-ийг авч гарахад би яагаачгүй голын орны урд цоохор даавуу дэлгэсэн байсан би энэ дээр хэвтэж байсан гэж Ц заасан бөгөөд яг тэр газарт нь буюу цоохор даавуун дээр тэдний гэрт байсан эмэгтэй хүүхдийн үсний даруулга байсныг Ц.Ц тэр хүүхдэд авч өгсөн, мөн эмэгтэй хүүхдийн жижиг бор өнгийн нэхий, өрөөсөн усны гутал Ц.Ц-ийн пийшингийн дээд талд байсныг тэр эмэгтэй хүүхэд аваад өмссөн. Би гэрээс Ц.Ц-ийг аваад гарахад надтай цуг явсан Бат-эрдэнэ үлдэж тэр хүүхдээс чи энд юу хийж байгаа юм бэ гэхэд энэ манай найзын аав байгаа юм. Энэ хүн намайг гэртээ дагуулж ирж зурагт үзүүлээд сууж байгаад зурагт унтрааж, гэрэл унтраагаад намайг чи миний мөөм хөх, боожгой хөх гэсэн би чадахгүй гэхэд чи орилох юм бол ална шүү гэж намайг айлгаад намайг дарж миний амыг дараад хувцасыг тайлах гэж байхад та нар орж ирлээ гэж хэлж байсан. Тэгээд цагдаа дээр Ц.Ц-ийг авч ирж согтуурал шалгах багажаар согтуурлыг шалгаж үзэхэд 1,19 хувийн согтолттой гэж гарсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тэр хүүхдийн хэлснээр бол бэлгийн харьцаанд ороогүй бид хоёрыг ирж байгааг мэдээд больсон гэж хэлсэн” /хх-ийн 41-42 тал / гэх мэдүүлэг,

гэрч Л.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд жолооч цагдаагаар ажилласан бөгөөд орой 19 цаг 20 минутын үед цагдаагийн газар дээр Л.Отгонбаяр гэдэг залуу өөрийн биеэр ирж манай ээж Д.Я-гийн гэрт согтуу хүн ирсэн байна гэхээр нь тэр залууг дагуулаад тус цагдаагийн газрын дуудлага хүлээн авагч цагдаа Ц.Ц-ийн хамт хаягаар очиход Д.Я-гийн гэрт согтуу хүн байгаагүй. ...Тэгээд Ц.Ц нь гэртээ байж магадгүй ороод гаръя гэж бодоод хашааныхан үүдэн дээр очиход хашааны хаалга нь цоожтой гэр нь гэрэлгүй байхаар дотор нь байж магадгүй гэж бодоод хашааг нь давж гэр лүү нь ороход Ц.Ц бид хоёрын өөдөөс Ц.Ц цээж нүцгэн доогуураа өмдтэй тэлээгээ тэлээлээгүй гарч ирсэн. Танайх руу оръё гэр лүүгээ ороод гэрлээ асаа гэхэд гэрэл асаахад зүүн талын орон дээр өрөөсөн гуталтай эмэгтэй хүүхэд уйлчихсан чичирсэн сууж байсан. Тэгээд Цээс энэ танай хүүхэд юм уу гэхэд энэ манай хүүхэд биш манай ах Г гэдэг айлын хүүхэд гэсэн тэгтэл би тэр хүүхдээс юу болсон бэ гэхэд манай гэр энэ хорооллын арын хороололд байдаг юм, би хашааны гадна тоглож байхад энэ ах намайг манай гэрт оръё гэхээр нь орж ирсэн. Тэгтэл энэ ах намайг голын орны урд талд дарж унаад миний амыг гараараа дараад өмдийг тайлах гэж оролдсон тэгээд чи миний боожгой хөх орилох юм бол ална шүү, одоо хөхөж сур гэж хэлсэн. Би орилоод тусламж хүсэхэд чамайг орилвол энэ газар дээр чамайг ална гээд миний амыг дарсан гэж чичирсэн хоолойгоор уйлагнасан байдалтай надад хэлж байсан. Тухайн үед Ц.Ц-ийн гэрт пийшингийнхэн дээд талд тэр хүүхдийн өрөөсөн гутал мөн орны бүтээлэг хагас нугалж дэлгэсэн байсан түүн дээр тэр охины үсний даруулга, эмэгтэй хүүхдийн жижиг бор өнгийн нэхий тус тус байсныг тэр эмэгтэй хүүхэд аваад өмсөж даруулгыг толгойндоо хийсэн. Тэгээд цагдаа дээр Ц.Ц-ийг авч ирж согтуурал шалгах багажаар согтуурлыг шалгаж үзэхэд 1,19 хувийн согтолттой гэж гарсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.” /хх-ийн 43-44 тал/ гэх мэдүүлэг,

            гэрч Д.Я-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед Ц.Ц миний гэрт орж ирсэн. Манайд орж ирээд танай хүү О надаас мөнгө нэхээд байна гэхээр нь би тэр хүнийг аргалаад гаргаж явуулсан. Манайхаас тэр залуу 18 цаг өнгөрөөд гарсан. Тэр залуу гараад явсаны дараа би хүү Оогий руу залгаж чи яагаад хүнтэй маргалдаад байгаа юм бэ гэхэд О надад хандаж “Ц.Ц миний машин мөргөчихөөд явсан асуудалтай байгаа юм” гэж хэлсэн. Тэгж байтал 19 цаг 18 минутанд Оогий цагдаа дагуулчихсан ирсэн. Цагдаа нар орж ирээд юу болсон бэ гэхэд би гомдол санал байхгүй манайд согтуу хүн орж ирээд гараад явчихсан гэж хэлээд явуулсан.” /хх-ийн 46-47 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Л.Д-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Ц.Ц бид хоёр найз нөхдийн холбоотой садан төрлийн холбоо байхгүй. 2018 ны 3 дугаар сарын 29-ний өглөө би ажил дээрээ буюу тус аймгийн Улаангом сумын 6-р баг 01-09 тоот хашааныхаа дэргэд ажлаа хийж байтал үдээс хойш 14 цаг 30 минутын үед миний найз Ц.Ц ганцаараа 1 шил 0,5 л Ерөөл нэртэй архи авчихсан ирсэн. Над дээр ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл ирсэн. Тэгээд найзтайгаа үүнийг хуваагаад уучихья гэхээр нь би зөвшөөрч бид хоёр манай граж дотор тухайн архийг хувааж уусан. Тэгээд тэр архийг хувааж ууж дуусгаад би дэлгүүр орж дахин 0,5 л Ерөөл нэртэй архийг хувааж уугаад Ц.Ц гэр лүүгээ явна гээд яваад өгсөн. Би гэртээ ороод унтаад амарчихсан. Ц.Ц манай граж дээрээс явах үед 17 цаг өнгөрч байсан. Ц.Ц хааяа нэг архи уудаг. Тухайн үед ямар нэгэн зүйл яриагүй. Ц бид хоёр 7 жил үерхэж нөхөрлөж байна. Ц нь Увс аймгийн Улаангом сумын 4-р багт 3 охин, 1 хүүгийн хамт амьдардаг. Эхнэр нь баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг. Ц.Ц нь ажилгүй гэртээ байдаг. Ц.Ц нь архи уусан үедээ агсам, онгироо зантай, согтуу үедээ бусдад агсам тавьчихаад байдаг. Эрүүл архи уугаагүй үедээ бусадтай зөв боловсон харьцаатай, бусдад тусархуу зантай хүн байгаа юм. ” /хх-ийн 49 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ч.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 сарын 29-ний өдөр би эрүүлжүүлэх байрны эмчээр, цагдаагийн ахлагч С.Л-ын хамт үүрэг гүйцэтгэж байтал оройн 20 цаг 11 минутанд дуудлагаар Ц.Ц ирж эрүүлжүүлэх баривчлах байранд саатуулагдсан. Тухайн үед Ц.Ц гэмт хэргийн холбогдолтой гэдэг үндэслэлээр эрүүлжүүлэгдсэн, ямар хэрэгт холбогдож ирж байгааг нь би мэдээгүй. Согтолт шалгахад 1,19 хувийн согтолттой гэж гарч ирсэн байсан.” /хх-ийн 51 тал/ гэх мэдүүлэг,

гэрч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байгаагүй гадуур явж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд миний охин Г.О гэртээ байхгүй байсан. Орой бүрэнхий болж харанхуй болохоор нь гэрт байсан С, М нарыг гэрээс гараад хайгаад ирээч гэхэд урд хороолол болон хойд хороолол дундуур яваад олохгүй гэртээ орж ирсэн. Тэгээд би өөрөө гарч хайх гээд хашаанаас гарч байтал цагдаагийн машин ирж та О-гийн аав мөн үү гэхэд мөн гэж хэлсэн. Тэгээд миний эхнэр Б бид хоёрыг суулгаад цагдаа дээр авч ирсэн юм. Г.О хүчиндүүлсэн талаараа юу болсон талаараа надад ямар нэгэн зүйл яриагүй ээждээ бүх зүйлийг ярьсан байх.” /хх-ийн 55 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Л.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай ээж Я тус аймгийн Улаангом сумын 4-р багийн 45 тоотод оршин суудаг. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би Улаангом сумын 3-р багийн нутаг 64 айлын орон сууцны ойролцоо явж байтал манай ээжийн доод талд буюу 4-р багийн 44 тоотод оршин суудаг Ц.Ц гэдэг залуу Рruis маркийн автомашинтай явж байгаад миний машиныг шүргэчихсэн. Тэгэхээр нь би таньдаг хүн юм байна тохирчихъё гэж бодоод явсан. Тэгтэл 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой манай ээжийн гэрт Ц.Ц согтуу ороод танай хүү надаас мөнгө нэхсэн гэж ээжид агсам тавьсан байсан. Орой 19 цаг 18 минутад миний ээж над руу залгаж манай доод талын айлын залуу Ц.Ц манай гэрт орж ирлээ, чи яагаад хүнтэй муудалцсан юм бэ гэхэд нь би гадуур явж байсан тул цагдаа дээр өөрийн биеэр ирж дуудлага өгөөд цагдаа нарыг аваад ээжийнхээ гэрт яваад очиход манай ээжийн гэрт хэн нэгэн байгаагүй. Тэгээд нөгөө дуудлагаар очсон цагдаа нар Ц.Цтэй уулзана гээд манай ээжийн гэрээс гараад явсан” /хх-ийн 59 тал/ гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Г.О бид хоёр бие биедээ бэлэг өгч тоглосон. Орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Би хашаан дотроо бэлгээ бэлдэж байсан. Г.О хашааны гадна надад бэлэг бэлдэж байсан. Тэгтэл Г.О-г хүн дуудах шиг болсон. Би бэлгээ бэлтгэж дуусаад Г.О-г дуудахад Г.О алга болчихсон байхаар нь би гэрлүүгээ орчихсон. Би хашаан дотор байсан болохоор хэн дуудаж байгааг нь мэдээгүй. Тэр үед гадна гэрэлтэй байсан” /хх-ийн 60 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Г.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...19 цаг өнгөрөөд бүрэнхий болохоор О гэртээ орж ирэхгүй болохоор М бид хоёр 19 цаг 30 минутын үед гэрээс гарч хороолол дундуур хайсан боловч олдоогүй. Тэгээд буцаад гэртээ 20 цаг 30 минут өнгөрч байхад орж ирээд байж байтал удалгүй цагдаагийн машин О-г дагуулчихсан орж ирсэн. А гэдэг найзтайгаа манай хашааны урд байрлах хашааны дотор талд тоглож байсан. Өмд нь хуучин өмд байсан. Тэр өглөө өмдөө өмсөхөд би харахад дотоож нь бүтэн байсан. Г.Ог 19-20 цагийн үед Ц.Цийн гэрт орсон байх гэж бодож байна” /хх-ийн 61-62 тал/ гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Г.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үдээс хойш би худаг дээр хүмүүст ус өгч байгаад орой 18 цаг 30 минутад худгаа хаасан. Худаг хаахад миний дэргэд миний дүү О болон манай урд айлын охин А нар цуг байсан. Би худаг хаагаад шууд гэрлүүгээ орсон. Г.О, А нар А-ийн хашааны үүдэнд тоглоод үлдсэн. 19 цаг 30 минутын үед эгч Г.С-тай хамт дүү Г.О-г хороолол дундуур явж хайсан боловч олдохгүй болохоор 20 цаг өнгөрч байхад гэрт орж ирээд байж байтал цагдаагийн машин манай гадна миний дүүг авч ирээд аав, ээжийг аваад явсан” /хх-ийн 63 тал/ гэх мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар хураагдсан ул мөр, эд мөрийн баримт, эд зүйлийн талаарх бүртгэлийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7, 11-12, 16-17, 20, 24-28 тал/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “...Г.О нь бэлгийн харьцаанд ороогүй байна...” гэх 241 дүгээр дүгнэлт /хх-ийн 65 тал/, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “...ягаан дотоожинд гарсан 13*10мм, 15*5мм, 14*20мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ цооролтууд байна. Дээрх цооролтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” 2688 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-83 тал/, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн цэцэгтэй эрээн өнгийн бүтээлэг, эмэгтэй хүүхдийн саарал эрээн өнгийн дотоож, хүүхдийн хар эрээн өнгийн ноосон өмд, хүүхдийн цагаан өнгийн футболкан дээр эр бэлгийн эс болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй” гэх 4081 дүгээр дүгнэлт /хх-ийн 86 тал /, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “...хөх оруулгатай саарал алаг дотоожинд гарсан 70мм, 55мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” гэх 2684 дүгээр дүгнэлт /хх-ийн 92-93 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Г.О нь F43.1 гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна. Г.О нь 2018 оны 3 сард хүчирхийлэлд өртсөний улмаас гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй болсон байна. Г.О болсон явдлыг өөрийн насны түвшинд зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Од сэтгэл засал эмчилгээ хийгдэх шаардлагатай байна. эмчилгээний зардлыг урьдчилан тогтоох боломжгүй” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 344 дүгээр дүгнэлт /хх-ийн 103-105 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ц 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой согтуугаар /1,19 хувийн согтолтой/ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг 12-044 тоот хашаанд байх өөрийн гэртээ бага насны хохирогч Г.О-г “О чамайг дуудаж байна” гэж хэлээд дагуулж очсон, улмаар охинд хандан “миний мөөм хөх, боожгой хөх” гэж хэлээд, чадахгүй гэхэд нь тэгвэл чамайг ална, хувцсаа тайл, тайлахгүй бол ална шүү гэж айлган, гэрийнхээ хоймор хэсэгт газарт дэвсээтэй байсан цоохор бүтээлэг дээр амыг нь гараараа дарж унагаан, гутал, хувцасыг нь тайлсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогч Г.О-гийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь “...Ажил дээр байж байтал 20 цаг өнгөрөөд цагдаагийн газраас над руу залгаад танай охин цагдаа дээр байна. Та ирж аваарай гэсэн. Намайг цагдаа дээр яваад очиход манай охин аавтайгаа хамт байсан. Юу болсон талаар асуухад “Ц ах намайг гэр лүүгээ авч орсон” гэж хэлсэн. Ц.Ц чамайг гэртээ авч ороод яасан бэ? гэхэд “тэр ах надад зурагт үзээрэй гээд зурагтаа асаагаад удирдлага авч ирж өгсөн. Тэр ах намайг цагдаа авч явах гэж байна. Цагдаа нар ирэхээр энэ хүн манай аав гээд хэлээд өгөөрэй гэж хэлсэн би цагдаа нараас айгаад хэлээгүй” гэж хэлсэн. Манай хүүхдийн биед учирсан гэмтэл байхгүй, хүчиндүүлээгүй. Эмчилгээнд яваад ирсэн. Ирэх, очих 2 талын зардалд Ц.Ц-ийн ар гэрийнх нь 1.100.000 төгрөг өгсөн, гомдол саналгүй” гэж,  мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц нь “...2018 оны 3 дугаар сарын 29-ний орой би Я-гийнхоос гараад хашаа руугаа орох гээд алхаж явахад ахлах 4-р сургуулийн арын хорооллын нарийн гудамжний дэргэд миний охин О-ийн найз Г.О зогсож байсан. Тэгэхээр нь би чи ахтайгаа цуг манай гэр лүү орооч, ахыг нь цагдаа нар ирж авах гээд байна. Чи цагдаа нар ирэхээр энэ миний аав гэж хэлээд өгөөч гэж л гэр лүү дагуулж орсон. Манай гэрийн түлхүүр хаалганы дээд хэсэгт байдаг тул түүнийг авч гэрээ онгойлгож ороод зурагт асаагаад Г.Ог зурагт үзэж бай гэж хэлчихээд өөрөө хоол халааж идсэн. Тэгтэл Г.О би явлаа гэхэд чи байж бай гэж хэлээд тэр хүүхдийг баруун талын сандал дээр суулгаад зурагт үзүүлээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар орж ирээд энэ ямар учиртай хүүхэд юм бэ гэхэд манай дээд талын Гансүх гээд айлын хүүхэд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нэг цагдаа нь намайг машинд суулгаад араас нь О нэг цагдаатай цуг гарч ирээд бид нар цагдаа дээр ирсэн. Би Г.О-г гэрлүүгээ авч орохдоо хашааны хаалга цоожлоогүй. Би Г.О-г гэртээ оруулчихаад жорлон ороогүй. Гэрийн гадна гарч тамхи татаад байшингийн дэргэд сууж байгаад буцаж гэртээ орсон. Г.О-гийн хувцасыг тайлаагүй. Би Г.О-гийн амыг дараагүй. Орны урд манай хүүхэд суудаг орны бүтээлэг байнга байдаг. Би тэр охины гутал хувцас тайлаагүй. Тэр хүүхэд цагдаа орж ирэхэд уйлаагүй зурагт үзээд сууж байсан. Тухайн үед гэрт нүүрс хийчихсэн дулаан байсан учраас би цамцаа тайлсан байсан. Манай том гэрэл байнга унтраалттай байдаг. Манайх оройд ширээнийхээ гэрэл асаачихдаг юм. Манай гэрт хүүхэд байсан уу гэвэл байсан, тухайн хүүхэд хот явж эмчид үзүүлсэн гэхээр манай ар гэрийнхэн зардлыг нь төлсөн байсан. Би Г.Ог хүчиндээгүй. Хүчиндэх үйлдэл гаргаагүй” гэж тус тус мэдүүлж байх боловч эдгээр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт, болсон үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчилсэн гэрч Л.Б, Ц.Ц, А.Г, Г.С, Л.Отгонбаяр, Д.Я, насанд хүрээгүй гэрч Б.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нарын мэдүүлэг бага насны хохирогч Г.О-гийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэгтэй нийцэж, тохирсон байх ба шүүгдэгчийг цагаатгах  нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэргийн үйл баримтаар цагдаагийн албан хаагч Ц.Ц, Л.Б нар дуудлагын дагуу шүүгдэгч Ц.Ц-ийн гэрт очиход бага насны хохирогч Г.О өрөөсөн гуталтай, нөгөө гутлаа өмсөж чадаагүй, уйлчихсан, чичирсэн байдалтай байсан, тухайн үед айж сандарсандаа хувцасаа өмсөхдөө дотоожны 1 тал руу 2 хөлөө зэрэг хийж өмссөн байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа нь шүүгдэгч Ц.Ц-ийг бага насны хохирогч Г.О-гийн бэлгийн эрх чөлөөнд халдахаар шууд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн гэж дүгнэх хангалттай үндэслэл болно. 

Мөн шүүгдэгч Ц.Ц-ийн үйлдлийн улмаас бага насны хохирогч Г.О-д нойрны хямрал цочрол ихсэлийн шинж болон айдсын шинжүүд илэрч, гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй болсон болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 344 дүгээр дүгнэлтээр нотлогдсон.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд хохирогч Г.О нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр энэ гэмт хэрэгт өртөх үедээ 8 нас 9 сар 28 хоногтой буюу бага насны хүүхэд байсан нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц-ийг бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзнэ.

Харин шүүгдэгч Ц.Ц-ийн хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл шүүгдэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу цагдаагийн албан хаагчид ирснээр таслан зогсоогдож, тухайн гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, төгсөөгүй болох нь хохирогч Г.О бэлгийн харьцаанд ороогүй байна гэх шинжээч эмчийн 241 дүгээр дүгнэлт, бага насны хохирогч Г.О, түүний хууль ёсны төлөөлөгч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Ц, Л.Б нарын мэдүүлгээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ц.Ц-ийг бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

Иймд Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Ц.Ц-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч Ц.Ц-ийг бага насны хүүхэд Г.О-г хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.    

2. Шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Ц-ийг бага насны хүүхэд хүчиндэх  гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгч Ц.Ц нь хохирогчийн Улаанбаатар хот явж шинжилгээ хийлгэсэнтэй холбоотой зардалд 1.100.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.

Гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Г.О нь гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй болсон, түүнд сэтгэл засал эмчилгээ хийх шаардлагатай, тухайн эмчилгээний зардлыг урьдчилан тогтоох боломжгүй гэсэн Сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон хэргийн 52-53, 56, 57-58, 72-73, 135, 137, 141, 147-172 талд авагдсан гэрч Ц.Н, Д.О, Ц.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 526 тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шинжээч эмчийн 10 дугаартай акт зэрэг  нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Ц.Ц нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээч эмчийн 10 дугаартай актаар  нотлогдсон байна. 

Шүүгдэгч Ц.Ц нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан нь хэрэгт авагдсан  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолоор нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас бага насны хохирогчийн сэтгэхүйн байдалд учирсан хохирол, хор уршиг арилаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон хувийн байдалд дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч Ц.Ц-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцох нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч О ургийн овогт Ц-ийн Ц-ийг бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О ургийн овогт Ц-ийн Ц-д 6 жил хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.100.000 төгрөг төлснийг дурдаж, бага насны хохирогч Г.О, хууль ёсны төлөөлөгч А.Б нар гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шүүгдэгч Ц.Ц-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.АЛТАН

                                                               ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА

                                                                                                               Д-.АЗЖАРГАЛ