Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 25

 

Ц.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Ц-д холбогдох эрүүгийн 1835001190082 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Ц-ийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн О овогт Ц-ийн Ц нь 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 12-044 тоотод оршин суудаг, регистрийн дугаар:ОЮ80071711, урьд Увс аймаг дахь Сум дундын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 125 тоот шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас өршөөл хэлтрүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй.

Ц.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний орой согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 044 тоотод байрлах өөрийн гэртээ бага насны хүүхэд Г.Отгонтуяаг хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон зүйлчилж,

Шүүгдэгч О овогт Ц-ийн Ц-ийг бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О ургийн овогт Ц-ийн Ц-д 6 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Цд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.100.000 төгрөг төлснийг дурдаж, бага насны хохирогч Г.О, хууль ёсны төлөөлөгч А.Б нар гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ц.Ц-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх”-ээр тус тус шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “.....Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар 25-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ц.Ц нь миний охин Г.О-г хүчиндээгүй, мөн бие сэтгэцэд нь ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байхад Ц.Ц-ийг хүчингийн хэрэг үйлдсэнээр үзэж анхан шатны шүүхээс Ц.Ц-д 6 жилийн хорих ял оногдуулсан явдалд хохирогчийн зүгээс авч үзэхэд гомдолтой байгаагаа илэрхийлж энэхүү гомдлыг гаргаж байгааг минь харгалзан үзэж хуулийн дагуу зөв шийдвэр гаргаж өгнө үү.

Охин ямар нэгэн халдлагад өртөөгүй байхад Ц.Ц-д 6 жилийн хорих ял өгсөн нь миний охины нэр хүндэд ч муугаар нөлөөлөх магадлал маш их байна. Жишээлбэл ойролцоох айлын эхнэр хүмүүст Г-ийн охин хүчиндүүлчихсэн, хүчиндсэн хүн нь 6 жилийн хорих ял авсан гэнэ ээ гэж ярьж байна гэдэг яриаг сонсоод би маш их эмзэглэж байна.

Иргэн Ц.Ц нь миний охиныг хүчиндээгүй, Ц.Цийн үйлдлийн улмаас миний охин Г.О-гийн эрүүл мэндэд болон бие махбодид ямар нэгэн хохирол учраагүй, сэтгэцийн байдалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, охины биеийн байдал хэвийн, урьдын адил цовоо сэргэлэн хэвээрээ хичээл сургуульдаа яваад найз нөхөдтэйгөө тоглож наадаад явж байгаа ба тухайн үед анхан шатны үзлэг шинжилгээнд ороход дөрвөн эмчийн дүгнэлтээр дахин шинжилгээнд орох шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан боловч, мөрдөн байцаагч Алтангэрэл би танай хүүхдийг үзүүлэхээр хотод очер авчихсан байгаа, Улаанбаатар хот уруу эмчилгээнд явж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсний дагуу эмчилгээнд явахад хүүхдийн биеийн байдал хэвийн гэсэн дүгнэлт гарсан.

...Миний охины надад хэлж байгаа зүйл болон мөрдөн байцаагчийн надад танилцуулсан тайлбар маш их зөрүүтэй байгааг та бүхэн хянаж үзнэ үү.

...Охинд минь энэхүү үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй ба иргэн Ц.Ц нь насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, асаргаанд байдаг хөгшин эцэг, эхтэйг нь харгалзан үзэж Ц.Ц-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар 25-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Ц надад 6 жил хорих ял оногдуулсан. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц.Ц би хөрш Ядамцоогийн гэрээс гараад хашаа руугаа орох гээд явж байтал миний охин Оюун-Эрдэнийн найз Г.Отгонтуяа таарсан.

Би түүнийг ахтайгаа цуг манай гэр лүү орооч, ахыг нь цагдаа нар ирж авах гээд байна.Чи цагдаа нар ирэхээр энэ миний аав гээд хэлээд өгөөч гээд гэр лүүгээ дагуулж орсон.

Би урьд нь цагдаагийн байгууллагаар 2 удаа эрүүлжүүлэгдсэн тул дахин баригдвал намайг 30 хоногоор саатуулах байсан юм.

Надад Г.О-г хүчиндэх ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тиймээс би хохирогчийг хүчиндэхээр түүний хувцсыг тайлж биед нь халдаагүй. Энэ талаар хохирогч анх цагдаа нар ирэхэд энэ ах намайг яагаа ч үгүй гэж хэлсэн.

Надад холбогдох хэргийг шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан. Хохирогч Г.О-гаас мөрдөн байцаагч мэдүүлэг аваагүй байхад дуудлагаар очсон цагдаа Ц.Ц, Л.Б нар охиноос мэдүүлэг авч үг зааж өгсөн байдаг.

Хуулинд насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгч болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй мэдүүлэг авахаар хуульчилсан байна.

Гэтэл хэргийн гэрч гэх Ц, Б, хохирогч Г.О нарын мэдүүлэг ямар үг үсгийн зөрөөгүй байгаа нь маш эргэлзээтэй байна. Ц.Ц намайг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр гэрч нар бодит байдлыг гуйвуулж мэдүүлсэн гэж үзэж байна.

Ц.Ц би Г.О /охин/-гийн биед ойртож халдаагүй, охиныг хүчиндэх үйлдэл гаргаагүй юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь анхан шатны хурал дээр миний охиныг хүчиндээгүй, биед нь халдаж ойртоогүй гэж хэлж, хүсэлт гаргасан.

Иймд миний бие хүнчингийн гэмт хэрэг үйлдээгүй тул анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ц.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдол нь үндэслэлтэй дэмжиж байгаа.

.....Ц.Ц-д хүчиндэх гэмт хэрэг үйлдэх зорилго байгаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийг зөрчсөн тиймээс анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны 113 дугаар шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:“....Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б болон шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Ц.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нарын гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Ц.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний орой согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 12-44 тоот байх өөрийн гэртээ бага насны охин Г.О-г хүчиндэхийг завдсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замааар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-гийн “..миний охинд энэхүү үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй ба иргэн Ц.Ц нь насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, асаргаанд байдаг хөгшин эцэг, эхтэйг харгалзан үзэж Ц.Цийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх, шүүгдэгч Ц.Ц-ийн “...миний бие охины биед ойртож халдаагүй, охиныг хүчиндэх үйлдэл гаргаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх гомлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалвал:

Ц.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 12-44 тоот байх өөрийн гэртээ бага насны буюу 8 нас 9 сар 28 хоногтой охин Г.О-г хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Бага насны хохирогч Г.О-гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би эгч Г.Соёлмаа, Г.Мөнгөнтуяа, дүү Баяржаргал нарын хамт байсан бөгөөд би хашааныхаа гадна талд хажуу айлын Азбилэг гэдэг охинтой тоглож байсан. Азбилэг бид хоёр хашааны гадна нэг нэгэндээ бэлэг барьж тоглож байсан би хашааны гадна талд Азбилэг хашааны дотно талд орчихоод чи надруу ирж болохгүй миний бэлгийг харж болохгүй шүү гээд хашаа руугаа орчихсон байтал манай хороололд байдаг манай цэцэрлэгийн ангийн найз байсан Оюун-Эрдэнэ гэдэг хүүхдийн аав нь болох Ц гэдэг хүн согтуу ирээд намайг ахын дүү чи нааш хүрээд ир гүй гүй гэхээр нь би гүйгээд очсон.

Тэгтэл хоёулаа манай гэрлүү оръё гээд байхаар нь би орсон. Тэгтэл тэр ах зурагтаа асаагаад зурагт үз гэж байгаад гэнэт зурагтаа, гэрлээ унтраагаад Ц ах намайг хувцасаа тайл гэж хэлсэн. Би хувцасаа тайлахгүй гэхэд хувцасаа тайлахгүй бол ална шүү гэж хэлчихээд өөрийнхөө дээд хэсгийн хувцасыг бүгдийг нь тайлаад цээж нүцэглээд дараа нь өмдөө өвдөг хүртэл тайлаад дотоожтойгоо үлдсэн, тэгээд надруу дөхөж ирээд намайг газар унагаагаад над дээр дараад миний амыг гараараа дарж намайг хөдөлгөөнгүй болгосон.

Тэгээд миний гутлыг тайлж миний өмдийг тайлах гэсэн тэр үед амьсгаа авч чадахгүй байхад миний амнаас гараа бага зэрэг авахад нь би орилоод хашгирсан. Тэгтэл хажуу айл нь сонссон бололтой цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаагийн машин дуут дохиогоо дугаргаад гадна ирэхэд тэр хүн над дээрээс босож өмдөө татаад сууж байтал цагдаа нар орж ирсэн. Тэгтэл орж ирсэн цагдаа нар Ц.Ц бос гээд тэр хүнийг авч явсан. Би цагдаа нар анх ирээд надаас чи хэний хүүхэд юм бэ гэхэд би Гансүх гэдэг айлын хүүхэд гэж хэлсэн тэгээд чи энд юу хийж байгаа юм бэ гэхэд яаагаачгүй гэж хэлсэн. Би тэр ахыг цагдаа нар аваад явна гэхэд нь өрөвдөөд анх яагаачгүй гэж хэлсэн.

Гэрт орж ирсэн цагдаа чи үнэнээ хэл юу болсон юм бэ гэхэд би болсон бүх явдлыг танд ярьсан шигээ ярьсан. Ц.Ц ахыг манай хорооллын хүн гэдгээр нь танина. Мөн тэднийх 7-р ангийн охинтой тэр охин болон тэдний дүү надтай цуг нэг цэцэрлэгт байсан түүнийг Оюун-эрдэнэ гэдэг бид тэд нартай хааяа нэг тэдний гэрт орж тоглодог.

Ц.Ц ах анх намайг гэрлүүгээ дагуулж орохдоо гэрийнхээ хаалгыг цоожилсон тэгээд гэртээ орсон даруйдаа куртикаа тайлаад гарч шээчихээд ирнэ чи гарч болохгүй шүү гэж хэлээд чи зурагт үзэж бай гэж хэлчихээд гараад шээчихээд орж ирэхдээ хаалга цоожлоогүй. Би тухайн үед зугатаагаад явах гэхэд явах юм бол ална шүү гарах юм бол ална шүү гээд байхаар нь би айгаад гарч явж чадаагүй. ...Миний амыг гараараа дарсан, хувцасаа тайл тайлахгүй бол ална гэж намайг айлгасан, миний цоохор өмдний салтаанаас татаад урчихсан байсныг мэдэж байна. Цагдаа нар ирээгүй бол тэр хүн надтай бэлгийн харьцаанд орох байсан би тэр үед айгаад уйлж байтал гадна цагдаагийн машин дуут дохиогоо дуугаргаад ирсэн.

Голын орныхон урд хэсгийн газарт цоохор даавуу дэлгэсэн байсан түүн дээр намайг дарсан. Тэр хүн миний өмдийг тайлах гээд өмдний салтаанаас татаж миний өмдийг тайлсан би хоёр гараараа өмднийхөө дээд талаас татаад байсан. Ц.Ц өмдөө өвдөг хүртэл шувталсан дотоожоо тайлаагүй байсан надад бэлэг эрхтэнээ үзүүлээгүй, намайг үнсэж хазаагүй. Гэхдээ тэр хүн намайг дарахаасаа өмнө чи миний мөөм хөх, миний боожгой хөхөх гээд байсан. Тэгтэл би хөхөхгүй чадахгүй гэхэд тэгвэл чамайг ална гээд миний амыг дараад миний өмдийг шувтлах гэтэл цагдаагийн машин дуугарч ирсэн.

Манай гэр лүү оръё нааш ир манай гэрт О-Э байна гэж хэлсэн тэгтэл гэрт нь хэнч байгаагүй. Би хар цоохор өмдтэй, усны гуталтай дээгүүрээ нэхийтэй байсан. Би маш их айж байна, би одоо тааралдвал тэр хүнийг харж чадахгүй, таарвал яанаа гэж айж байна. ...Миний өмдийг тайлж нэг талын өмд хөлнөөс тайларсан тэгтэл би босоод өмдөө өмсөх гэтэл айж сандараад хувцасаа өмсөхдөө дотоожний 1 гуя руу 2 хөлөө хийсэн байсан. Түүнийг би гэртээ очоод хувцасаа тайлах үед мэдсэн. Би орон дээр суухдаа 1 гутлаа өмсөөд нөгөө гутлаа өмсөж чадаагүй. 1 гутал галын дээр, 1 гутал орны хажууд байхаар нь би өөрийнхөө хажууд байсан гутлыг өмсөж нөгөө гутлаа авбал тэр ах намайг дахин татаад авчих байх гээд би айгаад авч чадаагүй” /хх-ийн 32-36 тал/ гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би ажилдаа яваад 20 цагт гэртээ ирэхэд миний бага охин Г.Отгонтуяа гэртээ байхгүй манай хүүхдүүд дүүгээ хайж байсан. Би гэртээ ирээд хороолол дундуур хайхад олдоогүй бид нар охиноо хайж байхад харанхуй болсон байсан. Тэгтэл цагдаагийн машин манай гадна ирээд дотор нь байсан цагдаа болсон асуудлыг бидэнд ярьж би охиноо дагуулж цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаа дээр ирээд цагдаагийн гадна би охиноосоо юу болсон талаар асуухад миний охин надад “хороолол дунд тоглож байтал манай найз О-Э-ний аав Ц намайг манай гэрт оръё О-Э чамайг дуудаж байна гэхээр нь би дагаад гэрт нь орсон.

Тэгтэл О-Э гэртээ байгаагүй. Тэр ах намайг дараад миний амыг гараараа дарж газарт хэвтүүлээд миний өмдийг тайлах гэж байтал гадна цагдаагийн машин дуугарахад над дээрээс босож хувцасаа өмсөөд хаалга руу алхахад өөдөөс нь цагдаа нар орж ирсэн. Би маш их айсан уйлсан” гэж надад хэлсэн. Мөн 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой би гэртээ очоод хүүхдийнхээ дотуур өмдийг тайлуулахад миний охин дотоожоо өмсөхдөө нэг гуя руу нь 2 хөлөө зэрэг хийгээд өмсчихсөн байсан.

Миний охин хувцас хунараа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй өмсчихдөг, ер нь их эмх цэгцтэй хүүхэд би бодохдоо Ц.Ц миний охиноор оролдохдоо түүний хувцасыг тайлж миний охин хувцасаа өмсөхдөө айж сандарсандаа дотоожнийхоо 1 гуя руу 2 хөлөө хийж өмссөн байх гэж бодож байгаа. Охин маань сэтгэл санааны хувьд тааруухан, нөгөө хүн надтай тааралдах бий тааралдвал яана гэх мэт яриатай, эрэгтэй хүнийг харахаар айж цочсон байдалтай байгаа. Хэрэв тухайн үед цагдаа нар очоогүй бол миний охиныг хүчиндээд хаях байсан, тэгээд ч бага насны хүүхдийг ийм айдас түгшүүрт байдалд оруулсанд гомдолтой байна. Цаашид гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” /хх-ийн 39-40 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Ц-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан бөгөөд орой 19 цагийн үед тус аймгийн Улаангом сумын 4-р баг 46 тоотод оршин суух иргэн Л.О-аас миний ээж Д.Я-гийн гэрт согтуу хүн ирсэн байна гэсэн дуудлага өгсний дагуу цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч Л.Б-ийн хамт хаягаар очиход Д.Я-гийн гэрт согтуу хүн байгаагүй бөгөөд Д.Я-гоос ямар хүн ирсэн бэ юу болсон бэ гэхэд манайхаас 2 хашааны доод талд байрлах Ц.Ц гэдэг залуу манайхаар орж ирээд гарсан.

Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлэхээр нь Б-Э бид хоёр Д.Я-гийн гэрээс гарч тэднийхээс доош 2 дахь хашаа руу ороход хашааны хаалга цоожтой байсан тул хашааны хаалгыг давж гэр лүү нь ороход гэрэл унтраалттай харанхуй байсан. Миний өөдөөс Ц.Ц гараад ирсэн тэгээд би гэрлээ асаа гэхэд гэрэл асаахад Ц.Ц дээд хэсгээрээ цээж нүцгэн доогуураа өмдтэй байсан.

Тэр айлийн зүүн талын орон дээр өрөөсөн гуталтай эмэгтэй хүүхэд уйлчихсан чичирсэн сууж байсан. Ц-ээс энэ танай хүүхэд юм уу гэхэд манай хүүхэд биш манай ах Гансүхийн хүүхэд байгаа юм гэсэн. Ц-ийг авч гарахад би яагаачгүй голын орны урд цоохор даавуу дэлгэсэн байсан би энэ дээр хэвтэж байсан гэж Ц заасан бөгөөд яг тэр газарт нь буюу цоохор даавуун дээр тэдний гэрт байсан эмэгтэй хүүхдийн үсний даруулга байсныг Ц.Ц тэр хүүхдэд авч өгсөн, мөн эмэгтэй хүүхдийн жижиг бор өнгийн нэхий, өрөөсөн усны гутал Ц.Ц-ийн пийшингийн дээд талд байсныг тэр эмэгтэй хүүхэд аваад өмссөн.

Би гэрээс Ц.Ц-ийг аваад гарахад надтай цуг явсан Бат-эрдэнэ үлдэж тэр хүүхдээс чи энд юу хийж байгаа юм бэ гэхэд энэ манай найзын аав байгаа юм. Энэ хүн намайг гэртээ дагуулж ирж зурагт үзүүлээд сууж байгаад зурагт унтрааж, гэрэл унтраагаад намайг чи миний мөөм хөх, боожгой хөх гэсэн би чадахгүй гэхэд чи орилох юм бол ална шүү гэж намайг айлгаад намайг дарж миний амыг дараад хувцасыг тайлах гэж байхад та нар орж ирлээ гэж хэлж байсан. Тэгээд цагдаа дээр Ц.Ц-ийг авч ирж согтуурал шалгах багажаар согтуурлыг шалгаж үзэхэд 1,19 хувийн согтолттой гэж гарсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тэр хүүхдийн хэлснээр бол бэлгийн харьцаанд ороогүй бид хоёрыг ирж байгааг мэдээд больсон гэж хэлсэн” /хх-ийн 41-42 тал / гэх мэдүүлэг,

гэрч Л.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд жолооч цагдаагаар ажилласан бөгөөд орой 19 цаг 20 минутын үед цагдаагийн газар дээр Л.О гэдэг залуу өөрийн биеэр ирж манай ээж Д.Я-гийн гэрт согтуу хүн ирсэн байна гэхээр нь тэр залууг дагуулаад тус цагдаагийн газрын дуудлага хүлээн авагч цагдаа Ц.Ц-ийн хамт хаягаар очиход Д.Я-гийн гэрт согтуу хүн байгаагүй. ...Тэгээд Ц.Ц нь гэртээ байж магадгүй ороод гаръя гэж бодоод хашааныхан үүдэн дээр очиход хашааны хаалга нь цоожтой гэр нь гэрэлгүй байхаар дотор нь байж магадгүй гэж бодоод хашааг нь давж гэр лүү нь ороход Ц.Ц бид хоёрын өөдөөс Ц.Ц цээж нүцгэн доогуураа өмдтэй тэлээгээ тэлээлээгүй гарч ирсэн. Танайх руу оръё гэр лүүгээ ороод гэрлээ асаа гэхэд гэрэл асаахад зүүн талын орон дээр өрөөсөн гуталтай эмэгтэй хүүхэд уйлчихсан чичирсэн сууж байсан.

Тэгээд Ц.Ц-ээс энэ танай хүүхэд юм уу гэхэд энэ манай хүүхэд биш манай ах Гансүх гэдэг айлын хүүхэд гэсэн тэгтэл би тэр хүүхдээс юу болсон бэ гэхэд манай гэр энэ хорооллын арын хороололд байдаг юм, би хашааны гадна тоглож байхад энэ ах намайг манай гэрт оръё  гэхээр нь орж ирсэн. Тэгтэл энэ ах намайг голын орны урд талд дарж унаад миний амыг гараараа дараад өмдийг тайлах гэж оролдсон тэгээд чи миний боожгой хөх орилох юм бол ална шүү, одоо хөхөж сур гэж хэлсэн.

 Би орилоод тусламж хүсэхэд чамайг орилвол энэ газар дээр чамайг ална гээд миний амыг дарсан гэж чичирсэн хоолойгоор уйлагнасан байдалтай надад хэлж байсан. Тухайн үед Ц.Ц-ийн гэрт пийшингийнхэн дээд талд тэр хүүхдийн өрөөсөн гутал мөн орны бүтээлэг хагас нугалж дэлгэсэн байсан түүн дээр тэр охины үсний даруулга, эмэгтэй хүүхдийн жижиг бор өнгийн нэхий тус тус байсныг тэр эмэгтэй хүүхэд аваад өмсөж даруулгыг толгойндоо хийсэн. Тэгээд цагдаа дээр Ц.Ц-ийг авч ирж согтуурал шалгах багажаар согтуурлыг шалгаж үзэхэд 1,19 хувийн согтолттой гэж гарсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.” /хх-ийн 43-44 тал/ гэх мэдүүлэг болон Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2688, 4081, 2684 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Г.О нь гэмт хэрэгт өртөх үедээ 8 нас 9 сар 28 хоногтой байсан нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдсон, шүүгдэгч Ц.Ц-ийн хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл шүүгдэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу цагдаагийн албан хаагчид ирснээр таслан зогсоогдсон  тухайн гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байх тул Ц.Ц-ийг бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх Ц.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх ба түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон, ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ц нь  анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нарын  гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Ц-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН