Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01418

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК -ийн хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 179 614 400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Булган-Эрдэнийн хүсэлт, холбогдох нотлох баримтууд болон барьцаа хөрөнгөнд үндэслэж, 3 удаагийн зээл олгосон. Тодруулбал, 2017 оны 12 сарын 07-ны өдөр Б.Булган-Эрдэнийн 60 000 000 төгрөгийн зээл авах тухай хүсэлтийн дагуу мөн өдрийн ЗГ0303170154, ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээнүүдээр нийт 60 000 000 төгрөгийг 3.8 хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон. Тухайн зээлийн гэрээ тус бүрд барьцааны гэрээ байгуулагдсан. Талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлд тус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

2017 оны 12 сарын 07-ны өдрийн ЗГ0303170154, ЗГ0303170155, 2017 оны 12 сарын 23-ны өдрийн ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээний дагуу тус бүр 30 000 000 төгрөгийг олгохдоо, хариуцагч Б.Булган-Эрдэнийн Хаан банк ХХК дах дансанд 29 860 000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн, мөн 30 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу бэлнээр олгосон. Үүнтэй холбоотой банкны дансны баримт болон Ж ХХК -ийн кассын зарлагын ордерт мөнгө хүлээж авсан Б.Б гэж гарын үсгээ зурсан баримт мөн хэрэгт авагдсан.

Хариуцагч нь 2018 оны 03 сард үндсэн зээл, зээлийн хүүг бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг тус тус үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2017 оны 12 сарын 07-ны өдрийн ЗГ0303170154 дугаартай зээлийн гэрээнд 58 158 700 төгрөг, мөн өдрийн ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээнд 60 735 700 төгрөг, 2017 оны 12 сарын 23-ны өдрийн ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээнд 60 720 000 төгрөг, нийт 179 614 400 төгрөгийг хариуцагч Б.Б эс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагаас бэлнээр мөнгө хүлээн авч байгаагүй. 2 удаагийн зээлийн гэрээний дагуу нийт 58 680 000 төгрөг дансандаа шилжүүлэн авсан. Үүнээс 6 удаагийн төлөлтөөр 20 000 000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 38 680 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд барьцааны гэрээнд авагдсан эд хөрөнгөнүүд нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч манай эхнэр Ц.Уртнасангийн эд хөрөнгүүд юм гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б эс 153 587 059 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 027 341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ж ХХК -д 58 158 700 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 34 708 359 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 60 720 000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхийн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 284 173 төгрөгөөс 1 126 222 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 157 951 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Б эс 925 885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн мөн нэхэмжлэгчийн хууль бус баримт нотолгоог үндэслэж хариуцагчаас үндэслэлгүйгээр 30 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 139 803 200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 1-4/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагын үнийн дүнг нэмэгдүүлэн 179 614 400 төгрөг гаргуулна гэж шаардсаныг /хх 55/, хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч нэхэмжлэгчээс бэлнээр 30 000 000 төгрөг хүлээн аваагүй гэх үндэслэл заан маргажээ. /хх 47, 89/

 

Хэрэгт авагдсан 2017 оны 12 сарын 07-ны өдрийн ЗГ0303170154, ЗГ0303170155 дугаар зээлийн гэрээнүүд, ЗБ0303170154, ЗБ0303170155 дугаар барьцааны гэрээнүүд, 2017 оны 12 сарын 23-ны өдрийн ЗГ0303170181, ЗБ0303170181 дугаартай зээл болон барьцааны гэрээ, Б.Булган-Эрдэнийн нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүссэн тухай хүсэлт, түүний Хаан банк ХХК дахь 5003708242 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж ХХК -ийн Кассын зарлагын ордер, Хаан банк ХХК-ийн Шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг харьцуулан үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөөгүй нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйл, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээ тус бүрийн 4.9-д заасантай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. /хх 11-36, 74, 77-81, 90-91, 115-118, 120/

 

Түүнчлэн, Б.Б нь 2017 оны 12 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагаас 60 000 000 төгрөгийн зээл хүссэн түүний гарын үсэг бүхий баримт хэргийн 120 дахь талд авагдсан, мөн нэхэмжлэгч байгууллагын Иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл гэсэн баримтад /хх 115-118/ 30 000 000 төгрөгийг 3.8, 4.0 хувь гэсэн 2 өөр дүн бүхий хүүтэй зээлэх талаар тусгасан байгаагаас үзвэл, нэхэмжлэгч нь түүний хүсэлтээр 60 000 000 төгрөгийн зээл олгохдоо 30 000 000 төгрөгийг бэлнээр, 29 840 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тухайн өдөр 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, дансаар 29 840 000 төгрөг хүлээн авсан, бэлнээр мөнгө хүлээн аваагүй гэх агуулгаар гаргасан тайлбар, гомдлын үндэслэл нь дээрх баримтууд болон хэрэгт авагдсан 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Хаан банк ХХК-ийн Шилжүүлгийн мэдээлэл, Ж ХХК -ийн Кассын зарлагын ордер /хх 77-78/ зэргээр няцаагдаж байна. Иймд зээлдүүлэгчийн зүгээс гэрээний дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч Б.Б эс зээлийн гэрээний үүрэгт нийт 153 587 059 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг буруу тооцоолсныг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ж ХХК -ийн Кассын зарлагын ордер-т /хх 77/ ...Зээлийн №/а.154/тоот шийдвэрийн дагуу шуурхай зээл олгов... гэсэн байх тул талуудын хооронд 2017 оны 12 сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ0303170154 дугаар зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, харин Б.Булган-Эрдэнийн эзэмшлийн Хаан банк ХХК дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аас /хх 90-91/ үзвэл, 2017 оны 12 сарын 07-ны өдрийн ЗГ0303170155 дугаар зээлийн гэрээний дагуу 29 840 000 төгрөг, 2017 оны 12 сарын 23-ны өдрийн ЗГ0303170181 дугаар зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 сарын 25-ны өдөр 29 840 000 төгрөг тус тус хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

Зээлдэгч нь нийт 20 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид эргэн төлсөн талаар зохигч маргаагүй боловч тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ аль гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцогдох талаар нэрлэн заагаагүй, тодорхой бус байна. Энэ тохиолдолд зээлдүүлэгч өөрийн үзэмжээр аль нэг зээлийн гэрээний үүрэгт суутгах бус харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх байдлаар тооцох учиртай.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд 2017 оны 12 сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээний үүргийг буруу тооцсон байгааг дараах байдлаар өөрчлөх нь хуулийн дээрх зохицуулалттай нийцнэ. Хэргийн 90 дэх талд авагдсан Б.Булган-Эрдэнийн Хаан банк ХХК дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аас үзвэл, зээлдэгч нь 2017 оны 12 сарын 07-ны өдөр 29 840 000 төгрөгийн зээл авсан даруйд буцаан 9 000 000 төгрөгийг төлсөн байх тул тухайн гэрээний хувьд үндсэн зээл 20 840 000 төгрөг, 1 сарын 3.8 хувийн хүү 791 920 төгрөг, 3 сарын хүүд 2 375 760 төгрөг, нийт 23 215 760 төгрөгийн үүрэг хүлээхээр байжээ.

 

Хариуцагч Б.Б нь Хаан банк ХХК дахь өөрийн 5028699001 тоот данс болон эхнэр Ц.Уртнасангийн 5429413427 тоот данснаас гэрээний 5.3-т заасан зээлдүүлэгчийн 5129035169 тоот данс руу 2018 оны 01 сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл шилжүүлсэн нийт 20 000 000 төгрөгийг дээрх гэрээний үүргээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу хасвал 3 215 760 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна. Үүнд хууль болон гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцоход нийт 4 409 112 төгрөгийн үлдэгдэл үүрэгтэй байна.

 

2017 оны 12 сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ0303170154 дугаар зээлийн гэрээний хувьд, зээлдэгч нь үндсэн зээл 30 000 000 төгрөг, /1 сарын 3.8 хувь =1 140 000 төгрөг/, гэрээнд заасан 3 сарын хугацааны хүү 3 420 000 төгрөг, хэтэрсэн хугацааны 23 сарын хүү 26 220 000 төгрөгт тооцогдох нэмэгдүүлсэн хүү 5 244 000 төгрөг, нийт 64 884 000 төгрөг төлөх үүрэг ногдож байна.

 

2017 оны 12 сарын 23-ны өдрийн ЗГ0303170181 дугаар зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 сарын 25-ны өдөр 29 840 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн тул уг үнийн дүнгээр талуудын тохирсон 1 сарын 4 хувийн хүү, гэрээ болон хуульд зааснаар 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг дээрх аргачлалаар тооцоход нийт 66 364 060 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт 135 657 172 төгрөг төлөх үүрэгтэй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, мөн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг үнийн дүн зааж шийдвэрлэсэн тогтоох хэсгийн 2 дахь заалт, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан тогтоох хэсгийн 3 дахь заалтад тус тус зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд хариуцагч маргаагүйн гадна уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгааг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...153,587,059... гэснийг ...135 657 172... гэж, ...26,027,341... гэснийг ...43 957 228... гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ж ХХК -д 64 884 000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 4 409 112 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 66 364 060 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхийн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулсугай гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...925,885 ... гэснийг ...836 236... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 05 сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР