Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01265

 

Ц.Мягмардоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00786 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Мягмардорж,

Хариуцагч Голомт банк ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Мягмардорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Б.Наранзул нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бидний дундын өмчлөл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж, 61/5-1 тоот, 000329729 тоот гэрчилгээтэй, Ү-2206005945 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 168 м.кв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрхийн итгэмжлэлийг надаар олгуулсан мэтээр хууль зөрчин итгэмжлүүлсэн.

Тэрээр тухайн өдрөө Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр бидний дундын өмчлөл болох орон сууцыг Голомт банк ХХК-ийн Найман шарга салбарт их хэмжээний зээлийн барьцаанд тавьсан бөгөөд миний бие бидний орон сууцыг ямар хэмжээний мөнгөн дүнтэй зээлийн барьцаанд тавьсан болон зээлийн төлөлтийн байдлыг мэдэхгүй, уг банкнаас зээлийн барьцааны гэрээний хуулбарыг надад өгөхгүй байна. Тиймээс зээлийн барьцааны гэрээг шүүхийн журмаар гаргуулахгүй бол тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй байна. Миний бие уг асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс Ц.Мягмардоржоос Б.Наранзулд олгосон итгэмжлэлийг хууль бус гэдгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дүгээр шийдвэрээр тогтоосон. Иймд эхнэр Б.Наранзул, Голомт банк ХХК-ийн хооронд хууль бус итгэмжлэлээр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Мягмардоржийн нэхэмжлэлтэй Голомт банк ХХК-д холбогдох барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Голомт банк ХХК барьцааны гэрээг байгуулахдаа Ц.Мягмардоржоос Б.Наранзулд олгосон итгэмжлэлийг үндэслэл болгон гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан гараагүй, хүчин төгөлдөр итгэмжлэл байсан. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7 дахь хэсэгт заасны дагуу Голомт банк ХХК-ийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу нэг талаас Ц.Мягмардорж, Б.Наранзул, нөгөө талаас Голомт банк ХХК нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ББГ3305103717 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлээс аливаа хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Голомт банк ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мягмардоржид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.Мягмардоржоос Б.Наранзулд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 964 дүгээр шийдвэрийг үндэслэж, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болсон мэтээр тайлбарлаж, шийдвэрийн үндэслэл болгосон. Тус шийдвэрт итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон хэдий ч итгэмжлэлийг хүчингүй болгоогүй. Ц.Мягмардоржоос Б.Наранзулд итгэмжлэл олгохдоо утга агуулга, үүсэх үр дагаврыг бүрэн ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зурсан байдаг. Мөн шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд уг хуулийн зохицуулалт нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн аль алинийг хамааруулсан байна.

Шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг анхааралгүйгээр Ц.Мягмардоржоос Б.Наранзулд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус мэтээр дүгнэсэн нь хариуцагч Голомт банк ХХК-ийн эрх ашигт ноцтой хохиролж учруулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Ц.Мягмардорж нь хариуцагч Голомт банк ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Богд Жавзандамбын гудамж, 61/5 дугаар байрны 01 тоот, 168 м.кв талбайтай орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005945 дугаартайгаар Б.Наранзул, Ц.Мягмардорж нарын дундын өмчлөлд бүртгэгдсэн, өмчлөх эрхийг гэрчилсэн 000325729 тоот гэрчилгээ /хх-36/ хэрэгт авагдсан, зохигчид барьцааны зүйл нь дээрх гэр бүлийн дунд хамтран өмчлөх хөрөнгө болох талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчээс Б.Наранзул нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ3305103717 дугаар зээлийн гэрээ байгуулж /хх 42-47/, мөн өдрийн БГ3305103717 дугаар ипотекийн гэрээгээр гэр бүлийн дундын өмчлөлийн дээрх орон сууцыг барьцаалж, /хх37-41/, хамтран өмчлөгч Ц.Мягмардоржийг төлөөлөн гэрээ байгуулж, гарын үсэг зурахдаа хууль бус итгэмжлэлд үндэслэсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бус, уг гэрээний дагуу банкны өмнө үүссэн зээлийн гэрээний үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгчийн тухайд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавартай холбоотойгоор хариуцагч Голомт банк ХХК-д холбогдуулан шаардлага гаргах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Ц.Мягмардоржоос Б.Наранзулд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр /хх-5/ хуулийн хүчин төгөлдөр байгааг үндэслэл болгон, ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх боловч хариуцагч буюу барьцаалагч Голомт банк ХХК-ийг барьцааны эрхийг хууль бусаар олж авсан гэх үндэслэлгүй байна.

Б.Наранзулд нэхэмжлэгч Ц.Мягмардоржоос олгосон гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг барьцаанд тавих эрхийг олгож, гарын үсэг зурсан итгэмжлэлийг үндэслэн Голомт банк ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан үйл баримтыг талууд үгүйсгээгүй, уг нөхцөл байдал нь гэрээ байгуулснаас хойш, барьцааны эрх хариуцагчид үүссэнээс 9 сарын дараа итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй нэхэмжлэгч Ц.Мягмардорж нь өөрийн хууль ёсны эрхээ Б.Наранзулд гарын үсэг зуран олгосон итгэмжлэлд заагдсан хэлцлийг хийх ёсгүй гэж түүнийг зааж буй нөхцөл байдлын талаар төлөөлсөн этгээд буюу эхнэр Б.Наранзул нь мэдээгүй гэх үндэслэлээр Б.Наранзул Голомт банк ХХК нарын хооронд хийсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шаардах эрхгүй.

Учир нь, хариуцагч банк нь уг барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Ц.Мягмардоржоос олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг шүүх хүчингүйд тооцоогүй, энэ талаар хариуцагч мэдэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар түүний итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд хийсэн хэлцлийн үр дагавар төлөөлүүлэгч буюу нэхэмжлэгчид үүснэ.

Харин төлөөлөгч Б.Наранзул нь бүрэн эрхээ Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүрэг биелүүлэхтэй холбоотой төлөөлүүлэгчид гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй, харин уг үр дагавар уг төлөөлүүлэгчийн бүрэн эрх олгосон хэлцэл буюу итгэмжлэлийн тал бус этгээдэд хамаарахгүй болно.

Тухайн үед хүчин төгөлдөр итгэмжлэлтэйгээр төлөөлсөн Б.Наранзулын хариуцагч банктай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх үүсэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарласныг зөвтгөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00786 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.Мягмардоржийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

А.ОТГОНЦЭЦЭГ