Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

  2018 оны 03 сарын 20 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00542

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Ц.М

Хариуцагч: “ГБ” ХХК, /РД:/ Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бодь даатгал цамхагт байрлах

Хариуцагч: Б.Н үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Б.Н нь 2016 оны 02 сарын 17-ны өдөр бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж, 61/5-1 тоот, 000329729 тоот гэрчилгээтэй, Ү-2206005945 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 168 м.кв талбайтай орон сууцыг “зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх” эрхийн итгэмжлэлийг надаар олгуулсан мэтээр нотариатаар гэрчлүүлж, тухайн өдрөө Иргэний  хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр бидний дундын өмчлөл болох орон сууцыг “ГБ” ХХК-ийн “Найман шарга” салбарт их хэмжээний зээлийн барьцаанд тавьсан бөгөөд миний бие бидний орон сууцыг ямар хэмжээний мөнгөн дүнтэй зээлийн барьцаанд тавьсан болон зээлийн төлөлтийн байдлыг мэдэхгүй, ГБнаас зээлийн барьцааны гэрээний хуулбарыг надад өгөхгүй байна. Миний бие уг асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дүгээр шийдвэрээр Ц.Моос Б.Нд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн Ц.Моос Б.Нд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00425 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж итгэмжлэл хүчин төгөлдөр бус болсон. Иймд эхнэр Б.Н, ГБны хооронд хууль бус итгэмжлэлээр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

Хариуцагч “ГБ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Мийн нэхэмжлэлтэй ГБ, Б.Н нарт холбогдох барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Б.Н нь “ГБ” ХХК-аас 100.000.000 төгрөгийн зээл авсан. ГБ барьцааны гэрээг байгуулахдаа Ц.Моос Б.Нд олгосон итгэмжлэлийг үндэслэл болгон гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах маргаан гараагүй хүчин тухайн үедээ төгөлдөр итгэмжлэл байсан. Уг итгэмжлэл нь ГБны хувьд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан үндэслэлээр хууль ёсны гэж тооцогдож байгаа. Маргаан бүхий байрыг барьцаалж авсан зээл нь Б.Нын хамаарал бүхий компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэр бүлийн бизнес тул энэ нь бүхэлдээ санаатай бий болгож буй хуурмаг үйл ажиллагаа бөгөөд Б.Н нь нөхрөөсөө салаад зээл төлж чадахгүй болохоороо гаргаж буй заль юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Ц.Мийн нэхэмжлэлтэй “ГБ” ХХК, Б.Н нарт холбогдох иргэний маргаан нь “Назу проперти” ХХК нь зээл авахдаа тухайн үеийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнд иргэн Ц.М нь өөрийн биеэр гарын үсэг зурсан боловч бидний гэр бүл салах болсон шалтгаанаас болж итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байдаг. Дээрх барьцааны байр өмнө нь удаа дараа буюу компанийн зээлэнд 10 гаруй удаа барьцаанд тавихад Ц.М өөрийн биеэр биш итгэмжлэлээр л хийдэг байсан. Уг байрыг миний зүгээс худалдан авагч олсон бөгөөд банкны төлбөрийг төлөөд үлдэх дүнгээр тохиролцох санал тавихад хүлээн авахгүй байгаа юм. “ГБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ тул намайг оролцуулалгүй хурлыг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дүгээр шийдвэр, 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00425 дугаар шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ипотекийн гэрээ, шуурхай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч “ГБ” ХХК, Б.Н нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүй болж, итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон шүүхийн шийдвэрүүд гарсан гэжээ.

Б.Н нь 2016 оны 02 сарын 18-ны өдөр Б.Н, Ц.М нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж, 61/5-1 тоот, 000329729 тоот гэрчилгээтэй, Ү-2206005945 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 168 м.кв талбайтай орон сууцыг Ц.Моос олгосон гэх итгэмжлэлийн дагуу ГБтай гэрээ хийж, барьцаанд тавьж, өөрийн Назупроперти компанид 100.000.000 төгрөгийн зээл авсан байна.

Ц.М шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дугаар шийдвэрээр 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Моос Б.Нд олгосон дээрх орон сууцыг барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, мөн тус шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00425 дугаар шийдвэрээр Ц.Моос Б.Нд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба тус шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ц.Моос Б.Нд олгосон дээрх дундын өмчлөлийн орон сууцыг ГБны зээлийн барьцаанд тавихыг итгэмжилж эрх олгосон хэлцэл нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул уг итгэмжлэлийн (хэлцэл)  үндсэн дээр байгуулагдсан ГБ, Б.Н нарын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн БГ3305103717 тоот орон сууцны барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нөгөө талаар, дундын өмчлөлийн орон сууцыг ГБны зээлийн барьцаанд тавих эрх олгосон гэх хэлцэл хүчин төгөлдөр бус тул дээрх барьцааны гэрээг эд хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах”-аар заасан. Үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалах явдал нь иргэний эрх зүйн өмчийн хэлцлийн төрөлд хамаарах ба үүнд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлага нэг адил тавигддаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврын асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Н шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан Б.Н, “ГБ” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ББГ3305103717 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан орон сууцны 000329729 тоот гэрчилгээг ГБнаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч “ГБ” ХХК, Б.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ц.Мид олгосугай.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД