Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 59

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын

ерөнхий газарт холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,418,200 төгрөгийн торгууль, 4,831,100 төгрөгийн алдангийг “өршөөн хэлтрүүлэх”-ээс татгалзсан Татварын ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10/809 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дүгээр актаар оногдуулсан 5,418,200 төгрөгийн торгууль, 4,831,100 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу “өршөөн хэлтрүүлэх”-ийг Татварын ерөнхий газарт даалгах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0628 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 613 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0628 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Татвар ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай 244019 дугаартай актаар Ж ХХК-д ногдуулсан 5418.2 мянган төгрөгийн торгууль, 4831.1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 613 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0628 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/809 дугаар албан бичгээр “Ж” ХХК-д оногдуулсан 5.418.200 төгрөгийн торгууль, 4,831,100 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаас татгалзаж байгааг хууль бус болохыг тогтоож, татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 244019 дугаартай актаар “Ж” ХХК-д ногдуулсан 5,418,2 мянган төгрөгийн торгууль, 4,831,1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүх татвар төлөгчийн төсөвт төлсөн торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд татварын өрийг алданги, торгууль, үндсэн өр гэсэн дарааллаар тогтоохоор заасан бөгөөд татварын алба энэ дарааллын дагуу алданги, торгуулийг төлүүлдэг.

4. Давж заалдах шатны шүүх “уг маргаан бүхий татварын өр нь тус хуулийн үйлчлэх хугацаанд хамаарч байгаа ба нэхэмжлэгч уг алданги, торгуулийг төлснийг үндэслэн өршөөлд хамруулахгүйгээр нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг хязгаарлах үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5. Учир нь “Ж” ХХК Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 1786 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй эвлэрч татварын өрөө төлөхөө илэрхийлж улмаар 2013 оны 244019 дугаар актаар ногдуулсан нийт 28,310.100 төгрөгийн төлбөрөөс 12,670.000 төгрөгийг 2014 онд төлсөн. Өршөөлийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тус төлбөрийг төлсөн тул Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасан дарааллын дагуу уг төлбөр нь торгууль, алдангид тооцогдох бөгөөд түүнийг өршөөн хэлтрүүлсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0628 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 613 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн “... актаар тогтоосон торгууль алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын 2019 оны 10/809 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоох, ... улсын байцаагчийн 2013 оны 244019 дүгээр татварын актаар тогтоосон торгууль, алдангийг ...өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж чөлөөлөхийг Татварын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “...гаргасан захиргааны зөрчил, захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь ... өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна” гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэж, төлөгдсөн төлбөр буюу хэрэгжсэн шийтгэлийг “өршөөн хэлтрүүлэх”-ээр тус хуулийг буцаан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

8. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь 2013 онд “Ж” ХХК-ийн 2010-2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 180607.6 мянган төгрөгийн татварын зөрчил илрүүлэн, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг үндэслэн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дүгээр актаар 18,060.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5,418.2 мянган төгрөгийн торгууль, 4,831.1 мянган төгрөгийн алданги нийт 28310.1 мянган төгрөгийн төлбөр оногдуулсан; “Ж” ХХК нь 2013 онд 2660.0 мянган төгрөгийн торгууль, алдангийг сайн дураар төлсөн ба үлдэх 25650.1 мянган төгрөгийн татварын өрийг гаргуулахаар Татварын хэлтэс нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр торгууль, алдангийн 9000.0 мянган төгрөгийг төлж, үлдсэн 16650.1 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, хэргийн зохигчид гэрээ байгуулсныг шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1786 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2015 онд 1579.0 мянган төгрөг төлсөн, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.3, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус заасны дагуу татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгуулийг татварын өрөнд хамруулахаар; татварын өрийг эхлээд тухайн татварт ногдох алданги, дараа нь торгууль, татварын үндсэн өр гэсэн дарааллаар барагдуулахаар тусгайлан тогтоосон ба дээр дурдсанаар татварын хяналт шалгалтаар илрүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх торгууль, нөхөн төлүүлэх татварт тооцсон алдангийг 2014 онд төлснөөр, татварын актаар оногдуулсан захиргааны шийтгэлийг “Ж” ХХК нь биелүүлсэн байна.

10. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай /цаашид Өршөөл үзүүлэх тухай гэх/ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлж, 11 дүгээр зүйлийн 11.1-д “энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл, тус хуулийн үйлчлэлд хамаарах, энэ тохиолдлын хувьд татварын зөрчил гаргаж, торгууль, алданги төлөхөөр захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний байдлаар төлөөгүй байсан торгууль алдангийг “өршөөн хэлтрүүлэх” болохоос, уг хуулийг буцаан хэрэглэж, хэрэгжсэн шийтгэл буюу төлсөн торгууль, алдангийг чөлөөлж өршөөх үндэслэлгүй бөгөөд боломжгүй юм.

11. Учир нь хууль тогтоогчоос онцгой үйл явдлыг тохиолдуулан гэм буруутай этгээдийг хуулиар хүлээлгэсэн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор тус Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргасан ба уг хуулийн үйлчлэлд хамаарах буюу 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн ялаас, хэрэгжээгүй захиргааны шийтгэлээс чөлөөлөх боломжтой нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад ... эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.2-т “хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ” хэмээн ял, шийтгэлээс “өршөөн хэлтрүүлэх” зарчмыг тодорхойлжээ.

12. Шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тайлбарлаж хэрэглээгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэснийг уг хуулийн зорилгод нийцүүлэн тайлбарлаж хэрэглээгүй, анхан шатны шүүх нь “зөрчил, шийтгэл нь хуулийн үйлчлэлд хамаарсан” гэж төлөгдсөн торгууль алдангийн талаар огт дүгнээгүй, давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчийн төлөх алданги, торгуулийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй” гэж маргаан бүхий харилцаанд Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй хангаж шийдвэрлэсэн байна.

13. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Өршөөлийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасан дарааллын дагуу төлсөн торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0628 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 613 дугаар магадлалыг хүчингүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан “5,418,200 төгрөгийн торгууль, 4,831,100 төгрөгийн алдангийг “өршөөн хэлтрүүлэх”-ээс татгалзсан Татварын ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10/809 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дүгээр актаар оногдуулсан 5,418,200 төгрөгийн торгууль, 4,831,100 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу “өршөөн хэлтрүүлэх”-ийг Татварын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ