Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00296

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00296

 

 

 

Ж.Н, Н.Э, Ш.Р нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/03019 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Н, Н.Э, Ш.Р нарын хариуцагч Ө Э.Ат холбогдуулан гаргасан Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 20 дугаар байранд байрлах Өнөр-20 СӨХ нь 1996 онд байгуулагдаж, 2004 онд 20 дугаар байранд оршин суух 364 айл өрх Өнөр-20 СӨХ-ны гишүүнээр бүртгэгдсэн. Ж.Н нь 2004 оноос хойш Удирдах зөвлөлийн даргаар сонгогдож, одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 04 сараас 10 сар хүртэлх хугацаанд АНУ-д түр хугацаагаар зорчсон. Ийнхүү түүний эзгүй байх хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэсэг оршин суугчдын хүсэлтээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахад нийт 364 оршин суугчдаас 65 оршин суугч хүрэлцэн ирж, 17.8 хувийн ирцтэй байхад Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлаар Б.Наранцацралыг томилсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус заасныг зөрчсөн. Улмаар удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүн гэх н.Одгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн н.Амгаланбаатар, н.Гантуяа, н.Наранцацрал нарын хүмүүс 2019 оны 06 сарын 17-ны өдөр Өнөр-20 СӨХ-ны ажлын байранд орж ирж маргаан үүсгэн, улмаар Өнөр-20 СӨХ-ны санхүүгийн тэмдгийг хулгайлан авч, Хяналтын зөвлөлийг сонгосон тогтоол дээр санхүүгийн тэмдэг даран Төрийн банк ХХК-ийн 103500002891 дугаартай өдөр тутмын гүйлгээ хийгддэг дансыг хаалгасан. Банкны дансыг хаасны улмаас оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байсан тул арга буюу хуульд заасны дагуу 2019 оны 9 сарын 21-ний өдөр нөхөн сонгууль явуулах болсон нь Сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 10 дугаар зүйлүүдийг зөрчсөн учир уг хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд нийт 364 орон сууц өмчлөгчдийн хэд ирсэн нь тодорхойгүй 54,8 хувийн ирц нь хэрхэн гарсан, улмаар бичгээр урьдчилсан санал өгсөн гэх 72 сууц өмчлөгч нь ямар асуудалд юу гэж санал өгсөн эсэх нь тодорхой бус байдаг. Хуралд оролцох эрхтэй н.Буувай гэх хүн яагаад хурлаа удирдаж явуулаагүй эсэх, н.Эрдэнэтогтох гишүүн хуралдаан даргалагч явуулах ёсгүй хууль зөрчиж явуулсан хууль бус үйл ажиллагаа нь СӨХ-ны эрх зөрчиж байна. 127 хүний тоотой хурал болсон юм шиг байна, 20 хувийн урьдчилан санал өгсөн нь бичгээр байхгүй, бүх гишүүдийн хуралд түрээслэгч нар санал өгөх эрх байхгүй байна. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлын саналын хуудас хүчинтэй эсэх нь эргэлзээтэй. Иймд Өнөр-20 СӨХ-ны 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Өнөр-20 СӨХ-г 1998 онд байгуулсан болон 2014 онд болсон нийт СӨХ-ны хурал хүчин төгөлдөр бусд тооцогдсон талаар баримт байдаггүй. 2019 оны 6 сарын 08-ны өдөр Өнөр-20 СӨХ-ны ээлжит бус бүх гишүүдийн хурал зарлагдаж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл томилогдож, Удирдах зөвлөлөөс Б.Наранцацралтыг гүйцэтгэх захирлаар томилж анх удаа бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн бөгөөд хуучин гүйцэтгэх захирал М.Баярсүрэн ажлаа өгөхгүй, тамга тэмдгээ хураалгахгүй гэж зугатаасан учир Төрийн банк ХХК дахь дансыг оршин суугчдын эрх ашгийн өмнөөс түдгэлзүүлсэн. Улмаар СӨХ-ны данснаас зарлага гарах боломжгүй болсон учир СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Баярсүрэн, шинэ гүйцэтгэх захирал Б.Наранцацрал, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас төлөөлөгч, СӨХДЗ-өөс томилогдсон төлөөлөгч гэх СӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч н.Мөнхчулуун, банкны ажилтан болон нийт оршин суугчдаас бүрдсэн ээлжит бус хурал ирц 54.8 хувь болсон учир дээрх этгээдүүдийн хяналт дор хуралдаж, шинээр удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг дахин байгуулж СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Б.Наранцацралыг дахин томилсон. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6 сарын хурлаар Өнөр-20 СӨХ нь хууль ёсны Удирдах болон Хяналтын зөвлөлтэй болсон бөгөөд 2019 оны 9 сарын 21-ний өдөр дахин баталгаажуулсан гэж болно.

Үүнээс өмнөх СӨХ-ны гүйцэтгэх захирал асан Ж.Н нь Удирдах зөвлөлийн даргын албыг хашдаг, Хяналтын зөвлөлийн дарга Ш.Р нь СӨХ-ны нягтлан бодогчоор хавсран гүйцэтгэдэг буюу хууль зөрчсөн байдлаар ажилладаг байсан нь тус СӨХ-ны 2009 оны 8 сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоол, 2012 оны 01 сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоол баримтуудаар тус тус нотлогдоно. Өнөр-20 СӨХ-ны 2019 оны 9 сарын 21-ний өдрийн ээлжит бус хурал хүчинтэй болсныг хурлын тэргүүлэгч гишүүнээр ажилласан СӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал н.Галбаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхчулуун болон бусад этгээдүүд нотлох бөгөөд хэрэв тухайн өдрийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцвол хэзээний ямар бүрэлдэхүүнтэй ээлжит болон ээлжит бус хурал хүчинтэйд тооцогдох нь тодорхойгүй байна. Үүнээс гадна Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар нийт сууц өмчлөгч нарын 80-аас дээш хувь нь 2019 оны 9 сарын 21-ний өдрийн хурлыг хүчинтэй гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрхтэй бөгөөд Өнөр-20 СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон бөгөөд Э.А хариуцагч мөн эсэхэд эргэлзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т зааснаар нэхэмжлэгч Ш.Р, Ж.Н, Н.Э нарын хариуцагч Өнөр-20 СӨХ-ны удирдах зөвлөл, дарга Э.Ат холбогдуулан гаргасан Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2019 оны 06 сарын 08-ны өдрийн санал асуулгын хуудсыг дараагийн хуралд хэрэглэснийг хүчинтэйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзнэ. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар байрны оршин суугчдын 2019 оны 9 сарын 21-ний өдөр хуралдсан Өнөр-20 СӨХ-ны бүх гишүүдийн хуралд оролцсон иргэдийн судалгаагаар нийт 120 гишүүнээс 12 гишүүн тухайн хаягт байдаггүй болох нь тогтоогдож, 108 хүн оролцсон. СӨХ-ны 2019 оны 06 сарын 08-ны өдөр болсон хүчин төгөлдөр бус хуралд хураасан саналын хуудсаар 72 гишүүн оролцсон хэмээн дүгнэсэн байна. Гэтэл энэхүү саналын хуудсанд байх 72 оршин суугчийн нэрсийг Сонгинхайрхан дүүргийн 15 дугаар хорооны засаг даргаас ирүүлсэн нийт оршин суугчдын судалгаатай тулган үзэхэд 46 оршин суугч албан ёсоор бүртгэлтэй үүнээс 2019 оны 9 сарын 21-ний өдөр хуралдаанд давхцаж оролцон гарын үсэг зурсан 3 оршин суугч байгаа бөгөөд нийт 43 гишүүний саналын хуудас байгаа юм. Нийт 151 оршин суугч буюу 41.4 хувь оролцсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан ирцэд хүрэхгүй байхад шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. 2019 оны 9 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцүүлэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хуралд удирдах зөвлөлийн гишүүн н.Бууваа, н.Эрдэнэтогтохын аль нэг нь даргалах боломжтой байсаар байхад СӨХ-ны гишүүн бус Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч н.Мөнхчулуун хурлыг даргалж, дээрх төлөөлөгчийн туслах ажилтнууд тэмдэглэл хөтөлж хууль бус хуралд оролцсоноос гадна н.Мөнхчулуунд олгосон гэх итгэмжлэл хэрэгт авагдаагүй байхад оршин суугчдын ирцийн тоонд оруулан тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагч талын гаргасан Өнөр-20 СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлын материалд 2019 оны 06 сарын 08-ны өдрийн оршин суугчдын баталгаажуулах хуудсанд 2019 оны 06 сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлыг тодорхой тусгаагүй байхад шүүх СӨХ-ны Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн томилох талаар хурлын хэлэлцэх асуудал байсан гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Н, Н.Э, Ш.Р нар нь хариуцагч Ө Э.Ат холбогдуулан Өнөр-20 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буюу нэхэмжлэгч Ж.Н, Н.Э, Ш.Р нарыг тухайн нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага нь Өнөр-20 СӨХ-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон уг хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах агуулгатай байх бөгөөд нэхэмжлэл гаргасан этгээдүүд нь уг хурлын шийдвэрээс үүдэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээд буюу СӨХ-ны гишүүн буюу сууц өмчлөгч мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой бус байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. гэж заасан. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байдаг.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өнөр-20 СӨХ-ны анх гишүүнээр элссэн болон удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдийн талаарх баримтуудыг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг тодорхойлоход ач холбогдолтой байж болохыг анхаараагүй байна.

 

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн Өнөр-20 СӨХ-ны бүх гишүүдийн хуралд оролцсон иргэдийн судалгаа гэх баримтад нэхэмжлэгч Ш.Рг 20 дугаар байрны 286 тоотод, Ж.Нийг мөн байрны 229 тоотод оршин суудаг болохыг заасан байх боловч уг баримт нь нэхэмжлэгч нарыг тус СӨХ-ны гишүүн буюу сууц өмчлөгч гэдгийг шууд нотлохгүй.

 

Хэдийгээр талууд нэхэмжлэгч Ж.Н, Н.Э, Ш.Р нарыг Өнөр-20 СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан талаар тайлбарлаж, маргадаггүй боловч тэдгээрийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн, нэхэмжлэл гаргасан этгээд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих зэрэг ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй байна.

 

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/03019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ