Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 58

 

                  “М х ш т ф х” ТББ-ын нэхэмжлэлтэй,

                 Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг

                    даргад холбогдох захиргааны

                                 хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 611 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э,

Гуравдагч этгээд Д.Ж, түүний өмгөөлөгч Д.Б-Э,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М х ш т ф х”ТББ-ын гаргасан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 611 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “М х ш т ф х”ТББ-ын нэхэмжлэлтэй “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “М х ш т ф х”ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Т, өмгөөлөгч С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...Улсын дээд шүүхийн 2010 оны 198 дугаартай Тогтоолын мөрөөр хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын авсан арга хэмжээ хууль зөрчөөгүй...” гэжээ. Гэвч, Анхан шатны шүүхээс эл дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй. Шүүхээс хариуцагч Засаг даргын “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаартай Захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн болохыг шийдвэртээ тайлбарлаж, дүгнээгүй бөгөөд энэ талаар хариуцагч Засаг дарга өөрөө хуулийн үндэслэлтэй тайлбар хийгээгүйн сацуу тухайн маргаан бүхий А/66 дугаартай Захирамжаа “буруу гаргасан байна” гэж шүүх хуралдаан дээр тайлбар хийдэг болно. Тухайлбал, нэхэмжлэгч ТББ-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын 79 тоот Захирамжийг Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 198 дугаар тогтоолоор хүчингүй болгосон мэтээр хариуцагч Засаг даргаас ойлгож, Улсын дээд шүүхийн дээрх дугаар бүхий тогтоолыг биелүүлэх нэрийдлээр нэхэмжлэгч ТББ-ийн эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэхээр ажлын хэсэг томилж, газар чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч Засаг даргаас гаргасан маргаан бүхий А/66 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамжийг Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “Захиргааны акт"-ын шинжийг агуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор байгуулагдан ажлын хэсгийн ямар үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тодорхойгүй, тухайн ажлын хэсгээс үйл ажиллагаа явуулаагүй, дүгнэлт шийдвэр гаргаагүй байгаа энэ тохиолдолд зөрчигдөж болзошгүй эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй бөгөөд эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон шинжийг агуулаагүй байна..." гэж дүгнэн, нэхэмжлэгч ТББ-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна.

5. Тухайлбал, Хариуцагч Засаг даргаас гаргасан маргаан бүхий А/66 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай" захирамж нь шууд үр дагавар үүсгээгүй ч нэхэмжлэгч ТББ-аас энэ захирамжийг эсэргүүцэж, гомдол, нэхэмжлэл гаргаагүй бол маргаан бүхий захирамжийн үр дагаварт нэхэмжлэгч ТББ-ын газрыг албадан чөлөөлөх ажиллагаа эхлэх нь тодорхой байх бөгөөд ийм үр дагавар гарах нь Засаг даргын захирамжийн 1, 2, 3 дахь хэсэгт заагдсанаас тодорхой харагдана. Нэхэмжлэгч ТББ-аас хариуцагч Засаг даргын А/66 дугаар захирамжийн биелэлтийг шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг дээд шатны Засаг даргад гаргасан байдаг. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол заавал бодитой зөрчигдсөний дараагаар бус зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бодитой бий болохоос өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

 6. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 611 дугаар магадлалыг хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

8. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/66 дугаар захирамжийн нэг дэх заалтаар “... шүүхийн шийдвэрийг биелүүлэх, МХШФ Холбоонд олгосон газрыг чөлөөлж хууль ёсны эзэнд нь хүлээлгэн өгөх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай”, хоёр дахь заалтаар “МХШТФ-ийн Холбооны гүйцэтгэх захирал /Т.Төрмандах/-д газар эзэмших, ашиглахтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргаанаа иргэний журмаар жич шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурдсугай”, гурав дахь заалтаар “газрыг чөлөөлүүлэх, хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулж үр дүнг 2019 оны 5 дугаар сарын 24-ний дотор Засаг даргын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай” гэж шийдвэрлэжээ.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “... шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан дотогшоо чиглэсэн акт байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үр дагавар үүсгэсэн гэж үзэхгүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”-оор заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

10. Учир нь маргаан бүхий уг захирамжаар иргэн Д.Жаргалсайхан болон “М х ш т ф х”төрийн бус байгууллагын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгч байгууллагын “газар”-ыг чөлөөлөхөөр болсон нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн ба ажлын хэсэгт үүрэг хүлээлгэж захирамжилсан, нийтийн эрх зүйн хүрээнд гаргаснаар “захиргааны акт”-ын шинжийг бүрэн агуулж байна.

11. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх “...ажлын хэсгийн ямар үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тодорхойгүй, тухайн ажлын хэсгээс үйл ажиллагаа явуулаагүй, дүгнэлт шийдвэр гаргаагүй байгаа энэ тохиолдолд зөрчигдөж болзошгүй эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь “дотогшоо чиглэсэн” гэх өмнөх дүгнэлттэй зөрчилдсөн, улмаар маргаан бүхий уг “акт”-ыг хэрэгжүүлээгүй байгаагаас нэхэмжлэгчийн хувьд “зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах” үндэслэл болохгүй мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах”-аар хүн, хуулийн этгээдээс нэхэмжлэл гаргах зохицуулалтын агуулгад нийцээгүй, үндэслэлгүй байна.

12. Тодруулбал, захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол уг актыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж, харин зөрчигдөөгүй бол нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэдэг эрх хэмжээний дагуу хэргийг шийдвэрлэх байтал маргаан бүхий уг захирамжийг “хэрэгжүүлээгүй” буюу ажлын хэсгээс үйл ажиллагаа явуулаагүй гэдэгт үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлд хамааруулж, хүлээн авахаас татгалзсан нь буруу.

13. Иймд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан хүрээнд шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Д.Жаргалсайханы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар гарсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаар захирамжийн “...113.32 га”-аас /урд талаас/... гэсэн нь” утга агуулгын илэрхий алдаатай, хоёрдмол утгаар ойлгогдох илт үндэслэлгүй болохыг тогтоож, уг заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар захирамжийн дагуу 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий хүмүүс газар дээр нь маргалдагч талуудыг байлцуулан хэмжилт хийж, газрыг тэмдэгжүүлж, кадастрын зураг үйлдэж, тэдэнд хүлээлгэж өгч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

15. Түүнчлэн, “МХШТФ-ийн Холбоо” төрийн бус байгууллагад Хушаат сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 79 дүгээр захирамжаар “... дугаар бүхий нэгж талбарын 113.32 га тариалангийн талбайн хойд захаас 37.77 га газар” гэж зааж, газар эзэмшүүлсэн ба уг шийдвэрээр эзэмшсэн газрын хэмжээ, байрлалтай хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлэн гуравдагч этгээдийн газрын зарим хэсэгт тариалалт хийж, эзэмшиж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

16. Эндээс үзвэл, гуравдагч этгээд Д.Жаргалсайханы гомдлыг шийдвэрлэж, түүний эзэмших эрх бүхий газрыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр ажлын хэсэг томилсон Хушаат сумын Засаг даргын 2019 оны А/66 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, ..../-ыг / зохих шатны Засаг дарга” шийдвэрлэхээр заасанд нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүх А/66 дугаар захирамжийг үндэсгүй дүгнэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

17. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МХШТФ-ийн Холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Т, өмгөөлөгч С.Э нарын хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 611 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ