Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00188

 

“Тулахцэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан,    Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00830 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2062 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Тулахцэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3403 дугаар шийдвэрээр “Тулахцэг” ХХК-иас 97 475 250 төгрөг гаргуулан “Транскапитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан шинжээч томилж үнэлгээ хийлгэн, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй. Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа хийн, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/22609, 1/22610 дугаартай албан бичгээр “Тулахцэг” ХХК-ийн өмчлөлийн Ү-2204011628 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 32/1-д байрлах , 2551 м.кв талбай бүхий сургуулийн барилгыг, Ү-2204011628 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байгаа 7 116 м.кв газрын хамт “Транскапитал” ББСБ-д өмчлөх эрхийг шилжүүлэх болсныг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж, хэргийн материалтай танилцахдаа мэдлээ.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3403 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ дараах хууль зөрчиж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Р.Оргилнаран миний бие 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэлээр “Тулахцэг” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, мөн захирлаар бүртгүүлэн “Тулахцэг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу өмчлөгч байхад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Р.Болорнаранг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг зөрчин итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй Р.Болорнаранг оролцуулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учир өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Р.Болорнаран нь эд хөрөнгийн үнэлгээ, шинжээчийн үнэлгээ хүртэлх үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа, түүнээс хойш шийдвэр гүйцэтгэх албанаас хийгдсэн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, санал болгох комиссын хурлын тэмдэглэл, өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3403 дугаар шийдвэрээр “Тулахцэг” ХХК-иас 97 475 250 төгрөгийг гаргуулж, “Транскапитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах болсон. Төлбөр төлөгч “Тулахцэг” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011628 дугаартай Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 32/1 сургуулийн зориулалттай, нийт 2 551 м.кв талбайтай сургуулийг 7 116 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 3 790 700 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 2 653 490 000 төгрөгөөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувь болох 1 895 535 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Р.Оргилнаран “Тулахцэг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу өмчлөгч байхад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Р.Болорнаранг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан гээд өөрөө мэдээгүй юм шиг зүйл яриад байгаа нь худал ярьж байна. Р.Оргилнаран, Р.Болорнаран нар нь “Тулахцэг” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг төдийгүй гүйцэтгэх захирал Р.Болорнаран нь “Тулахцэг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж шүүхэд болон шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан байхад шийдвэр биелүүлэх болохоор яагаад итгэмжлэл яриад байгаа юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах шат бүрийг Р.Оргилнаран мэдэж, оролцож байсан төдийгүй, зээл авахдаа үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, уг эд хөрөнгийг хураах, битүүмжлэх, үнийн санал авч үнэлгээ хийлгэх, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах, сонинд зар өгөх, санал болгох хуралдаан зэрэгт бүгдэд нь оролцож байсан. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгч “Тулахцэг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Болорнаран, Р.Оргилнаран нарт 21 хоногийн хугацаа өгсөн боловч дээрх төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр авагч “Транскапитал” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Тулахцэг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Болорнаран, Р.Оргилнаран нар нь төлбөрөө төлчихсөн бол барьцааны эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох шаардлага байхгүй, бид хуулийн дагуу ажиллагаа хийсэн.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3403 дугаар шийдвэрээр “Тулахцэг” ХХК-иас 97 475 250 төгрөгийг гаргуулж, “Транскапитал” ББСБ-д олгох, хариуцагч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011628 дугаартай Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 32/1 сургуулийн зориулалттай, нийт 2 551 м.кв талбайтай сургуулийг 7 116 м.кв талбайтай газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулж шүүхийн шийдвэр биелүүлэхийг шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар өнөөдрийг хүртэл нэг ч төлбөрийн төлөлт хийгээгүй, төлбөрөө хийчихсэн бол манай захирал барьцааны хөрөнгийг шууд шилжүүлэн авна гэсэн ойлголттой байгаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00830 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай “Тулахцэг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1559 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2062 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 3403 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ дараах хууль зөрчиж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.Р.Оргилнаран миний бие 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэлээр “Тулах цэг” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, мөн захирлаар бүртгүүлэн “Тулах цэг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүх этгээд буюу өмчлөгч болсон болно. Гэтэл “Тулах цэг” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Р.Болорнаранг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулан Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасны дагуу миний бие итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байхад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, мөн Компанийн тухай хуульд заасан Хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор эрх олгоогүй этгээд болох Р.Болорнаранг хууль зөрчиж оролцуулжээ. Энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15262533 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2159 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3188 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн санал болгох комиссын хурлын тзмдэглэл, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1V22610 дугаар албан бичгээр “Тулах цэг” ХХК-ийн өмчлөлийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1\22609 тоот албан бичгээр “Тулах цэг” ХХК-ийн өмчлөлийн Ү-2204011628 дугаарт бүртгэлтэй сургуулийн зориулалттай 2551 м2 барилга, Ү-2204011628 дугаарт бүртгэлтэй сургуулийн зориулалттай 7116 м2 газрыг “Транскапитал” ББСБ-д өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учир өмчлөх эрхээ хамгаалуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс нэхэмжлэлийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй юм.Иймд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасны дагуу “Тулах Цэг” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг шүүх хэрэглээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181\ШШ2016\00830 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2062 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тодорхой тусгажээ.

Нэхэмжлэгч “Тулах цэг” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Тулах цэг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг оролцуулаагүй, эрхгүй этгээдийг оролцуулсан гэх үндэслэл заасан байна.

Нэхэмжлэгч “Тулах цэг” ХХК нь бусдад 97 475 250 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар тогтоогдсон байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Төлбөр төлөгч “Тулах цэг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Оргилнаран, Р.Болорнаран нар нь компанийн хувьцааг тэнцүү эзэмшдэг бөгөөд улсын бүртгэлд компанийн гүйцэтгэх захирлаар Р.Оргилнаран бүртгэгдсэн боловч Р.Болорнаран нь төлбөр гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч гэж оролцсон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцааны зүйл болох эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, дуудлага худалдаагаар эд хөрөнгийг худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааны талаар хариуцагч тал хувьцаа эзэмшигч дээрх хоёр хүнд тухай бүрт нь мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар  тогтоогджээ.

Түүнчлэн, дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хурлын талаар Р.Оргилнаран, Р.Болорнаран нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байна. Комиссын хуралд Р.Оргилнаран оролцох боломжгүй тул Р.Болорнаран төлөөлж оролцох тухай нэхэмжлэгчийн өгсөн бичгийн баримт хэрэгт авагджээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг боловч “нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж  ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэх мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д заасан зарчмаар нэхэмжлэгчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3., 20.4.-т заасан журмыг зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00830 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2062 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН