Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00830

 

 

 

   

 

 

 

2016 оны 09 сарын 30 өдөр

     

 

 

 

    Дугаар 181/ШШ2016/00830

   

 

 

 

     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч:  Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н нд холбогдох

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн төлөөлөгч А.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.А, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

 Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрээр Т ХХК-иас 97.475.250 төгрөг гаргуулан Т ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Н наас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан шинжээч томилон үнэлгээ хийлгэн, анхан болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй.

 Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа хийн, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/22609, 1/22610 дугаартай албан бичгээр Т ХХК-ийн өмчпөлийн Ү-220**** дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон,  Б.Доржийн гудамж ***-д байрлах , 2551 м.кв талбай бүхий сургуулийн барилгыг,

Ү-220**** дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байгаа 7116 м2 газрын хамт  Т ББСБ-д өмчлөх эрхийг шилжүүлэх болсныг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж, хэргийн материалтай танилцахдаа мэдлээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх апба нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ дараах хуулийг зөрчиж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Р.О миний бие 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын буртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэлээр Т ХХК- ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, мөн захирлаар бүртгүүлэн Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүх этгээд буюу өмчлөгч байхад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Р.Б г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан байна.

 Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т ...Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ... гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т ...хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүгэн байгуулах бичгийн дагуу эрх олгосон албан тушаалтан төлөөлнө...' гэж заасан байхад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй Р.Б г оролцуулжээ.

Энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 -т заасан дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учир өмчлөх эрхээ хамгаалуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Р.Б нь эд хөрөнгийн үнэлгээ, шинжээчийн үнэлгээ хүртэлх үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа, түүнээс хойш шийдвэр гүйцэтгэх албанаас хийгдсэн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, санал болгох комиссын хурлын тэмдэглэл, өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрээр Т ХХК-иас 9 7475 250 төгрөгийг гаргуулж "Т ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах болсон.

Төлбөр төлөгч Т ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж *** сургуулийн зориулалттай нийт 2551 м.кв талбайтай сургуулийг  7116 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хурааж Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 3.790.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Анхы албадан дуудлага худалдаанд Ирганий хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 2.653.490.000 төгрөгөөр , Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу 50 хувь болох 1.895.535.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Р.О Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүх этгээд буюу өмчлөгч байхад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Р.Б г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан гээд өөрөө мэдээгүй юм шиг зүйл яриад байгаа нь худал ярьж байна.

Р.О , Р.Б нар нь Т ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг төдийгүй гүйцэтгэх захирал Р.Б нь Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж шүүхэд болон шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан байхад шийдвэр биелүүлэх болохоор яагаад итгэмжлэл яриад байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах шат бүрийг Р.О мэдэж, оролцож байсан төдийгүй, зээл авахдаа үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, уг эд хөрөнгийг хураах, битүүмжлэх, үнийн санал авч үнэлгээ хийлгэх, анхны болон хоёр дах дуудлага худалдаанд оруулах, сонинд зар өгөх, санал болгох хуралдаан зэрэгт бүгдэд нь оролцож байсан.  

Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгч Т ХХКомпанийн үүсгэн байгуулагч Р.Б , Р.О нарт 21 хоногийн хугацаа өгсөн боловч дээрх төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр авагч Т ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Т ХХКомпанийн үүсгэн байгуулагч Р.Б , Р.О нар нь төлбөрөө төлчихсөн бол барьцааны эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох шаардлага байхгүй, бид хуулийн дагуу ажиллагаа хийсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.             

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрээр Т ХХК-наас 97475250 төгрөгийг гаргуулж "Т ББСБ-д олгох, хариуцагч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж *** сургуулийн зориулалттай нийт 2551 м.кв талбайтай сургуулийг  7116 м.кв талбайтай газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулж шүүхийн шийдвэр биелүүлэхийг шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нар өнөөдрийг хүртэл нэг ч төлбөрийн төлөлт хийгээгүй, төлбөрөө хийчихсэн бол манай захирал барьцааны хөрөнгийг шууд шилжүүлэн авна гэсэн ойлголттой байгаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн дагуу үйл  ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Р.О нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч нарт эрх үүргийг нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тайлбарлан өгч Р.О , Р.Б нар танилцаж гарын үсэг зуржээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрээр Т ХХК-наас 9 7475 250 төгрөгийг гаргуулж "Т ББСБ-д олгох, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж *** сургуулийн зориулалттай нийт 2551 м.кв талбайтай сургуулийг 7116 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15262533 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 28114 дүгээр захирамж, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3331 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Улмаар тус алба нь барьцааны зүйл болох дээрх хөрөнгүүдийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн 188/08 тоот актаар битүүмжилж, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 188/06 тоот актаар хураасан тогтоол гаргаж дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг  2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч нарын зах зээлийн үнэтэй дүйцүүлэн үнэлгээ гаргаж өгөх тухай хүсэлт гаргаж байсан боловч үнийн санал ирүүлээгүй тул 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Мөнх Оргил трейд ХХК-ийг НШГА шинжээчээр томилжээ.

 

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжилж, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэлдээ төлбөрийг яаралтай төлөхийг шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон үнэ болох 3 790 700 000 төгрөгийн 70 хувь 2 653 490 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаа болохыг мэдэгдсэн байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2/59 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт болохоор товлож, уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өнөөдөр сонинд мэдээллэсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/88 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт болохоор товлож, уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Өнөөдөр сонинд мэдээллэсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хурал 2016 оны 4 дүгээр сарын 27-ны 10 цагт болж төлбөр төлөгч 2016 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж *** сургуулийн зориулалттай нийт 2551 м.кв талбайтай сургуулийг  7116 м.кв талбайтай газрыг төлбөр авагч Транс капитал ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба анхны албадан дуудлага худалдаа, хоёр дахь албадан дуудлага худалдаа, санал болгох комиссын хурлын мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Р.О , Р.Б нарт 2016.02.01, 2016.02.05,  2016.3.10-ны өдрүүдэд баталгаат шуудангаар 2016.02.05-ны 3/5054, 3/5053, 3/5055, 2016.01.07.-ны 3/8373, 3/8374, 2016.4.26-ны 3/15404,3/15405, 3/15406, 3/15403, 2016.5.03-ны 3/16549, 2016.06.10-ны 3/21978 дугаартай мэдэгдлээр тэдний гэрийн болон Т ХХК-ийн хаягаар хүргүүлсэн байна. 

Р.О нь барьцааны эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлын товыг мэдсэн боловч хүүхэд өвчтэй тул оролцох боломжгүй, миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно гэсэн утга бүхий бичигт гарын үсэг зуржээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1., 19, 20,  34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.6., 36 дугаар  зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1, 43 дугаар зүйлийн 43.3., 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1., 48.7-д заасан шаардлагатай нийцэж байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

 

Шинжээч үнэлгээний тайланг 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байх бөгөөд үнэлгээг төлбөр төлөгчид 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар “Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг  эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байтал анхны болон хоёр дах дуудлага худалдаа явагдсанаас хойш 92  хоног , Санал болгох хурал болснаас 46 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа “хууль зөрчиж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан” итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Р.Б г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж байгаад гомдолтой байна гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаартай шийдвэр, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 988 дугаартай магадлалаас харахад Тулах  цэг ХХК-ийг тус компанийн гүйцэтгэх захирал Р.Б төлөөлөн оролцсон байх бөгөөд шийдвэр магадлал хүчин төгөлдөр байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй  гэж үзлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                    ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн  шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1559 дугаартай захирамж хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                       Ч.ИЧИНХОРЛОО