Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00179

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00179

 

 

 

А.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/03344 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Ргийн хариуцагч Нт холбогдуулан гаргасан Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Ргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 онд Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 дугаар гудамж, 56-01 тоотод байрлах 171 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтай хувийн сууц, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Л.Баяртүрүү, О.Баярцэцэг нар худалдан авна гэсний дагуу гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч мөнгийг өгөөгүй. Уг асуудлаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Уг эрүүгийн хэргийн хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр А.Р тогтоогдсон. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 01 сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийн дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой гэх үндэслэлээр шилжилт хөдөлгөөнийг зогсоож, битүүмжилсэн. Мөн 2020 оны 01 сарын 20-ны өдрийн албан бичгээр газар болон үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлж, Жаргалант панда ХХК-ийн улсын бүртгэлд хориг тавьсан болохыг мэдэгдсэн. Хариуцагч байгууллага 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Л.Баяртүрүү, О.Баярцэцэг нарын Грийн инвестмент ББСБ-д төлөх төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Л.Баяртүрүү дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бус үйлдлээр шилжүүлж авсан талаарх эрүүгийн хэрэг шийдэгдээгүй. Улсын бүртгэлийн байгууллагаас эрүүгийн журмаар хориг тавьсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр үндэслэл байсаар байхад битүүмжилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн. Прокурорын хориг тавьсан үл хөдлөх хөрөнгөөр Грийн инвестмент ББСБ-ын зээлийн гэрээний үүргийг хангуулах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Иймд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1860 дугаар шийдвэрээр н.Баяртүрүүгээс 86 329 375 төгрөг гаргуулж Грийн Инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэж төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас тодруулахад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар байгаа нь тогтоогдсон. Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлээр биш хувь хөрөнгөнөөс шийдвэрийг гүйцэтгүүлэхээр Грийн Инвестмент ББСБ ХХК тодруулахад уг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй талаар мэдэгдсэн тул төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн. Төлбөр төлөгчийн нэр дэр лавлагаа авахад өөр эд хөрөнгө байхгүй байсан. Харилцах дансыг битүүмжилсэн боловч өнөөдрийн байдлаар орлого ороогүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан албадан гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалалтад авсан болохоос одоогийн байдлаар хурааж авах, албадан дуудлага худалдаа явуулах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үүргийн дагуу тухайн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг хамгаалалтад авч, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Грийн инвестмент ББСБ ХХК-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг тус тус баримталж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Тус хуулийн 122 дугаар зүйл нь гомдлыг хянан хэлэлцэх хүрээг тодорхойлсон ерөнхий заалт бөгөөд үндэслэл болгох боломжгүй. 8 дугаар зүйлийн 8.1.4-ийг үндэслэж байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргах ёстой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч залилуулсан болох нь тогтоогдсоны дараа хохирох гээд байна гэх үндэслэл ярьж байгаа нь хууль бус. Барьцааны зүйлийг худалдах үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгэгч нараас тэргүүн ээлжид хангуулах эрх банк бус санхүүгийн байгууллагад байна. А.Ргийн газар дэлгүүрийг авах гэж байгаа зүйл байхгүй. Үл хөдлөх хөрөнгийг зарж, зарагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Бүхэлд нь авах зүйл биш мөн шүүхийн шийдвэр хүчингүй болоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан хариуцагч Нт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20370255/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 гудамж, 560б тоот хаягт байршилтай, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 гудамж, 560б тоот хаягт байршилтай, 621 м.кв талбайтай, Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай нэхэмжлэгч А.Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ргаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Иргэн А.Ргийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж 5606 тоот хаягт байрлах 171 мкв талбайтай хувийн сууц, 621 мкв талбайтай газар бүхий дэлгүүрийг О.Баярцэцэг, Л.Баяртүрүү нар нь худалдаж авна гэж хууран мэхэлж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Л.Баяртүрүүгийн нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч залилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн Хан- Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай зөвшөөрлөөр тус үл хөдлөх эд хөрөнгө болон газарт шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон. Уг зөвшөөрлийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 241 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хориг тавьсан. Эдгээр хууль ёсны шаардлага хангасан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь эрүүгийн журмаар битүүмжилсэн үйл ажиллагаанд саад учруулсан, хуулийг зөрчөөгүй гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 201370255/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу жагсаалтад дурдсан хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрх болон нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглов. Мөн арын хуудаст битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт хэсэгт нэг гээд дээрх газар, үл хөдлөх хөрөнгүүдийг нэр зааж шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав өөрийн гараар бичсэн байна. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулж хуулийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Р нь хариуцагч Нт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, 171 м.кв талбайтай хувийн сууц, Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2020/01860 дугаар шүүгчийн захирамжаар Л.Баяртүрүүгээс 86 329 375 төгрөг гаргуулж Грийн Инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэр болон 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2018/06091 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 474 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлбөгч Л.Баяртүрүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20370255/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн үйл баримт тогтоогдсон. /хх 44-50/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Л.Баяртүрүү нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахаар тохиролцож, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч төлбөрийг төлөөгүй тул бусдыг залилан мэхэлсэн гэх гомдол цагдаагийн байгууллагад гаргасны дагуу Л.Баяртүрүүд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах... гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ... битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар худалдан борлуулах, албадан дуудлага худалдаанд оруулахгүй байхыг даалгах гэх шаардлагыг гаргасан байх бөгөөд бусдын өмчлөлд хууль бусаар эд хөрөнгийг шилжсэн байж болзошгүй асуудлаар маргаантай байгаа талаар тайлбарласан байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ эрх зөрчсөн үйлдэл хийхгүй байхыг даалгахаар шаардсан байхад шүүх хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай байна. Дээрх шаардлагыг тодруулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхийг тогтооход ач холбогдолтой.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсний улмаас төлбөр төлөгчийн бусад хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагаа явуулах боломжгүй болж, төлбөр авагчийн эрх ашиг хөндөгдөхөөр байна.

 

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/03344 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ