Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 655

 

Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гантулга,

ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа, тэдний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

хохирогч “Нет капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Ж.Гунгаа,

иргэний нэхэмжлэгч “Энт финанс” ХХК-ийн төлөөлөгч Г.Тэмүүжин,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны   2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт холбогдох 201526012570 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дууч овгийн Дангаагийн Бат-Оргил, 1985 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 10 дугаар байрны 51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:ФА85081219/,

2. Дууч овгийн Дангаагийн Эрдэнэзаяа, 1992 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 68 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФА92120753/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар инвестийн 22 дугаар байранд байрлах Худалдаа хөгжлийн банкны “Таван шар дахь 412” дугаар салбарын байранд орж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж тааз руу буудан бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 424.000.000 төгрөгийг дээрэмдэж, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

ялтан Д.Бат-Оргил нь “Энт финанс” ХХК-д өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын 63-97УБҮ улсын дугаартай автомашин, “Тоёота Ланд Крузер-105” загварын 92-92УБЗ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шилжүүлэн тус тус барьцаалж 22.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ мэдсээр байж давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар:

“Соната-6” загварын 63-97УБҮ улсын дугаартай автомашины “Гэрчилгээг гээгдүүлсэн” гэж шинээр гэрчилгээ гаргуулан авч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Нэт Капитал” ХХК-д 6.000.000 төгрөгөөр,

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 92-92УБЗ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-105” загварын автомашиныг 10.000.000 төгрөгөөр тус тус Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нэт Капитал Финаннс Корпораци ББСБ”-ын Баянгол салбарт барьцаалж, залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний буюу 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Бат-Оргилын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, Д.Эрдэнэзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Дууч овогт Дангаагийн Бат-Оргилыг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Дууч овогт Дангаагийн Эрдэнэзаяаг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Оргилыг 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэзаяаг 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Оргилд оногдуулсан 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Оргилын цагдан хоригдсон 253 хоног, Д.Эрдэнэзаяагийн цагдан хоригдсон 253 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 45-43УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины үнэ 6.200.000 төгрөгийг Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Оргилоос 16.000.000 төгрөгийг гаргуулан “Нэт капитал финанс корпораци” ББСБ-д, 22.000.000 төгрөгийг гаргуулан “Энт финанс” ХХК-д тус тус олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан МР-654К Саl 4.5 мм, Т14055618 үйлдвэрийн бичиглэлтэй хийн гар буу 1 ширхэг, бортоготой 13 ширхэг үрлэн сумтай магазин 1 ширхэг, жижиг хийн баллон 1 ширхэг, 4.5 мм-ийн 500 штук 3 “Borner” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг савтай үрлэн сум, бууны гол төмөр, гохны хэсэг бүхий дробинк бууны 2 тусдаа хэсэг, 4 ширхэг ногоон өнгийн дробинк бууны сумыг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлж, дробинк бууны шатсан сумны үлдэгдэл 1 ширхэг, дутуу шатсан модны үлдэгдэл 1 ширхэг, 3.5 х 2 см хэмжээтэй цагаан өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, хэлбэр дүрсгүй саарал өнгийн тугалга мэт жижиг хэсэг 23 ширхэг, хананд байсан кабель утасны дотор байсан хэлбэр дүрсгүй саарал өнгийн тугалга 1 ширхэг, буунд шинжилгээ хийхэд авсан арчдас зэргийг устгаж, 2 ширхэг DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 63-97УБҮ улсын дугаартай “Соната-6” загварын автомашин, 92-92УБЗ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-105” загварын автомашин, 45-43УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинуудыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Эрдэнэзаяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч өөрийн болчимгүй үйлдлээ ухамсарлан ойлгож, харамсаж байна. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн ах Д.Бат-Оргилын хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө авсан нь үнэн. Саатуулагдах үед өөрсдийн санал, санаачлагаар ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр хохирогч талд мөнгийг тоо хэмжээгээр бүрэн хүлээлгэж өгсөн. Саатуулагдахын өмнө өөрсдийн саналаар Цагдаагийн байгууллагад очих талаар ярилцаж гэм буруу алдаагаа ухаарч засахаар тохирсон байсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бидний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Энэ хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй, хохирогч талын төлөөлөгч гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн. Бусдын амь биед аюул осол, гэмтэл учруулах санаа зорилго огт байгаагүй. Хүч хэрэглэсэн, заналхийлсэн, бусдын биед халдсан зүйл огт байхгүй. Бид банкинд тийм их хэмжээний мөнгө байгаа талаар огт мэдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд хувийн байдлыг дутуу тодруулсан, анхан шатны шүүх ч хувийн байдлыг авч үзээгүй. Иймд шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, хохирогч та бүхэн миний болчимгүй үйлдлийг уучилж өршөөн, өнгөрсөн хугацаанд амьдарч хөдөлмөрлөж ирсэн зам мөрийг минь бодож үзэж залуу нас, хүсэл тэмүүлэл, цаашдын хүсэл зорилго зэргийг олон талаас нь бодолцон үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Миний ах Д.Бат-Оргилын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан үйлдэл нь санаатай залилангийн үйлдэл биш юм. Мөн Д.Бат-Оргил нь бусдын батлан даалтад гарсан нөхцөлд хохирол гомдлыг бүрэн барагдуулах боломжтой” гэв.

Ялтан Д.Бат-Оргил гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.Эрдэнэзаяагийн хамт Худалдаа хөгжлийн банкны 5 шар дахь салбараас мөнгө авсан бөгөөд уг гэмт үйлдэлдээ гэмшиж харамсаж байна. Бид банкинд тийм их хэмжээний мөнгө байна гэж огт бодоогүй ба хэрэг гарсаны дараа тэнд байсан мөнгийг тоолж үзээгүй буюу гар хүрэлгүй бүтэн байлгасан. Гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэл зүйн их дарамтанд байсан. Тайван байж чадахгүй байсан болохоор хэргээ хүлээх шийдэлд хүрээд байсан юм. Биднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэж байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байна. Учир нь анх банкнаас 424.000.000 төгрөг авсан нь үнэн боловч тухайн үед бусдын биед халдсан, гэмтээж шархдуулсан гэх мэт ноцтой довтолгоо хийгээгүй. Зөвхөн онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйлийг тусган баримталж онц хүнд гэмт хэрэгт хэт яллах байр сууринаас хандаж байна. Уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх боломжтой гэж итгэж байна. Надад давхар үүсгэгдээд байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заагдсан хэрэгт залилах мэхлэх санаа зорилго байгаагүй. Гэр бүлийн хэрүүл маргаанаас зайлсхийх зорилгоор авсан гэрчилгээг ашигласан зүйл юм. Бидний хувьд уг гэмт үйлдэлдээ харамсаж гэмшиж байгаа бөгөөд дахин нийгэмшиж шударгаар амьдрах итгэл сэтгэл дүүрэн байгаа боловч гэм хорыг арилгах боломж олгохгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хувийн байдалд хамаарах зүйлсийг дутуу бүрдүүлсэн, хэргийг шуурхай шийдвэрлэх гэж хэт улайрсан, хэт яллах байр сууринаас хандаж байна гэж үзэж байна. Бид гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа бөгөөд цагдан хоригдсон 9 сарын хугацаанд маш их зүйлийг бодож мэдэрч байна. Та бүхнийг хүнлэг, энэрэнгүй шударга мэргэн шийдвэр гарган хүсэл зорилго гэр бүлийн болон хувийн байдлыг минь харгалзан үзнэ гэж найдаж байна.” гэв.

Ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон хэргийн хувьд миний үйлчлүүлэгч нар болон өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хэдийгээр Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж хэлж байгаа боловч хохирлын хэмжээнд хэргийн зүйлчлэл явагдаж байгаа учраас зүйлчлэл дээр маргахгүй. Анхан шатын шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа ялыг ялгамжтай оногдуулах зарчимыг баримтлан Д.Эрдэнэзаяад 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Д.Бат-Оргилд 11 жилийн хорих ял оногдуулсан. Өнөөдрийн хувьд энэ 2 хүн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү. Д.Эрдэнэзаяагийн хувьд энэ хэрэгт ахынхаа ятгалгаар оролцсон ба буу барьж, хүмүүсийг айлгаад, буудаж хүнд байдалд оруулаагүй. Харин тухайн үед олсон мөнгийг шуудайлаад аваад гарсан. Энэ мөнгийг буцааж өгсөн. Тэгэхээр Д.Эрдэнэзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Хохирогч “Нет капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Ж.Гунгаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө гаргасан гомдлоо дэмжиж байна. Битүүмжилсэн эд хөрөнгөөс 16.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэх гомдол гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдааны хувьд ялтан нарын гаргасан давж заалдах гомдолд хохирлын талаар ямар нэг зүйл байхгүй учраас хэлэх зүйл байхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Энт финанс” ХХК-ийн төлөөлөгч Г.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Д.Бат-Оргил нь манай байгууллагатай фидуцын гэрээ байгуулж, хоёр автомашиныхаа өмчлөлийг шилжүүлж зээл авсан. Тухайн автомашинууд өнөөдрийн хувьд бодит үнэлгээгээ давсан тул хохирлоо барагдуулахын тулд автомашинуудыг зээлийн төлбөрийн үүргийн шаардлагыг хангуулахаар гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Прокурор Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн             284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын          13-ны өдрийн 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар инвестийн 22 дугаар байранд байрлах Худалдаа хөгжлийн банкны “Таван шар дахь 412” дугаар салбарын байр луу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор галт зэвсэг буюу гар хийцийн тайрсан буу, МР-654К загварын хийн гар буугаар зэвсэглэн довтолж Д.Бат-Оргил нь гар хийцийн буугаар байрны тааз руу буудан хохирогч Т.Дөлгөөн, Б.Хажидсүрэн, Д.Ням-Очир, П.Уранбаяр, Д.Мягмарцэрэн нар луу буу тулган “Дээрэмдэж байна, газар хэвт” гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн, энэ үед Д:Эрдэнэзаяа нь урьдчилан бэлтгэсэн “Дотоод ажилтай” гэх бичвэр бүхий цаасыг банкны гадна хаалганд наан банкны байр луу орж сейфэнд байсан бэлэн мөнгө 424.000.000 төгрөгийг уутлан дээрэмдэж, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Д.Бат-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би уг банкинд орж үйлчлүүлэхдээ хамгаалалт сул, төвөөс зайдуу, хүн бага ордог зэргийг нь ажиглачихаад өнгөрсөн юм. Тэгээд болчихмоор ч юм шиг санагдаад хэрэг гарахаас 2, 3 хоногийн өмнө өөрийн төрсөн дүү Д.Эрдэнэзаяад банкны салбарыг дээрэмдэх санаагаа хэлсэн… Би дүүгээ их ятгасны хүчинд зөвшөөрүүлсэн. Тэгээд би өөрийн “Тоёота Ланд Крузер-105” загварын 92-92УБЗ улсын дугаартай автомашинаа буцаагаад “Нэт Капитал Финанс”-д 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би фэйсбүүкийн “Оргил4402” гэх хаягаараа орж гар буу зарах зар хайсан юм. Зарын дагуу /нэрийг нь сайн санахгүй байна/ ямар ч байсан 9903-тай дугаартай хүн байсан ба Багануурт байдаг гээд нэг залуу “Аванте-ХТ” загварын саарал өнгийн 82-29 гэсэн улсын дугаартай машинтай хүнээр бууг явуулсан ба уг буу нь хоёр амтай, ангийн дробинк гэдэг буу байсан. Уг бууг 350.000 төгрөгөөр худалдаж авсан ба уг автомашины жолоочид мөнгийг буугаа авангуутаа жолоочид нь өгч явуулсан. Дробинк буугаа аваад гол төмөрнөөс ойролцоогоор 40 орчим см, мөрлөвч модноос 20-30 см-ийг тайрч авсан. Мөн өөрийн фэйсбүүк хаягаар хайж байгаад МП гээд тэгээд серийн дугаар бүхий гар бууг өөрийн дүү Д.Эрдэнэзаяаг явуулж авахуулсан юм. Гар бууг 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Дүү Д.Эрдэнэзаяа бид хоёр уг мөнгөөрөө 6.200.000 төгрөгөөр хамт явж “Да Хүрээ” захаас нэрийг нь мэдэхгүй нэг хүнээс 45-43УНӨ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашиныг худалдаж авсан юм. Мөн дээрэм болохоос хоёр өдрийн өмнө Хархорин захаас хар өнгийн ноосон маск 2 ширхэгийг худалдаж авсан. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 9 цагийн үед дээрэмдэхээр товолсон “BSB” дэлгүүрийн нэг давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны 5 шарын тооцооны төв рүү явсан юм. Бид хоёр 9 цаг өнгөрч байхад Худалдаа хөгжлийн банкны тооцооны төвийн гадаа байх хашааны хаалганы хажууд автомашинаа хойд зүгт харуулж хөдлөхөд бэлнээр байрлуулсан. Бид хоёр автомашинаа байрлуулаад 20-30 минут байж байгаад банк руу орцгоосон. Банк руу би эхэлж ороод Д.Эрдэнэзаяа ард хоцорч хаалгыг дотор талаас нь цоожилсон. Би дробинк бууг барьж үйлчилгээний заал руу орж тааз руу нэг удаа буудаж “Хэвт” гэж хэлсэн. Үүдэнд хамгаалагч сууж байсан ба хамгаалагч газар хэвтсэн, энэ үед дүү орж ирээд би зааланд буутайгаа зогсож байх үед дүү Д.Эрдэнэзаяа явж шилэн кабинуудын цаагуур тойрч онгорхой сейфнээс мөнгийг шуудайлсан. Би мөн хамгаалагчийн ширээн доор байсан процессорын утаснуудыг салгасан. Учир нь би дэлгүүр ажиллуулдаг байхад хяналтын камерын бичлэгүүд хамгаалагчийн компьютерт төвлөрдөг талаар мэддэг байсан юм. Дүү Д.Эрдэнэзаяа мөнгөө сейфнээс шуудайлаад үүрээд бид 2 банкнаас гарч автомашиндаа суухаар явсан ба автомашиндаа суух гээд явж байх үедээ би дүүгийн үүрч байсан шуудайтай мөнгийг авч дүү жолооны ард сууж бид хоёр хөдөлсөн. Бид хоёр автомашиныхаа урд талын дугаар дээр дугаараа харуулахгүй гэж алчуур тохоод явж байсан ба “Тесо” ХХК-ийн хашаанаас гараад удалгүй явж байгаад уг алчуураа бууж авсан. Тэгээд дээрэм үйлдэхэд өмсөж байсан хувцаснуудаа будаг шингэлэгч асгаж байгаад шатаасан. Будаг шингэлэгчийг дээрэм болохоос 2 хоногийн өмнө Нарантуул захын барилгын материалын дэлгүүрээс авчихсан байсан юм” гэх мэдүүлэг /хх2, х172-175/,

ялтан Д.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Бат-Оргил ах 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байрны лизинг төлөх байсан. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад “Банк дээрэмдэе” гэж ярилцсан. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 5, 6-ны орчим “BSB” дэлгүүртэй 5 шарын Худалдаа хөгжлийн банк руу Д.Бат-Оргил ах орж “Мост Моние” үйлчилгээг гар утсандаа идэвхжүүлнэ гээд орсон. Тэгээд гарч ирчихээд “Энэ банк мөнгөтэй юм байна. Энэ банкийг дээрэмдье” гэж ярилцсан. Тэгээд бид хоёр буу бас элбэг байдгаар нь “Тоёота Приус-20” загварын автомашин авья гэж ярилцаад интернэт зар үзэж байгаад “хийн гар буу зарна” гэсэн зараар би өөрийн “80948008” дугаарын утсаар яриад Замын цагдаагийн газрын хажуугийн Таван богдын хойно байрны дунд нэг залуутай уулзаад хийн гар буу 1000 ширхэг үрлэн сумтай хамт 650.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн интернэт зараар хайж байгаад 9513-тай сүүлийн дугаарыг нь санахгүй байна худалдаж авсан дугаараар “Буу зарна” гэсэн хүн рүү ярьж Амгалангийн тэнд таксигаар очиж буу худалдах хүнтэй уулзсан. Тэр хүн Багануураас таксигаар бууг авч ирүүлсэн. Тэр буу нь урт 2 амтай дробинк буу байсан. Энэ бууг 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Буугаа урт хар цүнхэнд хийгээд өдөр нь зах дээр очиж харсан “Тоёота Приус-20” загварын автомашинаа утсаар эзэнтэй нь ярьж багшийн дээдийн тэнд 6.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд автомашинаа унаад нисэхийн тийшээ хээр очиж дробинкны амыг нь төмрийн хөрөөгөөр хөрөөдөж тайрч богино болгосон. ...Тэгээд банк руу оръё гээд цувралдаад орсон. Банкны баруун талын хаалга нь онгорхой байсан. Д.Бат-Оргил ах түрүүлж орсон, дробинк авч орсон. Би хийн гар буутай байсан. Д.Бат-Оргил ах хаалгаар оронгуутаа “Дээрэмдэж байна” гээд шууд дээшээ тааз руу буудсан. Намайг араас нь ороход банкны хүмүүс бүгд хэвтчихсэн сейф нь онгорхой байхаар нь би очоод барьж явсан уутандаа мөнгөнүүдийг нь хийсэн. Бид хоёр автомашиндаа суугаад хөдлөөд хойд талаар нь явж “Тэсо” группын хашаагаар гарч 5-н шарын тойргоор Хар хорин зах руу эргэсэн. ...дробинк буугаа Барс-2 захын ард хогийн цэг дээр шатаасан” гэх мэдүүлэг /хх2, х187-193/,

хохирогч Т.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...9 цаг өнгөрч байхад гаднаас гэнэт биеийн тамирын хувцастай нүүрэндээ баг зүүсэн хоёр эрэгтэй хүн арын хаалгаар орж ирээд тухайн үеийн миний харсанаар хоёулаа гартаа буу барьчихсан дээрэмчин байна гээд нэг нь “гараа өргө” гэж хэлээд хамгаалагчийг босгоод нөгөөдөх нь цаанаас ирээд теллерийн кабин руу орж ирээд мөнгөтэй сейф рүү очоод дотор нь байсан мөнгийг цүнхлээд хоёулаа зэрэг гараад явсан. Танихгүй болохоор хэн нь юм бүү мэд түрүүлж орж ирсэн нь нэг удаа манай байрны тааз руу буудсан” гэх мэдүүлэг /хх4, х27-28/,

 хохирогч Б.Хажидсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай тооцооны төв онгойгоогүй байх үед цагийг нь одоо санахгүй байна гэнэт гартаа буу барьсан нүүрэндээ хар өнгийн баг зүүсэн нэг эрэгтэй хүн ороод ирчихсэн. Хамгаалагч Д.Ням-Очир руу буугаа чиглүүлчихсэн зогсож байсан. Тэгээд удаагүй нөгөө залуу шууд дээшээ тааз руу нэг удаа буудсан. Тэр үед манай дохиолол дугарсан чинь цаанаас дахин нэг гар буутай эрэгтэй хүн гэнэт хүрч ирээд теллерийн кабин дээгүүр гар буугаа чиглүүлэн теллер Т.Дөлгөөн бид хоёрыг булан руу шахсан. Тэр үед би бүүр шоконд орчихсон их сандарсан байсан ба нөгөө хоёр хүн мөнгө аваад гараад явсаны дараа гэнэт ухаан ороод юу болсон талаар балмагдаад мэдээгүй” гэх мэдүүлэг /хх4, х29-30/,

хохирогч Д.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тооцооны төвийн хяналтын камерийн бичлэгийг ухраагаад үзээд сууж байтал манай төвийн арын хаалга дугараад гадны хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь би үзэж байсан бичлэгээсээ гараад камерийг хэвийн байдалд нь оруулсан чинь гадны хоёр хүн орж ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би “банк онгойх болоогүй байна” гэж хэлээд очих гээд сандал дээрээсээ боссон чинь өөдөөс нүүрэндээ баг зүүсэн, гартаа буу барьсан нэг эрэгтэй хүн гарч ирээд надад “дээрэмдэж байна” гэж хэлээд над руу буугаа чиглүүлж харуулж бариад “гараа өргөөд доошоо суу” гэхээр нь би гараа өргөөд доошоо суугаад шууд тааз руу нэг удаа буудсан. Тэгтэл араас нь дахин нэг буутай залуу орж ирээд “дээрэмдэж байна” гэж хэлээд теллер дээр очих үед над руу буу чиглүүлсэн залуу нөгөө залуугийнхаа араас очсоноо удаагүй эргэж ирээд намайг “газар хэвт” гээд хэвтүүлээд цаашаа компьютер рүү очоод утсыг нь тасдаж аваад нөгөө залуу теллерийн кабин дотор орчихсон мөнгө шуудайнд хийж аваад хоёулаа зэрэг гараад явсан” гэх мэдүүлэг /хх4, х31-32/,

хохирогч Д.Мягмарцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн ширээний ард суугаад удаагүй 2-3 минут орчим болж байхад эхэндээ мэдээгүй, сүүлд салбарын хойд хаалгаар орж ирсэн юм байна лээ байран дотор эхлээд нэг эрэгтэй хүн ороод ирчихсэн “дээрэм хийж байна” гэж хэлэхийг би сонсоод юу болоод байна аа гээд дээшээ босоод харсан чинь хамгаалагч Д.Ням-Очирт буу тулгачихсан зогсож байсан. Энэ үед Д.Ням-Очир “Тайван байгаарай” гэж хэлсэн чинь нөгөө хүн шууд тааз руу буудсан. Тэр үед чих шуугиад явчихсан. Араас нь хоёр дахь эрэгтэй хүн болох гар буу барьсан хүн орж ирээд “доошоо” гэж орилоод байхаар нь би ширээн доогуураа ороод хажуу тийшээ юу болоод байгааг ажиглаад хартал теллер Т.Дөлгөөн, Б.Хажидсүрэн хоёрыг гар буу барьсан хүн буу тулгаад сейфний цаад тал руу буюу ахлах теллерийн ширээний зүг рүү аваачаад өөрөө мөнгө хийдэг голын их сейф рүү очоод бэлтгэж ирсэн уутандаа мөнгөө хийгээд аваад гарсан” гэх мэдүүлэг /хх4, х33-34/,

хохирогч П.Уранбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гэнэт нэг буутай хүн ороод ирчихсэн “дээрэм хийж байна” гэж орилсон дуу гарсан. Би тэр дууг сонсоод хаалганы завсраар харсан чинь хамгаалагч маань хоёр гараа өргөөд зогсчихсон байдалтай байсан. Удаагүй шууд буун дуу дугарахаар нь би балмагдаад тэр өрөөнөөс гаралгүй шууд чихээ дараад доошоо суусан. Миний сонссоноор “доошоо доошоо” гэх мэтээр орилоод “дээрэм хийж байна” гээд хашгираад байсан. Тухайн үед манай банкны дохиолол дугарч байсан болохоор сайн дууг нь сонсож чадаагүй. Тэгээд нөгөө хүмүүсийг гараад явсаны дараа нь би хувцас солих өрөөнөөс гараад хартал хамгаалагч маань ганцаараа зогсож байсан ба нөгөө хэд маань байгаагүй. Ширээн доогуураа орсон байсан” гэх мэдүүлэг /хх4, х35-36/,

хохирогч Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн орчимд Худалдаа хөгжлийн банкны 5 шар дахь 412 дугаар салбарт дээрмийн гэмт халдлага болсон. Уг хэргийн улмаас манай банкинд 424.000.000 төгрөгийн хохирол учирсан. ...Хэрэг гарсан өдрийн орой манай 5 шар тооцооны төвийн захирал Мөнхцэцэг, үйл ажиллагааны ахлах ажилтан Цэрэнпагма, ахлах теллер Мягмаржав нар касс дутагдлын акт үйлдэхэд гэмт хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр 612.890.897 төгрөг тоологдсон байдаг. Тэгээд гэмт хэрэг гарсны дараа энэхүү тооцоог хийхэд үлдэгдэл нь 188.890.897 төгрөг үлдсэн байсан. Үүнээс зөрүү мөнгө 424.000.000 төгрөг болж энэхүү мөнгө алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх1, х88-91/,

гэрч Д.Алтантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би цонх руу хараад ширээний цаана сууж цонхоор харж байтал цагаан саарал юүдэнтэй цамцтай эрэгтэй хүн том цагаан шуудайтай юм барьчихсан /амыг нь гараараа хуйлсан байдалтай/ уг “BSB” төвийн байрны хойд талын хашааны том хаалгаар гүйж гарч ирээд дээрх хаалганы баруун талын манаачийн байрны хойд талын манаачийн байр руу ар хэсгээрээ тулгаж тавьсан мөнгөлөг өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашины жолооч талын арын хаалгаар орж суухад автомашин хөдөлж зүүн гар буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргэж явсан. Тэр автомашины урд улсын дугаарыг нилээн том бордуу өнгийн шуудай ч юм уу даавуугаар бүтээчихсэн, уг даавуу нь доод хэсгээрээ бараг газарт хүрэхээр урт байхад нь би анх ялаа, шумуулны машины тор юм уу гэж харсан юм. Тэгээд Энхболд, Туул бид 3 хоорондоо “...энэ одоо хулгай хийж байгаа юм шиг юун сүртэй гүйж ирдэг юм, хүний юм хулгайлаад байна уу” гэж тэр хоёрт хэлсэн” гэх мэдүүлэг /хх1, х194-196/,

гэрч Г.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед намайг гэртээ байж байхад П.Уранбаяр борлуулалтын менежер утсаар яриад “банк дээрэмдүүлчихлээ” гэсэн. Би эхэндээ итгээгүй, тэгээд би ажил дээрээ ирэхэд цагдаа нар оруулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх1, х206-208/,

гэрч Ш.Булгаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг ажил дээрээ ирэхэд теллер Т.Дөлгөөн, Б.Хажидсүрэн, хамгаалагч Д.Ням-Очир нар л байсан. Би ажил дээрээ ирээд гадуур хувцасаа солиод ажлынхаа хувцасыг өмсөөд теллерийн кабиндаа орж ирээд гар утасны цэнэг дууссан байсан болохоор гар утсаа цэнэглээд ойр зуурын ажил хийгээд байж байтал хэн нэгэн “газар хэвт” гээд орилох чимээ гарч /буун дуу гэж бодож байна/ хүчтэй буудах чимээ гарсан. Тухайн үед би их айж, доош суугаад тайвшираад байж байтал бараг 2 минутын дараа нөгөө дээрэм хийж байсан хүмүүс яваад өгсөн. Хүмүүс бүгд сандарсан байдалтай байсан ба хэн нэг нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх1, х209-214/,

гэрч З.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний урд талын хашааны хаалгаар урд талын дугаараа шар өнгийн даавуу шиг зүйлээр халхалсан саарал өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашин орж ирээд миний зогсож байсан зүүн талын хаалгаар гараад урагшаа Геологийн лабартор руу эргээд явсан” гэх мэдүүлэг /хх1, х225-226/,

гэрч Ц.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...доошоо уруудаад хотын төвийн чиглэлд явж байхад “TESO” ХХК-ийн хашаанаас урд талынхаа улсын дугаарын өмнүүр цайвар өнгийн даавуу унжуулаад хаачихсан, арын улсын дугаар нь цас болоод харагдахгүй мөнгөлөг өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашин нилээд хурдтай миний өмнүүр туслах замаас орж ирэнгүүтээ доошоо уруудсан. Би тухайн үед дугаар нь явдаггүй өдөр болоод номероо хаачихсан юм байна гэж бодсон бөгөөд тэр автомашин МАХН-ын хойхно зам дээр зогсоод жолоочийн талаас буюу баруун урд талаас нь цэнхэр өнгийн куртиктэй, ойролцоогоор 160-165 см орчим өндөр, жижиг халимаг үстэй, 25-30 орчим насны залуу бууж ирээд автомашиныхаа урдуур тойрсон. Би тэр залуугийн царайг харж чадаагүй бөгөөд хажуугаар нь гүйцэж түрүүлээд явсан” гэх мэдүүлэг /хх1, х227-228/,

гэрч Б.Хадхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үл таних хүнд зарсан. Тэр хүнийг хэн гэдэг байлаа даа 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин уулзаж тэр хүний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирч 6.200.000 төгрөгөөр зарсан. Уг автомашиныг худалдаж авсан хүн 30 гаран насны 170-175 см өндөр нуруутай, туранхайдуу хүн байсан. Тэрээр цэнхэр өнгийн куртиктай, бусад хувцасыг нь санахгүй байна. Худалдаж авсан хүнтэй цуг арай намхан нуруутай, бордуу царайтай ойролцоо насны хүн явж байсан” гэх мэдүүлэг /хх2, х16-18/,

гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд удаагүй байтал цэргийн десант юм шиг хувцастай залуу ирээд автомашинаа үзээд авахаар болоод надад 6.200.000 төгрөг бэлнээр өгөөд 1 дэх өдөр нэрээ шилжүүлэхээр болоод тэр залуу автомашинаа аваад явсан. Тэрнээс хойш маргааш нь 13 цагийн үед Б.Хадхүү рүү залгаад автомашины смарт нь ажиллахгүй байна янзлуулах гэсэн чинь 80.000 төгрөг гэж байна чи 50.000 төгрөгийг нь өгөөрэй би 30.000 төгрөгийг нь өгье тэгээд нэрээ шилжүүлэхдээ тэр мөнгөө өгөөрэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд түүнээс хойш ямар нэгэн байдлаар холбоо бариагүй байна” гэх мэдүүлэг /хх2, х19-21/,

гэрч Ч.Цэрэнбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2015 оны хавар н.Баярхүү гэдэг хүнээс өрөөндөө нэг ширхэг Дробинк гэдэг шувууны буу авсан юм. Тэгээд тэр буугаа хадгалж байгаад 2015 оны 12 дугаар сарын 10-нд би Фэйсбүүк үзээд байж байтал “Мөнхмандах Гансүх” гэсэн хаягнаас “хямдхан Дробинк буу авна” гэсэн зар байсан. Тэгээд би тэр хүнтэй 99609220 дугаарын утсаар холбогдоход тэр хүн “хөдөө хотонд дуугаргах буу хэрэгтэй байна хэдэд зарах юм” гэж асуусан. Тэгэхээр нь “би бичиг баримтгүй буу та нар өөрсдөө бичиг баримтаа зохицуулаад авна гэвэл би хямд өгнө” гэж хэлсэн. Тэгээд би 400.000 төгрөгөөр зарна гэж хэлтэл “арай үнэтэй байна цаашаа бичиг баримт хөөцөлдөхөөр их мөнгө орно” гэсэн. Тэгээд бид хоёр 350.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд тэр залуу “хөдөө явах унаа нь явах гээд байна та яаралтай явуулаадхаач” гэсэн. Тэгээд би буугаа Багануураас Улаанбаатарын чиглэлд явдаг таксинд өгөөд явуулаад мөнгөө буцаагаад таксины жолоочид өгч явуулахаар тохирсон” гэх мэдүүлэг /хх2, х22-23/,

гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр би Багануураас Улаанбаатар руу ирсэн. Тэгээд намайг 16 цагийн үед хөдлөх гэж байхад 30 орчим насны намхан шар залуу ирээд 40 орчим см урттай бордуу өнгийн зүйлээр боогоод гадуур маш сайн скочдсон эд зүйл өгөөд Улаанбаатарт нэг хүнд өгөөд эргүүлээд 350.000 төгрөг аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би 19 цагийн үед Улаанбаатарт орж ирээд байж байтал тэр ачааг авах хүнд маш олон удаа залгасан. Тэгээд би Амгалангийн автовокзалын үүдэнд ирж ачаагаа ав гэж хэлсэн. Тэгээд 19 цаг өнгөрөөгөөд 27 орчим насны намхан нуруутай залуу ирж аваад надад 350.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх2, х24-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд 1 дэх хуудсанд 1, 2, 3, 5 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр, 2 дахь хуудсанд 6 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр, 3 дахь хуудсанд 7 гэж дугаарласан 8 ширхэг гарын мөр, 4 дэх хуудсанд 8 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр, 5 дахь хуудсанд 9 гэж дугаарласан 14 ширхэг гарын мөр, 6 дахь хуудсанд 10, 11 гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр, 7 дахь хуудсанд 12, 13 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр, 8 дахь хуудсанд 15 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр, 9 дэх хуудсанд 17 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр, 11 дэх хуудсанд 19 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нийт 41 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээний шаардлага хангах 10 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN0000CXД02978 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Тэгшбаяр овогтой Дөлгөөний баруун гарын алганы хээ дунд хуруу, ядам хурууны хээтэй болон зүүн гарын долоовор, дунд, ядам хурууны хээтэй, 3 ширхэг гарын мөр нь MN0000СХД02986 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Даваасамбуу овогтой Ням-Очирын баруун гарын эрхий болон зүүн гарын долоовор хурууны хээтэй, 1 ширхэг гарын мөр нь MN0000СХД02981 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Цэрэнханд овогтой Мягмаржавын баруун гарын дунд хурууны хээтэй тохирсон. Бусад гарын мөрүүд Дангаа овогтой Эрдэнэзаяа, Даваацэрэн овогтой Мягмарцэрэн, Ганбаа овогтой Цэрэнпагма, Ганхүү овогтой Уянга, Баатарцогт овогтой Хажидсүрэн, Пүрэвхүү овогтой Уранбаяр, Шийрэвдорж овогтой Тулгаа нарын гарын хээний дардсуудтай тохирохгүй. Даваасамбуу овогтой Ням-Очирын гарын хээний дардас MN000310014229 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. Дангаа овогтой Бат-Оргилын гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. Дангаа овогтой Эрдэнэзаяагийн гарын хээний дардас 2013-026-ДАР гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дархан сум 15 дугаар баг 19 дүгээр байр Анар дэлгүүрт хулгай орсон хэргийн 1 ширхэг мөртэй тохирч байна. Цэрэнханд овогтой Мягмаржавын гарын хээний дардас 2009-8637-ЧУД гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн 2009 оны 1 дүгээр сарын 22-нд ЧД 1 дүгээр хороо 34-501 тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн 1 ширхэг гарын мөртэй тохирч байна” гэх 85 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х27-30/,

“...Шинжилгээнд ирүүлсэн KKD 7408V загварын S/N: 20130300005657 серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9 цагаас 10 цаг 30 минутын хоорондох бичлэг хадгалагдаж байна. Шинжилгээнд ирүүлсэн KKD 7408V загварын төхөөрөмжийн системийн цаг нь Улаанбаатарын цагаас 00:03:00 минутаар түрүүлж байна. Шинжилгээнд ирүүлсэн KKD 7408V загварын төхөөрөмжийн CAM01 гэсэн дугаартай камерт дүрслэгдсэн Тоёота Приус NHW-20 загварын автомашин нь: 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20:06:22 секундэд Тоёота Приус автомашин дэлгэцийн зүүн хойд хэсгээс ирж зам дээр зогсож байна. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20:06:22 секундэд автомашин ухрах хөдөлгөөн хийгээд зогсоолд зогсож байна. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07:54:09 секунд бичлэгийн гэрэлтүүлэг нэмэгдэж автомашины дүрс тодорч байна. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:43:39 секундэд автомашины баруун урд талын хаалга нээгдээд хаагдаж байна. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9:51:59 секундэд автомашины баруун урд талаас цайвар өнгийн хүрэм, бараан өнгийн өмдтэй хүн бууж 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:52:12 секундэд буцаж сууж байна. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:55:33 секундэд автомашины баруун урд талаас цайвар өнгийн хүрэм, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:56:15 секундэд бараан өнгийн өмдтэй хүн, зүүн урд талаас бараан өнгийн хувцастай хүн бууж дэлгэцийн зүүн хэсэг рүү явж байна. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:59:46 секундэд бараан өнгийн хувцастай хүн автомашины баруун урд тал, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:59:50 секундэд баруун хойд хаалгаар хүн сууж 10:00:00 секундэд автомашин дэлгэцийн зүүн хойд хэсэг рүү явж байгаа хөдөлгөөнүүд дүрслэгдсэн байна. Дээрх хугацаанаас 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20:06:22-оос 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07:54:09 секундийн хооронд дүрслэгдсэн дүрс бичлэгээс тээврийн хэрэгсэлд бууж, сууж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн KKD 7408V загварын төхөөрөмжийн CAM01 гэсэн дугаартай камерт дүрслэгдсэн Тоёота Приус NHW-20 загварын автомашин нь мөнгөлөг саарал өнгөтэй, зүүн талын их гэрэл асдаггүй, автомашины дугаарын хэсгийг халхалсан зэрэг онцлог шинжүүдтэй автомашин байна. Шинжилгээнд ирүүлсэн KKD 7408V загварын төхөөрөмж бичигдсэн автомашины 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20:06:22 секундэд ирснээс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10:00:00 секундэд явах хүртэлх хугацааны дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн авч DVD дискэнд бичиж хавсаргав” гэх 6203 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х94-95/,

“...Шинжилгээнд ирүүлсэн компьютерийн процессорт хадгалагдаж байгаа дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Дүрс бичлэгийн цагаар 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9 цагаас 10 цаг 30 минутын хооронд бичигдсэн дүрс бичлэг хадгалагдаж байна. Дүрс бичлэгийн цагаар 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9 цагаас 10 цаг 30 минутын хооронд бичигдсэн дүрс бичлэгийг Сиди дискэнд хуулбарлав. Дүрс бичлэгийн цагаар 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:54:45 минутаас 09:55:08 минутын хооронд дүрс бичлэгт дүрслэгдсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн дүрс өмнөх өдрүүдийн камерын бичлэгт дүрслэгдсэн эсэхийг биеийн хөдөлгөөний онцлог шинж тэмдгээр тогтоох боломжгүй байна” гэх 391 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х105-106/,

“...Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг хуванцар, 22 ширхэг металл нь адилтгалын шинжилгээний тоо шаардлагыг хангахгүй байна. Адилтгалын шинжилгээний тоо шаардлагыг хангахгүй учир уг асуултанд хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хуванцар материалаар хийсэн зүйл нь 16х70 мм калибртай сумны хонгио дотор байрлах тусгаарлагч жийрэг байна. Шинжилгээнд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 16х70 мм калибртай 6 ширхэг сум ирүүлсэн байна. Эдгээр сумнууд нь 16-ийн калибртай буунуудад таарч тохирон буудлага үйлдэгдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн металлаар хийгдсэн зүйл нь 16х70 мм калибртай сумны хонгионы суурь байна. Уг сумны хонгионы суурьны малгай хэсэгт байрлах бялтанд хонхойрсон дугуй хэлбэртэй мөр байна. Шинжилгээнд ирүүлсэн хос гол төмөр болон замаг, цохих буулгах механизм нь нэг галт зэвсгийнх. Энэ нь гар хийцийн галт зэвсэг байна. Шилжиж буй галт зэвсгийн гол төмөр 61588, замаг 61588-50 дугаартай. Шинжилж буй буу нь галт зэвсэг мөн. Уг галт зэвсгийг гол төмрийг урд хэсгээр нь тайрсан бөгөөд танхайрсан үеийн хугацааг тогтоох боломжгүй. Шинжилж буй сумны хонгионы суурь нь шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгээр буудагдсан. Шинжилж буй гар хийцийн галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хонгио нь ШШҮХ-ийн галт зэвсгийн лабораторит хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хонгионуудтай тохирохгүй байна” гэх 654 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х116-117/,

“...Шинжилгээнд ирүүлсэн хоёр хошуу бүхий бууны хэсгээр буудлага үйлдэгдсэн байна. Харин хэзээ хамгийн сүүлд буудлага үйлдсэнийг тогтоох боломжгүй” гэх 862 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х124/,

“...Шинжилгээнд ирүүлсэн хийн гар буу нь галт зэвсэг биш. Шинжилгээнд ОХУ-д спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн МР-654К загварын хийн гар буу ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хийн гар буугаар шидэгдсэн үрэл нь хүний биеийн ил хэсгүүдэд ойрын зайнаас өвдөлт болон нүд зэргийг гэмтээж болно” гэх 653 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х130/,

“...Д.Эрдэнэзаяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Эрдэнэзаяа нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Д.Эрдэнэзаяа нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын 52 тоот дүгнэлт /хх2, х139-140/,

“...Д.Бат-Оргил нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Бат-Оргил нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Д.Бат-Оргил нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын 103 тоот дүгнэлт /хх2, х147/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х5-9, х44-45, х64-65/,

Хэрэг учралын газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х10-22, х46-48, х66-68/,

Хэсэгчилсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х24-25/,

Хэсэгчилсэн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х27-31/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх1, х32-33/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх1, х35-38/,

Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х39-41/,

Хүний бие болон эд зүйл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х43/,

Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх1, х49/,

Автомашинд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х51-54/

Автомашинаас хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х55-56/,

Автомашинаас хураагдсан эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х58-63/,

Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх1, х50, х57/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х69/,

Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх1, х71-72/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх1, х70/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх3, х93/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх3, х94/,

Эд хөрөнгө битүүмжилсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх3, х95/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Мөн ялтан Д.Бат-Оргил нь 2015 оны 10 дугаар сард “Энт финанс” ХХК-д өөрийн эзэмшлийн 63-97УБҮ улсын дугаартай “Соната-6” загварын, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-105” загварын хоёр автомашиныг “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулан уг тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлэн тус тус барьцаалж 22.000.000 төгрөг зээлж авсан атлаа мэдсээр байж давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар:

“Соната-6” загварын 63-97УБҮ улсын дугаартай автомашины гэрчилгээг “Гээгдүүлсэн” шалтгаанаар дахин шинээр гаргуулан авч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Нэт Капитал Финанс Корпораци ББСБ” ХХК-д 6.000.000 төгрөгөөр,

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 92-92УБЗ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-105” загварын автомашиныг 10.000.000 төгрөгөөр тус тус Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нэт Капитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн Баянгол салбарт барьцаалан зээлж байгаа нэрийдлээр нийт 16.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Д.Бат-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би энхэртээ хэлэлгүйгээр 2 автомашиныг “Энд финанс” ХХК руу шилжүүлчихсэн. Тэгээд автомашинаа яасан гээд асуугаад байж магадгүй гэж бодоод хуучин гэрчилгээг нь авч үлдсэн байсан. “Энт финанс” ХХК-д шилжүүлэхдээ гэрчилгээгээ хаясан гэж хэлээд нэг гэрчилгээнд 28.000 төгрөг тушаагаад дахиж авсан байсан. Би хүчингүй гэрчилгээ гэдгийг мэдсээр байж “Нэт Капитал Финанс” ББСБ-д автомашинаа барьцаалсан. Ямар ч байсан барьцаанд авчихсан” гэх мэдүүлэг /хх2, х179-183/,

“Нэт Капитал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Бат-Оргил ирээд “Соната-6” загварын автомашинаа байрлуулаад 6.000.000 төгрөгийн зээл аваад, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Тоёота Ланд Крузер-105” загварын автомашинаа ахиад байрлуулаад 10.000.000 төгрөгийн зээл гаргаж аваад явсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед цагдаагийн газраас над руу утсаар яриад “Д.Бат-Оргилын 99343842 гэсэн дугаарыг мэдэх үү” гэж асуугаад надтай ирж уулзахаар нь “Д.Бат-Оргил гэж хүн байгаа манайхаас зээлсэн” гэсэн. Тэгсэн Д.Бат-Оргил дүүтэйгээ нийлээд Худалдаа хөгжлийн банк зэвсэглэж дээрэмдсэн талаар мэдсэн. Ингээд бид нар автомашинуудыг дугаараар нь лавлагаа авахад “Энт финанс” ХХК-д уг хоёр автомашинуудыг унаж явахаар 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2015 оны 10 дугаар сард бас барьцаанд тавьсан байсан. Бид нарын ойлгож байгаагаар дахин гэрчилгээ гаргаад бид нарыг төөрөгдөлд оруулаад байрлуулахаар зээл авсан байсан” гэх мэдүүлэг /хх1, х143-144, хх2, х14-15/,

“Нэт Капитал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Бат-Оргил нь манай компаниас нийт 2 удаа зээл авсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Соната-6” загварын 63-97 УБҮ улсын дугаартай хар өнгийн автомашиныг Баянгол салбарт барьцаалж 6.000.000 төгрөгийн зээл авсан. Сарын 3.9 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар хийгдсэн. 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Тоёота Ланд Крузер-105” загварын 92-92 УБЗ улсын дугаартай хар өнгийн автомашиныг Баянгол салбарт барьцаалж 10.000.000 төгрөгийн зээлийг 3.9 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр дуусна. Тухайн үед Д.Бат-Оргил нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг дахин үйлдэж барьцаанд тавьж манай байгууллагад хохирол учруулж залилан мэхэлсэн гэж үзэж гомдол гаргаж байна” гэх мэдүүлэг /хх1, х163-168/,

гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ГД-005 дугаартай фидуцийн гэрээ байгуулж 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Энт финанс” ХХК-ны эзэмшилд шилжүүлж 16.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 7 хувийн хүүтэй Д.Бат-Оргил зээлж авсан. Үүнээс хойш Д.Бат-Оргил ирж уулзаад “Соната-6” загварын 63-97 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавья гэж хэлсэн. Тэгээд 6.000.000 төгрөг зээлье гэхээр нь урьд нь нэг автомашинаа тавьсан гайгүй байх гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл шилжүүлэх албан бичгийг авсан. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г-090 дугаартай фидуцийн гэрээг нэг сарын 7 хувийн хүүтэй нэг сарын хугацаагаар 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед “Соната-6” загварын 63-97 УБҮ улсын дугаартай автомашиныг “Энт финанс” ХХК-ны эзэмшилд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх1, х191-193/,

Д.Бат-Оргил, “Нэт Капитал” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хх1, х132-133, х136-137/,

Д.Бат-Оргил, “Нэт Капитал” ХХК нарын хооронд байгуулсан фидуцийн гэрээ /хх1, х134-135, х138/,

Д.Бат-Оргил, “Энт финанс” ХХК нарын хооронд байгуулсан фидуциар хангагдсан зээлийн гэрээ /хх1, х178-180, х183-185/,

Тээврийн хэрэгсэлийн лавлагаа “Соната-6” /хх1, х156/,

Тээврийн хэрэгсэлийн лавлагаа “Тоёота Ланд Крузер-105” /хх1, х158/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх3, х89-90/,

Эд хөрөнгө битүүмжилсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх3, х91-92/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Шинжлэн судалсан дээрх баримтуудаар ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь Худалдаа хөгжлийн банкны 412 дугаар салбар луу довтолж мөнгө дээрэмдэх санаа зорилгоо урьчилан ярилцаж, тохиромжтой цагийг судлан, гэмт хэрэг үйлдэхээс өмнө бусдаас галт зэвсэг, хийн гар буу, автомашин, малгай хувцас, гэмт хэргийн ул мөрийг баллах будаг шингэлэгч, төмрийн хөрөө, мөнгө хийх шуудай зэргийг худалдан авч, галт зэвсгийг төмрийн хөрөөгөөр тайрч, буудах дасгал хийх зэргээр тусгайлан бэлтгэсэн, гэмт хэрэг үйлдэхийн урьд өдөр нь банкны байрны ойролцоо “Тоёота Приус-20” загварын       45-43УНӨ улсын дугаартай автомашиныг байруулан уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг даавуугаар ороон далдлан нууж, бусдад танигдахгүйн тулд нүүр далдалсан тусгай малгай хувцас өмсөн банк руу орсон, “Дотоод ажилтай” гэсэн бичвэр бүхий цаасыг байрны гадна талд наасан, банкны хяналтын камерын утаснуудыг тасдаж тусгайлан бэлтгэсэн уутанд бэлэн мөнгийг хийж авч гаран автомашинаар зугтаасан, үүний дараа гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн галт зэвсэг, хувцас зэргээ шатаан устгасан зэрэг үйлдлүүдээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасан “Урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” шинжийг бүрэн агуулсан байхад прокуророос тэдний үйлдлийг “бүлэглэсэн” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх мөн энэ байдлаар дүгнэж тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана“ гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтээс хальж, ялтнуудын эрх зүйн байдлыг хүндрүүлэн дүгнэлт хийх боломжгүй хэдий ч бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн “бүлэглэн болон урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж хоёулаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тусгагдсан учир ялтнуудын хувьд “энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэх онц хүндрүүлэх шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн дүгнэлтэд ноцтой нөлөөлөхгүй, зүйлчлэл өөрчлөгдөхгүй юм.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзсан улсын яллагчийн санал болгосон хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүх ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоол гаргахдаа шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хуулийн агуулгаас нь өөрөөр буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Үүнд:

 

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “…гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл…-ийг заавал хураана” гэж заасан бөгөөд ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар банк дээрэмдэхдээ 45-43УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг урьдчилан бусдаас 6.200.000 төгрөгөөр худалдан авч, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нь тогтоогдсон, уг автомашиныг мөрдөн байцаалтын шатанд битүүмжилж тогтоолыг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн буюу тээврийн хэрэгсэл нь биет байдлаараа байсаар атал анхан шатны шүүх автомашины үнэ 6.200.000 төгрөгийг ялтан       Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нараас гаргуулж, харин тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Ялтан Д.Бат-Оргил нь “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийг залилж “Автомашинаа барьцаалж зээлж байгаа” нэрийдлээр давтан үйлдлээр 16.000.000 төгрөгийн хохирол учруулахаас өмнө өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд Крузер-105”, “Соната-6” загварын автомашинуудаа “Энт финанс” ХХК-д Фидуциар хангагдах зээлийн гэрээ байгуулан тээврийн хэрэгслийн өмчлөлийг тус байгууллагад шилжүүлэн, 22.000.000 төгрөгийг зээлж авсан баримт хэрэгт авагдсан байна.

 

Ийнхүү хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн 22.000.000 төгрөг төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн эд хөрөнгийг шилжүүлэх гэрээг бичгээр хийсэн нь хууль зөрчөөгүй, уг автомашинууд нь одоог хүртэл “Энт финанс” ХХК-ийн өмчлөлд байгаа ажээ.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасны дагуу Д.Бат-Оргилтой байгуулсан хэлцлийн үндсэн дээр “Тоёота Ланд Крузер-105”, “Соната-6” загварын автомашинуудын өмчлөл нь түүнийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө “Энт финанс” ХХК-д нэгэнт шилжсэн байхад уг тээврийн хэрэгслүүдийг хохиролд тооцуулах, зээлийн гэрээний үүргийн дагуу 22.000.000 төгрөгийг Д.Бат-Оргилоос гаргуулан “Энт финанс” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй болжээ.  

 

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглсэн тээврийн хэрэгсэл болох “Тоёота Приус-20” загварын 45-43УНӨ улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлого болгох, тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, харин мөрдөн байцаалтын шатанд дээрх гурван ширхэг автомашинуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг /хэргийн 3 дугаар хавтасны 80-95 дахь тал/ цаашид хэрэглэх шаардлагагүй болсон үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй болгосон заалт нэмж тусгахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцож үйлдсэн дээрмийн гэмт хэргийн улмаас бусдад 424.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан байх бөгөөд энэ үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн тул тэдний гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 45-43УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг хурааж улсын орлого болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...22.000.000 төгрөгийг гаргуулан “ЭНТ финанс ХХК-д…” гэснийг болон тогтоох хэсгийн 9 дэх заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 45-43УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын, 92-92УБЗ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-105” загварын, 63-97УБҮ улсын дугаартай “Соната-6” загварын автомашинуудыг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай” гэж нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            Ц.ОЧ