Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 314

 

Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаа, түүний өмгөөлөгч О.Батжаргал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 655 дугаар магадлалтай, 201526012570 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаагийн гомдлоор хянан хэлэлцэв. 

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дууч овогт Дангаагийн Бат-Оргил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, хуурч мэхлэн аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Дууч овогт Дангаагийн Эрдэнэзаяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Бат-Оргилыг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмээний  хохирол учруулсан, Д.Эрдэнэзаяаг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Бат-Оргилыг 500,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэзаяаг 300,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 45-43 УНӨ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн автомашины үнэ 6,200,000 төгрөгийг Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Оргилоос 16,000,000 төгрөгийг гаргуулан “Нэт капитал финанс корпораци” ББСБ-д, 22,000,000 төгрөгийг гаргуулан “ЭНТ финанс” ХХК-д олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 63-97 УБҮ улсын дугаартай “Соната-6” маркийн авто машин, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-105” маркийн автомашин, 45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинуудыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 заалтын шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 45-43 УНӨ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн автомашины үнэ 6,200,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсныг 45-43 УНӨ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн автомашиныг хурааж улсын орлогод оруулахаар өөрчилж, 7 дахь заалтын “...22,000,000 төгрөгийг гаргуулан “ЭНТ финанс” ХХК-д олгосугай...” гэснийг болон “Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 63-97 УБҮ улсын дугаартай, “Соната-6” маркийн автомашин, 92-92 УБЗ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер-105” маркийн автомашин, 45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинуудыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй” гэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 63-97 УБҮ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашин, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-105” маркийн автомашин, 45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинуудыг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч О.Батжаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашины үнэ 6,200,000 төгрөгийг Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Оргилоос 16,000,000 төгрөг гаргуулан “Нэткапитал финанс корпораци” ББСБ-д олгож, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 63-97 УБҮ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашин, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-105” маркийн автомашин, 45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинуудыг хохирогч болон ирэний нэхэмжлэгчийн хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашиныг улсын орлого болгож, “Энт финанс” ХХК-д холбогдох хэсэг болон 9 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, мөн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосон заалт нэмж оруулсан нь хохирогч “Нэткапитал финанс корпораци” ХХК-ийн эрхийг дордуулсан, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйл /эд хөрөнгө хураах/-ийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 01 дүгээр тогтоолын 5-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ” гэдэгт гэм буруутай этгээд нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэх явцдаа хууль бусаар олж авсан эд юмс, тэдгээрийн зах зээлийн үнэлгээг ойлгоно” гэж тайлбарлсан байна.

Шүүгдэгч Д.Бат-Оргил нь манай ББСБ-ыг хуурч мэхлэн 16,000,000 төгрөг авч улмаар авсан мөнгөөрөө “Тоёота приус-20” маркийн автомашин худалдан авсан талаараа мэдүүлсэн байдаг бөгөөд энэхүү тээврийн хэрэгслийн үнэд 6,200,000 төгрөг төлсөн гэдэг боловч эзэмших эрхийг шилжүүлэн авч тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг юм. Анхан шатны шүүх хэргийн энэ үйл баримтад зөв дүгнэлт хийж, хохирогч манай байгууллагын хохиролд тооцуулахаар 45-43 УНӨ улсын дугаартай автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн талаар Улсын Дээд шүүхийн “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, техник болон бусад хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг үнэ, төлбөргүйгээр улсын орлого болгох буюу уг зэвсэг, хэрэгслийн онцлогийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн устгана” гэсэн тайлбарт нийцүүлсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байсан юм.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх “Гэм буруутай этгээд нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байсан эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэх явцдаа олж авсан, зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдсон бол тэдгээрийг хурааж, жинхэнэ өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид нь шүүхийн шийтгэх тогтоолоор олгож байвал зохино” гэсэн тайлбарлыг үндэслэн хуулийг хэрэглэх ёстой байсан. Хэргийн үйл баримтаас харахад Д.Бат-Оргил нь манай байгууллагыг залилан мэхлэхдээ 63-97 УБҮ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашин, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-105” маркийн автомашинуудыг хэрэглэсэн, өөрөөр хэлбэл мөнгө гаргуулж авахын тулд дээрх 2 тээврийн хэрэгслийг манай ББСБ-ын авто зогсоолд өөрийн биеэр авч ирж байршуулан хадгалуулсан болно.

Дээд шүүхийн тогтоолд “Мөн зүйл, хэсгийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “тээврийн болон бусад хэрэгсэл” гэдэгт гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор хэрэглэсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүх төрлийн тээврийн хэрэгсэл, гэмт үйлдлээ хялбар болгох, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, учирч болох саадыг арилгахын тулд ашигласан төрөл бүрийн тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай буюу түргэн хордуулах бодисууд, хориотой үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, барилга байгууламж зэргийг хамааруулна” гэсэн тайлбар болон давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг тайлбарлан хэрэглэсэн байдлаас үзэхэд тухайн тээврийн хэрэгслүүд ч мөн улсын орлого болохоор байна. Гэвч дээрх 2 тээврийн хэрэгслийн хувьд эзэмшигчийн бүртгэл нь “ЭНТ финанс” ХХК-ийн нэр дээр байгаа гэдэг утгаар хөндөхгүй орхиж байгаа нь хууль бус юм. Шүүгдэгч Д.Бат-Оргил үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу Фидуцийн гэрээний үндсэн дээр тээврийн хэрэгслүүдийг “ЭНТ финанс” ХХК-д шилжүүлэн өгсөн гэх боловч бодит байдал дээр тухайн автомашинууд буюу эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлж өгөөгүй, харин тухайн эд хөрөнгүүдийг биет байдлаар нь манай компанид шилжүүлэн өгсөн байдаг юм. “ЭНТ финанс” ХХК нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон байхад давж заалдах шатны шүүх тээврийн хэрэгслүүд тэдний өмчлөлд байгаа гэсэн үндэслэлээр иргэний нэхэмжпэлийг нь огт шийдвэрлэлгүй орхиж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлд заасан журмыг ноцтой зөрчиж, эд хөрөнгө хураах ял болон иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг “ЭНТ финанс” ХХК-д олгосноор манай байгууллагын хохирол, иргэний нэхэмжлэл хангагдахгүй болох нөхцөлд шууд хүргэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шиитгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч О.Батжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Манай зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр л гомдолтой байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан тайлбаруудыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. “ЭНТ финанс” ХХК-ийн өмчлөлд байгаа 2 тээврийн хэрэгслийг анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Дээрх тээврийн хэрэгслүүд нь тухайн байгууллагын өмч хөрөнгө биш бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар байгууллагын өмчлөлд түр шилжүүлсэн л үйлдэл юм. Шүүгдэгч нарын ар гэрийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд та бүхний хохирлыг төлнө, гомдлоо татчих гэж байснаа дараа нь нэгэнт ял авах нь тодорхой болсон тул хохирол төлөх боломжгүй гэсэн зүйлийг хэлдэг. Үүссэн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар ял аваад нэг байгууллага хохироод дуусч байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон, мөн давтан үйлдлээр бусдын итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж 9 дэх заалтыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар инвестийн 22 дугаар байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шар дахь 412 дугаар салбарын байранд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж тааз руу буудан бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 424,000,000 төгрөг дээрэмдэн онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Бат-Оргил нь “ЭНТ финанс” ХХК-д өөрийн эзэмшлийн “Соната-6” маркийн 63-97 УБҮ улсын дугаартай автомашин, “Тоёота ланд круйзер-105” маркийн 92-92 УБЗ улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээ байгуулан барьцаалж, 22,000,000 төгрөг зээлсэн атлаа 2015 оны 11 дүгээр сарын 11, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрүүдэд дээрх автомашинуудыг “Нэт капитал” ББСБ-ын Баянгол салбарт хуурч мэхлэх аргаар дахин барьцаалж 16,000,000 төгрөг залилан мэхэлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс Д.Бат-Оргилыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмээний  хохирол учруулсан, Д.Эрдэнэзаяаг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулсан нь тэдний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота приус-20” маркийн 45-43  УНӨ улсын дугаартай автомашиныг хураахгүйгээр уг машины үнэ болох 6,200,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн автомашиныг биет байдлаар хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

“Тоёота приус-20” маркийн 45-43 УНӨ улсын дугаартай автомашин нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө бус гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлд хамаарахаар байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хураан авах нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан заавал хураах агуулгатай нийцнэ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаа дээрх автомашиныг Д.Бат-Оргил “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ыг хуурч мэхлэн олсон 16,000,000 төгрөгөөр авсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийн замаар орсон орлого, түүнтэй адилтгах эд зүйлс гэж үзэж хууль ёсны эзэмшигчдэд нь эгүүлэн олгох учиртай гэж гомдолдоо заажээ.

Шүүгдэгч Д.Бат-Оргилын “Тоёота приус-20” маркийн 45-43 УНӨ улсын дугаартай автомашиныг худалдан авсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул уг автомашиныг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого, эд зүйлд тооцон “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ыг түүний хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирол, төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн “Соната-6” маркийн 63-97 УБҮ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер-105” маркийн 92-92 УБЗ улсын дугаартай автомашинуудыг иргэний нэхэмжлэгч “ЭНТ Финанс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь хэргийн хохирогчийн эрхийг хууль бусаар хязгаарлаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан байна.

Шүүгдэгч Д.Бат-Оргил нь “Нэт капитал” ХХК, “ЭНТ финанс” ХХК-тай аль алинтай нь фидуцийн гэрээ байгуулсан байхад зөвхөн нэгийг нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай бөгөөд Д.Бат-Оргил нь “ЭНТ финанс” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсаны дараа итгэл эвдэн барьцаа хөрөнгийг захиран зарцуулж буйгаас үзэхэд уг гэрээг ч талуудын хүсэл зоригт үндэслэсэн хууль ёсны гэрээ байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ЭНТ финанс” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний заалтыг баримтлан битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс иргэний эрх зүйн хариуцлага тооцох үндэслэлгүй байхад фидуцийн гэрээгээр хоёр автомашиныг “ЭНТ финанс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь өөрт учирсан хохирол, төлбөрийг шүүгдэгч, хариуцагчаас гаргуулан авах тэгш эрхтэй хоёр этгээдийн нэгэнд нь хэрэгт хураагдсан эд хөрөнгөнөөс төлбөрийг хүү, алдангийн хамт гаргуулан авах, нөгөө талд төлбөр авах боломжгүй байдлыг бий болгожээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаагийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, “Соната-6” маркийн 63-97 УБҮ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер-105” маркийн 92-92 УБЗ улсын дугаартай автомашинуудыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 9 дэх заалтад өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 655 дугаар магадлалын анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Д.Бат-Оргилоос төлбөр гаргуулсан 7 дахь заалт болон автомашинуудыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 9 дэх заалтыг тус тус хүчингүй болгосон заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаагийн гаргасан гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                       Ч.ХОСБАЯР