Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00215

 

О.Уянгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06197 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2027 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч О.Уянгын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 58 779 997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Уянга нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Тайгам-Алтай” ХХК-тай орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 424 дүгээр байрнаас 81.20 м.кв талбайтай орон сууцыг 189 033 600 төгрөгөөр авахаар тохиролцсон.Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “Тайгам-Алтай” ХХК орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч О.Уянга гэрээнд заасны дагуу 56 710 080 төгрөгийг төлсөн боловч орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээж авч чадаагүй.Учир нь хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-ийн зүгээс орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэж өгөөгүй, үүргээ зөрчиж байна. Хариуцагч хариу тайлбартаа гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнхийг гүйцэтгэсэн гэдэг боловч орон сууцыг барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн барьж гүйцэтгээгүй байгаа тул гэрээг зөрчсөн гэж үзнэ.Нэхэмжлэгч О.Уянгын зүгээс хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-ийн эрх бүхий этгээдүүдтэй уулзаж, энэ талаар шаардлага тавьсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, тус компани төлсөн мөнгийг 7, 8 сарын хугацаанд буцааж өгнө, гэхдээ төлсөн төлбөрөөс 15 хувийг суутгаж тооцно гэх зэргээр маргаан үүссэн байдаг. Энэ хугацаанд О.Уянга бусдын орон сууцыг хөлслөн амьдарч байгаа ба одоо тус орон сууцыг хүлээж авахаас татгалзаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-д тус тус зааснаар орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх, хэрэв энэ хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 0.01 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн.Иймд хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас өмнө төлсөн 56 710 080 төгрөг, алданги 2 069 917 төгрөг, нийт 58 779 997 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай барилгын гүйцэтгэл 90 орчим хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтанд орох хугацаа ойртсон буюу үүргийнхээ дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн учраас О.Уянгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06197 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 56 710 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 069 917 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Уянгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 441 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Уянгад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2027 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзаж байгаа тал нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй бол татгалзах эрхээ алдахаар зохицуулсан. Нэхэмжлэгч О.Уянга нь “Тайгам-Алтай” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдээгүй байхад шүүхээс татгалзлыг баталсан нь буруу болжээ. Магадлалын хянавал хэсэгт “хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон...” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч тийнхүү шаардаж байсан үйл баримт нэг ч байхгүй юм. Харин ч эсрэгээрээ талуудын гэрээний 3.1-д заасан байр ашиглалтанд оруулах 2015 оны 2-р улирлын хугацаа өнгөрснөөс хойш жилийн дараа О.Уянга нь “Тайгам-Алтай" ХХК-д хандаж гэрээнээс татгалзах биш, гэрээгээр тохирсон байраа томруулж 3 өрөө байраар солиулж авах хүсэлт гаргаж байсан байдаг.Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасан гэрээнээс цуцлах зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлд Иргэний хуулийн ерөнхий ангийн 225, 226 дугаар зүйлүүдийг иш татаж, гэрээнээс татгалзах зохицуулалтыг заасан ч гэсэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасан зохицуулалт нь зөвхөн гэрээг цуцлах зохицуулалт бөгөөд харин гэрээг цуцлахдаа 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмыг л иш татан авсан болохоос гэрээнээс татгалзах агуулга, зохицуулалтыг иш татаагүй юм. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний хувьд гэрээнээс татгалзах зохицуулалт нь Иргэний хуулийн ерөнхий ангид байх бөгөөд цуцлах зохицуулалт нь Иргэний хуулийн тусгай ангийн 355 дугаар зүйлд заасан байгаа юм. Гэрээг цуцлах энэхүү зохицуулалтыг хэрэглэхдээ 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмыг баримтлах ёстой бөгөөд гэрээнээс татгалзах агуулгыг иш татан хэрэглэх нь буруу юм.Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан бөгөөд татгалзах тухай мэдэгдсэнээ илэрхийлээгүй, мэдэгдсэн тухай баримт байхгүй байхад шүүхээс татгалзлыг баталсан нь буруу, Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч О.Уянга нь хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг буцаан авах, алданги гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Тайгам-Алтай” ХХК Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 424 дүгээр байранд 81.2 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 189 033 600 төгрөгийг гурав хувааж төлөх үүргийг тус тус хүлээжээ. Нэхэмжлэгч буюу захиалагч нь гэрээний үүрэгт 23 удаагийн төлөлтөөр 56 710 080 төгрөг төлсөн ба хариуцагч буюу гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч О.Уянга нь захиалагчийн хувьд гэрээг цуцлах эрхтэй болно.

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ тул энэхүү гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн зохицуулалт хамаарна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 221.5.-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог. Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлаж, ийнхүү цуцлахад хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг байна. Харин хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан оновчтой хэрэглэсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06197 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2027 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН