Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2027

 

 

О.Уянгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06197 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Уянгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 58 779 997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Уянга нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Тайгам-Алтай” ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 424 дүгээр байрнаас 81.20 м.кв талбайтай орон сууцыг 189 033 600 төгрөгөөр авахаар тохиролцсон. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “Тайгам-Алтай” ХХК орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч О.Уянга гэрээнд заасны дагуу 56 710 080 төгрөгийг төлсөн боловч орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээж авч чадаагүй. Учир нь хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-ийн зүгээс орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэж өгөөгүй, үүргээ зөрчиж байна. Хариуцагч хариу тайлбартаа гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнхийг гүйцэтгэсэн гэдэг боловч орон сууцыг барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн барьж гүйцэтгээгүй байгаа тул гэрээг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч О.Уянгын зүгээс хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-ийн эрх бүхий этгээдүүдтэй уулзаж, энэ талаар шаардлага тавьсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, тус компани төлсөн мөнгийг 7, 8 сарын хугацаанд буцааж өгнө, гэхдээ төлсөн төлбөрөөс 15 хувийг суутгаж тооцно гэх зэргээр маргаан үүссэн байдаг. Энэ хугацаанд О.Уянга бусдын орон сууцыг хөлслөн амьдарч байгаа ба одоо тус орон сууцыг хүлээж авахаас татгалзаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-д тус тус зааснаар орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх, хэрэв энэ хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 0.01 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Иймд хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас өмнө төлсөн 56 710 080 төгрөг, алданги 2 069 917 төгрөг, нийт 58 779 997 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай барилгын гүйцэтгэл 90 орчим хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтанд орох хугацаа ойртсон буюу үүргийнхээ дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн учраас О.Уянгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 56 710 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 069 917 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Уянгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 441 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Уянгад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзаж байгаа тал нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй бол татгалзах эрхээ алдахаар зохицуулсан. Нэхэмжлэгч О.Уянга нь “Тайгам-Алтай” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдээгүй байхад шүүхээс татгалзлыг баталсан нь буруу юм. Шийдвэрийн 4 дэх тал буюу үндэслэх хэсгээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзаж байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасан гэрээ цуцлах зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Гэрээг цуцлах зохицуулалтыг хэрэглэхдээ 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмыг баримтлах ёстой бөгөөд гэрээнээс татгалзах агуулгыг иш татан хэрэглэх нь буруу юм. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг хэрэглэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан татгалзах эрхийг цуцлах эрх гэж хэрэглэх бөгөөд тус хэм хэмжээн дэх гипотез, диспозицыг иш татан хэрэглэх ёстой. Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан бөгөөд татгалзах тухай мэдэгдсэнээ илэрхийлээгүй, мэдэгдсэн тухай баримт байхгүй байхад шүүхээс татгалзлыг баталсан нь буруу, Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч О.Уянга нь хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 58 779 997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барилга 90 орчим хувийн гүйцэтгэлтэй ашиглалтанд орох хугацаа ойртсон буюу “Тайгам-Алтай” ХХК нь үүргийнхээ дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 424 дүгээр байрны 10 дугаар давхрын 163 тоот 3 өрөө, 81.20 м.кв орон сууцыг 189 033 600 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд О.Уянга нь 38 062 800 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-д төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хэргийн 6-7 дугаар талд авагдсан Орон сууц захиалгаар барих гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүйгээс үүдэн талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь захиалагчид байрны түлхүүрийг 2015 оны 2 дугаар улиралд олгохоор заасан боловч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар гэрээнд заасан гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 56 710 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид О.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 069 917 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ. Учир нь хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нэхэмжлэгч О.Уянгад ач холбогдлоо алдсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК нь гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон гэдэг үндэслэлээр мэдэгдэл өгөөгүй боловч гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүссэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан, татгалзах тухай мэдэгдсэнээ илэрхийлээгүй, мэдэгдсэн тухай баримт байхгүй байхад татгалзлыг баталсан нь буруу гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ