Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 157

 

Ш.Ц, Ш.Ө, Ш.О, П.С, Ж.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгч Ж.Ц-н өмгөөлөгч Б.Цэрэнбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 91 дүгээр магадлалтай, Ш.Ц, Ш.Ө, Ш.О, П.С, Ж.Ц нарт холбогдох 1918004210337 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Ц-н өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Б овгийн Ш-н Ц,

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Д овгийн П-н С,

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Б овгийн Ш-н О,

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, нийтийн ахуйн үйлчилгээнд зам талбайн үйлчлэгч ажилтай, ял шийтгэлгүй, А овгийн Ш-н Ө,

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд  2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3  дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б овгийн Ж-н Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...Ш.Ц, П.С, Ш.О, Ш.Ө, Ж.Ц нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц, Ш.Ө нарыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ж.Ц, П.С нарыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ш.О-г 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ц-н хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ, 0665 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл, хонгор халзан зүсмийн морийг, шүүгдэгч Ш.Ц, Ш.Ө, Ш.О, П.С нараас тус бүр 450.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж” шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-н өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Ц-н өмгөөлөгч Б.Цэрэнбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ж.Ц-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусдад учруулсан хохирол төлөхөөр тогтоосон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 4 удаагийн үйлдлийн хоёрт нь Ж.Ц-н үйлдэл хамаарна. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр адуугаа голоос услах гэж явахдаа төмөр замын нүхэн гарцаар ороход Ш.Ц, Ш.Ө, Ш.О нар хэсэг адуу бөөгнүүлсэн байсан бөгөөд хоёр дахь адууг барихад нь тусалсан үйлдэл байдаг. Ж.Ц унаж явсан морийн үнийг нь биш морийг нь хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ойлгомжгүй байдал бий болгосныг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй. Мөн Ж.Ц нь өөрийн адуугаа ус уулгах гэж гол руу тууж оруулахдаа унаж явсан 0665 ДАЗ дугаартай цагаан өнгийн мотоциклыг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглээгүй байхад нь хамаатуулан анхан шатны шүүхээс хурааж улсын орлого болгон шийдвэрлэж, эд хөрөнгөөр хохироосныг давж заалдах шатны шүүх цагаатгах талаас нь авч үзсэнгүйд гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдэхдээ мотоциклоо хэрхэн, яаж зэвсэг болгон хэрэглэснийг тогтоогоогүй байж ахуй хэрэгцээндээ унаж хэрэглэж байсан мотоциклыг нь хураасан. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгө хураах зорилгыг тодорхой заасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан Ж.Ц-н гэх бүх хөрөнгийг  хурааж улсын орлого болгон эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул залруулж өгнө үү” гэсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ж.Ц нь Ш.Ц, П.С, Ш.Ө, Ш.О нар П.А-н адууг тууж явахад нь урдаас нь мотоциклоор хашиж, хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Ийм учраас мотоциклыг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтаар Ж.Ц-н хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ, хонгор халзан зүсмийн морийг гаргуулж улсын орлогод оруулахаар даалгасан буюу хоёр морь гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул тус зөрчлийг арилгах шаардлагатай. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий. Шүүгдэгч Ш.Ц нь 4 удаагийн үйлдлээр 8 тооны бод мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байхад 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан зарчимд нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Ш.Ц, Ш.Ө, Ш.О, П.С, Ж.Ц нарт  холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ш.Ц Ш.Ө, Ш.О, П.С нарыг бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн туслах аж ахуй гэх газраас иргэн Б.Б-н 1 тооны адууг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Ө, Ш.О, П.С, Ш.Ц нарыг бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг, Дархан-2 гэх газарт нутаглаж байсан иргэн Ж.Ц-н 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Ц, Ш.О, Ш.Ө, Ж.Ц нарыг бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Дархан-2 гэх газраас иргэн П.А-н 2 тооны адууг хулгайлж 2900000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Ц, Ш.Ц, Ш.О нарыг бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Дархан-2 гэх газраас иргэн Д.Г-н ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5800000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх Ш.Ц, Ш.Ө нарыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ж.Ц, П.С нарыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ш.О-г 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээнд илтэд тохироогүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2015 оны Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох зарчим тусгалаа олсон. Хэрвээ давтан үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх үзэж ял оногдуулах бол энэ шинжийг харгалзан хэргийн нөхцөл байдал, учруулсан хохиролд тохируулан ялыг шударга ёсны зарчимд нийцүүлж нэг удаагийн үйдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас ялгамжтай байдлаар оногдуулах учиртай.

Гэтэл шүүгдэгч Ш.Ц, Ш.О нар тус бүр 4 удаагийн үйлдлээр, Ш.Ө 3 удаагийн үйлдлээр, П.С 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж тус бүр 2-4 хохирогчид хохирол учруулсан байхад нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр, эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээгээр оногдуулсан, Ш.О-д хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах урьдчилсан зорилготой байсан гэж дүгнэхээр байна.

Үүнээс гадна, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, худалдаа, мал, мах бэлдэх тогтолцооны хяналтын механизмыг хүчгүйдүүлж хууль ёсны болох нь нотлогдохгүй байгаа малын маханд ямар нэгэн шалгуур тавилгүйгээр таамаг төдий байдлаар хандаж, эсхүл хулгайн малын мах гэдгийг мэдэх боломжтой гэж үзэхээр нөхцөл байдалд гарал үүслийн гэрчилгээ олгон хууль ёсны болгосон, мөн хулгайн малын махыг илтэд зах зээлийн ханшнаас доогуур үнээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг хөхүүлэн дэмжиж нуун далдлан үнэ нэмэн цааш худалдан борлуулж ашиг хонжоо олдог этгээдүүдийг шалган тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлага энэ хэргээс харагдаж байгааг зориуд тэмдэглэе.

Шүүгдэгч Ш.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх боловч тэдгээрээс гадна хулгайн малын маханд гарал үүслийн бичиг олгож, худалдаж борлуулсан байж болзошгүй этгээдүүдийг хэрхэн шалгаж, хариуцлага тооцсон эсэх нь ойлгомжгүй байна.

Тиймээс шүүгдэгч нараас гадна гарал үүслийн зөвшөөрөл олгосон, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд ямар нэгэн байдлаар оролцсон этгээдүүдийн үйлдэл, оролцоо, санаа, зорилгын нэгдлийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа эсэхийг тогтоосны эцэст гэмт этгээдүүдийн зан үйлд эрх зүйн зөв дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.Ц, Ш.Ө, Ш.О, П.С, Ж.Ц нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 91 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Ц, Ш.Ө, Ш.О, П.С, Ж.Ц нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ                               Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР