Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01378

 

 

 

 

 

 

Ш ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00830 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш ХХК хариуцагч Ш. ХХК -д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 450,911,148 төгрөг, алданги 214,411,348 төгрөг, нийт 665,323,148 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2019 оны 07 сарын 02-ны өдөр Т/409 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т/410 дугаар Барьцааны гэрээ-г тус тус байгуулсан. Хариуцагч компани нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 450,911,800 төгрөг, 2020 оны 02 сарын 06-ны өдрийн байдлаар тооцсон алдангид 214,411,348 төгрөг, нийт 665,323,148 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Албан бичгээр болон холбооны хэрэгслээр удаа шаардаж, хугацаа олгосон боловч үр дүн гарсангүй. Иймд хариуцагч Ш. ХХК -аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 665,323,148 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Тус иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авсан байна. Гэтэл нэхэмжлэлд төлөөлөх болон гүйцэтгэх бусад зайлшгүй шийдлүүдийг гаргана гэж гүйцэтгэгч шаардсан тул данс хааж хөрөнгө битүүмжлэх тохиолдолд байгууллагын байнгын үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болзошгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш. ХХК -аас 665,323,148 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203035122 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ Нарны гудамж 62 байр 302 тоот хаягт байршилтай, 98,46 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2020/02406 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,554,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж Шунхлай трейдинг ХХК-нд олгож, хариуцагч Ш. ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 3,484,566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу алданги тооцохдоо хоног хэтрүүлэн тооцож 85,000,000 төгрөг илүү нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар мэтгэлцэх, тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүй буюу шүүх хурлын товыг хариуцагчид мэдэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хариуцагч Ш. ХХК -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК нь хариуцагч Ш. ХХК -д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 450,911,148 төгрөг, алданги 214,411,348 төгрөг, нийт 665,323,148 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч алдангийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш. ХХК -аас 665,323,148 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203035122 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ Нарны гудамж 62 байр 302 тоот хаягт байршилтай, 98,46 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсоны дараа талууд маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээний 3.1-д үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн нийт шаардлага 665,232,148 төгрөгийн 85,000,000 төгрөгөөс татгалзаж, үүрэг гүйцэтгэгч Ш. ХХК нь үлдэгдэл 580,323,148 төгрөгийг төлж барагдуулах, 3.5-д үүрэг гүйцэтгэгч үндсэн төлбөр болон алдангийг бүрэн төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Талууд дээрх нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлэх боломжтой байдаг.

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Ш. ХХК -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00830 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ш. ХХК -тай харилцан тохиролцож,

Нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК нь нэхэмжлэлийн нийт шаардлага 665,232,148 төгрөгийн 85,000,000 төгрөгөөс татгалзаж, үүрэг гүйцэтгэгч Ш. ХХК нь үлдэгдэл 580,323,148 төгрөгийг төлж барагдуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх агуулгаар байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, Ш ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Ш. ХХК -д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн нийт 582,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР