Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй.

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

иргэдийн төлөөлөгч С.Ринчинлхүндэв,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох эрүүгийн 1806 0000 00924 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.О /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын 10 айлын 2-24 тоотод 48 настай, эрэгтэй Н.Б “ээжтэй архи уулаа” гэх шалтгааны улмаас зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр айлд жорлонгийн нүх мөнгөөр ухаж өгчихөөд орой 19 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ирэхэд Батаа ах, манай ээж хоёр архи ууж байсан. Батаа ах, ээж хоёр архи уухаараа хоорондоо таардаггүй, хоорондоо зодоон цохион хийчих гээд байдаг болохоор би ээжид “та эмэгтэй хүн байж битгий архи уугаад бай” гэж хэлэхэд, Батаа ах цаанаас босож ирээд намайг хэл амаар доромжлоод над руу дайрсан. Тэгэхээр нь би “танд юм хэлээгүй, ээжид хэлсэн юм” гэж хэлэхэд намайг “чи муу хаанаас ирчихээд юу яриад байгаа юм” гээд намайг хэл амаар доромжлоод намайг босож ирээд нэг цохисон. Тэгэхээр нь би цааш нь түлхчихээд ээжид би жорлонгийн нүх ухсан мөнгөө авъя, машины түлхүүр хаана байна гэж хэлээд ус уух гээд явахад Батаа ах “би Шинэбаярыг дуудна, чамайг Гачууртад алхуулахгүй, чамайг би ална” гээд дахин босож ирээд цохисон. Тэр үед ээж хажууд завилаад суучихсан архи ууж байсан. Тэгэхээр нь би хохирогчийг түлхээд барьж аваад зодсон. Гэхдээ би алъя гэж ерөөсөө бодоогүй. Хохирогч унахад нь би дээрээс нь өвдөглөөд унасан. Гэтэл ээж “чи миний ахыг аллаа” гээд босож ирээд намайг салгасан, би гараад явсан. Би уруудаад явж байгаад ээж рүү залгаад “Батаа ахын бие гайгүй юу” гэж асуухад ээж “Батаа ах чинь нас барчихлаа” гэсэн. Тэр үед би айсан учраас түрээслэж байсан байрандаа очиж чадаагүй. Толгойтод очиж хоносон. Маргааш өглөө нь контейнерт байж байгаад цагдаад баригдсан. Цагдаад мэдүүлэг өгөх үед би их айсан болохоор өөрийнхөө хийсэн үйлдлийг санахгүй байсан, өөрийгөө хүн алчихна гэж би ерөөсөө бодоогүй байсан. Зарим зүйлээ санахгүй байсан болохоор би санаж байгаа зүйлээ цагдаад мэдүүлсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд гомдолтай байна. Талийгаач эрүүл саруул хүн байсан. Архи уусан байсан ч тэр хүнийг зодож алсанд гомдолтай байна. Архи уусан байсан ч гэсэн хэсэг хугацааны дараа архи гарна, байнга архи уугаад байдаг хүн байгаагүй. Хэдэн хүүхдээ тэжээхийн тулд ажил хөдөлмөр эрхлэж явсан хүн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн гэр бүлийнхэн бид нартай уулзаж байгаагүй, гомдол санал асууж ирээгүй, гэм хорын хохирол барагдуулна гэж нэг ч удаа ирээгүй. Би шүүгдэгчийг танихгүй, урд нь нэг л удаа уулзаж байсан. Эрүүл саруул хүнийг хөнөөчихөөд өнөөдөр ийм юм яриад зогсож байгаад би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч сууж байснаа босоод намайг нааш ир гэж хэлсэн. Тухайн үед амь хохирогч гэрийн баруун талд газар сууж байсан. Босоод очтол амь хохирогч миний шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь би амь хохирогчийг түлхсэн тэгэхэд амь хохирогч миний шанаа руу гараараа цохисон. Амь хохирогчийг түлхэхэд орны дээр бөгсөөрөө сууж унасан. Тэгтэл амь хохирогч хутга аваад ир, энэ гөлөгийг хутгалаад алчихая гэж надад хандан хэлсэн ба би Эрэнтэй ахад хутгыг нь аваад өг алахыг нь харъя гэж хэлсэн. Тэгтэл амь хохирогч босож ирээд намайг дахин нэг удаа цохихоор нь би зүүн гараараа подволкны хоёр захыг нь хамж барьж боогоод баруун гараараа амь хохирогчийн шанаа руу нэг удаа хүчтэй цохисон. Цохичихоод лавшруулаад боох гэтэл миний гар богинодоод байсан ба тэгэхээр нь би боож байсан зүүн гараа тавьсан. Амь хохирогч миний хүзүүнд тулаад байхаар нь би зүүн гарынхаа тохойгоор амь хохирогчийн тохой нугларах хэсэгт цохисон. Гар нь мултрахад би дахин баруун гараараа амь хохирогчийг боогоод татаж газар унагаасан. Ээж миний хажуугаар ирээд миний ахыг зодохооо боль гэж хэлээд намайг түлхэж салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 69-72 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зан чанарын хувьд ер нь бол гайгүй ширүүн дориун ааш байхгүй. Хүнд тусархаг, хүнтэй эвсэг, зөөлөн ааш араншинтай хүн байгаа юм. Муу тал нь архи уух дуртай ер нь таарвал уучихдаг гэхдээ байнга архидан согтуураад байдаггүй. Архи согтууруулах ундаа уухаараа ааш араншин гайгүй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Болсон явдалын хувьд 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орой Гэрэлмаагийн охин Заяа утсаар хэлсэн, нүдээрээ үзэж харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч М.Эрэнтэйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрийнхээ хашааны хаалгаар ороход Д.О гүйгээд хашаанаас гарч ирсэн ба надтай зөрөхөөр нь би хөөе юу болсон бэ гэтэл Д.О юм ярилгүй тэр чигтээ гүйгээд явсан. Тэгээд би зүүн гэрийн хаалгыг татан нээхэд гэрийн дотор талд яг үүдэнд амь хохирогч дээш харсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгэхээр нь би амь хохирогчийн эхнэр Алтаа болон хүүхдүүдэд нь явган явж очоод хэлсэн. Би танай аав чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн, тэгээд л бид нар буцаж ирсэн. Намайг анх очиход амь хохирогч амьсгал хураачихсан байсан, би ямар нэгэн байдлаар хүрээгүй ч нас барсан гэдэг нь хараад л тодорхой байсан. Хоолойн төвөнх нь том болоод гарч ирсэн, царай нь хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч М.Чимэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.О ганцаараа гэрт ирчихээд ээж та болиоч ээ гэж надад хандан хэлсэн, тэгтэл амь хохирогч нохойн гөлөг минь, аятайхан байгаарай,чамд ямар хамаа байна аа, ална шүү пизда минь гэсэн. Д.О таньд ямар хамаатай юм бэ, би танд биш ээжид хэлж байна гэсэн тэгтэл амь хохирогч сууж байсан газраасаа босоод Д.О дээр очоод барилцаж авсан. Тэгэхэд Д.О амь хохирогчийг өмсөж байгаа богино ханцуйтай цамцны захаар нь боосон тэгээд нүүрэн тус газар нь хоёр удаа гараараа хүчтэй цохисон, амь хохирогч газар унасан ба яг энэ үеэр би Д.Одбаярыг түлхээд гэрээс нь гаргасан, дахин орж ирээгүй. Би амь хохирогчийг хартал хамраас нь цус гарсан байсан, тэгэхээр нь би хувцасаар нь цусыг нь арчсан. Хөдөлгөөнгүй болохоор нь 103 дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-28 дугаар хуудас/,

Гэрч Ү.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр амь хохирогч 11 цагийн орчим гэртээ ганцаараа халамцуу орж ирсэн. Амарсайханы гэрт нь архи уусан гэж байсан. Тэгээд амь хохирогчийн араас нь Гэрэлмаа, Чимэгсайхан нар орж ирсэн тэгээд амь хохирогч нэг юм авчих гэхээр нь би гарч дэлгүүрээс 0.75 литрийн архи авсан тэгээд тэрийгээ амь хохирогч, Гэрэлмаа, Чимэгсайхан бид 4 хувааж уусан. Дахин 1 шил 0.5 литрийн архи авч мөн дөрвүүлээ уусан, би гэртээ согтоод унтаад өгсөн. 17-18 цагийн орчим сэрсэн. 19 цагийн орчим гэртээ байж байхад Эрэнтэй ах ирээд амь хохирогчийг Одбаяр зодчихлоо гэж хэлээд гараад явсан ба энэ үед хүүхдүүд маань гараад явсан тэгээд намайг ирэхэд ийм зүйл болсон байсан, амь хохирогч амьсгал хураачихсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг гардаг Чимэгсайханы гэр манай гэрээс ойролцоогоо 1 км зайтай байдаг. Тэгээд гэртээ байж байхад амь хохирогчийн эхнэр Алтанцэцэг манай гэрт гүйж орж ирээд аав чинь зодоон хийгээд байна гэж хэлсэн ба би амь хохирогчийн дагавар хүү Шинэбаярын хамтаар Чимэгсайханы гэрт нь гүйгээд ирэхэд амь хохирогч амьсгал хураасан байдалтай байсан. Чимэгсайхан эгчээс юу болсон, яасан бэ гэтэл эгч Одбаяр наад хоёр чинь сая зодолдоод амь хохирогч ухаан алдчихлаа гэсэн. Би Чимэгсайханы гэрт нь ороод амь хохирогчийн судсыг барьж үзээд л ер нь нас барсан гэж мэдсэн. Ойролцоо байдаг өрхийн эмнэлэг орж эмч дуудсан, өрхийн эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹1132 дүгнэлтэд “Талийгаач Н.Б цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язрал, сэмжний урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, толгойн хуйхан доорх зүүн чамархайн булчингийн цус хуралт, хамрын баруун тал, нүдний дотор доод хэсэг хацар, зүүн нүдний гадна булан болон шанаа, хацарт цус хуралт, баруун нүдний доод зовхины салст болон нүдний алимны салстад 4-10 цагийн байрлалд бараан хүрэн өнгийн цус хуралт, зүүн нүдний гадна булан, хүзүү, зүүн эгэмний гадна хэсэгт зулгаралт, дээд уруулд цус хуралт, шарх, хэвлийд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язрал, сэмжний урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний гадна булан болон шанаа, хацрын цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язрал, сэмжний урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, толгойн хуйхан доорх зүүн чамархайн булчингийн цус хуралт, хамрын баруун тал, нүдний дотор доод хэсэг хацар, зүүн нүдний гадна булан болон шанаа, хацарт цус хуралт, баруун нүдний доод зовхины салст болон нүдний алимны салстад 4-10 цагийн байрлалд бараан хүрэн өнгийн цус хуралт, зүүн нүдний гадна булан, хүзүү, зүүн эгэмний гадна хэсэгт зулгаралт, дээд уруулын цус хуралт, шарх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө 1 хоногийн дотор, хэвлийн цус хуралт, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт нь 3-аас дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл байна. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язрал, сэмжний урагдал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ. Талийгаач нь цээжний зүүн хөндий, уушгины гялтан хальсны идээт үрэвсэл өвчтэй байна. Химийн шинжилгээгээр цусанд 5.2 промилли, цөсөнд 4.9 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтоллтой байжээ. Биологийн шинжилгээгээр талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна” гэжээ /хэргийн 41-42 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №509 дүгнэлтэд “Д.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай, өөрийнхөө үйлдлийг мэдэж, удирдах чадвартай, одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай, түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй, болсон байдлыг зөв тусган авч үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна” /хэргийн 55-58 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-10 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 141-172 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 73 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын 10 айлын 2-24 тоотод 48 настай эрэгтэй Н.Б ээжтэй архи уулаа гэх шалтгааны улмаас зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹1132 дүгнэлтэд “Дээрх гэмтлүүдээс цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язрал, сэмжний урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний гадна булан болон шанаа, хацрын цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэсэн байх бөгөөд прокуророос амь хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч О  нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа тухайн цаг хугацаанд хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн Д.О холбогдох үйлдлийг прокуророос “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинжээчийн дүгнэлтээр “…Химийн шинжилгээгээр цусанд 5.2 промилли, цөсөнд 4.9 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.” гэсэн боловч гэрч М.Чимэгсайханы “…тэгтэл амь хохирогч “нохойн гөлөг минь аятайхан байгаарай,чамд ямар хамаа байнаа,ална шүү пизда минь” гэсэн ба… сууж байсан газраасаа босоод О  дээр очоод барилцаж авсан. …амь хохирогч согтууруулах ундаа уусан, гэхдээ гайгүй байсан..” гэж мэдүүлсэн байх бөгөөд дээрхи мэдүүлэгээс үзэхэд талийгаач нь тухайн үед орчиндоо харьцаатай байсан байх ба биеэ хамгаалах чадваргүй байсан гэх байдал нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹1132 дүгнэлтээр “...Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язрал, сэмжний урагдал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ. Талийгаач нь цээжний зүүн хөндий, уушгины гялтан хальсны идээт үрэвсэл өвчтэй байна…” гэсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр учирсан хөнгөн,хүнд зэргийн гэмтлүүд хохирогчид олон тооны шарх үүссэн зэргийг шүүх онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч О  нь хохирогчийг алахын өмнө санаатайгаар зодож тарчлаах буюу тохуурхан доромжилсон, хохирогч маш их зовж тарчлаах аргыг хэрэглэсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдахгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 624 дугаар шийтгэх тогтоолоор Д.О  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.  Д.О нь торгох ялыг биелүүлээгүй байхдаа хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг 1 хоногоор тооцож, 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны үед 3.934.408 төгрөгний, шүүхийн хэлэлцүүлэгт 1.364.000 төгрөгний хохирлын баримтыг гаргаж ирүүлсэнээс шүүх Содномдаржайлин хийдэд 2018 оны 5 сарын 23, 6 сарын 10-ний өдөр ном уншуулсан гэх тус бүр 300.000 төгрөгний буюу нийт 600.000 төгрөгийг хохирлоос хасч Иргэний хуульд зааснаар О 4.700.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Адъяасүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.