Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 989

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.О-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Х.Ням-Эрдэнэ,

            шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт,  

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1806000000924 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хадныхан овгийн Д.О, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1993 оны 8 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. айлын .. дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн /регистрийн дугаар: ................../,

 

Д.О нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Гачууртын ... айлын ... дугаар гудамжны ... тоотод иргэн Н.Б-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “ээжтэй архи уулаа” гэх шалтгаанаар зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

Д.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.От энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 10 сарын хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 10 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.О-аас 4,700,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо нөхөн төлж барагдуулах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Би 1997 онд эцэг Дулам, дүү Одонтуяа /2 настай/ нарын хамт 2013 он хүртэл амьдарч байгаад төрсөн эх болох Чимэгсайханыг олж уулзахаар Улаанбаатар хотод ирж, 2014 онд ээжтэйгээ уулзан, хамт амьдарсан. Дээрх гэмт хэрэгт холбогдсоноос хойш эхнэр Одгэрэл нь 5 настай хүү, 10 сартай охиныг маань ээж Чимэгсайханд үлдээгээд салж явсан. Өөрийн буруугаас болж амьдралд маань маш том өөрчлөлт орсонд харамсаж байна. Би хорих байгууллагад ял эдлэх хугацаандаа хөдөлмөрлөж, хохирлоо нөхөн төлж барагдуулах, оногдуулсан ялыг шагналын хоног алдалгүйгээр авч хурдан гарах, цаашдаа ээж, хүүхдүүдтэйгээ сайн сайхан амьдрах чин хүсэлтэй байгаа тул 9 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч Д.О нь хаалттай хорих байгууллагад ял эдлэхээр болсон. Залуу хүний хувьд хаалттай хорих байгууллагад ял эдлэхээс илүү, нээлттэй хорих байгууллагад ял эдлэх нь сурч боловсрох, мэргэжилтэй болох, цаашлаад хөдөлмөр эрхлэх боломж нь нээлттэй байх болов уу гэсэн үүднээс давж заалдах гомдлыг гаргасан. Иймд хорих ялын дэглэмийг өөрчилж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй. Прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн. Хохирогчийн согтуурлын зэрэг нь 5.1% байсан ба хуульд 3 хувиас дээш тохиолдолд биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтуурсан гэж үздэг. Мөн Д.О нь тухайн гэмт хэргийг үйлдэхээс өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Гэтэл энэ байдалд нь ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Тухайн үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүнд хохирол учруулсан зүйл ангид нь тохирсон ял шийтгэх буюу хорих ял оногдуулсан бол өнөөдөр хохирогч амь насаа алдахгүй байсан. Шүүхийн буруутай ажиллагаанаас болж хохирогчийн амь нас эрсэдсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4,700,000 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа бол өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тодорхой хэмжээний төлбөр төлөх боломж байсан.  Шүүх шийдвэр гаргахдаа хохирлыг барагдуулаагүй байхад 8 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх ямар үндэслэлээр 8 жилийн хорих ял оногдуулж байгааг ойлгохгүй байна. Хохирогчийн талаас маш их гомдолтой байгаа бөгөөд шүүгдэгч гэм буруугаа ойлгож, гэмшиж ухаарсан зүйл байхгүй гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.О нь давж заалдах гомдолдоо хийсэн хэрэгтээ чинь санаанаас гэмшиж байгаа тул дэглэмийг буруулж өгнө үү гэжээ. Гэтэл үйлдсэн хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж, дүгнэлт хийсэн зүйл алга байна. Шүүгдэгчийн хувьд өмнө нь хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулж торгох ялаар шийтгүүлж, тухайн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж амжаагүй байхад хүний амь насанд халдсан. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдлыг харуулж байна. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан ял шийтгэл оногдуулах байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Д.О нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Гачууртын .. айлын ... дугаар гудамжны .. тоот гэртээ иргэн Н.Б-г “ээжтэй архи уулаа” гэх шалтгаанаар зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрч М.Эрэнтэйн “... хашааны хаалгаар орох үед Д.О гүйгээд гарч ирсэн. “Хөөе юу болсон бэ” гэтэл юм ярилгүй, тэр чигтээ гүйгээд явсан. Зүүн гэрийн хаалгаар ороход яг үүдэнд амь хохирогч дээш харсан, хөдөлгөөнгүй байсан...” /1-р хх 23-24/ гэх мэдүүлэг, гэрч М.Чимэгсайханы “... манай гэрт 1 шил архи байгаа, очиж ууя гээд амь хохирогч бид хоёр манай гэрлүү явсан. Манай гэрт архи ууж байтал 18 цаг 45 минутын үед Д.О ирээд “ээж та болиоч ээ” гэж надад хандан хэлсэн. Тэгтэл амь хохирогч “нохойн гөлөг минь аятайхан байгаарай, чамд ямар хамаа байна аа” гэх зэргээр хэл амаар доролмжилж босч ирээд барилцаж авсан. Д.О амь хохирогчийг өмсөж байсан богино ханцуйтай цамцны захаар нь боож, нүүрэн тус газар нь 2 удаа хүчтэй цохьсон. Тэгэхэд хохирогч газар унасан. Би Д.Оыг түлхээд гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх 25-26/, “...хохирогч Н.Б болон Гэрэлмаа, Отгонбат, Чимэгсайхан нар гэрт нь архи уусан. Дараа нь Гэрэлмаа, Отгонбат, Чимэгсайхан, хохирогч нар гарч явсан” талаар гэрч М.Атарсайханы өгсөн мэдүүлэг /1-р хх 29-30/, “... хохирогч Н.Б болон Гэрэлмаа, Чимэгсайхан нар ирж архи уусан. Дараа нь нөхөр Н.Б нь Чимэгсайхантай гарч явсан...” талаар гэрч Ү.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх 31-32/, үүнийг давхар баталсан гэрч М.Гэрэлмаагийн мэдүүлэг /1-р хх 34/, “... Чимэгсайханаас юу болсныг асуухад “О наад хоёр чинь зодолдоод амь хохирогч ухаан алдчихлаа...” гэж хэлсэн талаар гэрч Б.Ганзоригын өгсөн мэдүүлэг /1-р хх 35-36/, хохирогч Н.Б-д хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язарал, сэмжний урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, толгойн хуйхан доорх зүүн чамархайн булчингийн цус хуралт, хамрын баруун тал, нүдний дотор доод хэсэг, хацар, зүүн нүдний гадна булан болон шанаа, хацарт цус хуралт, баруун нүдний доод зовхины салст болон нүдний алимны салстад 4-10 цагийн байрлалд бараан хүрэн өнгийн цус хуралт, зүүн нүдний гадна булан, хүзүү, зүүн эгэмний гадна хэсэгт зулгаралт, дээд уруулд цус хуралт, шарх гэмтэл учирснаас талийгаач хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язрал, сэмжний урагдал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1132 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 41-43/, яллагдагч Д.О-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

1. Шүүгдэгч Д.О-ын нэг сэдэлт, санаа зорилгоор нэг цаг хугацаанд хийсэн үйлдлийн улмаас шинжээчийн №1132 тоот дүгнэлтээр тогтоогдсон “хохирогчийн нарийн гэдэсний чацархайн урагдал, дэлүүний язарал, сэмжний урагдал, хэвлийн хөндийн цусан хураа болон толгойн хуйхан доорх цус хуралт, уруул, хацар, хамар, шанаа, нүдэнд цус хуралт, зулгаралт” гэсэн олон тооны гэмтлүүд учирч, хүний амь хохирсон нэг хохирол, хор уршигт хүргэсэн байх тул гэмтлийн зэрэг тус бүрээр хэргийг зүйлчилж “хүнийг алах”, “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шүүгдэгч Д.О-ын үйлдэлд хүнийг алах явцдаа тарчилган зовоох зорилгоор олон тооны гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болсон нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэдийгээр хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан боловч тухайн хүний оюун ухаан, бие махбодийн хөгжил, онцлогоос шалтгаалж согтууруулах ундааны үйлчлэл хүн бүрт харилцан адилгүй нөлөөлдөг учраас хүнд зэргийн согтолт болгон биеэ хамгаалах чадваргүй байдалд хүргэдэг гэж ойлгох нь учир дутагдалтай. Энэ онцлогийг харгалзан согтолт биеэ хамгаалах чадваргүй байдалд хүргэсэн эсэхийг дан ганц шинжилгээгээр бус бусад нотлох баримтуудаар давхар баталж, нотлох шаардлагатай болдог. Хэргийн газарт байсан гэрч М.Чимэгсайхан, шүүгдэгч Д.О нар хохирогч Н.Баатарсайханыг хэрүүл, маргаан, зодооны өдүүлж, өрнүүлэн идэвхитэй үйлдэл хийж байсан гэж мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй байдалд орсон гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх Д.О-т холбогдох “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц хэрцгийгээр алсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг “хүнийг алах” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэв..

2. Шүүх, Д.О-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул нээлттэй хорих байгууллагад ял эдлэхийг хүссэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

3. Прокурор Х.Ням-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд “... шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлах ёстой байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан...” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар анхан шатны шүүх Д.О-т оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

4. Харин шүүхээс оногдуулсан ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн ялыг зорилгод нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.О-т оногдуулсан ялыг хүндрүүлж 10 жил хорих ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 10 жил хорих ял шийтгэсүгэй.” гэж, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 10 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг 1 хоногоор тооцож, 1 жил 10 сар хорих ялд дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил 10 сар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

                                     ШҮҮГЧИД                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН