Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01392

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01392

 

 

С.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00828 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Гадаадын иргэн, харъяатын газар, тус газрын дарга Д.Мөрөн нарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 710 591 төгрөг, шүүхийн шийдвэрээр дутуу олгосон олговорт 2 081 016 төгрөг, нийт 6 791 607 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би  Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн н/02 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0735 тоот магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд ногдох 2 775 564 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү ажилгүй байсан хугацааны олговор 2 775 564 төгрөгийг шүүх тооцохдоо ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 6 сар 4 өдрөөр бодсон боловч ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг шүүх дутуу тооцоолсон. Иймд дутуу тооцсон олговрын зөрүү болох 2 081 016 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч Гадаадын иргэн харьяатын газар нь өнөөдрийг хүртэл дээрх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд томилоогүй хэвээр байх тул шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж буй 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 6 сарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 710 591 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн ажилгүй байсан хугацаанд ногдох 4 710 591 төгрөгийн олговрыг өмнөх Захиргааны шүүхийн шийдвэрээр дутуу олгосон 2 081 016 төгрөгийн олговрын хамт нийт 6 791 607 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 401 дүгээр тушаалтай холбогдуулан манай хүний нөөцийн мэргэжилтэн Г.Отгонцэцэг, С.Сувд-Эрдэнэ нарыг дуудаж уулзах гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул ямар утгатай, хаана томилогдсон талаар мессеж бичсэн. Г.Отгонцэцэгийн Мобиком корпораци ХХК-иас авсан утасны дуудлагын хуулга хэрэгт авагдсан байгаа. С.Сувд-Эрдэнэ ажилдаа ирэхгүй байсан учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хаяг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хор оолол, Энхтайваны өргөн чөлөө, 105 дугаар байрны 75 тоотод Монгол шуудангаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/3748 дугаар албан бичгээр Говь-Алтай аймагт томилсон байхад ажлаа хүлээж аваагүй, ажлаа хүлээж авахгүй бол төрийн албанаас халах бүрэн эрхтэй гэх хавсралт 401 дүгээр тушаалыг хүргүүлсэн. Шуудангаас 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 08/328 тоот албан бичгээр лавлагаа авахад  уг хаягаар удаа дараа очиход эзэнгүй, утас нь холбогдохгүй, хадгалах хугацаа дууссан шалтгаанаар 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад бичиг хэргийн ажилтан н.Үнэнцэцэгт буцааж өгсөн нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн манай байгууллагын Баянхонгор аймаг дахь мэргэжилтэн нь баруун бүс дэх газарт харьяалагддаг, баруун бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн Г.Сугарчимэг энэ хүнтэй өмнө нь утсаар холбогдоход утсаа аваад салгасан, дахин утсаа аваагүй нь түүний утасны ярианы хуулгад тэмдэглэгдэн нотлох баримтаар авагдсан. С.Сувд-Эрдэнэ нь өөрөө тушаалтай танилцаж, ажлаа хийхээс татгалзаж, зайлсхийсэн тул бид түүнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэж өгөхөөр ажилтан н.Мандахад албан бичиг, тушаалыг өгч явуулахад С.Сувд-Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй байна, танилцав 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гэж бичсэн байсан. Гадаадын иргэн, харьяатын газар нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн бидний урьд ажиллаж байсан ажлыг солин алс хол баруун хязгаарт Увс, Ховд, Өлгий, Баянхонгор аймгийн хил дээр нэг жил хүчээр томилж байна гээд Улаанбаатар хотод Буянт-Ухаа салбарт сул орон тоонд томилж өгөхийг хүссэн албан бичгийг харахад нэхэмжлэгч хаана томилогдсоноо мэдэж байсан, хариуцагч байгууллага ажилтны ажлын байрны нөхцлийг дордуулаагүй, баруун бүс дэх газарт томилсон. Гадаадын иргэн, харьяатын газраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн байгууллагын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/395 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэд нөхөн олговор буюу 2 775 564 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон 2 775 564 төгрөгийг буруу бодсон хэмээн Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гадаадын иргэн, харьяатын газар шүүхийн шийдвэрийг биелүүлэн иргэн С.Сувд-Эрдэнийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар тус байгууллагын Баруун бүс дэх газрын Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс томилсон. Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг нэхэмжлэх эрхтэй, тушаал гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гарсан өдөр хүртэлх хугацааны олговор нэхэмжлэх эрхгүй тул шүүх зохих журмын дагуу сараар биш ажлын хоногоор тооцон олговрын хэмжээг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 673 920  төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2 117 687  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гадаадын иргэн, харьяатын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 620 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 89 733 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, М.Золзаяа нар давж заалдах гомдолдоо:

...Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажилгүй байсан хугацаа гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түүнийг ажилд нь эгүүлэн томилсон. Манай байгууллага ажилтныг буцаан ажилд нь томилж, өмнөх шүүхийн шийдвэрийг үр дагаврыг арилгасан тул 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажилгүй байсан хугацааны ойлголтод хамаарахгүй. Гэтэл шүүх 2017 оны 8 дугаар сарын 4-нөөс 2018 оны 2 дугаар сарын 5 хүртэлх ажилгүй байсан хугацааны 128 хоногийн олговрыг тооцон гаргуулсан. Түүнчлэн ажилд томилсон тушаал гаргаснаас хойш ажилтанд цалин хөлс олгосон эсэх асуудал нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан тул хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэгдэнэ. Мөн нэхэмжлэгч ажилд буцаан томилсон шийдвэр болон сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг маргаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд шүүхийн шийдвэр Хөдөлмөийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчсөнөөс гадна Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй асуудлыг давхар хамруулсан. Хариуцагчийн зүгээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тогтооход 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 97 хоногийн цалин хөлс 3 541 955 төгрөг байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, илүү гаргуулсан 1 131 965 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

  Нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ нь хариуцагч Гадаадын иргэн, харъяатын газар, тус газрын дарга Д.Мөрөн нарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 710 591 төгрөг, шүүхийн шийдвэрээр дутуу олгосон олговорт 2 081 016 төгрөг, нийт 6 791 607 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

Хэргийн 41 дүгээр талд хариуцагч Гадаадын иргэн, харъяатын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/401 тоот тушаал авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсон байна. Уг тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан эсэх талаар зохигчид маргаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн утас гэх 90088119 гэсэн дугаарт ажилд томилсон тушаал гарсан талаар мэдэгдсэн гэх Мобикомын утасны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг нотариатаар баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 46-48 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан байдаг.

Анхан шатны шүүх нотолгооны ач холбогдолтой баримтад үзлэг хийж, нотлох баримтыг бэхжүүлэхгүйгээр хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Цахим хэлбэрийн баримтад шүүх үзлэг хийж, бэхжүүлэх ёстой байхад уг баримтыг нотариатаар батлуулан хэрэгт хавсаргасныг хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт гэж үзнэ.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 733 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО