Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 158/2018/0001/З |
Дугаар | 221/МА2018/0307 |
Огноо | 2018-05-31 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2018/0307
Ө.Э-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ө.Э, түүний өмгөөлөгч С.Д нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө.Э-ы нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.8-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” 20-02/13/85 дугаарын актаар тогтоосон 1.256.175 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун далан тав/ төгрөгийг хэмжээг 1.206.383 / нэг сая хоёр зуун зургаан мянга гурван зуун наян гурав/ төгрөг болгон багасгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хөдөлмөрийн хөлсөө авч ажилладаг жирийн төрийн албан хаагч, өөрийнхөө цалинг тогтоох эрх бүхий албан тушаалтан биш. Миний улсад ажилласан жилээ тодорхойлсон хүсэлтийг үндэслэн удаан жилийн нэмэгдэл олгосон гэж дүгнэж, буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв энэ үйлдлийг 2015-2016 оны хяналт шалгалтаар илрүүлж, буруутай үйл ажиллагааг таслан зогсоосон бол би хохирохгүй байсан. Эрх бүхий албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас болж төрийн албан хаагч намайг хохироосонд гомдолтой. Хяналт шалгалтын байцаагч нь төрийн тангараг өргөсөн үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж гаргасан зөрчлийг арилгуулаагүй, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллаагүй, албан тушаалтны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийж үндэслэлтэй шийдвэр гаргаагүй, сумын Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулаагүй байхад удаан жилийн нэмэгдлийг 5 хувь байх ёстой гэж цалингийн тооцоог буруу тооцоолон төрийн албан хаагч намайг 2017 онд 12 сар хохироосонд гомдолтой байна. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С нь удаа дараа хууль зөрчсөн үйлдэл, буруу тооцоолол хийж, буруу дүгнэлт гаргасаар байхад албан тушаалтанд ямар ч хариуцлага тооцохгүй байгаад гомдолтой. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С нь удаа дараа дуудахад ирээгүй гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй. Надад мэдэгдэх хуудас өгөөгүй, танилцуулаагүй, хэргийн материалтай танилцахад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Мэдэгдэх хуудас” өгсөн мэтээр бичиж хавсаргасан байсныг зөвшөөрөхгүй. Мөн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.П нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Мэдэгдэх хуудсыг танилцуулсан боловч хүлээн авахаас татгалзсан болно” гэсэн баримт үйлдэж, хэргийн материалд хавсаргасан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Улсын байцаагч Д.С-ийн ёс зүйгүй буруутай үйл ажиллагаа, хууль бус шийдвэрийг зохих журмын дагуу хянан шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ө.Э нь “Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” 20-02/13/85 дугаарын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Тодруулбал,
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.С нь Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 2015-2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байх ба шалгалтын явцад Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Ө.Э-д төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохдоо төрийн албанд ажилласан хугацааг буруу тооцон илүү олгосон зөрчилд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/13/85 дугаар акт тогтоон илүү олгосон 1.256.175 төгрөгийг Ө.Э-аар төлүүлж байгууллагыг хохиролгүй болгохыг сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ө.Э-д “төрийн албанд тасралтгүй 23 жил ажилласан” гэх үндэслэлээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар тооцож, 2015 оны 01 дүгээр сараас нөхөн олгохоор шийдвэрлэсэн байх ба мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар “2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар 20 хувийн нэмэгдэл авч байсан нь илт хууль бус” гэх үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгож, Ө.Э-ы 2017 оны 06 дугаар сар хүртэлх ажилласан жилийн хугацааг 15 жил 4 сараар тооцон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцохоор шийдвэрлэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл олгох журам, хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2-т “Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно. 11-15 жил 10 хувь, 16-20 жил 15 хувь, 21-25 жил 20 хувь, 26 ба түүнээс дээш 25 хувь” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ө.Э-ы төрийн албанд ажилласан хугацаа 21 жил хүрээгүй байхад нэмэгдлийг 20 хувиар олгосон нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн, нэхэмжлэгч нь төрийн албан хаасан хугацааг буруу тооцоолсон талаар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохдоо төрийн албанд ажилласан хугацааг буруу тооцон илүү олгосон гэх зөрчил илрүүлж илүү авсан цалингийн зөрүүг нэхэмжлэгч Ө.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “Аж ахуйн нэгж байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Харин шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан хугацааг “2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тооцоход 15 жил 7 сар 10 хоног” гэж тооцооллын алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн урьд илүү авсан нэмэгдэл хөлсийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн тул “эрх бүхий албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас болж төрийн албан хаагч намайг хохироосон” гэх гомдол үндэслэлгүйн зэрэгцээ “албан тушаалтанд хариуцлага тооцоогүй” гэх нөхцөл байдал нь актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хяналт шалгалт хийж байгаа талаар болон маргаан бүхий акт ямар үндэслэлээр гарсаныг мэдээгүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй талаар шүүхийн дүгнэлт зөв байх тул “мэдэгдэх хуудас өгөөгүй, танилцуулаагүй” тухай гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны үззх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН