Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00214

 

П.Хишигбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч П.Хишигбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд  холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, О.Баясгалан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Хишигбаяр нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын орон тооны зөвлөх буюу хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад орон тоог нь хассан учир Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас халагдсан. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.3 болон хамтын гэрээний заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэвч хөдөлмөрийн гэрээг цуцлах гол үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэл байхгүй байгаа юм.Хуулийн зөвлөх гэсэн орон тоог хассан гэж байгаа боловч нэрийг нь өөрчлөн зөвлөх гэсэн орон тоо байхаар шийдвэрлэсэн. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын А67 тоот тушаал дээр замын даргын алба түүний 5 дахь заалтад замын даргын зөвлөх гэсэн орон тоо байна. Энэ тушаал нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Үүний дараа 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 70 тоот тушаалаар П.Хишигбаярыг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын хуулийн зөвлөхөөр ажилд авсан. П.Хишигбаяр зөвлөх гэсэн орон тоонд ажилд орсон ба А67 тоот тушаалаар ямар нэг өөрчлөлт ороогүй. Тиймээс П.Хишигбаярын орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэлгүй. Замын дарга хуулийн зөвлөх гэсэн орон тоог шинээр бий болгосон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Ажилд авах болохоор орон тоо бий болгоод, хална гэхээр хасна гэсэн үг биш байх.Иймд П.Хишигбаярыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаар тушаалыг гаргахдаа тус нийгэмлэгийн ерөнхий хорооны 2009 оны 04 дүгээр протоколын 10.6 дахь заалтыг үндэслэж гаргасан. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 тушаалаар П.Хишигбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн А, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын төмөр замчдын Үйлдвэрчдийн эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14, Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны А-257 тоот тушаалыг үндэслэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын гаргасан дээрх тушаал нь хууль хэрэглээний болон процессийн ямар нэгэн алдаагүй. Замын дарга өөрт олгосон эрхийнхээ хүрээнд П.Хишигбаяртай 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.Захиргаа удирдлагын албаны орон тоонд нэмэлт, өөрчлөлт хийж, Замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ямар нэгэн үр ашиг гараагүй, УБТЗ-ын ажлын цаг 08.00-17.00 хүртэл байдаг. П.Хишигбаяр нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт бодит байдлаар ажиллаагүй, ажилдаа ирдэггүй, ирсэн ч өглөөний 10.00 цагаас хойш ирдэг. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хууль зүйн алба гэсэн мэргэшсэн алба ажилладаг тул ийм орон тоо шаардлагагүй гэж үзсэн тул хуулийн зөвлөхийн орон тоог хассан.Орон тоо хасагдсан, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №90/288 албан бичгээр П.Хишигбаярт мэдэгдэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. П.Хишигбаяр уг мэдэгдлийг биечлэн хүлээн авч гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажилтан нь ажил хүлээлгэн өгөх гэж заасан. П.Хишигбаяр нь УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлцэх, хүлээлгэн өгөх, ажил хийсэн тухай тайлан байхгүй. Өнөөдрийн байдлаар төмөр замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо байхгүй. Зөвлөх гэсэн орон тоо нэмсэн боловч энэ нь өмнөх замын дарга дараагийн замын даргын зөвлөхөөр ажилладаг. Учир нь өмнөх даргын гаргаж байсан бодлого шийдвэрүүдийг холбох, ажлын уялдаатай байх үүднээс дараагийн замын даргын зөвлөхөөр ажилладаг. Зөвлөх гэсэн орон тоо нэмсэн болохоос хуулийн зөвлөх гэж нэмээгүй. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр орон тоо нэмэх тушаал, 8 дугаар сарын 16-ны өдөр орон тоо хасах тухай тушаал гарч тухайн өдрөө П.Хишигбаярт тушаалыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн байдаг.Иймд П.Хишигбаярын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Хишигбаярыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтээс биелэгдсэн гэсэн үндэслэлээр татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагатай нийцэхгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна....Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...ямар үндэслэлээр орон тоо бий болгож, улмаар хасах болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ тус орон тоо нэмсэн, хассан гэх тушаалын хавсралтад “хуулийн зөвлөх” гэж орон тоог баталсанаас бус “замын даргын хуулийн зөвлөх” гэж орон тоо батлаагүй байна” гэсэн тэс хөндлөн дүгнэлт хийсэн байна. Энэ орон тоо анхнаасаа байгаагүй болохыг нотлон Замын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Удирдах газрын орон тоо батлах тухай” А-67 тоот тушаалын хавсралтаар “Захиргаа удирдлагын алба”-ны орон тоог гаргаж өгсөн байхад огт анхааран үзсэнгүй. Өөрөөр хэлбэл ийм орон тоо байгаагүйг нотлон зөвхөн УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн туслах хийж байсан П.Хишигбаярыг улс төрийн шахалтаар цалинжуулж байсан болохыг нотлон өгсөн байхад түүнийг шүүх бүрэлдэхүүн ойлгосонгүй.Мөн хянавал хэсэгт “...өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажилд авах үед Хууль зүйн албагүй байгаад дараа нь Хууль зүйн албатай болсноор даргын хуулийн зөвлөхийн албан тушаалыг хассан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд...” гэсэн хаанаас хэн хэзээ ийм зүйл ярьсан болох нь тодорхойгүй зүйл бичсэн байх юм. Талуудын хооронд хэзээ ч ийм маргаан мэтгэлцээн болоогүй бөгөөд энэ зүйлээр хэн маргаагүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзсэнгүй....Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч П.Хишигбаяр нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдуулан даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч даргын хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэлийг татгалзаж, мэтгэлцжээ.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байдал, УБТЗ-ын орон тоо, бүтцийн талаарх даргын бүрэн эрх, хариуцагч байгууллагын ажиллагсдын орон тооны өөрчлөлт, энэ талаарх ажил олгогчийн тушаал, шийдвэр зэрэг маргааны үйл баримтын талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. Хяналтын шатны шүүх энэ дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН