Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 45а байр 12 тоотод оршин суух, 1972 онд төрсөн 44 настай, Боржигон овогт Пүрэвдоржийн Хишигбаяр /РД-ПЮ72112665/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

            Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Хишигбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Хишигбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  П.Хишигбаяр нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын орон тооны зөвлөх буюу хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад орон тоог нь хассан учир Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б-I-208 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас халагдсан. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.3 болон хамтын гэрээний заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэвч хөдөлмөрийн гэрээг цуцлах гол үндэслэл болох хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэл байхгүй байгаа юм. Хуулийн зөвлөх гэсэн орон тоог хассан гэж байгаа боловч нэрийг нь өөрчлөн зөвлөх гэсэн орон тоо байхаар шийдвэрлэсэн. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын А67 тоот тушаал дээр замын даргын алба түүний 5 дахь заалтад замын даргын зөвлөх гэсэн орон тоо байна. Энэ тушаал нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Үүний дараа 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 70 тоот тушаалаар П.Хишигбаярыг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын хуулийн зөвлөхөөр ажилд авсан. П.Хишигбаяр зөвлөх гэсэн орон тоонд ажилд орсон ба А67 тоот тушаалаар ямар нэг өөрчлөлт ороогүй. Тиймээс П.Хишигбаярын орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэлгүй. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлд ерөнхий хорооны эрх хэмжээний талаар тусгасан ба 17з-д ажилчдад олгох хөдөлмөрийн хөлсний системийг тогтоох ба орон тооны жагсаалт, албан тушаалын цалинг батлана гэсэн байгаа. 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий хороо хуралдаад 04 тоот хурлын тэмдэглэлийн 16 дугаар зүйлд орон тооны жагсаалт батлах эрх хэмжээг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргад олгосон. Мөн 04 тоот хурлын тэмдэглэлийн 16 дугаар зүйлд дотоод бүтэц, салбар нэгжийг байгуулах татах буулгахтай холбоотой шийдвэр гаргахыг замын даргад зөвшөөрсөн. Иймд замын даргын эрх хэмжээний хүрээнд А67 тоот тушаал гарсан. Замын дарга хуулийн зөвлөх гэсэн орон тоог шинээр бий болгосон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Ажилд авах болохоор орон тоо бий болгоод, хална гэхээр хасна гэсэн үг биш байх. Иймд П.Хишигбаярыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

 Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан,  А.Цэндзаяа нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-257 тушаалыг гаргахдаа тус нийгэмлэгийн ерөнхий хорооны 2009 оны 04 дүгээр протоколын 10.6 дахь заалтыг үндэслэж гаргасан. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б-I-208 тушаалаар П.Хишигбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14, Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны А-257 тоот тушаалыг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын гаргасан дээрх тушаал нь хууль хэрэглээний болон процессийн ямар нэгэн алдаагүй. Замын дарга өөрт олгосон эрхийнхээ хүрээнд П.Хишигбаяртай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Захиргаа удирдлагын албаны орон тоонд нэмэлт, өөрчлөлт хийж Замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ямар нэгэн үр ашиг гараагүй, УБТЗ-ын ажлын цаг 08.00-17.00 хүртэл байдаг. П.Хишигбаяр нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт бодит байдлаар ажиллаагүй, ажилдаа ирдэггүй, ирсэн ч өглөөний 10.00 цагаас хойш ирдэг. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хууль зүйн алба гэсэн мэргэшсэн алба ажилладаг тул ийм орон тоо шаардлагагүй гэж үзсэн. Замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо шаардлагагүй гэж үзсэн тул хуулийн зөвлөхийн орон тоог хассан. Орон тоо хасагдсан, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №90/288 албан бичгээр П.Хишигбаярт мэдэгдэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. П.Хишигбаяр уг мэдэгдлийг биечлэн хүлээн авч гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажилтан нь ажил хүлээлгэн өгөх гэж заасан. П.Хишигбаяр нь УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлцэх, хүлээлгэн өгөх, ажил хийсэн тухай тайлан байхгүй. Ажил дээрээ ирсэн харагддаггүй. Түүний хийсэн ажлын тайлан үр дүн хэнд ч байхгүй. Өнөөдрийн байдлаар төмөр замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо байхгүй. Зөвлөх гэсэн орон тоо нэмсэн боловч энэ нь өмнөх замын дарга дараагийн замын даргын зөвлөхөөр ажилладаг. Учир нь өмнөх даргын гаргаж байсан бодлого шийдвэрүүдийг холбох, ажлын уялдаатай байх үүднээс дараагийн замын даргын зөвлөхөөр ажилладаг. Зөвлөх гэсэн орон тоо нэмсэн болохоос хуулийн зөвлөх гэж нэмээгүй. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр орон тоо нэмэх тушаал, 08 дугаар сарын 16-ны өдөр орон тоо хасах тухай тушаал гарч тухайн өдрөө П.Хишигбаярт тушаалыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн байдаг. Иймд П.Хишигбаярын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч П.Хишигбаяр нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б-I-208 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14, Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны А-257 тоот тушаалыг үндэслэн Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр П.Хишигбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 10.6-д замын орон тоо /замын орлогч дарга нар, ерөнхий нягтлан бодогч, хууль зүйн албаны дарга болон оросын мэргэжилтнүүдээс бусад албан тушаалууд/ замын орлогч дарга нарын албан тушаалын зааварчилгааны картууд, замын аж ахуйн нэгжүүд, бие даасан хэлтсүүд, албадын дүрмүүдийг батлах болон УБТЗ ХХН-ийнхээ дотор бүтэцийн салбар нэгжүүдийг байгуулах, татан буулгахтай холбоотой шийдвэр гаргаж байхыг Замын даргад зөвшөөрчээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А-67 дугаартай Удирдах газрын орон тоо батлах тухай тушаалаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газрын 2016 оны орон тоог хавсралтаар баталж, хавсралтын 4-т зөвлөх, 5-д замын даргын зөвлөх гэсэн орон тоог баталж, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б-I-70 тоот тушаалаар П.Хишигбаярыг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар томилж, замын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б-I-70 тоот тушаалыг үндэслэн хуулийн зөвлөх орон тоо 1, цалин 1.005.700 төгрөг байхаар орон тоог баталсан байна.

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22-т зааснаар замын дарга тушаал шийдвэр гаргах, ажилчин албан хаагчдыг ажилд авах ба халах, замын ажилчин ажилтан нарын хөдөлмөрийн хөлсний систем ба орон тооны жагсаалт албан тушаалын цалингийн тодорхойлолтыг боловсруулж ерөнхий хороонд батлуулахаар оруулах эрх үүрэгтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь “хуулийн зөвлөхийн орон тоог шаардлагагүй гэж үзэн замын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орон тоо хасах тушаал гарч П.Хишигбаярт мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь П.Хишигбаярыг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилд авч ажиллуулахдаа түүнтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах,  24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нөхцлүүдийг талууд хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй ажилтанг ажиллуулсан буруутай.

Өөрөөр хэлбэл талууд гэрээний гол нөхцөл болон бусад нөхцөлийн талаар тохиролцоогүй, 2016-2017 оны хамтын гэрээний 3.6-д зааснаар батлагдсан орон тоонд ажилтанг шинээр авч ажиллуулсан тохиолдолд гэрээ байгуулах гэсэн заалтыг зөрчиж ажилтанг ажиллуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг ажилтантай тохироогүй байна.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаартай тушаалаар замын даргын хуулийн зөвлөхийн орон тоог хасаж, нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр замын даргын Б-I-208 тушаалаар цуцалсан боловч талууд гэрээгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тохиролцоогүй, орон тоог ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй, удирдах газрын орон тоонд өөрчлөлт орсон баримтгүй тул нэхэмжлэгч П.Хишигбаярыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 70.200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтээс биелэгдсэн гэсэн үндэслэлээр татгалзсан болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон             

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Хишигбаярыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай.

                

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 70.200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

           3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтээс биелэгдсэн гэсэн үндэслэлээр татгалзсан болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА