Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01393

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01393

 

 

Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01289 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Өсөх марал од ХХК-д холбогдох

Монгол мед эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Өсөх марал од ХХК-ийн захирал Б.Цэвээний давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгийн төсөл бичүүлнэ гэсэн зарын дагуу Л.Батжавтай танилцаж, төслийг бичиж маш сайн хийж гүйцэтгэсэн. Төслийг стандарт зааврын дагуу боловсруулж бичсэн тул төсөл дэмжигдэн шалгарсан. Эмнэлгийн бүтэц үйл ажиллагааг Нэгдсэн эмнэлэг MNS 5095:2013 стандартын дагуу төлөвлөж эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг стационар, амбулатори, пара клиник, оношлогооны тасаг, үйл онош, дүрс оношлогоо, гэсэн бүтцийн дагуу 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх эрхийг авсан. Ц.Цэцэгмаа уг төсөлд өөрийг цаг зав, оюун санаа, хүч хөдөлмөр арвин туршлага болон бүх л зүйлээ дайчлан бичсэний үндсэн дээр өнөөдрийн Монгол мед" эмнэлгийн эрх олгогдож байгуулагдсан билээ. Л.Батжав Монгол мед эмнэлгийн даргаар ажиллаж эмнэлгийг сайн мэргэжилтэн, боловсон хүчнээр хангаж, эмнэлгийн захиргаа, хүний нөөц удирдлагын ажлыг хариуцаж ажилла гэсэн санал тавьсан. Уг саналыг хүлээн авч төсөлд эмнэлгийн даргаар Ц.Цэцэгмаагийн нэрийг бичиж эмнэлгийн эрх авснаар эмнэлэг байгуулагдаж тэрээр эмнэлгийн даргын ажил үүрэг болон захиргаа хүний нөөц, бүтэц зохион байгуулалт гэх мэт бүхий л ажлыг хариуцан хийж ирсэн. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа албан тушаалын цалингаа авмаар байна гэхэд өнөө маргаашгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Монгол мед эмнэлгийн ерөнхий захирал Л.Батжав нь өрөөндөө дуудаад ажлаас халж байна гэж хэлсэн. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь Монгол мед эмнэлгийг үүсгэн байгуулах үеэс эхлэн төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж, эмнэлэг байгуулагдсан үеэс эхлэн эмнэлгийн даргаар ажиллаж ирсэн. Монгол мед эмнэлэг нь Ц.Цэцэгмааг ажиллаж байх хугацааны цалинг өгөөгүй бөгөөд албан ёсны тушаал шийдвэр өгөөгүй болно. Нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Өсөх Марал-Од ХХК-ийн захирлын тушаалаар Монгол мед эмнэлгийн даргын албан тушаалд томилогдсон. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ц.Цэцэгмаа эмнэлэг байгуулах ажлыг хариуцан ажиллаж байсан. 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр эмнэлэг байгуулагдаж, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс Ц.Цэцэгмаа ажил үүргээ гүйцэтгэхээ больсон. 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх хугацааны эмнэлгийн төслийн баримт бичиг, хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 1 300 000 төгрөгийг 6 сараар тооцож, 7 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч тэтгэвэрт гарсан хүн учраас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх шаардлага гаргаагүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Л.Батжав Өсөх Марал-Од ХХК, Монгол мед эмнэлэгтэй ямар ч холбоогүй. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа ...анх Л.Батжавтай танилцсан, Л.Батжаваас төсөл бичсэн мөнгө авах гэсэн, 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Л.Батжавт итгэсэн, Л.Батжав намайг ажлаас халсан гэж тайлбарладаг. Гэтэл Л.Батжав 2016, 2017 онд Улсын Их хурлын тамгын газрын хуулийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сард ажлаа өгч, өмгөөлөгчөөр ажилласан. Одоо хүртэл миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлаж, нотариатаар батлуулж шүүхэд өгсөн. Өсөх Марал-Од ХХК буюу Монгол мед эмнэлэгт 2016 оны 2 дугаар сараас 2017 онд Л.Батжав гэх хүн огт ажиллаж байгаагүй. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа Л.Батжав гэх хүнтэй л уулзсан. Өсөх Марал-Од ХХК болон Монгол мед эмнэлгийн удирдлагатай уулзаж байгаагүй.

Харин Өсөх Марал-Од ХХК, Монгол мед эмнэлгийн удирдлагатай холбогдож байгаагүй. Өсөх Марал-Од ХХК-ийн дүрэмд зааснаар үүсгэн байгуулагчийн шийдвэрээр захирал, эмнэлгийн захирлыг томилсон. Өсөх Марал-Од ХХК-ийн гүйцэтгэх захирал, эмнэлгийн захирал байна гэж компанийн дүрэмд заасан. Өсөх Марал-Од ХХК-ийн дэд захирал н.Мөнхцэцэг гэж хүн байдаг. Гэтэл Ц.Цэцэгмаа гуай Өсөх Марал-Од ХХК, Монгол мед эмнэлэгт ажиллаж байгаагүй хүн. Нэхэмжлэгч төсөлд миний нэрийг бичиж, би эмнэлгийн даргын албан тушаал хашиж байсан гэж андуурдаг. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар эмнэлэг байгуулах ажил төсөл бичих үе шаттай, төсөл нь 2 үе шаттай явагддаг. Төсөлд зааснаар эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтныг сонгон шалгаруулдаг. 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн нэхэмжлэгчийн төсөл бичсэн гэх тушаалд компанийн захирал Б.Дашдорж гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Компанийн үүсгэн байгуулагч 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Б.Дашдоржийг эмнэлгийн даргаар томилсон. Эмнэлэг байгуулагдаагүй байхад эмнэлгийн дарга гэж байхгүй. 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тушаал зөвхөн төсөл хэлбэртэй байсан. Үүнээс харахад 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр томилогдсон Ц.Цэцэгмаа гэх эмнэлгийн дарга байхгүй, байгаа ч үгүй. 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр эмнэлэг үйл ажиллагаа явуулах эрх авсан, 7, 8, 9 дүгээр сард эмнэлэгт дотоод зохион байгуулалтын ажил явагдсан. 10 сард эмч ажилд авсан, 11 сард анхны үзлэг хийсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Өсөх Марал-Од ХХК-ийн Монгол мед эмнэлэгт Ц.Цэцэгмаа гэх хүн ажиллаж байгаагүй. Тийм хүн ажиллаж байгаагүй учраас ажлаас халагдсан гэсэн ойлголт байхгүй. Үндэслэлгүй ажлаас халагдсан гэх зүйл байхгүй учраас ажиллаж байсан цалинг олгох боломжгүй. Өсөх Марал-Од ХХК-ийн захирал нь миний ээж. Би ээждээ хүүгийн ёсоор эмнэлгийн төслийн ажил дээр тусалж байсан. Төсөлд зарын дагуу 160 гаруй хүн уулзаж, 61 хүний материалыг авсан. Тэдний нэг Ц.Цэцэгмаа байсан. Би Ц.Цэцэгмаад хандаж таныг эмнэлгийн даргаар томилоогүй, эмнэлгийн дарга н.Дашдорж, эмнэлгийн дэд захирал н.Мөнхцэцэг гэж хүмүүс байна. Та харин надад өгнө гэсэн бичиг баримтаа өгчихвөл сайн байна гэж хэлсэн. Ингээд шинэ жилийн дараа би Ц.Цэцэгмаад хандаж танд нэг удаа 500 000 төгрөг, 2 удаа 400 000 төгрөг өгсөн, 2018 оны 1 дүгээр сард 500 000 төгрөг өгье гэж хэлээд явуулсан. Нэхэмжлэгч эмнэлгийн даргаар ажиллаж байгаагүй, ажиллах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Ц.Цэцэгмааг Монгол мед эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар хариуцагч Өсөх марал од ХХК-иас 7 800 000 төгрөг гаргуулан Ц.Цэцэгмаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Өсөх марал од ХХК-иас 139 750 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Өсөх марал од ХХК-ийн захирал Б.Цэвээн давж заалдах гомдолдоо:

... Л.Батжав нь нэхэмжлэгчтэй танилцах үедээ төрийн албан хаагч байсан боловч одоо өмгөөлөгчөөр ажиллаж байгаа, хариуцагч байгууллагатай ямар ч холбоогүй хүн юм. Энэ талаар нотолсон баримт болох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өмгөөлөгчийн хувиар төлсөн нийгмийн даатгалын шимтгэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжав нь хариуцагч компанитай ямар нэгэн харилцаа холбоогүй болох нь нотлогдоно. Өсөх марал од ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Өлзийхутаг нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 5 тоот шийдвэрээр эмнэлгийн даргаар Б.Дашдоржийг томилсон байхад уг нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй. Компанийн удирдлагаас Б.Дашдоржийг захирлаар томилж, эмнэлгийн дотоод журмыг яаралтай боловсруулахыг үүрэг болгосны дагуу тэрээр 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 2/01 тоот тушаалаараа Эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам-ыг баталсан. Энэ дотоод журмын 2.1-д эмнэлгийн үйл ажиллагааг компанийн гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирал нь эмнэлгийн захирал байна гэж заасан. Б.Дашдорж нь 2015 оноос хойш эмнэлгийн захирлаар томилогдон ажилласан. Эмнэлгийн зөвшөөрөл 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гарсан тул албан ёсны Монгол мед эмнэлгийн захирлаар Б.Дашдорж ажилласан. Гэтэл шүүх Ц.Цэцэгмаад Монгол мед эмнэлгийн захирлын албан тушаалд томилон шийдвэр гаргасан нь зөрчилтэй болсон. Одоо шүүхийн шийдвэрийн дагуу Өсөх марал од ХХК-ийн захирлаар Ц.Цэцэгмаа томилогдсон бөгөөд компанийн бүртгэл тусдаа байхад хувийн өмчөө захиран зарцуулах эрхэд шүүх хөндлөнгөөс халдаж, нэхэмжлэгчийг захирлаар томилсон нь хууль зөрчсөн. Монгол мед эмнэлэг нь тусдаа бие даасан хуулийн этгээд биш бөгөөд Өсөх марал од ХХК-ийн үйл ажиллагааны нэг төрөл юм.

Эмнэлэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2016 оны 7 дугаар сард авсан ч үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангах үүднээс эмнэлгийн үйлчилгээнээс бусад тохижилтын засварын ажилыг гэрээгээр бусад хүмүүсээр хийлгэж байгаад 2016 оны 10 сараас үндсэн ажилчдаа авч, 11 сарын 20-нд анхны үзлэгээ хийсэн. Харин манай эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг газар олон компани, хувь хүн түрээслэдэг бөгөөд тэтгэвэрт гарсан гэх Ц.Цэцэгмаа нь бичиг баримт боловсруулж өгнө гэсэн нэрийдлээр 9,10 сард хэдэн удаа ирж байсан. Эмнэлгийн захирал Б.Дашдорж, дэд захирал Мөнхцэцэг нар тус тусдаа өрөөтэй бөгөөд эмнэлгийн зүгээс үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бусад түрээслэгч нар ирэх бүрт Ц.Цэцэгмааг суулгаж байсан 204, 303 тоот өрөөнд суулгадаг байсан. Ц.Цэцэгмаа гэх захирал огт байгаагүй гэдгийг эмнэлгийн ажилчид бүгд гэрчилнэ. Мөн шүүх Б.Дашдоржийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, нягтлан бодогч Баяржаргал, эмч Ж.Оюун-Эрдэнэ, Наранцэцэг нарын гэрчийн мэдүүлэг, Өсөх марал од ХХК-ийн нийгмийн даатгалын баримт, шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хөдөлмөрийн гэрээг үндэслэн Ц.Цэцэгмааг ажилд эгүүлэн тогтоож, төслийн бичиг баримтын тооцоог үндэслэн сарын цалинг 1 300 000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээ гэх баримтад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, нөгөө талаас гарын үсэг зурсан Б.Цэвээн нь тухайн үед компанид байгаагүй. Уг гэрээнд гарын үсэг зурсан талаар шинжээчээр дүгнэлт гаргуулах гэтэл Ц.Цэцэгмаа зугтаад ирээгүй, эмнэлгийн даргаар томилсон тушаалд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь Өсөх марал од ХХК-д холбогдуулан Монгол мед эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч Ц.Цэцэгмааг Монгол мед эмнэлгийн захирлаар ажиллаж, цалин авч байгаагүй гэж маргажээ.

 

Өсөх марал од ХХК-ийг төлөөлж дэд захирал Б.Цэвээн нөгөө талаас Ц.Цэцэгмаа нар 2016 оны 6 дугаар 3-ны өдөр 01 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Цэцэгмааг Монгол мед эмнэлгийн даргын албан тушаалд ажиллуулахаар тохирчээ. /1хх-ийн 110 тал/

 

Эрүү мэнд, спортын яамны 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ЭХ-15/23/3570 дугаар тушаалаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Өсөх марал од ХХК-ийн Монгол мед эмнэлэгт олгосон байна. /1хх-ийн 13 тал/

 

Өсөх марал од ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот шийдвэрийн хавсралтаар баталсан Өсөх марал од ХХК-ийн дүрмийн 7.1-д компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна гэж заажээ. /1хх-ийн 61-63 тал/

 

Хариуцагч Өсөх марал од ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 06 тоот үүсгэн байгуулагчийн шийдвэрээр Монгол мед нэгдсэн эмнэлгийн захирлаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дашдоржийг ажиллуулахаар шийдвэрлэжээ. /1хх-ийн 81 тал/ Өсөх марал од ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2/01 тоот тушаалаар Монгол мед нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмыг хавсралтаар баталсан байна. /1хх-ийн 82 тал/

 

Хариуцагч Өсөх марал од ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 05 тоот шийдвэрээр Монгол мед эмнэлгийн барилга бэлэн болсонтой холбогдуулан нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах баримт бичиг боловсруулахыг гүйцэтгэх захирал Б.Дашдоржид үүрэг болгожээ. /1хх-ийн 26 тал/

 

Мөн Өсөх марал од ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 01 тоот ажилд томилох тухай тушаалаар хүний их эмч Ц.Цэцэгмааг Монгол мед эмнэлгийн даргаар томилсон байх бөгөөд талууд уг тушаалд зурагдсан гарын үсэг Б.Дашдоржийн гарын үсэг мөн эсэх талаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилсон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 901 тоот шинжээчийн дүгнэлтэд ...шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн баруун дээд буланд 125 гэж дугаарласан хуудсанд 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Өсөх марал од ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал дугаар №01 гэх баримт дахь шинжилж буй гарын үсэг нь Б.Дашдоржийн гарын үсгийн тайлал, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн байна. /1хх-ийн 185-186 тал/

 

Хэргийн 92-101 дүгээр талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Л.Баяржаргал, Ж.Оюун-Эрдэнэ, Б.Дашдорж нарын гэрчийн мэдүүлэг авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх хууль сануулж, хуульд заасан журмын дагуу гэрчүүдийг асуусан байх тул тухайн гэрчүүдийн мэдүүлгийг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан дүгнэлгүйгээр нэхэмжлэгч Ц.Цэцэгмааг ажил олгогч байгууллага Монгол мед эмнэлгийн захирлаар томилсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмааг Монгол мед эмнэлгийн захирлын ажилд томилсон эсэх, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь ямар тушаалаар ажилд томилогдсон болох нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Тус хэрэг анх 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Х.Энхзаяа шүүгчид хуваарилагдаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 645 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Х.Энхзаяаг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 102/ЗТ2017/00945 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Х.Энхзаяа жирэмсний амралтаа авч байгаа тул түүний хянан шийдвэрлэж буй 30 хэрэг, 24 нэхэмжлэлийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс томилолтоор ажиллахаар ирсэн Г.Солонго шүүгчид хуваарилсан байна. Энэ тохиолдолд шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Солонгыг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж гаргаагүй байгааг хууль бус бүрэлдэхүүн гэж үзэхгүй, энэ талаар зохигчид гомдол гаргаагүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01289 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.Цэцэгмаагийн Өсөх марал од ХХК-д холбогдуулан гаргасан Монгол мед эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Өсөх марал од ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО