Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00204

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00204

 

 

 

 

Ү.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03683 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ү.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдох

 

Үндэслэлгүйгээр данснаас суутгасан 126 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ү.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ү.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас надад 126.000 төгрөгийн зарлага гарлаа гэж мессеж мэдээ ирсэн. Тэгээд надад карт маань байсан бөгөөд уг асуудлаар Хаан банкнаас лавлахад Баянгол дүүргийн Татварын хэлтсээс ирсэн бичгийн дагуу татварын өр татаж авсан байна гэж тайлбарласан. 2017 оны хавар над руу татварын албанаас татварын байцаагч уг асуудлаар утсаар мэдэгдэж, галт зэвсгийн татвар төлөөгүй байна гэж хэлж байсан. Миний бие нь Чех улсад үйлдвэрлэсэн CZ327 загварын Карбин бууг эзэмшиж байгаад 2015 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн оршин суугч Н.Эрдэнэчулуунд шилжүүлж Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлгээ бүртгүүлсэн. Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 126.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ү.М- нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн харилцагч бөгөөд галт зэвсгийн албан татварын бүртгэлтэй татвар төлөгч ба 2014, 2015 онуудын галт зэвсгийн албан татварыг төлсөн. Харин 2016, 2017, 2018 онуудад галт зэвсгийн албан татвар нь төлөгдөөгүй байсан. Татварын албанаас татвар төлөх асуудлаар мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэх хуудсыг Ү.М- хүлээж авсантай холбоотой баримт нь хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь тухайн галт зэвсгээ 2015 онд өөр хүнд шилжүүлж, уг галт зэвсгээ шилжүүлсэн талаар бүртгэлийн газарт бүртгүүлсэн хэдий ч татварын байгууллагад уг татварыг хасуулах талаар мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй юм. Галт зэвсгийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу татварын байгууллагад тухайн татварын зүйлийг бусдад худалдсан талаараа мэдэгдэж, татвар төлөгчөөс хасах тухай хүсэлтээ гаргаж мэдэгдэх ёстой байсан бөгөөд тухайн үедээ мэдэгдээд татвараа хасуулсан бол уг асуудал үүсэхгүй байсан. Иргэний хувьд тухайн харилцагчийг аль банкинд ямар данс эзэмшдэг талаар мэдэх боломжгүй тул арилжааны бүх банкуудад дансны хаалт тавьдаг байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.М-ийн хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 126,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2015, 2016, 2017 оны галт зэвсгийн албан татвар болох дээрх мөнгийг суутган авсан тухай мэдэгдсэн. Гэтэл уг галт зэвсгийг миний бие 2015 оны 10 дугаар сарын 26-ны едөр Сүхбаатар дүүрэгт оршин суух Н.Эрдэнэчулуунд /ЗЮ 83091911/ шилжүүлж, Нийслэлийн цагдаагийн газрын хэв журам хамгаалах газар албан ёсоор хөдөлгөөнийг хийлгэж шилжүүлсэн. Ингээд миний бие хууль бусаар хувийн өмчид халдан дээрэм хийсэн Баянгол дүүргийн татварын хэлтсийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган дээрх мөнгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хэргийг Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-т заасны дагуу буюу татвар төлөгч нь татвар ноогдох эд хөрөнгө. Гэтэл Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад Цагдаагийн байгууллага нь галт зэвсгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд гаргаж өгнө гэж нарийвчилж зааж өгсөн байна. Галт зэвсгийн албан татвартай холбоотой хэрэг маргааныг тухайлан нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр хууль байсаар атал Татварын ерөнхий хуулийг баримтлан ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан. Миний гомдлын шаардлагыг хангаж зөрчигдсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ү.М- нь хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан галт зэвсгийн албан татварын өр гэж үндэслэлгүйгээр суутгасан 126 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн татвар төлөгчийн банкин дахь харилцах данснаас татварын өрийг үл маргах журмаар гаргуулсан үйл ажиллагаанд гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүхэд  харьяалан шийдвэрлэдэг.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан болох Татварын хэлтэс, татварын улсын байцаагчид холбогдох маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан тул татвар төлөгчийн банкин дахь харилцах данснаас галт зэвсгийн албан татварын өр гэж үндэслэлгүйгээр суутгасан талаарх нэхэмжлэгчийн гомдлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн хэргийн харъяалалд хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүх энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуульд болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдох үндэслэлгүйгээр данснаас суутгасан 126 000 төгрөг гаргуулах тухай Ү.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 550 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ