Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/03683

 

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/03683

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ...хороо, ... тоотод оршин суух, О овогт Ү.М /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн... дүгээр хороо, ..., Б.Г... холбогдох;

Үндэслэлгүйгээр данснаас суутгасан 126,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Ү.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас надад 126,000 төгрөгийн зарлага гарлаа гэж мессеж мэдээ ирсэн. Тэгээд надад карт маань байсан бөгөөд уг асуудлаар Хаан банкнаас лавлахад Баянгол дүүргийн Татварын хэлтсээс ирсэн бичгийн дагуу татварын өр татаж авсан байна гэж тайлбарласан. 2017 оны хавар над руу татварын албанаас татварын байцаагч уг асуудлаар утсаар мэдэгдэж, галт зэвсгийн татвар төлөөгүй байна гэж хэлж байсан. Миний бие нь Чех улсад үйлдвэрлэсэн CZ327 загварын Карбин бууг эзэмшиж байгаад 2015 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн оршин суугч Н.Эрдэнэчулуунд шилжүүлж Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлгээ бүртгүүлсэн. Гэтэл Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь галт зэвсэг эзэмшдэггүй надаас сүүлийн 3 жилийн галт зэвсгийн татварыг надад огт мэдэгдэлгүйгээр Хаан банкны хувийн данснаас 126,000 төгрөгийг дээрэмдэн авсан болно. Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 126,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О... шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ү.М нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн харилцагч бөгөөд галт зэвсгийн албан татварын бүртгэлтэй татвар төлөгч ба 2014, 2015 онуудын галт зэвсгийн албан татварыг төлсөн. Харин 2016, 2017, 2018 онуудад галт зэвсгийн албан татвар нь төлөгдөөгүй байсан. Ингээд хариуцсан хорооны татварын байцаагч удаа дараа утсаар ярьсан байдаг. Мөн татварын албанаас татвар төлөх асуудлаар мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэх хуудсыг Ү.М хүлээж авсантай холбоотой баримт нь хэрэгт авагдсан. Уг мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд татварыг төлж барагдуулахгүй бол Татварын ерөнхий хуульд зааснаар үл маргах журмаар өрийг барагдуулахаар харилцах банкуудад дансны хаалт хийх талаар мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн галт зэвсэгээ 2015 онд өөр хүнд шилжүүлж, уг галт зэвсэгээ шилжүүлсэн талаар бүртгэлийн газарт бүртгүүлсэн хэдий ч татварын байгууллагад уг татварыг хасуулах талаар мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй юм. Татварын ерөнхий хуулиар татварын албанд уг татварын зүйлийг бусдад шилжүүлсэн талаар мэдэгдэж, татварын хасалт хийлгэх байсан бөгөөд татварын алба тухайн харилцагчийн хүсэлтээр татварын хасалт хийх бөгөөд шууд хасалт хийх ямар ч үндэслэлгүй юм. Галт зэвсгийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу татварын байгууллагад тухайн татварын зүйлийг бусдад худалдсан талаараа мэдэгдэж, татвар төлөгчөөс хасах тухай хүсэлтээ гаргаж мэдэгдэх ёстой байсан бөгөөд тухайн үедээ мэдэгдээд татвараа хасуулсан бол уг асуудал үүсэхгүй байсан. Нэхэмжлэгч маань татварын зүйлээ шилжүүлсэн талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тул тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч өөрөө хүсэлтээ өгч хасалт хийлгээгүй тул хариуцагч байгууллагаас цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн бүртгэлийг үндэслэж татварыг шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. Иргэний хувьд тухайн харилцагчийг аль банкинд ямар данс эзэмшдэг талаар мэдэх боломжгүй тул арилжааны бүх банкуудад дансны хаалт тавьдаг байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.М нь хариуцагч Б.Д... холбогдуулан үндэслэлгүйгээр суутгасан 126,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ү.М нь Чех улсад үйлдвэрлэгдсэн Карбин загварын галт зэвсэг эзэмшигч, мөн Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй галт зэвсгийн татвар төлөгч болох нь зохигчдын тайлбар, Б.Д... 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар мэдэгдэх хуудас, татварын өрийн тооцоололын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн  7.4.-т Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараахь татвар орон нутгийн татварт хамаарна:, мөн 7.4.13-т галт зэвсгийн албан татвар; гэжээ. Нэхэмжлэгч Ү.М нь өөрийн эзэмшиж буй галт зэвсгийн албан татварыг төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв татвар ногдох эд хөрөнгөө бусдад худалдсан бол харьяа татварын албандаа мэдэгдэх үүрэгтэй талаар мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9.-д татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх; гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Ү.М нь өөрийн эзэмшиж байсан галт зэвсгийг бусдад худалдаж, энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эзэмшигчийн нэр шилжүүлсэн, татварын албанд мэдэгдэнэ гэж хуульд заагаагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгаа нь үндэслэл муутай, тэрээр Татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлж, татварын зүйлээ бусдад шилжүүлсэн талаараа мэдэгдээгүйгээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.Ү.. 2018 оны 7 дугаар 24-ний өдөр 26/373 мэдэгдэх хуудас Хаан банк ХХК-д хүргүүлж, Ү.Мийн эзэмшдэг ...тоот данснаас 126,000 төгрөгийн хасалт хийснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.-т Энэ хуулийн 33.1.-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу түүний оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно. гэж заасан байх тул мэдэгдлийг татвар төлөгчийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснийг буруутгах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Ү.М нь Татварын ерөнхий хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй байх тул Б.Д... 126,000 төгрөг гаргуулах тухай түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Мийн хариуцагч Б.Д...Т 126,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР