Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0281

 

2018 оны 5 сарын 15 өдөр             

Дугаар 221/МА2018/0281

Улаанбаатар хот

Б.Б, Ж.Д нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, Ж.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0052 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Б, Ж.Д нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д тус тус холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/52 дугаар шийдвэрээр: Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн /хуучнаар/ 6 дугаар зүйлийн 6.2.7, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нарын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 15-нд Тп ХХК-д олгосон 2745/2013 дугаар техникийн нөхцөл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Тп ХХК-д олгосон 06/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан Тп ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн АБВ00-000дугаар шифртэй ажлын зургийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагчийг дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурджээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: Иргэн Б.Б, Ж.Д нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 24-ны өдрийн №128/ШШ2018/0052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д дэх хэсгийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Тп” ХХК-ийн орон сууцны барилгын гадна хангамжийн АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагчийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэснийг, 2-дах хэсэгт заасан “ЗХШХШтухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай ,” гэж тус тус заан шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Манай байгууллага нь 2013 онд Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Данзангийн I дүгээр гудамжинд байрлах орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам татах ажлын зургийг боловсруулахаар “Бч” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг боловсруулсан байдаг. Уг зураг төслийг “Бч” ХХК нь холбогдох журмын дагуу боловсруулан зурсан байдаг бөгөөд энэхүү зургийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК нарын эрх бүхий албан тушаалтан нар хянан зөвшөөрснөөр ажлын зургийг захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, гэж тодорхойлсон байдаг бөгөөд энэхүү зүйлд заасан захиргааны актын үндсэн шинжүүд заавал тусгагдсанаар захиргааны акт гэж үздэг.

Гэтэл тус маргаантай байгаа ажлын зураг нь захиргааны актын үндсэн шинжүүдийг бүрэн агуулаагүй байгаа тул захиргааны гэж үзэхээргүй байна. Учир нь АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу “Бч” ХХК боловсруулж, угсралтын ажлыг “Электро фаз” ХХК хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас үзвэл ажлын зургийг нийтийн захиргааны байгууллагаас гаргасан гэж үзэхээргүй байна.

Мөн ажлын зургийг зөвшөөрснөөр “Бч” ХХК-ийн боловсруулсан зургийн угсралтын ажлыг “Эф” ХХК нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр бус иргэний эрх зүйн харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд бус буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаагүй байна.

Ийнхүү дээрхээс үзвэл анхан шатны шүүхээс төрийн байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл олгосон тухайн үйлдлээр АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, захиргааны акт болно гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг заасныг зөрчсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Тэгшт Плант” ХХК-ийн орон сууцны барилгын гадна хангамжийн АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг түдгэлзүүлснээр өнөөдөр тухайн орон сууцанд амьдардаг 400-450 орчим хүнд ямар нэгэн сөрөг байдлаар нөлөөлөх болбол яах вэ?, Амьдралын анхдагч эх үүсвэр болох цахилгааны хэрэгцээг тасалдуулсан тохиолдолд хичнээн их хэмжээний хохирол үүсч болох вэ?, энэхүү байранд амьдарч байгаа маш олон иргэдийн эрх  ашиг явж  байгаа гэдэг  нийтийн  ашиг сонирхол,  хуулийн  этгээдэд илт хохирол учруулах нөхцөл байдлыг харгалзахгүйгээр анхан  шатны  шүүхээс “.....  гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсэн” шийдвэр гаргасан нь ЗХШХШ тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасны ноцтой зөрчсөн байна

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 24-ны өдрийн 0052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан “Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Тэгшт Плант” ХХК-ийн орон сууцны барилгын гадна хангамжийн АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагчийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэснийг, тус тогтоолын 2-д заасан “ЗХШХШтухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж заан шийдвэрлэсэн шийдвэрийн хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх арга, журмыг тогтоосон өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нараас гуравдагч этгээд “Тп” ХХК орон сууц барихдаа барилгын зүүн талд орших Б.Б, Ж.Д нарын газар дээгүүр хууль бусаар, ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр өндөр хүчдэлийн шугам татаж өмчлөх эрхэнд халдсан гэсэн үндэслэлээр “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 15-нд “Тп” ХХК-д олгосон 2745/2013 дугаар техникийн нөхцөлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Тп” ХХК-д олгосон 06/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, иргэн Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, тэд нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар “Тп” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг бусдын газар өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд “Тп” ХХК Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн баруун талд 81 айлын орон сууцны барилга шинээр барихдаа АБВ00-000дугаар шифртэй ажлын зургийг “Бч” ХХК-аар гүйцэтгүүлжээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн менежер нар ажлын зурагт гарын үсэг зурж зөвшөөрөл олгохдоо уг ажлын зургийн дагуу гүйцэтгэх цахилгаан дамжуулах кабель шугам нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд халдсан байгааг анхаараагүй байна.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн[1] дагуу ажлын зураг дахь цахилгаан дамжуулах кабель шугамын байршлыг хянаж, хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь өөрийн баталсан 2745/2013 техникийн нөхцөлийн 9.1-д “... схем холболт, хүчин чадлыг тус компаниар хянуулах” гэж заасны дагуу хянаж, цахилгаан дамжуулах кабель шугамын схем холболт нь дээрх шаардлагыг шаардлагыг хангасан тохиолдолд зөвшөөрөл өгөх ёстой байна.

Түүнчлэн, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар “ажлын зурагт Ж.Э-ыг орлож, тухайн үед ажиллаж байсан инженер гарын үсэг зурсан. Хэрэв тухайн ажлын зургийг гаргахдаа тухайн эзэмшигчийн эрх ашгийг хөндсөн, эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүйн улмаас ажлын зургийг хүчингүй болгоход татгалзах зүйл байхгүй” гэсэн тайлбар өгсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт эрчим хүчний шугам сүлжээ татсан нь тэдний өмчлөлийн газраа зориулалтынх нь дагуу ашиглах эрхийг зөрчсөн гэж зөв дүгнэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын “маргаантай байгаа ажлын зураг нь захиргааны актын үндсэн шинжүүдийг бүрэн агуулаагүй байгаа тул захиргааны акт гэж үзэхгүй” гэх үндэслэлийн тухайд: АБВ00-000дугаар шифртэй ажлын зураг нь нэхэмжлэгч нарын хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр өмчилсөн газарт тэдний зөвшөөрөлгүйгээр цахилгаан дамжуулах кабель шугам байгуулах, хамгаалалтын зурвас тогтоох зэрэг үр дагаврыг бий болгосон байх тул захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн дээрх шийдвэр нь мөн хуулийн 61 дүгээр зүйлд заасан актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай ойлголт биш тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.7, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах “Тп” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгааны гадна хангамжийн АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг баталж, зөвшөөрөл олгосон хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйлдлийг дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “Тп” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн АБВ00-000 дугаар шифртэй ажлын зургийг нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг зөрчихгүйгээр мэргэжлийн байгууллага шинээр ажлын зураг үйлдэж ирүүлсэн тохиолдолд зөвшөөрч, баталсан шийдвэр гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Тп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[1] Дүрмийн 5.2 дахь хэсгийн Хүснэгт 1-ийн 3, 4 болон 7.5.5 дахь хэсэг