Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2016/02743/И |
Дугаар | 001/ХТ2017/00213 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2017/00213
С.Хангайн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2016/00922 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч С.Хангайн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Хан Хур Холдинг” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Хангай, хариуцагчийн өмгөөлөгч Г.Намуун, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хан Хур Холдинг” ХХК-ийн менежер М.Нямтулгатай ХГ/01/2015 дугаар бүхий макетны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн Голден будда, Амарбаясгалант, Алтангадас гэх нэр бүхий төслүүдийн макетны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.Гэрээ ёсоор миний бие тус гэрээт ажлыг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 33 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж, ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг авахаар болж, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 20 000 000 төгрөгийг бартераар авах болсон. Гэвч захиалагчийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай зураг төслийг өгөхгүй хожимдуулсантай холбоотой Амарбаясгалант, Алтангадас төслийн макетийг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд Голден будда төслийн зурагт өөрчлөлт оруулах болсон учир макет хийх ажлыг түр хойшлуулсан. Макетны ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д хариуцагч талаас ажлын зураг төслийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор багтаан өгч, ажил гүйцэтгэх боломжоор хангана гэж заасан байдаг.Тиймээс хариуцагчийн зүгээс нэмэлт төсөвтэй холбоотой материалуудыг заасан хугацаанд өгсөн бол нэхэмжлэгч нь ажлаа 100 хувь хийж гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс Голден будда хорооллын макетны ажлын материалыг хугацаандаа өгөөгүй тул Иргэний хуулийн 355.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрөөсөө 12 000 000 төгрөгийн материал авч Алтангадас, Амарбаясгалант хорооллын ажлыг хийж гүйцэтгэсэн. Амарбаясгалант, Алтангадас төслийн макетын ажил нь нийт ажлын 72 хувь бөгөөд ажлын хөлс нь 21 600 000 төгрөг бөгөөд урьдчилгааны 10 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 11 600 000 төгрөгийг, гэрээний 3.2-т зааснаар алданги 5 800 000 төгрөгийг гаргуулахаар тооцсон.Иймд ХГ/01/2015 дугаар бүхий макетны ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, Амарбаясгалан, Алтангадас төслийн макетны ажлын үлдэгдэл 11 600 000 төгрөг, алданги 5 800 000 төгрөг, нийт 17 400 000 төгрөгийг хариуцагч “Хан Хур Холдинг” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: С.Хангайтай “Хан хур холдинг” ХХК-ийг төлөөлж ажил гүйцэтгэх гэрээг М.Нямтулга хийсэн байдаг. Гэвч гэрээнд заахдаа ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн тохиолдолд ажлын хөлсийг ажил гүйцэтгэх акт үйлдсэний дараа хөлсийг өгнө гэж 2 тал харилцан тохирч урьдчилгаа болгож нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг өгсөн. Гэрээний 3.5-д зааснаар гэрээнд ажлыг тогтоосон хугацаанд хүлээлгэж өгөх ёстой байтал гэрээний дагуу акт үйлдээгүй, нэхэмжлэгч талаас ажлаа хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэгч нь ямар ажлыг яаж хийж гүйцэтгэсэн тухайгаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч талаас 10 000 000 төгрөгийн урьдчилгаа аваад энэ талаараа тайлан тооцоог гаргасан баримт байхгүй байна.Иймээс нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, мөн хариуцагч талд хийсэн ажлаа тайлагнаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2016/00922 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хан Хур Холдинг” ХХК-иас 15 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Хангайд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Хан Хур Холдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 236 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Хангайд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2016/00922 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “355.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Хан хур холдинг” ХХК-ийн төлсөн 237 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заагдсанаар “Хан Хур Холдинг” ХХК-иас 15 800 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзлээ. Иргэн С.Хангай нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хан Хур Холдинг” ХХК-тай макетны гэрээ хийсэн ба С.Хангай нь гэрээний дагуу үүргээ 100 хувь гүйцэтгээгүй мөн “Хан Хур Холдинг” ХХК нь тус гэрээний дагуу үр шимээ үзээгүй байхад огт хийгээгүй ажлын хөлсийг алдангид тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.Тус гэрээний 1.3-т макетыг ерөнхий төлөвлөгөөний дагуу хийх ба зураг төслийн дагуу макетны зориулалтын материалаар 100 хувийн нягтралтайгаар хийж гүйцэтгэнэ. Мөн гэрээний 2.2-т ажил дуусч гэрээний дагуу гүйцэтгэгч гэрээний ажил хүлээлцсэний дараа төлбөр болох 66.6 хувь буюу 20 000 000 төгрөгийг 2.1-д зааснаар төлнө, 6.1-д “гүйцэтгэгч тал гэрээт ажлыг хүлээлгэн өгөхдөө холбогдох акт, баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байхад гэрээт ажлыг хүлээлцэх акт үйлдэж талуудын тохиролцсон эрх бүхий ажилтнуудын гарын үсэг зурж, хүлээлцэнэ” гэж заасан байтал гэрээний үүргийг биелүүлээгүй, ажлын 50 хувийг ч хийгээгүй байж Амарбаясгалант, Алтангадас гэх нэр бүхий төслийн макетны ажлыг чанаргүй хийсэн ба манай байгууллага чанаргүй хийсэн ажлаас болж үр шимээ үзээгүй учир албан ёсоор хүлээж аваагүй, “Голден Будда” гэх хамгийн гол чухал төслийн макетыг ор тас хийгээгүй байж бүрэн гүйцэд ажлыг хийсэн гэж үзэж хийсэн гэх ажлаас алданги тооцож мөн хийгээгүй ажлаас шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй манай компанийг хохироож шийдсэн шийдвэр гаргасан тул хэргийг хянуулахаар гомдол гаргалаа гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас эрх зүйн маргаан үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврын зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч С.Хангай нь хариуцагч “Хан хур холдинг” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс, үүргээ хугацаандаа биелүүлээгүйд алданги шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр барилгын макетын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч С.Хангай нь хариуцагч “Хан хур холдинг” ХХК-ийн захиалгаар “Голден будда”, “Амарбаясгалант”, “Алтангадас” хорооллын макетыг хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээж, захиалагч нь ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байна. Ажлын хөлснөөс 10 000 000 төгрөг төлөгдсөн талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч С.Хангай “Амарбаясгалант”, “Алтангадас” төслийн макетыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан зохицуулалтад нийцжээ. “Голден будда” төслийн макетыг ажил гүйцэтгэж хийгээгүй талаар талууд маргаагүй байна.
Ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, ажлын чанар гэрээнд заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбар болон гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН