Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2018/0286

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0286

Улаанбаатар хот

 

 

 

 

Л.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар шийдвэртэй, Л.Н-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 17 дугаар зүйлийн 17.1. 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Б-Ө сумын Б багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Л.Н-ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Иргэн Л.Н нь Улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5 хороолол 7 дугаар байрны 11 тоот, 19 м.кв орон сууцыг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00945 дугаар шийдвэрээр 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хамтран өмчлөгчөөс Л.Н-ийг хассан хэлцлийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийлгэхээр тус хэлтэст хандсан байдаг. Тус улсын бүртгэлийн хэлтэс нь хууль журамд заасан эрхийн хүрээнд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан нотлох баримтыг бүрдүүлэн мэдүүлэг гаргахыг иргэн Л.Н-т зөвлөсөн.

Бүртгэлийн хууль журамд зааснаар мэдүүлэг гаргагч нь хууль журамд заасан нотлох баримтыг бүрдүүлэн мэдүүлэг гаргах ба хууль, журамд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд /Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль” 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйл, 20 дугаар зүйл/ мэдүүлэг нотлох баримтыг улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч бүртгэх эсэх шийдвэрийг гаргадаг.

Уг үл хөдлөх эд хөрөнгийн талаар эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн сангаас шалгахад Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 03/2301, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2339 тоот албан бичгээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 814 дүгээр захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШЗ2016/05064 дугаар захирамжуудыг үндэслэн тусгай тэмдэглэл бүртгүүлсэн байна.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 945 дугаар захирамж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 814 дүгээр захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШЗ2016/05064 дугаар захирамжууд гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг үндэслэн дүгнэвэл аль шийдвэрийг нь биелүүлэх нь тодорхой бус байна

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 05 дугаар шүүхийн шийдвэрт уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 814 дүгээр захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШЗ2016/05064 дугаар захирамжуудын талаар огт дүгнээгүй. Мөн Улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн бүртгэлийн үйлчилгээ, хууль журамд заасан нотлох баримтын бүрдэл хангагдсан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 945 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бүртгэлийг хийгээгүй нь /эс үйлдэхүй/ хууль зөрчсөн гэж үзэн тухайн орон сууцанд үүрэг ногдуулсан бүртгэл бүртгэгдсэн болон эрх бүхий байгууллагын тусгай тэмдэглэл бүртгэгдсэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас тусгай тэмдэглэлийг цуцалсан эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр /Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль” 20.1.2, 20.1.4, 20.5, 20.6/ бүртгэх ёстой гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч Л.Н нь К бны барьцаа бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан бусад баримтдаа банкны зөвшөөрлийг хавсаргаагүй байсан бөгөөд энэ үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллага татгалзаж мэдүүлгийг буцаасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ зөвшөөрлийг хавсаргаагүй гэх үндэслэлээр буцаасан улсын бүртгэлийн албаны үйлдлийг хууль зөрсөн гэж үзсэн байна. Үүнийг банкны зүгээс илт үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд аливаа өөрчлөлт орох тохиолдолд эрх нь хөндөгдсөн этгээдээс заавал бичгээр зөвшөөрөл авахаар зохицуулсан байдаг. Энэхүү зохицуулалтын дагуу К бнаас нэхэмжлэгч нь бичгээр зөвшөөрөл авах байтал авалгүй мэдүүлэг гаргасан байна. Иймээс бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан улсын бүртгэлийн албаны үйлдлийг буруутгах үндэслэл байхгүй юм.

Анхан шатны шүүх энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хариуцагч болон гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, Л.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 945 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэн тус аймгийн Б-Ө сумын Б багийн 5-7-11 тоот 19 м.кв орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг хүссэн боловч хариуцагчаас “... шилжилт хөдөлгөөнд хориг тавигдсан, өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа байхгүй зэрэг мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд байх тул таны хүсэлтийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ одоогоор олгох боломжгүй байна” гэх хариуг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1731 дүгээр албан бичгээр өгчээ.

Дээрх шүүхийн 945 дугаар шийдвэрээр дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөс 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Л.Н-ийг хассан хэлцэл, мөн оны 08 дугаар сарын 12-ны өдөр хамтран өмчлөгчөөр Б.Б-г нэмсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, түүний ах Л.Ж болон Б.Б нарын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Харин уг шүүхийн шийдвэр гарахаас өмнө Л.Ж, Б.Б нар нь дээрх гэрчилгээг хүчин төгөлдөр байх үед 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “К б” ХХК-иас зээл авч, дээрх орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээг бүртгүүлжээ. Тэрээр зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс “К б” ХХК нэхэмжлэл гаргаж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 814 дүгээр захирамжаар “К б” ХХК болон Б.Б нарын хооронд “Б.Б нь өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн 42 525 191 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэхэд төлж барагдуулах”-аар эвлэрлийн гэрээг байгуулсныг баталжээ.

Б.Б нь мөн эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас “К б” ХХК-аас дээрх шүүхийн 814 дүгээр захирамжийг үндэслэн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2339 дүгээр албан бичгээр 2101001765 дугаартай үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлж барагдуулах хүртэл хугацаанд шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэнээр уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллагын “шүүхийн шийдвэр, түүнийг гүйцэтгэх явцад хийгдсэн эрх бүхий этгээдийн албан бичгийн дагуу хийгдсэн тусгай тэмдэглэлийн улмаас өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Н-ийг өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдлийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөлгүй зөвхөн сүүлд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэхийг даалгахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.  

Хариуцагч улсын бүртгэлийн хэлтэс давж заалдах гомдолдоо “...Улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн бүртгэлийн үйлчилгээ, хууль журамд заасан нотлох баримтын бүрдэл хангагдсан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 945 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бүртгэлийг хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэн ... эрх бүхий байгууллагын тусгай тэмдэглэл бүртгэгдсэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас тусгай тэмдэглэлийг цуцалсан эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр бүртгэх ёстой гэж дүгнэсэн нь ... үндэслэлгүй” гэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэргийн шүүх юуны өмнө нэхэмжлэгчийн хууль бус гэж үзсэн захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, хууль бус болох нь тогтоогдвол түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох үүрэгтэй.

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай ... хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглосны дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016.11.10-ны өдрийн 03/2339 дүгээр албан бичгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн  шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүйг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлийг  хангаж, хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 945 дугаар шийдвэр болон дээрх 814 дүгээр захирамж, түүнийг гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоол, албан бичиг аль аль нь хүчин төгөлдөр байхад хариуцагч нь 945 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн шууд бүртгэх бүрэн эрхгүй гэж үзнэ.

Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагын зорилго нь нэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхүүдийн бүртгэлийг давхцуулан бүртгэхгүй байх, улмаар тухайн хөрөнгөтэй холбоотой эрх хөндөгдөхөөс сэргийлж үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхүүдийн бүртгэл, түүнтэй холбоотой тусгай тэмдэглэлийг хийдэг.   

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол мэдүүлэг гаргаж болох”-оор заасан боловч энэ тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бусад эрх хөндөгдөхөөргүй, тусгай тэмдэглэл хийгдээгүй бол шууд бүртгэнэ.

Харин бусдын эрх хөндөгдөх, эсхүл эрх бүхий этгээд түдгэлзүүлсэн бол Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу зөвшөөрөл авах, эсхүл эрх бүхий этгээдээс түдгэлзүүлсэн бол уг түдгэлзүүлсэн этгээдийн зөвшөөрлөөр бүртгэлийг өөрчлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч болон гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Л.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Н нь түүнийг бүртгэхэд саад болж байгаа дээрх асуудлын талаар эрх бүхий этгээдэд зохих журмын дагуу хандаж арилгуулах, эсхүл хууль зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн Б.Б, Л.Ж нараас хохирлоо нэхэмжлэх зэргээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хамгаалуулсан зөрчигдсөн эрхээ сэргээх эрх нь нээлттэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “шүүхийн шийдвэрийн дагуу Ү-2101001765 дугаар бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд “К б” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ