Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 166

 

Ч.А, С.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 934 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, Ч.А, С.О нарт холбогдох 1905040131144 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ша овогт Ч-ын А,

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт С-н Очирпүрэв нар нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудалд маргалдсаны улмаас харилцан зодолдож С.О нь Ч.Агийн эрүүл мэндэд зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Ч.А нь С.О-ийн чихний хэсгийг хазаж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн дөрөвний гурав (3/4) хэсгийн тасрал, бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Ч.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж” шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэлдээ “... шүүгдэгч Ч.А, С.О нар нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд амрах явцдаа маргалдан харилцан зодолдож, С.О нь Ч.А-гийн биед халдан зодож, түүний биед “зовхинд цус хуралт уруулд няцарсан шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.А нь С.О-ийн биед халдан чихний хэсгийг хазаж, түүний биед “зүүн чихний дэлбэнгийн (3/4 )хэсгийн тасрал, бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 934 дугаартай шийтгэх тогтоолоор “Ч.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна.

Шүүхийн шийдвэрт...хэрэгт цугларч бэхжүүлсэн баримтуудад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэж үзвэл, С.О нь эхэлж, илэрхий хүч хэрэглэсэн довтолгоо хийж Ч.А-гийн биед халдсан бөгөөд түүний үйлдэл нь Ч.А-гийн эрүүл мэнд болон хууль ёсны эрх ашиг, сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтанд тооцохгүй гэж хуульчилжээ. Прокуророос шүүгдэгч С.О, Ч.А нарын үйлдлийг харилцан зодолдож гэж дүгнэсэн боловч энэ талаар ямар ч үйл явдал нотлох баримт хэрэгт тогтоогдоогүй бөгөөд харин хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар С.О нь довтолж, Ч.А нь хамгаалсан үйлдэл хийсэн байна гэж дүгнэв ... гэж тэмдэглэжээ.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А нэртэй зочид буудалд С.О, Ч.А, Л.Н нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд С.О нь Л.Н-ийн дэргэд унтлаа гэх шалтгаанаар Ч.А-гийн нүүрэн тус газар нь цохиж, улмаар орон дээр унагааж, дээрээс нь гарын тохой, хэсгээр хоолой дээр нь дарж амьсгалыг боогдуулсан үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.О нь маргааныг түрүүлж үүсгэн Ч.А руу дайрч, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хоолойн дээр нь тохойгоороо дарж амьсгал боогдуулсан үйлдлийн улмаас Ч.А нь С.О-ийн чихнээс хазаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ. ... гэж тэмдэглэжээ ... гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь хавтас хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12345 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Тодруулбал С.О-ийн биед зүүн чихний дэлбэнгийн Ул хэсгийн тасралт, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар дүгнэлтэнд ” онцгой ач холбогдол нотлох баримт ... бүхий аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэх тухай үндэслэлийг заагаагүй бол”...анхан шатны тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Тухайлбал.С.Оийн эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнгийн Ул хэсгийн тасралт, бугалганд цус хуралт гэмтлийг Ч.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу..өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн байна.

Дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал: Ч.А хохирогчоор мэдүүлэхдээ...”тэгэхээр нь би босгох гээд зүүн чихнээс нь хазсан чинь Очирпүрэв шууд дээшээ босох үед чихнээс нь цус гараад байсан”...гэсэн мэдүүлгээр Ч.А, С.О нарын хооронд таарамжгүй харьцааны улмаас харилцан хэрүүл маргаан үүсгэж, зодоон гарсан баримт авагдсан болно.

Шүүгдэгч Ч.А нь С.О-тэй хэрүүл маргаан үүсгэсний дараа, тэдгээр зууралдах явцдаа Ч.Ан С.О-ийн чихний хэсгийг хазаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдпийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Мөн хэргийн үйл баримтуудаар С.О-ийн эрүүл мэндэд бугалганд цус хуралт бүхий гэмтэл учирсан нь Ч.А-гийн үйлдлийн улмаас хамааралтай, Ч.А, С.О нарыг маргалдан харилцан зодолдсон, өөрийн эрүүл мэндэд аюул учрах гэж байна гэж ойлгож өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус гагцхүү бусдын чихийг хазаж, түүний эсрэг идэвхтэй үйлдэл хийх санаа зорилгоор С.Оийн эсрэг биед нь халдаж, чихийг хазсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Ч.А, С.О нар нь 2019 оны 10 дугаар сарын 04- ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудалд амрах явцдаа хоорондоо маргалдан харилцан зодолдож, С.О нь Ч.Агийн биед халдан зодож, түүний биед “зовхинд цус хуралт уруулд няцарсан шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.А нь С.О-ийн биед халдан чихний хэсгийг хазаж, түүний биед “зүүн чихний дэлбэнгийн (3/4) хэсгийн тасрал, бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.А нь намайг цохиж, зодсон гэх шалтгаанаар түүний биед “зүүн чихний дэлбэнгийн (3/4) хэсгийн тасрал, бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болохыг тогтоосон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12345 тоот шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч Ч.А-н хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэсэн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн, түүнчлэн С.Оийн бугалганд цус хуралт бүхий гэмтэл хэзээ, үүссэн болон энэ гэмтэл учирсан байхад харилцан бие биенийхээ үйлдлийн эсрэг хийсэн идэвхтэй үйлдлийг Ч.А-гийн дээрх гэмтэл учруулсан байдлыг аргагүй хамгаалалт гэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж үзэж байна.

Мөн С.О нь Ч.А-г түүний найз Л.Н-ийн дэргэд хэвтлээ гэх шалтгаанаар маргасан, Ч.А-г нь энд хэвтэхэд болохгүй юм уу гэж санаатайгаар өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдсан үйл баримт авагджээ. С.О нь Ч.А-н нүүрэн тус газар нь цохиж, улмаар орон дээр унагааж, дээрээс нь гарын тохой хэсгээр хоолой дээр нь дарж амьсгалыг боогдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Учир нь энэ талаар шинжээч эмчийн мэдүүлгээр Ч.А-н хоолой хэсэгт дарж амьсгал боогдуулсан гэх шинж тэмдэг илрээгүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь хэн алиныхаа эрүүл мэндэд идэвхтэй, санаатай үйлдлээр халдаж тус тус биед хохирол учруулсан байхад С.О эхэлж, Ч.А дараа нь халдсан гэдэг агуулгаар түүнд холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт”-ын шинжтэй үйлдэл гэж үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, буруу практик тогтоосон шийдвэр болсон, бусдад ял завшуулах боломжийг олгосон гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.А-г аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар зөвхөн Ч.А-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т болон 36.9 дүгээр зүйлийн 1 2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна.

Хохирогч С.О-ийн... “2019 оны 10 дугаар сарын 04-ний орой ажил тараад хамт ажилладаг А-н хамтраад Нараа гэх танил эмэгтэйг аваад модны хоёрын голын зам дагуу байрлах “П” нэртэй караокед ороод архи уусан. Караокеноос гараад зочид буудалд орсон.Тэгээд зочид буудалд орохдоо архи авч орсон. Буудалд ороод авсан архиа На бид хоёр хувааж уусан....нэг мэдсэн чинь би А-тай барилцаад авчихсан байсан. тэгээд нэг мэдсэн чинь миний чихнээс цус гарч байсан тэгээд А бид хоёр гэмтлийн эмнэлэгрүү явсан...гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-15-р хуудас/,

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12345 дугаартай “С.Оийн биед зүүн чихний дэлбэнгийн (3/4) хэсгийн тасралт, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.8, 38.2-т заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”...гэх дүгнэлт, /хх-ийн 34-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлгүйгээр няцаан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харьцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ биед халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь учир дутагдалтай юм.

Иймд шүүгдэгч Ч.А, С.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч нар согтуу байсан бөгөөд аргагүй хамгаалалт гэхээс илүү Л.Н гэх эмэгтэйг булаацалдсан асуудлаас болж маргаан үүссэн. Улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан байдаг. Мөн “Ашид” буудлын ресепшний тэмдэглэл хэргийн материалд авагдсан. Шинжээчийн дүгнэлтээр Ч.А-гийн биед зовхинд цус хуралт уруулд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй. С.О нь чихнийхээ 3/4 тасдуулсан, мөн 500,000 төгрөгөөр торгох ял авсан нь хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимд нийцээгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.О, Ч.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ч.А, С.О нар нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд маргалдсаны улмаас харилцан зодолдож С.О нь Ч.А-гийн эрүүл мэндэд “зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол, Ч.А нь С.О-ийн чихний хэсгийг хазаж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн дөрөвний гурав (3/4) хэсгийн тасрал, бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болон мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.А-г аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэн түүнд холбогдох /С.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар Ч.Агийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 болон 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох шинжээч эмч Н.Туяагийн “... хүзүүнд улайсан, боолгосон ул мөр байхгүй байсан”, хохирогч Ч.Агийн “... Н гэх хүүхний хажуугаар ороод хэвтэж байсан, С.О босч ирээд бос пизда минь гээд нурууруу хатгасан”, ... тэгэхээр нь босгох гээд зүүн чихнээс нь хазсан чинь С.О шууд дээшээ босох үед чихнээс нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг, “Ашид” зочид буудлын ресепшин М.С-н “201 тоот өрөөний үйлчлүүлэгч хоёр залуу нь хоорондоо зодолдож нэг залуугийн чихийг тас хазсан” гэх тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12345 дугаартай “С.О-ийн биед зүүн чихний дэлбэнгийн (3/4) хэсгийн тасралт, бугалганд цус хуралт гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн С.О нь Ч.А-г түүний найз Л.Нарангэрэлийн дэргэд хэвтлээ гэх шалтгаанаар маргасан, Ч.Аг нь энд хэвтэхэд болохгүй юм уу гэж санаатайгаар өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдсан үйл баримт авагджээ. С.О нь Ч.А-н нүүрэн тус газар нь цохиж, улмаар орон дээр унагааж, дээрээс нь гарын тохой хэсгээр хоолой дээр нь дарж амьсгалыг боогдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, С.О, Ч.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 934 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ч.А, С.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН