Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 558

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Ч.А, С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905040131144 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Hera” ХХК-д техникч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч.А.

2. Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Herа” ХХК-д техникч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.О.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ч.А, С.О нар нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд амрах явцдаа маргалдан харилцан зодолдож, С.О нь Ч.А-гийн биед халдан зодож, түүний биед зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ч.А нь С.О-ийн биед халдан чихний хэсгийг хазаж түүний биед зүүн чихний дэлбэнгийн ¾ хэсгийн тасрал, бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О: “...Ч.А миний чихнээс хазахаар нь хариу үйлдэл хийж гэмтэл учруулсан. Анхнаасаа гомдолгүй гэсэн болохоор эмчилгээний зардал өгсөн. Хөнгөн гэмтэл учруулсан нь ял аваад хүндэвтэр гэмтэл учруулсан нь ялгүй үлдэж байгаа нь надад шударга бус санагдсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.А: “...Тэр орой ажлаа тараад С.О-тэй хамт Л.Нарангэрэл гэх найзтай нь хамт караокед ороод архи уусан. Дараа нь буудалд орж нэг шил архи уусан. Би машин барьж явсан болохоор архи уугаагүй. Үл ойлголцлоос болж ийм үйл явдал болсон. Би бол ерөнхийдөө эрүүл байсан. Өмнөх мэдүүлэгт бүгдийг ярьсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О: “...Хөнгөн гэмтэл учруулсан нь ял аваад хүндэвтэр гэмтэл учруулсан нь ялгүй үлдсэн нь шудрага бус санагдсан, өөр хэлэх зүйлгүй...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар:

- Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд хохирогч С.О-ийн биед халдан чихний хэсгийг хазаж түүний биед зүүн чихний дэлбэнгийн ¾ хэсгийн тасрал, бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:  

1. Хохирогч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 04-ний орой ажил тараад хамт ажилладаг Ч.Агийн хамт Нараа гэх танил эмэгтэйг аваад модны хоёрын голын зам дагуу байрлах “Парис” нэртэй караокед ороод архи уусан. Тэгээд караокеноос гараад зочид буудалд орсон. Зочид буудалд орохдоо архи авч орсон. Буудалд ороод авсан архиа Нараа бид хоёр хувааж уусан. Нэг мэдсэн чинь би Ч.А-тай барьцалдаад авчихсан миний чихнээс цус гарч байсан. Тэгээд Ч.А бид хоёр гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг. / хавтаст хэргийн 13-15/,

2. Гэрч Л.Нарангэрэлийн “... “Парис” караокед ороод нэг шил архийг С.О-тэй хувааж уусан. Ч.А нь машин барина гээд уугаагүй. Тэгээд би согтоод юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би гэрийн гадаа таксигаар ирчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. / хавтаст хэргийн 25-27/,

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12345 дугаартай шинжээчийн дүгнэлт:

- С.О-ийн биед зүүн чихний дэлбэнгийн ¾ хэсгийн тасрал, бугалаганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.38.2-т заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

- Шүүгдэгч С.О нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд хохирогч Ч.Агийн биед халдан зодож, түүний биед зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Ч.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хамт ажилладаг С.О намайг “өнөөдөр орой хамт гадуур гаръя” гээд байсан. Тэгэхээр нь орой ажил тараад хамт гарсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэйг 10 дугаар хорооллоос аваад Модны хоёрын голын зам дагуу байрлах “Парис” нэртэй караокед ороод нэг шил архи аваад С.О, Нараа нар хувааж уусан. Тэгээд унтацгаасан. Нэг сэрсэн чинь Нараа гэх эмэгтэй аймар орилоод байхаар нь би өөрийнхөө орон дээр унт гэж хэвтүүлээд би өөрөө С.О-ийн хажуугаар ороод хэвтэх гэтэл намайг хэвтүүлээгүй. Тэгэхээр нь босоод Нараа гэх хүүхний хажуугаар нь ороод хэвтэж байсан чинь С.О босож ирээд “чи бос пизда минь” гээд нуруу руу хатгасан. Тэгэхээр нь би босоогүй. Хөнжлөө толгой дээгүүрээ давуулаад л хэвтэж байтал С.О миний хөнжлийг хуу татаад босоод ир гэсэн. Тэгэхээр нь би босоод урд нь зогссон чинь намайг нэг удаа нүүр лүү цохиж аваад дараа нь дээрээс дараад орон дээр дараад хэвтчихсэн. Дээрээс тохойгоороо хүзүүн дээр дараад амьсгал боогдуулсан. Тэгэхээр нь би босох гээд зүүн чихнээс нь хазсан чинь С.О шууд дээшээ босох үед чихнээс нь цус гараад байсан. Бид хоёр шууд гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэй зочид буудалд үлдсэн. Би эрүүл байсан. Би Нараа гэх хүүхний хажуугаар нь ороод хэвтчихсэн байсан. Тэрнээс болсон байх гэж бодож байна. Би цохиогүй. Харин миний дээрээс дараад хоолойн дээр тохойгоороо дарж амьсгал боогдуулаад байхаар нь чихнээс нь хазсан өөр цохиж зодоогүй. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21/,

“ ... Би эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101/

2. Гэрч Л.Н: “... “Парис” караокед ороод нэг шил архийг С.О-тэй хувааж уусан. Ч.А нь машин барина гээд уугаагүй. Тэгээд би согтоод юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би гэрийн гадаа таксигаар ирчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27/,

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12349 дугаартай шинжээчийн дүгнэлт:

- Ч.А-н биед зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.А, С.О нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 120-121/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 122-124/-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.А, С.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд хохирогч С.О-ийн биед халдан чихний хэсгийг хазаж түүний биед зүүн чихний дэлбэнгийн ¾ хэсгийн тасрал, бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15/, гэрч Л.Н-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12345 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч С.О нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд хохирогч Ч.А-гийн биед халдан зодож, түүний биед зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 100-101/, гэрч Л.Н-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12349 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.А нь С.О-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл,

шүүгдэгч С.О нь Ч.А-гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.А-г Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарт дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч С.О, Ч.А нар нь хоорондоо харилцан зодолдож, бие биендээ хохирогч, шүүгдэгч нар бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.О, Ч.А нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүгдэгч нар мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.А, С.О нар хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний хувийн байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй юм.

Харин шүүгдэгч С.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний хувийн байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын банкны 2617001560 дугаартай дансанд 500.000 төгрөгийг төлсөн тухай баримтыг үндэслэн энэ тогтоолоор түүнд оногдуулсан торгуулийн ялыг төлсөн гэж үзлээ.  

Бусад асуудлаар.

Эрүүгийн 1905040131144 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

- С.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч С.О 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын банкны 2617001560 дугаартай дансаар 500.000 төгрөгийг төлсөн тухай баримтыг ирүүлсэн бөгөөд энэ тогтоолоор түүнд оногдуулсан торгуулийн ялыг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.ДАЛАЙХҮҮ