Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01422

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/01422

 

Т.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00865 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Соёмбо даатгал ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 21 774 212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Энхжин

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Анхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Нямсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2031 оны 10 сарын 18-ны өдөр хүртэл сарын 0.67 хувийн хүүтэй 60 800 000 төгрөгийг Орон сууц, ипотекийн зээлийн гэрээ байгуулж, Капитал банкнаас зээл авахдаа хамтран зээлдэгчээр нөхөр О.Алтанхуяг оролцсон тул зээлдүүлэгчийн шаардлагаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16012100158 тоот Амь нас, эд хөрөнгийн даатгал-ын гэрээг Соёмбо даатгал ХХК-тай байгуулсан байдаг. Зээлдэгч О.Алтанхуяг нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэнэт бие нь өвдөж, элэгний хатуурал гэсэн оношоор нас барсан. Капитал банкны зүгээс Соёмбо даатгал ХХК-д талийгаачийн баримтыг бүрдүүлж, нөхөн төлбөр хүссэн боловч даатгалын компаниас гэрээний 6.1-д заасан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгалын гэрээний амь нас гэнэтийн ослын даатгалын тусгай нөхцөл буюу 13 дугаар зүйлийн 13.2.3-т амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол нас барах эсвэл гэмтэж, бэртэх гэж заасан тул даатгуулагч О.Алтанхуягийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч амь насаа алдсан нь нас барах гэсэн эрсдэлд хамаарах юм. Иймд хариуцагч Соёмбо даатгал ХХК нь үндэслэлгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байгаа тул Иргэний хуулийн 431.1, Даатгалын гэрээний 13.2.3-т заасныг тус тус үндэслэж 21 774 212 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Соёмбо даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Т.Нямсүрэн нь хамтран зээлдэгч О.Алтанхуягийн хамт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Капитал банктай Орон сууц, ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны даатгал болон зээлдэгчийн амь насны гэнэтийн ослын даатгалын гэрээг тус тус Соёмбо даатгал ХХК-тай байгуулсан. Хамтран зээлдэгч О.Алтанхуяг нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр элэгний хатуурал гэсэн оношоор нас барсан гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 13.1-т Энэхүү тусгай нөхцөл нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд үндсэн нөхцөлд заасан эрсдэлийн улмаас хохирол учрахад үүссэн харилцааг зохицуулна гээд 13.2-т Тусгай нөхцөлд хэрэглэгдэх нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: ... гээд хэрэглэгдэх нэр томъёонуудын ойлголтуудыг зүйл тус бүрээр оруулсан байх бөгөөд үүний дотор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй 13.2.3 амь нас эрүүл мэндэд учирсан хохирол нас барах эсвэл гэмтэж бэртэх гэсэн заалт багтсан байна. Энэхүү даатгалын гэрээгээр зээлдэгчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа алдах эсвэл гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоор зохицуулсан байгаа боловч гэнэтийн ослын улмаас бус өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд даатгалын тохиолдол үүсээгүй байхад даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар хариуцагч Соёмбо даатгал ХХК-д холбогдуулан гаргасан, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 21 774 212 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Т.Нямсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин давж заалдах гомдолдоо:

... Зохигчдын хооронд байгуулсан даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан тохиолдолд даатгалын эрсдэл үүснэ, гээд амь насаа алдах гэдгийг тайлбарлахдаа гэрээний 13.2.1-д гэнэтийн осол, урьдчилан харах, таамаглах боломжгүй нөхцөл байдлаас бий болсон, гэнэтийн гадны хүчний нөлөөллөөр болон илэрхий үзэгдэхүйц нөлөөллийн улмаас үүссэн шууд гэмтэл бэртэлд хүргэж болох тохиолдлыг хэлнэ, 13.2.3-т амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, нас барах эсвэл гэмтэж, бэртэх гэж тайлбарлажээ. Үүнээс дүгнэвэл санаатайгаар амь насаа хохироохоос бусад бүх тохиолдолд болон урьдчилан харах, таамаглах боломжгүй нөхцөл байдлаас бий болж нас барсан тохиолдолд даатгалын эрсдэл үүснэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд хамтран зээлдэгч нөхөр О.Алтанхуяг нь элэгний хатуурал гэсэн оношоор нас барсан байдаг. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Капитал банкнаас зээлсэн орон сууцны ипотекийн 15 жил буюу олон жилийн хугацаатай зээлийн эрсдлийг "Соёмбо даатгал" ХХК нь даатгахдаа Санхүүгийн Зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 тоот "Сайн дурын даатгалын хэлбэр"-ийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралт хэсгийн 2.1-т Даатгуулагч нь зөвхөн даатгалтай хугацаанд нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Орон сууцны урт хугацааны зээлийн гэрээний зээлдэгчийн амь насны даатгал үүнд хамаарна гэж заасны дагуу урт хугацааны даатгалын гэрээ байгуулах ёстой байсан. Мөн тус тогтоолд .... Даатгалын хэлбэрт хамаарах даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр борлуулахаас өмнө Хороонд бүртгүүлэх, ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудад орон сууцны урт хугацааны зээлийн гэрээний зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ шинээр байгуулахгүй байхыг анхааруулсугай гэж тогтоосон байна. Гэтэл хариуцагч "Соёмбо даатгал" ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээг Санхүүгийн Зохицуулах хороонд бүртгүүлээгүй, мөн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, моргейжийн зээл буюу урт хугацааны зээл авч буй даатгуулагчтай байгуулах ёстой зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулах эрхгүй атлаа даатгуулагчид энэ талаар мэдэгдэлгүй, даатгуулагчийг төөрөгдүүлж ердийн даатгалын гэрээний нөхцлөөр байгуулан даатгуулагчийг хохироосон байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/000865 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Нямсүрэн нь хариуцагч Соёмбо даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 21 774 212 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага даатгалын эрсдэлд дээрх шаардлага нь хамаарахгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Т.Нямсүрэн, О.Алтанхуяг нар Капитал банк ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 60 800 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлсэн байна. /хх-ийн 41-44 тал/

 

Гэрээний 5.2.4-т зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээл олгох үед даатгуулсан даатгалын эрсдэлийн төрлүүдээр даатгалын гэрээг тухай бүрт нь сунгуулах, хүчин төгөлдөр байлгах үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч Т.Нямсүрэн, О.Алтанхуяг нар нь Соёмбо даатгал ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулжээ. /хх-ийн 6 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин даатгалын тохиолдол бий болсон эсэх талаар маргасан байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хамтран зээлдэгч, даатгуулагч О.Алтанхуяг нь өвчний улмаас 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан, энэ талаарх баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 31 тал/

 

Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний 6.1-т үндсэн эрсдлийг 6.1.1-т гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, 6.1.2-т гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас амь насаа алдах гэж талууд тохиролцсон байна. /хх-ийн 6 ар тал/ Даатгуулагчийн өвчний улмаас нас барсныг гэнэтийн ослын улмаас, мөн бусдын буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан эрсдэл буюу даатгалын тохиолдол гэж үзэхгүй.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 9/181 тоот нөхөн төлбөрийн тухай албан бичгээр Т.Нямсүрэнд ...зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний даатгалын үндсэн эрсдэл хэсгийн 6.1.1, 6.1.2-т заагдсан үгийн шууд утгыг гэрээний 13.2-т тайлбарласан байна. Иймд даатгуулагч нь элэгний хатуурал гэсэн оношоор нас барсан байгаа нь уг гэрээний үндсэн эрсдэлд хамаарахгүй байх тул даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн нь хэрэгт баримтаар авагджээ. /хх-ийн 8 тал/

 

Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх бөгөөд гэнэтийн ослын улмаас эсхүл бусдын буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирол буюу нөхөн төлбөрийг даатгагч төлөхөөр тохиролцсон байна гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасантай нийцсэн байна.

 

Иймд зээлийн эрсдлийн даатгалын гэрээний 13.2.3-т амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол-нас барах эсвэл бэртэж гэмтэх гэж заасныг үндэслэн гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 822 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО