Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/00865

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/00865

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин 19 гудамж, 310 тоот хаягт оршин суух, Батжаргал жонон овогт Төмөрчулууны  /рд:ЗМ76022004/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Гранд оффис, 2 тоот хаягт оршин байгаа, “ даатгал” ХХК /рд:2117509/-д холбогдох,

Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 21,774,212 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Энхжин, түүний өмгөөлөгч У.Анхжаргал, хариуцагчийн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т. нь 2016 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн 2031 оны 10 сарын 18-ны өдөр хүртэл сарын 0.67 хувийн хүүтэй 60,800,000 төгрөгийг “Орон сууц, ипотекийн зээлийн гэрээ” байгуулж, Капитал банкнаас зээл авахдаа хамтран зээлдэгчээр нөхөр О.Алтанхуяг оролцсон тул зээлдүүлэгчийн шаардлагаар 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 16012100158 тоот “Амь нас, эд хөрөнгийн даатгал”-ын гэрээг “ даатгал” ХХК-тай байгуулсан байдаг.

Зээлдэгч О.Алтанхуяг нь 2017 оны 04 сарын 18-ны өдөр гэнэт бие нь өвдөж, элэгний хатуурал гэсэн оношоор харамсалтайгаар нас барсан болно.

Капитал банкны зүгээс “ даатгал” ХХК-д талийгаачийн баримтыг бүрдүүлж, нөхөн төлбөр хүссэн боловч даатгалын компаниас гэрээний 6.1-д заасан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Даатгалын гэрээний “Амь нас гэнэтийн ослын даатгалын тусгай” нөхцөл буюу 13 дугаар зүйлийн 13.2.3-т “амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол – нас барах эсвэл гэмтэж, бэртэх” гэж заасан тул даатгуулагч О.Алтанхуягийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч амь насаа алдсан нь нас барах гэсэн эрсдэлд хамаарах юм.

Иймд хариуцагч “ даатгал” ХХК нь үндэслэлгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байгаа тул Иргэний хуулийн 431.1, Даатгалын гэрээний 13.2.3-т заасныг тус тус үндэслэж 21,774,212 төгрөгийг гаргуулан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч буюу Капитал банкны зээлдэгч Т. нь хамтран зээлдэгч О.Алтанхуягийн хамт 2016.10.18-ны өдөр Капитал банктай “Орон сууц, ипотекийн зээлийн гэрээ” байгуулж, зээд авсан байх бөгөөд үүнтэй холбоотойгоор 2016.10.26-ны өдөр орон сууцны даатгал болон зээлдэгчийн амь насны гэнэтийн ослын даатгалын гэрээг тус тус “ даатгал” ХХК-тай байгуулсан.

Хамтран зээлдэгч О.Алтанхуяг нь 2017.04.18-ны өдөр элэгний хатуурал гэсэн оношоор нас барсан гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн боловч “ даатгал” ХХК-ийн зүгээс даатгалын гэрээнийн 6 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэл үүсээгүй гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан.

Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ даатгалын гэрээний 13.2.3-т “амь нас эрүүл мэндэд учирсан хохирол – нас барах эсвэл гэмтэж бэртэх” гэсэн заалтын дагуу буюу О.Алтанхуяг амь насаа алдсан нь даатгалын эрсдэлд хамаарна гэж үзэж даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 13.1-д “Энэхүү тусгай нөхцөл нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд үндсэн нөхцөлд заасан эрсдэлийн улмаас хохирол учрахад үүссэн харилцааг зохицуулна” гээд 13.2-т “Тусгай нөхцөлд хэрэглэгдэх нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: ...” гээд хэрэглэгдэх нэр томъёонуудын ойлголтуудыг зүйл тус бүрээр оруулсан байх бөгөөд үүний дотор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй 13.2.3 “амь нас эрүүл мэндэд учирсан хохирол – нас барах эсвэл гэмтэж бэртэх” гэсэн заалт багтсан байна. Өөрөөр хэлбэл 13.2.3 дахь заалт нэр томъёоны ойлголтыг тайлбарласан заалт болохоос биш нөхөн төлбөр олгох нөхцөлийг заасан заалт биш юм.

Энэхүү даатгалын гэрээгээр зээлдэгчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа алдах эсвэл гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоор зохицуулсан байгаа боловч гэнэтийн ослын улмаас бус өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд даатгалын тохиолдол үүсээгүй байхад даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т. нь хариуцагч “ даатгал” ХХК-д холбогдуулан, даатгалын гэрээний нөхөн төлбөр 21,774,212 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “ даатгал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэн Т., О.Алтангэрэл нар “Капитал банк” ХХК-тай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г 2016 оны 10 сарын 18-ны өдөр байгуулж, 60,800,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаагаар зээлж авсан байна. /хх-39-46х/

Зээлдэгч нар уг зээлийн гэрээний 5.2.4-т заасны дагуу “ даатгал” ХХК-тай 2016 оны 10 сарын 27-ны өдөр “Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ” байгуулжээ. /хх-6х/.

Дээр дурьдсан гэрээгээр даатгуулагч нь даатгалын зүйлийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр олгохоор тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан “Даатгалын гэрээ”-ний харилцаанд хамаарч байна.

Даатгуулагч Т.гээс даатгалын хураамж болох 72,960 төгрөгийг төлсөн болох нь “Кассын орлогын баримт”-аар нотлогдож байна. /хх-5х/

Хамтран зээлдэгч О.Алтанхуяг нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2017 оны 04 сарын 04-ний өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлэгдэж байгаад “элэгний хатуурал” өвчний улмаас нас барсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Улмаар, даатгуулагч Т. нь даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан тохиолдол үүссэн хэмээн үзэж, даатгалын нөхөн төлбөрт 21,774,212 төгрөг шаардсаныг даатгагч “ даатгал” ХХК нь гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. /хх-7х/

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэхээр заасны дагуу нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх бөгөөд тус хорооноос “Даатгуулагч элэгний хатуурал гэсэн оношоор нас барсан байгаа нь уг гэрээний үндсэн эрсдэлд хамаарахгүй байх тул даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгчээ. /хх-8х/

Иргэний хуульд заасан “Даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын тохиолдол буюу даатгалын зүйлд гэрээгээр тохиролцсон эрсдэл бий болсон үед даатгагч нь учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөх үүргийг хүлээдэг.

Манай тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан “Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1.1 - 6.1.4 дэх заалтад даатгалын эрсдлүүдийг “гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас амь насаа алдах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах” гэж тусгасан байх ба энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2-т нийцсэн байна. /хх-6х-арын нүүр/

Өөрөөр хэлбэл, даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх бөгөөд тэдгээрт гэнэтийн ослын улмаас, эсхүл бусдын буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч нь хохирол буюу нөхөн төлбөрийг төлөхөөр гэрээнд тусгажээ гэж үзэхээр байна.

Хэдийгээр даатгалын гэрээний хугацаанд хамтран зээлдэгч О.Алтанхуягийн амь нас эрсдсэн үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь гэнэтийн ослын улмаас, эсхүл бусдын буруутай үйлдлийн улмаас болоогүй байх тул хариуцагч “ даатгал” ХХК нь хохирол буюу нөхөн төлбөрийг төлөх үүргийг хүлээхээргүй байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан “Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г Санхүүгийн зохицуулах хороонд зохих ёсоор бүртгүүлээгүй, урт хугацааны гэрээг богино хугацаагаар хийж төөрөгдүүлсэн, зээлдэгчийг “ даатгал” ХХК-тай даатгалын гэрээ байгуулахыг тулгасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч уг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа хэлцлийнхээ 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг үндэслэж 21,774,212 төгрөгийг шаардаж байгаа нь агуулгын хувьд зөрчилдөж байгааг дурьдах нь зүйтэй.   

 

Иймд нэхэмжлэгч Т.гийн хариуцагч “ даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар хариуцагч “ даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 21,774,212 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Т.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.