Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00235

 

Элефант ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00970 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Элефант” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төлбөрт хураасан төлбөр төлөгч “Элефант” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс /16101/, ХД-76/2 тоотод байршилтай 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн /Ү-2205039416/ дугаарт бүртгэлтэй, 85 хувийн гүйтцэтгэлтэй сэндвичин барилгыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ гэх 1 092 260 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээг хэзээ хийснээ огт мэдэгдээгүй үнэлгээ хийсэн тухай мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн байтал 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгснийг гарын үсэг зурж хүлээн авсан. Газар гэхэд л маш том талбай эзэлж байгаа тул үнэлгээ үнэхээр бага байна. Бид 2.5 тэрбум байх ёстой гэж үзэж байна. Иймд Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03673 дугаартай “Элефант” ХХК-иас 1 310 082 681 төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгох шийдвэрийн дагуу манай алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн.Гэвч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул “Элефант” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039334 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, ХД-76-2 тоот хаягт байршилтай 2000 м.кв талбайтай, 85 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039416 дугаарт бүртгэлтэй сэндвичэн барилгыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/140, дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 140/03 дугаар тогтоолоор хураан авсан.Төлбөр төлөгч “Элефант” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 16, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөх талаар мэдэгдэл өгсөн. Улмаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 1 092 260 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ тухай “Элефант” ХХК-ийн захирал Б.Ганболдод, төлөөлөгч Р.Отгонбаяр нарт мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар Өнөөдөр сонинд зарлуулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчин тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар Үндэсний шуудан сонинд мэдээллэсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн 21658 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00970 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “Элефант” ХХК-ийн Баянгол дүүрэг 20-р хороо, Үйлдвэрийн бүс /16101/, ХД-76/2 тоот байршилтай 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн /Ү-2205039416/ дугаарт бүртгэлтэй, 85 хувийн гүйтцэтгэлтэй сэндвичин барилгыг 1 092 260 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“Элефант” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрлэлийн бүс /1610/ ХД-76/2 тоотод байршилтай 2000 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039416 дугаарт бүртгэлтэй 85 хувийн гүйцэтгэлтэй сэндивчин барилгыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээ тоггоосон зах зээлийн үнэ 1 092 260 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч мөн гомдлыг анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргаж байна. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэн өгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Элефант” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр барагдуулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102\ШШ2015\03673 тоот шийдвэрээр нэхэмжлэгч “Элефант” ХХК 1 310 082 681 төгрөгийн төлбөрийг “Голомт” банкинд төлөх үүрэгтэй болсон ба үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заажээ.

Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс \16101\, ХД-73\2 тоот хаягт байрлах 2 000 мкв талбайтай 85 хувийн гүйцэтгэл бүхий сэндвичэн барилгыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба битүүмжлэх, хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 36 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгч болон эд хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэх, үнийн санал асуух, үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох зэрэг ажиллагааг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцүүлэн явуулжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх үйл ажиллагаа буюу маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх нотлох баримтад үндэслэсэн, холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00970 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН