Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02309

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02309

 

 

 

Д.Л -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02396 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Л ийн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01004 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г ийн нэхэмжилсэн 127 099 460 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 793 447 төгрөг нийт 127 892 907 төгрөгийг хариуцагч М ХХК төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэсэн. М ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 36 116 358 төгрөгийг төлсөн. Улмаар үлдэх төлбөрийг тус компанийн ерөнхий захирал Д.Л нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 20 дугаар байр, 36 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033105 дугаарт бүртгэлтэй 41.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг санал болгосон боловч төлбөр авагч үнийн талаар харилцан тохиролцоогүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Уг үнэлгээний тайлан болон дүнг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан.

Шинжээч Сэлэнгэ эстимейт ХХК нь Д.Л ийн өмчлөлийн орон сууцыг 85 174 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг аваагүй, үнэлгээг хуульд заасан зарчим, журмаар үнэлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн тогтоосон үнэ 85 174 000 төгрөгийн 70 хувь буюу 59 621 800 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохоор мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Л ийн өмчлөлийн дээр дурдсан 2 өрөө орон сууцыг 85 174 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ, тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01004 дугаар захирамжаар М ХХК-аас 127 892 907 төгрөгийг гаргуулж Д.Г т олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч хуулийн этгээд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй ба төлбөрөөс 36 146 635 төгрөг төлж, М ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Л нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033105 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 20 дугаар байр, 36 тоотод байрлах 41,25 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг үлдэгдэл 91 746 272 төгрөгт тооцохыг санал болгосон.

Төлбөр авагч тал дээрх орон сууцыг үлдэгдэл төлбөрт тооцон авахаас татгалзсан тул үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/195 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 85 174 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны 4/14881 тоот албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу тухайн үнэлэгдсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах боломжтой тул төлбөр төлөгч талд 3 хоногийн дотор бичгээр саналаа гаргаж өгөхийг мэдэгдсэн боловч саналаа ирүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л ийн үнэлгээ, тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Л ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний тайланд 36 тоот орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо ашигласан аргачлал, үнийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заасан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Д.Л ийн өмчлөлийн орон сууцанд үнэлгээ тогтоосон тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга, аргачлал, стандарт шаардлагад нийцээгүй, хууль зөрчсөн, бусдын өмчийг дуудлага худалдааны үнэ цэнэ гэж зориуд доогуур үнэлж, тогтоосон.

Шинжээч нь дуудлага худалдаанд зориулж Иргэний хуулийн зохих зүйл заалтыг дурдсан байгаа нь өмчийн үнэ өөрийнх нь тогтоосон үнээс дахин 50 хувь хүртэл буурч үнэгүйдэх нөхцөл байгааг мэдсээр байж үнэлгээг хууль зөрчин тогтоосон. Иймд шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайлан, үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх шинжээчийн хууль зөрчсөн тайланг зөвтгөж байгаад гомдолтой байна. Шинжээчийн тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.4, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсгүүдийг зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэж гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01004 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г ийн 127 099 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М ХХК нь төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-58/

М ХХК шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9129 дугаар захирамж, 786 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцжээ. /хх-54, 59/ Тус ажиллагааны явцад төлбөр төлөгч М ХХК-аас төлбөрт 36 116 358 төгрөг төлж, үлдэх 91 776 549 төгрөгийн төлбөрт компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Л нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 3 хороо, Үйлдвэр гудамж, 20 байр, 36 тоотод байрлах 41.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тооцон өгөх хүсэлт гаргасныг төлбөр авагч тал хүлээн авахаас татгалзсан байна. /хх-64, 66/

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч М ХХК-ийн захирлын санал болгосон орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18280903/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, мөн оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18280903/02 дугаартай тогтоолоор хураажээ. /хх-72-73, 76-77/ Энэ ажиллагааны талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар гомдол гаргаагүйгээс гадна М ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Л нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөрөө үлдэх төлбөрийг барагдуулах талаар хариуцагч байгууллагад хүсэлт гаргасан байна. Иймд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Л нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын үндэслэлээ ... төлбөр төлөгчийн саналыг аваагүй, үнэлгээг хуульд заасан зарчим, журмаар үнэлээгүй ... гэж тайлбарлан маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч М ХХК-ийн захирал Д.Л болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлбөрт тооцох орон сууцаа 185 000 000 төгрөгөөр үнэлж, саналаа хүргүүлснийг төлбөр авагч тал эс зөвшөөрч, үнэлгээчнээр хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан байна. /хх-78-80/ Уг хүсэлтийн дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцэх тул төлбөр төлөгчийн саналыг аваагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь Хан-Уул дүүргийн, 3 хороо, Үйлдвэр гудамж, 20 байр, 36 тоотод байрлах 41.25 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлэхдээ өртгийн болон жишиг үнийн хандлагын аргыг ашигласан байх ба жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээг үндэслэн хөрөнгийн эцсийн үнэлгээг 85 174 000 төгрөгөөр тогтоосон талаар хэрэгт авагдсан үнэлгээний тайланд тусгасан байна. /хх-84-100/ Иймд шинжээчийг хөрөнгийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг үндэслэл болгох журмыг зөрчсөн, шинжээчийн үнэлгээний тайлан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсгийн заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно. Түүнчлэн шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ хараат бус байх зарчмыг баримтлаагүй гэх гомдлын үндэслэлээ нэхэмжлэгч тал нотлоогүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг үндэслэн дуудлага худалдаа явуулах үнийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн заасантай нийцжээ. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ шинжээчээр үнэлүүлэх хөрөнгийн жагсаалтыг тогтоосон тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримталсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй шууд хамааралтай хуулийн зохицуулалт биш байх тул мөн зүйлийн 55.7 дах заалт болгон хууль хэрэглээний хувьд өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02396 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 55.2, 55.2.2 гэснийг , 55.7 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ч.ЦЭНД