| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 182/2018/00330/И |
| Дугаар | 210/МА2018/01421 |
| Огноо | 2018-06-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2018/01421
| 2018 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2018/01421 |
Д.Туяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00584 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 19 671 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Еркебулан
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Болорчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Туяа нь Төрийн банкны Төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00698 тоот шийдвэрээр Д.Туяаг Төрийн банкны төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төрийн банкинд даалгаж шийдвэрлэсэн. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/1657 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00698 тоот шийдвэрийн дагуу Д.Туяаг Төрийн банкны төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажил, албан тушаалд буцаан томилсон боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилох өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгодог. Иймд ажилтан Д.Туяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хуралдаан болсон 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс ажилд томилогдсон 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний н өхөн олговорт 19 671 363 төгрөгийг хариуцагч Төрийн банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан журмын дагуу унаа болон хоолны нэмэгдэл мөнгө цалин хөлсөнд хамаарахгүй тул эдгээр төлбөрийг цалинтай тэнцэх олговрыг тодорхойлоход хасч тооцох ёстой. Нэхэмжлэгч Д.Туяаг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэлийн шаардлагад 2 хоногийн цалин давхардсан байгааг хасч тооцож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч Төрийн банк ХХК-аас 19 213 953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Туяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 457 410 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК-аас 254 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Туяад олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7А-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Туяагийн дундаж цалинг тогтоолгүйгээр нэг сарын үндсэн цалинг 2 700 000 төгрөгөөр тооцсон. Мөн тус журмын 9-д зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн цалингийн цэс болон цалингийн тодорхойлолт хэрэгт авагдсан байдаг. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэртэй, 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш эрхтэй оролцох нөхцлөөр хангаагүй, нэг талыг баримтлан шийдвэр гаргасан, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журмын дагуу дундаж цалин хөлсийг тогтоогоогүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.
Нэхэмжлэгч Д.Туяа нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 19 671 363 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан журмын дагуу унаа болон хоолны нэмэгдэл мөнгө нь цалин хөлсөд хамаарахгүй тул олговроос хасч тооцох ёстой гэсэн үндэслэлээр маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нэн даруй биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулна гэж тодорхойлсон байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Туяаг Төрийн банк ХХК-ийн төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 830 232 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХХК-аас гаргуулан Д.Туяад олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 5-8 тал/
Ажил олгогч Төрийн банк ХХК нь дээрх шийдвэрийг биелүүлж 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/1657 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Туяаг байгууллагын төлбөр тооцоо бүртгэлийн газрын төлбөр тооцооны хэлтсийн захирлаар 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс ажиллуулахаар томилсон байна. /хх-ийн 16 тал/
Анхан шатны шүүх хариуцагч Төрийн банк ХХК нь нэхэмжлэгч Д.Туяаг ажлаас хууль бусаар халсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон байх тул дээрх хугацааны нөхөн олговрыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны 153 хоногтой тэнцэх хэмжээний олговорт 19 213 953 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч Д.Туяагийн дундаж цалин хөлсийг 2 700 000 төгрөгөөр тооцож нөхөн олговрын хэмжээг тодорхойлсон нь буруу гэсэн үндэслэл зааж байгаа боловч нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 2 700 000 төгрөг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00584 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ИЧИНХОРЛОО