Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02488

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02488

 

 

Ц.Алтанхундагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02675 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Алтанхундагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Автобус тав ХХК-д холбогдох

 

-               Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 29 300 000 төгрөг гаргуулах тухай үндсэн

-               2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Бат-Ялалт

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Энхгэрэл

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Оюунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Алтанхундага шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр миний бие Автобус тав ХХК-тай 33-05 УНК улсын дугаартай, Киа маркийн автобусыг 32 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа 15 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 17 000 000 төгрөгийг зорчигч тээвэрлэж олсон орлогоосоо суутгуулан төлж дуусгахаар тохиролцсон юм. Энэ гэрээний дагуу хот хооронд зорчигч тээвэрлэж олсон орлогын 60 хувийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрт Автобус тав ХХК-д төлөх, үлдэх 40 хувийн орлогыг би авч, уг 40 хувиас бүх зардлыг хариуцан төлөхөөр тохирсон. Би 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний үнэд нийт 28 000 000 төгрөг төлсөн ба энэ мөнгийг, мөн сар бүр суутгасан эрсдэлийн мөнгө 1 300 000 төгрөгийг буцааж авах нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Автобус тав ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, автобусыг сэлбэгэд хэрэглэн намайг худалдан авах боломжгүй болгосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн зүгээс ажилтан Ц.Алтанхундагад компанийн хөрөнгө болох 33-05 УНК улсын дугаартай Киа маркийн 45 хүний суудалтай автобусыг худалдаагүй, компанид төлсөн гэх 15 000 000 төгрөгийг компанийн санхүү бүртгэлд бүртгэж тайлагнаагүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй болно. Компанийн хувьцаа эзэмшигч Д.Баттулга, нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Баттулгын дүү Д.Түмэнжаргал нар нь компанид 540 000 000 төгрөгийн хохирол учруулж, санхүүгийн анхан шатны баримтгүй зарцуулалт хийсэн байдаг. Компанийн хөрөнгө, санхүү бүртгэлийг буруу гаргасан, бэлэн мөнгөний орлого хувьдаа завшсан зэрэг асуудал үүссэн. Үүнтэй холбоотой компанийн автобус Ц.Алтанхундагад зарсан гэсэн асуудал давхар яригдаж байсан. Эдгээр ажилтантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Магадгүй нэхэмжлэгчийн ярьснаар компанийн автобусыг Д.Баттулга эрх мэдлээ урвуулан худалдах нэрээр Ц.Алтанхундагаас мөнгө авч идсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч нь Д.Баттулга, Д.Түмэнжаргал нарт холбогдуулан цагдаад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь байгаа. Ц.Алтанхундага нь Автобус тав ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажилладаг ажилтан юм. Автобуснаас олсон орлогыг тооцон нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 33-05 УНК улсын дугаартай автобусыг компани худалдах талаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан санал болон хурлаас шийдвэрлэсэн шийдвэр байхгүй юм. Д.Баттулга нь дур мэдэн хууль бусаар компанийн эд хөрөнгийг худалдах шийдвэр гаргаж бусдад хохирол учруулсан явдлыг компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Автобус тав ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ендонжамц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компанийн зүгээс Ц.Алтанхундагад компанийн хөрөнгө болох 33-05 УНК улсын дугаартай автобусыг худалдаагүй, худалдах талаар шийдвэр гаргаагүй, худалдах эрхийг Д.Баттулгад өгөөгүй болно. Нэхэмжлэгч Ц.Алтанхундагын төлсөн гэх 15 000 000 төгрөгийг компанийн санхүү бүртгэлд бүртгэж тайлагнаагүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй болно. Компанийн хөрөнгө санхүү бүртгэлийг буруу гаргасан, бэлэн мөнгөний орлого хувьдаа завшсан зэрэг асуудлаар дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Баттулга болон Д.Түмэнжаргал нарыг хууль бус үйлдлийг шалгуулж байгаа ба 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэл үйл ажиллагаа багтаж байгаа болно. Ц.Алтанхундага болон Автобус тав ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хувьцаа эзэмшигч Д.Баттулга нь компанийг төлөөлж 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хийсэн 33-05 УНК улсын дугаартай автобусыг 32 000 000 төгрөгөөр худалдсан гэх гэрээ нь хэлбэрийн шаардлага зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Ц.Алтанхундага болон Автобус тав ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Алтанхундага сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Автобус тав ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 33-05 УНК улсын дугаартай киа маркийн автобусыг худалдах худалдан авах гэрээ хийж, 15 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн. Автобус тав ХХК нь гэрээний үүрэг гэж үзээд авсан ба гэрээ хийхгүй гэж буцааж өгөөгүй. Би сар бүр компанид гэрээний мөнгө төлдөг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл хоёр жил орчим хугацаанд сар бүр гэрээний мөнгө төлж байсан. Би иргэн Д.Баттулгатай гэрээ огт хийгээгүй, Д.Баттулгатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Талуудын хооронд бодитой гэрээ хийгдсэн байхад худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн энэ хэрэгтэй холбоотой ямар ч эрүүгийн хэрэг үүсээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Автобус тав ХХК-иас 29 222 838 төгрөгийг гаргуулан Ц.Алтанхундагад олгож, нэхэмжлэлээс 77 162 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Алтанхундага болон Автобус тав ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 1-ний гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Автобус тав ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304 450 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 317 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Автобус тав ХХК-иас 30 064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Алтанхундагад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий үе шатанд хариуцагчийн компанийн зүгээс нэхэмжлэгч Ц.Алтанхундагатай автобус худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэж тайлбарлаж, мэтгэлцсэн байхад зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа мэтээр дүгнэлт хийжээ. Хариуцагч "Автобус тав ХХК-ийн зүгээс банкны зээлээр авсан автобусаа бусдад худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Компанийн нягтлан бодогчоос гаргасан тооцооны баримт нь Авто тээврийн үндэсний төвөөр дамжиж тухайн автобусны орлогын тооцоон дээр тулгуурлан гардаг. Компанийн зүгээс эрх бүхий албан тушаалтнууд компанийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсантай холбоотой асуудал үүссэнээс Релаэнс секюритиз аудит ХХК-иар аудитын дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ үед компанийн автобусыг худалдан авсан гэх асуудлыг Ц.Алтанхундагын зүгээс гаргаж, аудитын хяналт шалгалтын асуулгад оруулж дүгнэлт гаргуулсныг шүүхээс "Автобус тав" ХХК болон Ц.Алтанхундага нарын хооронд автобус худалдах-худалдан авах гэрээний санхүүгийн зөрчил үүссэн хэмээн мушгин гуйвуулж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн. Хариуцагчаас шүүх хуралдааны явцад тулгаж асуусан асуултаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дүгнэсэн. Нэхэмжлэгчээр гуйж бичүүлсэн гарын үсэггүй баримтад няцаасан тайлбар хийгээгүй, хэнээс ийм баримт авсан эсэх талаар шүүх асуугаагүй, баримтын гарын үсэгтэй эх хувийг шаардаагүй нь мэтгэлцээнд талуудын тэгш байдлыг хангаагүй явдал болсон. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан баримтыг тайлбарлахдаа ...нэхэмжлэгч Ц.Алтанхундагын хүсэлтийн дагуу тухайн үед түр хугацаагаар туршилтаар ажиллаж байсан эдийн засагч Б.Сайнбилэгээр гаргуулсан байж болох юм гэсэн байхад Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4-д заасны дагуу "Автобус тав" ХХК буюу Д.Баттулга, Ц.Алтанхундага нарын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 33-05 УНЦ улсын дугаартай автобусыг худалдсан гэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийн тухайд хэлцэл хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно. Маргааны зүйл болж буй автобусыг худалдах хүсэл зориг анхнаасаа Автобус тав ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт байгаагүй, автобус худалдах шийдвэр гараагүй, худалдах эрх олгоогүй юм. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан хэлцэл хийх итгэмжлэл олгоогүй байхад дур мэдэн компанийн нэрийг ашиглаж хэлцэл хийснийг 2016 оны 12 дугаар сард мэдэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулж байгаа болно. Шүүхээс Иргэний хуулийн 50, 69 дүгээр зүйлийг огт хэрэглээгүй, Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Компанийг хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд болон хэлцэл хийх итгэмжлэл олгоогүй этгээд хэлцэл хийсэн байдаг. "Автобус тав" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар В.Ёндонжамцыг 2007 оны 1 дүгээр сарын 29-нд томилсон байхад шүүх анхаарч үзээгүй. Банкны зээлээр худалдан авсан автобусыг Автобус тав" ХХК худалдах шаардлага байхгүй бөгөөд 33-05 УНК улсын дугаартай автобусыг 2016 оны 4 дүгээр сарын 1-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-н хүртэл уг автобусыг хэн ч жолоодсон байсан олох орлогоо олох л байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Алтанхундага хариуцагч Автобус тав ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, 29 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Автобус тав ХХК нь Ц.Алтанхундагатай 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Хот хоорондын нийтийн зорчигч, шуудан тээвэрт ажиллах жолоочтой хийх гэрээ байгуулж, уг гэрээндээ 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 33-05 УНК улсын дугаартай автобусыг 32 000 000 төгрөгөөр Ц.Алтанхундагад өгөв. Урьдчилгаа 15 000 000 төгрөгийг авав. Үлдэгдэл 17 000 000 төгрөгийг ажил үйлчилгээний хөлснөөс суутган сарын нийт орлогын 10 хувийг татварт өгч, цэвэр орлогоос 60 хувийг төлбөрт 40 хувийг өөрт олгохоор тохиролцсон байна. /хх-ийн 59-61 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээдэг. Худалдагч Автобус тав ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж худалдан авагч Ц.Алтанхундагад 33-05 УНК улсын дугаартай автобусыг хүлээлгэн өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Харин хэрэгт авагдсан Автобус тав ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 03 тоот хурлын тогтоол, Автобус тав ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18/16 тоот тушаал зэрэг баримтаар талуудын гэрээний зүйл болох 33-05 УНК улсын дугаартай автобус нь ашиглалтаас гарсан буюу ашиглах боломжгүй эд хөрөнгө болсон гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. /хх-ийн 69-70 тал/ Үүнээс үзэхэд хариуцагч Автобус тав ХХК гэрээний зүйл болох автобусыг нэхэмжлэгч Ц.Алтанхундагад хүлээлгэн өгөх бодит боломж байхгүй болсон. Иймд талуудын хувьд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгч Ц.Алтанхундага гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадаагүй бодит нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан байдаг.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Автобус тав ХХК-иас нэхэмжлэгч Ц.Алтанхундагын автобусны үнэд төлсөн 27 922 828 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагч байгууллагын ... компанийн зүгээс банкны зээлээр авсан автобусаа бусдад худалдах хүсэл зориг байгаагүй гэх үндэслэл бүхий давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээ нь амаар болон бичгээр хийгддэг бөгөөд талуудын хийсэн бичгийн хэлцэл хуулийн шаардлага хангасан байна. Учир нь талуудын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч, шуудан тээвэрт ажиллах жолоочтой хийх гэрээ-нд 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар гэрээ байгуулсан байна.

 

Мөн ...сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Хариуцагч байгууллага сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэлбэрийн шаардлага зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тайлбарлажээ. Хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу захирал Д.Баттулга ажилтан Ц.Алтанхундагатай байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан тохиолдолд нэхэмжлэгч Ц.Алтанхундага байгууллагынхаа захирлыг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд ямар үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байна.

 

Хариуцагч байгууллагаас ирүүлсэн бичгийн баримтад нэхэмжлэгч эрсдэлийн хуримтлалд 1 346 448 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байгаа боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 1 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтад үндэслэн үнэлэлт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болсон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 622 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО