Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/02675

 

2018 оны 10 сарын 30 өдөр   Дугаар 184/ШШ2018/02675   Улаанбаатар хот 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 29.300.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч З.А, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нэхэмжлэгч Ц.А би А ХХК-тай 3.-0. УН.улсын дугаартай, Киа маркийн автобусыг 32.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа 15.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 17.000.000 төгрөгийг зорчигч тээвэрлэж олсон орлогоосоо суутгуулан төлж дуусгахаар тохиролцсон юм. Энэ гэрээний дагуу, хот хооронд зорчигч тээвэрлэж олсон орлогын 60%-ийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрт А ХХК-д төлөх, үлдэх 40%-ийн орлогыг би авч уг 40 хувиас бүх зардлыг хариуцан төлөхөөр тохирсон. Би 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний үнэд нийт 28.000.000 төгрөг төлсөн ба энэ мөнгийг, мөн сар бүр суутгасан эрсдэлийн мөнгө 1.300.000 төгрөгийг буцааж авах нэхэмжлэл гаргаж байна. Учир нь А ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, автобусыг сэлбэгэнд хэрэглэж, намайг худалдан авах боломжгүй болгосон гэв.

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Манай компанийн зүгээс ажилтан Ц.Ад компанийн хөрөнгө болох 3.-0. УН.улсын дугаартай Киа маркийн 45 хүний суудалтай автобусыг худалдаагүй, компанид төлсөн гэх 15.000.000 төгрөгийг компанийн санхүү бүртгэлд бүртгэж тайлагнаагүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй болно. Компанийн хувьцаа эзэмшигч Д.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Б-ын дүү Д.Т нар нь компанид 540 сая төгрөгийн хохирол учруулж, санхүүгийн анхан шатны баримтгүй зарцуулалт хийсэн байдаг. Компанийн хөрөнгө, санхүү бүртгэлийг буруу гаргасан, бэлэн мөнгөний орлого хувьдаа завшсан зэрэг асуудал үүссэн. Үүнтэй холбоотой компанийн автобус Ц.Ад зарсан гэсэн асуудал давхар яригдаж байсан. Эдгээр ажилтантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байна. Хэрэг шалгагдаад жил гаран болж байна. Магадгүй нэхэмжлэгчийн ярьсанчлан компанийн автобусыг Д.Б эрх мэдлээ урвуулан худалдах нэрээр Ц.Аас мөнгө авч идсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Тийм байлаа гэхэд нэхэмжлэгч Д.Б, Д.Тнарт холбогдуулан цагдаад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь байгаа. Ц.А нь А ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажилладаг ажилтан юм. Автобуснаас олсон орлогыг тооцож нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 3.-0. УН.улсын дугаартай автобусыг компани худалдах талаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан санал болон хурлаас шийдвэрлэсэн шийдвэр байхгүй юм. Д.Б нь дур мэдэн хууль бусаар компанийн эд хөрөнгийг худалдах шийдвэр гаргаж бусдад хохирол учруулсан явдлыг компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компанийн зүгээс Ц.Ад компанийн хөрөнгө болох 3.-0. УН.улсын дугаартай автобусыг худалдаагүй, худалдах талаар шийдвэр гаргаагүй, худалдах эрхийг Д.Бд өгөөгүй болно. Нэхэмжлэгч Ц.А-ынтөлсөн гэх 15.000.000 төгрөгийг компанийн санхүү бүртгэлд бүртгэж тайлагнаагүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй болно. Компанийн хөрөнгө санхүү бүртгэлийг буруу гаргасан, бэлэн мөнгөний орлого хувьдаа завшсан зэрэг асуудлаар дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Б болон Д.Тнарыг хууль бус үйлдлийг шалгуулж байгаа ба 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэл үйл ажиллагаа багтаж байгаа болно. Ц.А болон А ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хувьцаа эзэмшигч Д.Б нь компанийг төлөөлж 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хийсэн 3.-0. УН.улсын дугаартай автобусыг 32.000.000 төгрөгөөр худалдсан гэх гэрээ нь хэлбэрийн шаардлага зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Ц.А А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Алтанхундага би А ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 3.-0. УН.улсын дугаартай Киа маркийн автобусыг худалдах худалдан авах гэрээ хийж, 15.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн. А ХХК нь гэрээний үүрэг гэж үзээд авсан ба гэрээ хийхгүй гэж буцааж өгөөгүй. Би сар бүр компанид гэрээний мөнгө төлдөг. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл хоёр жил орчим хугацаанд сар бүр гэрээний мөнгө төлж байсан. Би иргэн Д.Бтай гэрээ огт хийгээгүй, Д.Бтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймээс бодитой гэрээ хийгдсэн байхад, хийгдээд 2 жил гаруй хугацаанд надаас мөнгө авчхаад одоо худалдах худалдан авах гэрээ огт хийгдээгүй гэдэг сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Мөн энэ хэрэгтэй холбоотой ямар ч эрүүгийн хэрэг үүсээгүй. Надтай холбоотой байсан бол цагдаа намайг дуудах байсан. Иймд сөрөг нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу төлсөн 28.000.000 төгрөг, эрсдэлийн шимтгэлд төлсөн 1.300.000 төгрөг, нийт 29.300.000 төгрөгийг шаардсаныг хариуцагч А ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар автобус худалдах-худалдан авах тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.

Нэхэмжлэгч Ц.А нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Хот хоорондын нийтийн зорчигч, шуудан тээвэрт ажиллах жолоочтой хийх гэрээ-ний үндсэн дээр хариуцагч байгууллагад хөдөлмөр эрхлэх явцдаа тус байгууллагатай 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр харилцан тохиролцож, 3.-0. УН.улсын дугаартай, Киа гранд бөрд /Кia Grand bird/ маркийн автобусыг 32.000.000 төгрөгөөр худалдаж авахаар, үүнээс 15.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж, үлдэх 17.000.000 төгрөгийг зорчигч тээвэрлэж олсон орлогын 60 хувийг суутгуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.Баттулгын мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх 59-60 дугаар тал/

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажиллаж байх явцдаа тус байгууллагын өмчлөлийн эд хөрөнгийг худалдаж авахаар 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тохиролцсон, гэрээний дагуу автобусны үнийг төлөхдөө 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цалин хөлсний зарим хэсгээс суутгуулах, 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш үндсэн цалин 500.000 төгрөгийг авч, бусад орлогыг автобусны үнэд төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна.

Автобусны үнийг төлөхдөө өөрийн цалин хөлсний зарим хэсгээс суутгуулахыг ажилтан зөвшөөрсөн, худалдах-худалдан авах гэрээний үнэ болон ажилтны цалин хөлс нь хоорондоо хамааралтай байх боловч энэ тохиолдолд, ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг талууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн зохигчид нь 3.-0. УН.улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн талаар маргасан тул маргааныг шийдвэрлэхэд худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй юм.

А ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Д.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр, 3.-0. УН.улсын дугаартай автобусыг 32.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 15.000.000 төгрөгийг Ц.Аас авч, үлдэх төлбөрийг орлогын 60 хувиас суутгах байдлаар төлж барагдуулахаар бичгээр хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч Ц.А хүлээн авсан байх тул автобус худалдах-худалдан авах талуудын хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хүчин төгөлдөр болсон байна. Мөн энэ хүсэл зоригийн илэрхийллийг хожим А ХХК үгүйсгээгүй болох нь тус компаниас шүүхэд гаргаж өгсөн, компанийн нягтлан бодогчийн гарын үсэг бүхий жолооч Ц.Атай тооцоо нийлсэн акт, А ХХК-ийн зүгээс, 3.-0. УН.улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Ад худалдсантай холбоотойгоор санхүүгийн зөрчил үүссэн эсэхийг Релаэнс секюритиз аудит ХХК-иас асуусан баримт зэргээр тус тус тогтоогдож байна. /хх 83 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.А нь автобусны урьдчилгаа төлбөрт 15.000.000 төгрөг төлсөн болох нь А ХХК-ийн санхүүгийн тэмдэг, нягтлан бодогчийн гарын үсэг бүхий 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 03 дугаартай Кассын орлогын ордер баримтаар тогтоогдож байна. Харин 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт гэрээний үнэ болох 32.000.000 төгрөгөөс 4.077.162 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн болох нь ...хэрэв Д.Б нь худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж зөвшөөрөл авсан, гэрээ хүчин төгөлдөр байсан бол 4.077.162 төгрөгийн төлбөр дутуу байх байсан..., ...хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр, нягтлан бодогч тооцоо хийж гаргаж өгсөн... гэх хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний төлбөрт нэхэмжлэгч нь нийт 27.922.838 төгрөг /32.000.000төгрөг-4.077.162төгрөг/ төлсөн байна гэж үзлээ. /хх 43 дугаар тал/

Хариуцагч нь, А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б компанийн эд хөрөнгө захиран зарцуулах талаар гэрээ хийхдээ Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй, автобусны үнийг хувьдаа авч ашигласан, компанийн дансанд автобусны төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, улмаар талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн, 3.-0. УН.улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах нэмэлт тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.

Компанийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.гэж заасан тул Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийхдээ хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах зөвшөөрөл аваагүйгээс гарах үр дагавар-тай холбоотой зохицуулалт нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа гэж үзэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, компанийн гадагшаа чиглэсэн харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулахгүй ба гадагшаа чиглэсэн буюу гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ хэлцэлтэй холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулдаг байна.

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Ц.А нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.Бтай гэрээ хийсэн, Д.Б нь гүйцэтгэх захирал гэх нэрээр, А ХХК-ийн гэрээний гэх тэмдэг ашиглаж тохиролцоог баталгаажуулсан байх тул түүний итгэл үнэмшил нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар хамгаалагдах ёстой. Иймд зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж үзэж, Ц.А болон А ХХК-ийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... дүүргийн

цагдаагийн хэлтэст Д.Б болон Д.Тнарыг хууль бус үйлдлийг шалгуулж байгаа ба 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэл үйл ажиллагаа багтаж байгаа болно... гэж тайлбарлажээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан энэ тайлбараас үзвэл А ХХК нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан компанийн эрх бүхий албан тушаалтан-уудыг шалгуулж байгаа гэж үзэхээр байна. /хх 74 дүгээр тал/

Мөн урьдчилгаа төлбөрт 15.000.000 төгрөг хүлээж авсан талаар А ХХК нь санхүүгийн анхан шатны баримт үйлдэж, байгууллагын нягтлан бодогч гарын үсэг зурсан, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан тул гэрээний дагуу төлөгдөх ёстой төлбөр тус компанид ороогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг байна. Харин гэрээний зүйл болох 3.-0. УН.улсын дугаартай тээврийн хэрэгслийг А ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар акталж, улмаар улсын бүртгэлээс хассан байх тул худалдан авагч Ц.А нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоохгүйгээр, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй ба шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.А нь өөрийн зардлаар зорчигч тээвэрлэж олсон орлогоосоо эрсдэлийн хуримтлал гэгчид орлогын 2%-ийг төлж байсан талаар зохигчид маргаагүй. Энэ хуримтлал нь, хариуцагч байгууллага өөрт учрах эд хөрөнгийн эрсдэлийг бууруулах зорилгоор, худалдах-худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгслийг бусдын эзэмшилд шилжүүлж өгч байгаатай холбоотой хийгдэж буй нэмэлт тохиролцооны шинжтэй буюу худалдах-худалдан авах гэрээний нэг нөхцөл /бодит үйлдлээр хийж буй/ мөн байх тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор буцаан шаардах шаардлагад уг эрсдэлийн хуримтлал мөн хамаарах юм. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн бичмэл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь эрсдэлийн хуримтлал-д нийт 1.346.448 төгрөг төлсөн байх боловч тэрээр 1.300.000 төгрөгийг буцаан шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасантай нийцэх юм.

Хариуцагч А ХХК нь, 3305 УНК улсын дугаартай автобусыг компани худалдах шийдвэр гаргаагүй /Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйл/ байхад худалдсан, урьдчилгаанд өгсөн 15.000.000 төгрөгийг хувьдаа завшсан гэх гомдлын дагуу Д.Б, Д.Тнарт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байгаа хэмээн тайлбарлах боловч энэ үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр Ц.А-ыннэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Учир нь эрүүгийн хэргийг шалгах эрх бүхий байгууллага нь компанийн эрх бүхий албан тушаалтнуудын үйлдлийн улмаас компанид хохирол учирсан эсэхийг шалгаж байгаа болох нь А ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 18/93 дугаартай албан бичиг, уг бичгийн хариу болох Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 30м-3/5945 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг /32.000.000-4.077.162=27.922.838+1.300.000=29.222.838/-ийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан А ХХК-иас 29.222.838 төгрөгийг гаргуулан Ц.Ад олгож, нэхэмжлэлээс 77.162 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.А болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 1-ний гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.450 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 317.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 304.064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР